Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ОХУ-тай хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллана Хүүхэд сууж байсан автомашиныг ачсан компанийн зөвшөөрлийг цуцлахаар болжээ Омикроны халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд зориулсан зөвлөмж Гадаадад буй монголчууд “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг хүртэнэ Дөрөвдүгээр эмнэлэг өнөөдрөөс ажиллаж эхэллээ Австралид ажиллах хүчний хомсдол үүсчээ Казахстанд үймээний үеэр зэвсэг тарааж байсан этгээдүүдийг баривчилжээ УБТЗ-ын албаны даргыг хахууль авсан хэргээр саатуулжээ Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ Цэцгийн сав руу бие зассан эрэгтэйд хариуцлага тооцжээ ОХУ-тай хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллана Хүүхэд сууж байсан автомашиныг ачсан компанийн зөвшөөрлийг цуцлахаар болжээ Омикроны халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд зориулсан зөвлөмж Гадаадад буй монголчууд “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг хүртэнэ Дөрөвдүгээр эмнэлэг өнөөдрөөс ажиллаж эхэллээ Австралид ажиллах хүчний хомсдол үүсчээ Казахстанд үймээний үеэр зэвсэг тарааж байсан этгээдүүдийг баривчилжээ УБТЗ-ын албаны даргыг хахууль авсан хэргээр саатуулжээ Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ Цэцгийн сав руу бие зассан эрэгтэйд хариуцлага тооцжээ
Соёл урлаг
2022.01.09 10:01

Д.Түвшинбаяр: Үг хэлэх эрх гэдэг хэн нэгнийг доромжилж элдвээр хэлэх эрх биш байлтай


СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн морин хуурын багш, СТА Д.Түвшинбаяртай ярилцлаа.


-Та морин хуурч болсон дурсамжаасаа хуваалцаач?

-Би Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн. Эхээс 11-үүлээ. Аав маань маш олон талын авьяастай. Манайх Баяндалай сумандаа гэр бүлийн концерт тоглодог байсан. Аймаг руу хүртэл уригдаж тоглодог. Аав морин хуур сайхан тоглочихдог, ээж уртын дуу дуулчихдаг, ах нар ч бас дуулдаг, хөгжим тоглодог байсан. Урлагийн гэр бүлд хүмүүжсэн. Аав минь намайг морин хуурч болоорой гэж захисан учраас энэ мэргэжлийг сонгож эзэмшсэн юм. Наймдугаар ангиа төгсөөд Улаанбаатарт Багшийн сургуулийн соёлын ангид элсэн орсон. Монгол Улсын алдартай морин хуурч, МУСТА Борын Цэдэн гэж сайхан хүнээр морин хуур заалгаж байлаа. 1976 онд Өмнөговь аймгийн Соёлын ордноос ажлын гараагаа эхэлж, Монголын үндэсний Соёл амралтын хүрээлэнд соёлын арга зүйч, Үндэсний дуу бүжгийн "Түмэн эх" чуулгын морин хуурчаар хорь гаруй жил ажилласан. Одоо СУИС-ийн оюутнууддаа морин хуурын хичээл зааж байна. Морин хуурынхаа энэ сайхан аялгуунд хөглөгдсөөр өдий зэрэгтэй ажиллаж, амьдарч явна. Би нутгаасаа гараад 54 жил болжээ.

-Та “Түмэн-Эх” чуулгад амьдралынхаа багагүй хугацааг зарцуулсан юм аа даа...

-Тийм ээ, чуулгын хамт олонтойгоо олон ч газар аялан тоглолт хийж явсан. Би Үндэсний соёл амралтын хүрээлэнд дуу хөгжийн “Ундраа” чуулгын багшаар ажиллаж байлаа. 1989 онд тэр үеийн захирал С.Лунаа, эрдэмтэн зохиолч, ардын билигзүйч соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Бадраа, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Цоодол агсан болон миний биеийн санаачилга зүтгэлээр тус чуулгын үндэс суурийг нь тавьж байсан юм.

