ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.02.13 09:02

Д.Хаянхярваа: УИХ-ын гишүүд хариуцлагаа сайжруулах хүсэлтэй л бол миний өргөн барьсан хуулийн төслийг анхаарч үзэх ёстой

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ. Энэ удаагийн намрын чуулганыг та хэр үр дүнтэй болсон гэж үзэж байна вэ. Эрх баригч МАН-ынхан Засгийн газраа шинээр байгуулсан гээд бас ч гэж улс төрийн нөхцөл байдлын хувьд донсолгоотой л чуулган боллоо...

-Энэ удаагийн намрын чуулган амаргүй цаг үеийг даван тууллаа. Хуучин Засгийн газраа унагаж, шинэ Засгийн газар байгуулсан. Шинэ Засгийн газрыг амаргүй нөхцөлд байгуулсныг манайхан мэдэж байгаа. Одоо ч гэсэн өнөө л сандал ширээ тойрсон утгагүй яриа үргэлжилсээр л байна. Энэ бүхэн яахав ээ, намын дотоод асуудал гээд орхиё.

Ер нь УИХ-ын намрын чуулган хэлэлцэх гэсэн асуудлуудаа бүрэн дүүрэн хэлэлцэж чадсан. Засгийн газрыг ажиллах нөхцөл боломжоор хангахын тулд бид хэрэгтэй гэсэн хууль тогтоомжуудыг нь баталлаа.УИХ-ын чуулган үүргээ биелүүлж чадахгүй байна, сахилга хариуцлагагүй байна гэсэн шүүмжлэлүүд иргэдийн зүгээс гэсэн хаяган доор ирж байна. Энэ шүүмжлэлүүд дотор үнэн зүйл байлгүй л яахав. Давсалж хачирлаад улс төр болгож байгаа яриа ч байгаа. Аль аль талаас нь аваад үзэхээр УИХ ч, Засгийн газар ч намрын чуулганыг үр дүнтэй өндөрлөлөө гэж бодож байна.

Үр дүнг нь би эдийн засгийн эерэг үзүүлэлтүүдээр нь хэлж байгаа юм. Монгол Улсын эдийн засаг таван хувь хүртлээ өсч, валютын нөөц гурван тэрбум ам.доллар, гадаад худалдааны эргэлт 10,5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл нь 1,9 тэрбум ам.долларын ашигтай гарч, 2016 онтой харьцуулахад 19,7 хувиар сайжирсан байх жишээтэй.Сүүлийн дөрвөн жилд анх удаагаа төсвийн орлого давж биелсэн. Зээлжих зэрэглэл нэмэгдсэн, хоолойд тулсан өр авлагаас холдож чадсан гээд яриад байвал УИХ, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа зөв явсны илрэл шүү дээ.

-УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс “Их хурал хэлэлцэх асуудалгүй болсон байна. Тарах хэрэгтэй. Орж ирж буй хуулийн төслүүд нь түүхий байна. Их хурлаар Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ямар ч хууль орж ирээгүй” гэж шүүмжилдэг л дээ...

-Ардчилсан намын бүлгийн гишүүдийн ярьж буй зүйлсээс авах зүйл бий, хаях зүйлс ч бий. Ардчилсан намынхны ярьж буй зүйлсийн дийлэнх нь гарц шийдэл, гаргалгааг олъё гэхээсээ илүүтэй улс төржөөд байна л даа. Улс төржлөө гээд тэдэнд буруу өгөөд байх юм алга. Гэхдээ эдийн засаг амаргүй байгаа энэ үед, эдийн засагт эерэг өөрчлөлт бий боллоо гэж ярьж байгаа ийм цагт бид улсаа бодож үгээ хэлж байх ёстой.

Манай эдийн засагт одоогоор нааштай зүйл гарч байгаа ч тун хэврэг, эмзэг байгаа шүү. Хэн хэнийгээ харлуулах гэж яриад яахав дээ. Хоёр хар хэрээ хэн хэнийхээ харыг гайхав гэгчээр “Чи тэгсэн, би ингэсэн” гэдгээ больчих хэрэгтэй. Уг нь үүнийгээ больцгооё гэж яриад байгаа ч цагаа тулахаар өнөөх л би, чи-гээ яриад унадаг. Өөрсдөө энхийн цагаан тагтаа эрх баригчид хар хэрээ болдог ийм яриагаа больчих хэрэгтэй байгаа юм. Засгийн газрын түвшинд бодитой эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх хуулийн төслүүд өргөн барьсангүй гээд байгаа л даа. Засгийн газрын хувьд бодитой томоохон хуулийн төсөл оруулаад ирэх цаг хугацаа нь хомс байсан.

-Гэхдээ 100 хоногийн тайлан гэж сүртэй юм болсон. Үүнийхээ оронд хуулийн төслөө бэлдэх л ёстой байсан юм биш үү?

-Улс төрийн донсолгоон дунд явсаар байгаад таарсан. Харин чуулганы төгсгөлд Хувь хүний орлогын албан татварын гурван шатлалыг буцааж нэг шатлалтай, тэтгэврийн насыг сонголттой болгох гээд ОУВС-тай тохирсон гэрээнийхээ хүрээнд тодорхой өөрчлөлтүүдийг оруулсан. Өнгөрсөн оны төсөв гайгүй батлагдсан гэж ойлгоод байгаа. Тухайлбал, сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг байдлыг зогсоохоос эхлээд шаардлагатай хөрөнгө мөнгийг нь суулгаж өгч чадсан. Одоо харин ярьж буй зүйлсээ ажил хэрэг болгох хэрэгтэй. Эцсийн дүндээ ард түмэн телевизээр хэн ямар юм ярив гэдгээр дүгнэхгүй. Үр дүн хэрхэн гарав, иргэдийн амьдралд ямар дэм болов гэдгээр л ажил хийсэн үгүйг дүгнэнэ. Тиймээс би Засгийн газрынханд “Бага ярьж, их хий. Хийх гэж байна гэсэн пи араа багасга” гэдгийг хэлсэн. Тэгэхгүйгээр “Бид ингэнэ, бид тэгнэ” гээд яриад л байвал нийгмийн хүлээлтээ дийлэхгүй шүү дээ, Засгийн газар. Тийм учраас нийгмийн хүлээлт, хийж буй ажилтайгаа уялдуулж бүх зүйлээ барьж ажиллах нь хамгийн чухал. Гэхдээ социализмын үед ярьдаг байсан ам ажлын нэгдлийг хангах нь хамгийн чухал асуудлын нэг болоод байна.

-Засгийн газрын зүгээс “Бидний оруулсан хуулийн төслийг Их хурал унагаад байна” гээд байгаа. Тухайлбал, Улсын бүртгэлийн тухай хуулийг Засгийн газарт буцаасан. 65 суудалтай олонхийн бүлэг засгаа дэмжихгүй болохоор ажил цаашид урагшлах юм уу?

-Олон хууль унаад байсан зүйл байхгүй. Улсын бүртгэлийн тухай ерөнхий хууль манай хамгийн чухал хуулиудын нэг боловч унагаачихсан бүлгийн гишүүдээ ойлгоогүй. Ер нь юмыг шүүмжилж өөлөх амархан. Аль ч өнцгөөс шүүмжилж болно. Харин бүтээнэ гэдэг хамгийн хэцүү. Тиймээс Засгийн газар хуулин дээрээ ажиллаад дахиад оруулж ирэх байх. Засгийн газраас эдийн засагтай холбоотой чухал хууль оруулж ирснийг нь Их хурал дээр унагаад байсан юм байхгүй.

-Засгийн газар 100 хоногийн тайлангаа тавьсан. Засгийн газрын үйл ажиллагаан дээр та ямар бодолтой яваа бол. Та ч гэсэн валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрлээ, төсвийн орлого давлаа гээд нааштай зүйлс ярьсан. Энэ бүхэн нь Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн өнөөдөр гарч байгаа юм биш үү?

-Бид шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Одоо гарч буй жаахан эерэг өөрчлөлтүүд гарцаа байхгүй өмнөх Засгийн газартай холбоотой. У.Хүрэлсүхийн Засгийн газар гараад муу ажиллаж байна гэж хэлэх эрт байна. Ямар ч байсан эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтүүдийг цааш нь сайжруулах, зөв бодлого авч хэрэгжүүлж байна гэдэг нь харагдаж байна. Цаашаа зөв явах байх гэдэгт итгэж байгаа шүү.

-Намрын чуулганы хугацаанд бүлгийн гишүүд хэр ажилласан бол. Бүлэг дотроо 32, 33 гээд хоёр хэсэг хуваагдчихлаа гэдэг яриа нэг хэсэг эрчээ авсан шүү дээ...