Тэр үед дуулдаг, хөгжимддөг хүн тун ховор. Чуулгадаа 20 жил ажиллаад, Өмнөд Монголд дөрвөн жил ажиллаад, 2011 оноос хойш өдийг хүртэл Соёл урлагийн их сургуульд морин хуурын багшаар ажиллаж байна. Мөн 2011 оноос 2019 он хүртэл Гэрлэх ёслолын ордны ерөөлчөөр ажилласан.

-Урлагийн салбарт 50-аад жил ажиллахад урлагийн буян их биз?

-Урлагийн бурхандаа их талархаж явдаг. Урлагтай амьдралаа холбож, үүнийхээ хүчинд сайхан амьдарч байна. Би урлагийнхаа буянаар 20 гаруй орноор айлчилж тоглолт хийсэн. Төр засгаас 1994 онд Соёлын тэргүүний ажилтан, “Есөн-Эрдэнэ” одон, “Хөдөлмөрийн аварга”, 2000 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон зэрэг олон шагналаар үнэлүүлсэн.

-Гадныхан морин хуурын аяыг яаж хүлээж авдаг вэ?

-Хоёрхон утаснаас ийм сайхан ая гарч байгаа юм уу гээд их гайхаж, сонирхож хүлээж авдаг. Тэр хоёр утсаа морины сүүлээр хийдэг гэхээр бүүр ч их гайхдаг (инээв).

-Хуурын чавхдасыг адууны сүүлээр хийнэ биз дээ?

-Дээр үед адууны сүүлийг татаж авч угаагаад л хийдэг байсан. Сүүлийн үед Хятад мяндсан утсаар хийдэг болсон. Мяндсан утас маш нарийн ширхэгтэй, дуугаралт нь ч ялгаагүй. Харин нумын чавхдасыг заавал адууны сүүлээр хийдэг.

-Та олон шавьтай юу?

-2011 оноос Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн язгуур урлагийн ангийн хөөмийчдөд морин хуур зааж байна. Багшийн сургуулийн шавь нартайгаа нийлээд 500 гаруй шавь төрүүлжээ.

-Хөөмийн ангид олон оюутан сурдаг уу?

-Хөөмийн анги жилд хамгийн цөөндөө тав, зургаан оюутан элсэх ёстой байдаг. Сүүлийн жилүүдэд арав гаруй хүүхэд элсэж байна.

-Та хаанаас мэдээлэл авдаг вэ?

-Телевиз, сошиалаас мэдээлэл авдаг. Утас гэж байхгүйд радио сонсож, сонин уншдаг байлаа.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Эхнэртэйгээ өсвөр наснаасаа үерхэж гэр бүл болоод хоёр хүүтэй болсон. Миний ханийг Оюунчимэг гэдэг. Монгол хэл, уран зохиолын багш хүн бий. "Найм дахь гариг” хамтлагийн дуучин Т.Оюунбаяр, Т.Оюунболд хоёр миний хүү байгаа юм. Тухайн үед хамтлагаараа олон сайхан дуу төрүүлж байжээ. Одоо хоёулаа урлагийн замналаа орхиж өөрсдийн мэргэжлээрээ ажиллаж байна.


-Та социалист нийгэм, ардчилсан нийгмийг хэрхэн харьцуулж хардаг вэ?

-Ардчилал гараад 30 жил болж байна. Би ардчиллыг монголчууд хайрлаж, хамгаалах хэрэгтэй гэж боддог. Ардчилал монголчуудад асар их боломж авчирсан. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг ардчилал бидэнд олгосон. Социализмын үед яах вэ, үнэгүй эмчлүүлээд, үнэгүй сурч л байлаа.

Магадгүй тэр нь бэлэнчлэх сэтгэлгээг бий болгож байсныг үгүйсгэхгүй. Харин ардчиллын ололттой талуудыг би байнга дэмжиж явдаг юм.

-Өнөөгийн улс төрийн өнгө аясыг та хэрхэн харж байна?