-Энэ яриа өнөөдөр ч гэсэн яригдаж байна. Гэхдээ бодит амьдрал дээр тийм биш. Нөхцөл байдал өөр байгаа шүү. Бүлгийн гишүүд намрын чуулганы хугацаанд чадлаараа л ажиллалаа. Ялангуяа утаатай холбоотойгоор шийдвэр гаргаж, Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой санал хэлсэн. Энэ бүхэн дээр ажлын хэсэг гаргаад нэлээд ажилласан. Засагтайгаа нийлж ямар шийдэл гаргах вэ гэж нэлээд явлаа. Нийгэмд бугшаад буй хууль бус зүйлсийг ил болгох, хариуцлага хүлээлгэхийг шахаж шаардаж хяналт шалгалт хийх чиглэлээр шахаж ажиллаж байгаа зүйл бий. Энэ бүхнийг юу ч хийгээгүй, юу ч чадахгүй, мэдэхгүй байна гэдгээр хаацайлж болохгүй. Манай 65-ын бүлэг хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа. Ялангуяа сүүлийн үед манай гишүүдийн идэвх сайжирч байгаа шүү.

УИХ-ын ирцтэй холбоотойгоор өөрсдөдөө нэлээд шүүмжлэлтэй хандаж эхэлсэн. Анзаарсан бол Их хурлын чуулган өглөө таван минутын хоцрогдолтой л нээж байна. Өмнө нь нэг цагаар хүртэл хоцорч эхэлдэг байсан шүү дээ. Цаашид Их хурлын ирцийг улам нэмэгдүүлэх, гишүүдийг хариуцлагажуулах хүрээнд УИХ-ын Дэгийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар би төсөл өргөн барьсан. Хаврын чуулганы эхэнд хэлэлцээд явна гэж бодож байгаа.

-УИХ-ын Дэгийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжих болов уу. Манай гишүүд хариуцлага хамгийн их ярьдаг ч өөрсдөө хамгийн хариуцлагагүй хүмүүс байдаг. Хуулийн төсөлд эгүүлэн татах хүртэл асуудлыг суулгаж өгсөн байна лээ?

-Хүн хариуцлагатай байя гэвэл өөртөө тавих шаардлагаа л нэмэгдүүлэх хэрэгтэй. Яагаад би уг хуулийн төслийг бусад гишүүдтэй хамтралгүй ганцаараа өргөн барьсан бэ гэвэл УИХ-ын гишүүд хариуцлагаа сайжруулах хүсэл эрмэлзэл байна уу, үгүй юу гэдгийг л харах гэж байгаа юм. Үнэхээр хариуцлагаа сайжруулах хүсэл байвал миний өргөн барьсан хуулийн төслийг улам сайжруулж анхаарах ёстой. Нэмэх зүйлсээ нэмж, хасах зүйлээ хасаад хариуцлагын тогтолцоогоо улам чанд болгох тал руугаа явах ёстой. Тэгэхгүй бол одоо байгаа шигээ ингээд задгай яваад байж болохгүй.

-Ямар нөхцөлд гишүүний эгүүлэн татах асуудал хөндөгдөхөөр тусгагдсан бэ?

-Байнгын хороо болон чуулганы хуралдааны нийт хуралдсан цагийн гуравны нэгээс дээш хугацаагаар хүндэтгэх шалтгаангүйгээр хурал тасалсан буюу байхгүй байсан тохиолдолд эгүүлэн татах үндэслэл болно.

-Гишүүдээ хариуцлагажуулах бүлгийн даргын нэг алхам гэж ойлгож болох уу?

-Санаачилга гэж ойлгож болно.

үүлийн үед Засгийн газрын хийсэн чухал ажлын нэг нь Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авлаа гэдэг яриа. Харамсалтай нь өнөөдөр 51 хувь нь Өмнөд Африкийн Стандарт банкны барьцаанд байна гэх юм. Арбитрын шүүх дээр ялагдаж Эрдэнэт үйлдвэр 103 сая ам.доллар төлөх ёстой гэдэг шийдвэр гарсан байна лээ. Хувь хүний авсан зээлийг Эрдэнэт үйлдвэр төлөх нь зөв юм уу. Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд үг хэлэхдээ эзэн нь тодорхой зүйл дээр хариуцлага тооцохгүй байна гэж байсан шүү дээ?

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авлаа гэдэг шийдвэр гарсан. Бодвол Засгийн газар шинээр ТУЗ-ийг нь томилоод үйл ажиллагаа нь явагдаж байгаа байх. Стандарт банкны хувьд надад тодорхой мэдээлэл алга. Эцсийн бүлэгтээ энэ чинь Эрдэнэт Стандарт банк хоёрын хоорондын асуудал. Арбитраас ямар шийдвэр гарахаас хамаараад дараагийн зүйлсийг ярих байх. Түүнээс биш баримттай мэдээлэлгүйгээр олон нийтэд хэлээд байх зүйл алга. Ерөнхийлөгч уг нь чуулганы хуралдаанд үг хэлэхдээ баримттай зүйл ярих шиг болсон. Үүнийг тодруулж асуугаад яриа хөөрөө өрнүүлэх юм болов уу гэсэн чинь гараад явчихсан. Ямар зорилготойгоор сошиалаар яваад байгаа зүйлсээр мэдээлэл хийдэг юм бол. Асуулт асууя гэхээр “Би уулзалт зохион байгуулсан байсан юм” гээд чуулганаас гараад явсныг үнэхээр ойлгосонгүй.

өрийн тэргүүн “Их хурал хариуцлагагүй ажиллаж байна гэж иргэд ярьж байна” гээд парламентыг тараах асуудлыг хөндчихөөд гарсан. Их хурал яадгаа алдчихсан хүндхэн байгаа юм уу?

-Нарийн хэлбэл улс төр л яваад байна. УИХ тарах хэмжээнд хүртлээ дампуурчихаад байгаа юм алга. Зарим гишүүдийн ёс зүйтэй холбоотой хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа. Ирцтэй холбоотой асуудал нийгэмд нэлээд дургүйцэл төрүүлсэн. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Засч залруулах ёстой. Харин УИХ-ыг тараах асуудлыг Ерөнхийлөгч чуулган дээр орж ирж хэлэхдээ “Намайг мушгин гуйвуулж байна. Тийм санаачилга иргэдээс гарч байна” гэж ярьж байна лээ. Өмнө нь чуулган дээр орж ирэхдээ “Утаанаас салахгүй бол би өөрөө санаачилаад Их хурлыг тараах асуудлыг ярина шүү” гээд уриалан дуудаад байсан. Түрүүн би хэлсэн ам ажлын нэгдэл дээрээ Ерөнхийлөгч нэгийг бодож, хоёрыг тунгааж байгаа байлгүй дээ.

Энэ бүхэн ганцхан УИХ-ын үйл ажиллагаа руу чиглээд байгаа юм биш. Ерөнхийлөгч рүү, Засгийн газар руу ч ялгаагүй чиглэгдэж байгаа. Төрийн гурван том институци гэдэг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын түвшинд ажлынхаа уялдааг хангах, Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлага бий. Хэн нь ямар ажил хийх гээд байгаа нь тодорхойгүй бизенс яривал бүгд бизнес яриад, сахилга хариуцлага яривал бүгд сахилга хариуцлага яриад яваад байх юм бол байж болохгүй. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын үндсэн үүргийг Үндсэн хуулиар заагаад өгчихсөн байна. Үүнийгээ ягштал мөрдөж байж үр дүнд хүрнэ.

-Та Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Уг хуулийн төслийг сая хэлэлцэлгүй хаврын чуулганаар хэлэлцэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо шийдчихлээ. Заавал хаврын чуулганаар хэлэлцэх ёстой байсан юм уу?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. Маш олон уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан. УИХ-ын гишүүд, Нийслэлийн удирдлага, үе үеийн удирдлагуудын түвшинд, дүүргүүдээр хэлэлцүүлэг хийгдсэн. Мэдээж хуулийн төслийг боловсруулахад Нийслэл онцгой үүрэгтэй оролцсон нь үнэн. Үүн дээр засч сайжруулах зүйлс бий. Ямар ч байсан хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулж засах гээд явж байгаа нь дэвшил тийм учраас хүйтэн нойтон гэдэг талаас нь биш нэгэнт өргөгдөн баригдаад хэлэлцэх эсэхээ шийдчихсэн хуулийг сайжруулж байж бид гаргах л ёстой.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар санхүүгийн асуудлаа бие даан шийддэг болж байгаа юм билээ. Гэхдээ нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан агаар, ус, хөрсний бохирдлыг шийдэх тал дээр юу тусгагдсан бол. Төрийн тэргүүн бол дагуул хот байгуулах санаачилгаа хэлчихсэн шүү дээ?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хувьд бие даасан байдлыг хангах, хороо, дүүргүүдийг бие даалган ажиллуулах, дагуул хотын статусыг тодорхой болгох, дагуул хоттой болох гээд олон зүйл уг хуульд туссан. Ямарваа хүнд ажил хийх боломжийг хуулиараа олгох ёстой. Хуулиар бүх зүйлийг хаачихаад ажил хий гээд байвал хэцүү. Өнөөдрийн баг, хорооны даргын зовлон энэ шүү дээ. Ямар ч санхүүгийн эрх мэдэлгүй баг, хорооны Засаг даргыг муу ажиллаж байна, хөгжүүлж чадахгүй байна гэдэг. Үндсэндээ тэд чинь төрийн зараалын морь шиг иргэний бүртгэл энэ тэртэй л ноцолддог. Шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй учраас үүнийг нь олгохын төлөө ажиллаж байгаа. Бид уг хуулийг засч залруулж байж гаргах ёстой.


Онцлох нийтлэлүүд