-Намчирхсан байдал нь эргээд улс эх орон, ард түмнийг ихээхэн хохироож байна гэж хардаг. Хэн ч ийм ардчиллыг хүсээгүй л юм. Төрийн гурван өндөрлөгт нэг нам сууж байгаагийн хувьд илүү сайхан ирээдүйг, илүү боломж бололцоог, сайхан нийгмийг цогцлоох боломж бүрдсэн гэж бодож байна.

-Энэ нийгмээс юуг харж хүлээдэг вэ?

-Иргэдийн цалин өндөр, амьдрал ахуйд нь хүрэлцэхээр хэмжээний байгаасай гэж боддог. Иргэнээ боддог сайн сайхан нийгмийг бий болгоосой гэж хүсдэг дээ. Ажилгүй хүмүүс их байна. Угтаа хийвэл ажил их байна шүү дээ. Сүүлийн үед сошиал гэж зүйл гарч ирлээ. Тэндээс монголчууд нэг нэгнээ ямар муухайгаар хэлж доромжилдог болчихсон юм бэ гэж гайхаж сууна. Нас биед хүрсэн хүмүүс ялгаж ойлголоо гэхэд цаана нь хүүхдүүд бас харж байгаа шүү дээ. Би ч хүүхдүүддээ тэр муу муухай зүйлсийг битгий харж, уншиж байгаарай гэж хэлдэг юм. Үг хэлэх эрх гэдэг хэн нэгнийг доромжилж элдвээр хэлэх эрх биш байлтай.

-Хоёр хөршөөс хамааралтай бидний хувьд Хятад улс хилээ хааснаар юмны үнэ тэнгэрт хадлаа. Амьдралд нөлөөлж байгаа зүйл байна уу?

-Юмны үнэ өсчээ. Гэхдээ энэ бүхэн цар тахлаас шалтгаалж байгаа гэж харж байна. Шинэ жилийг хүмүүс зах замбараагүй тэмдэглэснээс болж ковидын өдөрт илрэх тохиолдлын тоо улам нэмэгдэж байгаа биз дээ. Тиймээс бид Цагаан сарыг цомхон тэмдэглэх хэрэгтэй. Өвчин зовлон дуустал хаана хаанаа хариуцлагатай байх шаардлагатай байна.

-Та ковидын эсрэг вакцин хийлгэсэн үү?

-Гурван тунтай. Одоо дөрөв дэх тунд хамрагдахыг уриалсан байна лээ. Дөрөв дэх тунгаа хийлгэнэ дээ. Вакцинаа хийлгэхгүй байгаа хүмүүс л бусдыг илүү аюулд өртүүлээд байна гэж харж байна.

-Та халамж авдаг уу?

-Тэтгэвэр л авдаг.

-Халамжийн бодлого хавтгайрч байна гэж ярих болоод удаж байна даа...

-Цар тахлын үед төр засгийн дэмжлэг байх ёстой болов уу гэж харж байна. Харин байнга халамжийн бодлого явуулаад байх нь буруу. Үүний оронд хүн бүрийг ажилтай болгоход төр засаг анхаарч ажиллах шаардлагатай болов уу.

-Манай улс Соёлын яамтай боллоо. Соёлын яамтай болсноор ямар давуу тал үүснэ гэж харж байна?

-Соёлын яам гэдэг бол урлагийнханд хамгийн чухал. Бие даасан яам байгуулагдаад удаагүй байна. Гэхдээ ямар түвшинд, яаж ажиллах нь тодорхой харагдахгүй л юм. Хуучин Соёлын яам их хүчтэй байсан.

Оюутнуудыг гадагш сургуульд явуулдаг, орон нутгуудын соёлын төвийг хөгжмийн зэмсэг, боловсон хүчнээр хангадаг, байнгын шалгалт явуулдаг байлаа. Тэр хэмжээгээр нийгэмд соёлыг түгээдэг байв.

А.ГАНТУЯА

Онцлох нийтлэлүүд