Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn
Цаг үе
2019.03.07 08:03

Д.Цэрэнсамбуу: Манай театр нийгэм рүү толио тусгаж, “Бүсгүйн зурвас”-ыг дугтуйлж илгээлээ

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуутай уулзаж ярилцлаа.


-УДЭТ-аар олон түмэндээ сонсгох сонин сайхан их байна уу?

-Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр үүсэн байгуулагдаад энэ 2019 онд наян найм дахь жилтэйгээ золголоо. 1931 онд тулгын чулуугаа тулсан театр шүү дээ. Манай театрын хамт олон энэ гахай жилдээ ихийг хийж бүтээх маш их урам зоригтой орлоо. Энэ онд дэвшүүлсэн зорилт, хийхээр төлөвлөсөн ажлуудаа хамт олноороо ярилцаад, төлөвлөгөө хөтөлбөрөө боловсруулаад ажил ид бужигнаж байна. Манай хамт олон урьд жилүүдэд урам зориггүй байгаагүй л дээ. Гэхдээ яагаад урам зоригтой уран бүтээлдээ шамдан орлоо гээд байна вэ гэхээр төр засгаас бидний ажилд их дэмжлэг үзүүлж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Соёл урлагийн үндэсний зөвлөлийг байгууллаа. Өнгөрөгч онд байгуулагдсан энэ зөвлөл энэ хоёрдугаар сарын эхээр анхны хурлаа хийлээ. Үүнийг бид Монгол Улсын Засгийн газраас манай салбарын үйл ажиллагаанд анхаарч, дэмжлэг үзүүлж байна гэж ойлгож байгаа. Нөгөөтэйгүүр энэ оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Манай урлагийн байгууллагынхан чинь төрийн үйлчилгээний албан хаагчид шүү дээ. Бидний үйл ажиллагааг дэмжсэн төрийн олон тогтоол, шийдвэр, журмууд хэрэгжиж байна. Манай театраар жишээлэхэд ажилтан, албан хаагчдын цалингийн сан гуч гаруй хувиар өссөн.

-Төрөөс цалингийн төсвийг нэмжээ дээ?

-Төсвөөс цалингийн санг нэмсэн. Бүр тодруулаад хэлбэл, энэ оны эхнээс Монгол Улсын соёл, урлагийн салбарынхан, урлагийн байгууллагуудын орлогыг тэглэсэн. Өөрөөр хэлбэл 2019 онд хэрэгжүүлэх төсвийн хуулиараа санхүүгийн хариуцлагагүй болгочихож байгаа юм. Өмнө нь театрын үйл ажиллагааны тодорхой хувийг өөрсдөө үйл ажиллагаа явуулж олсон орлогоороо санхүүжүүлж байсан. Ус, цахилгаан, дулаан зэрэг тогтмол зардлуудыг төр санхүүжүүлж эхэлсэн. Төр дэмжлээ гээд бид зүгээр суугаад байхгүй. Олсон орлогоо байгууллага хамт олондоо зарцуулах эрх олгосноор их дэмжлэг болж байна. Төрийн харьяалалтай театрууд чинь урьд нь шинэ уран бүтээл хийхэд төсөв зардлыг нь төрөөс олгодог байсан. Ерэн онд улс орон зах зээлийн эдийн засаг, нийгмийн өөр тогтолцоонд шилжсэнээс хойш сүүлийн гучаад жилд анх удаа шинэ хийх уран бүтээлийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Төрийн энэ их дэмжлэгт уран бүтээлчид маань их урамшиж байгаа. Түрүү жилүүдийн оны эхэнд бид чинь эдийн засгийн хувьд бүх юм тэглэчихдэг байлаа. Шинэ уран бүтээл хийх болоход мөнгөтэй хүний хаалга тогшоод явдаг байсан. Энэ жил харин төр, түмэн олон маань хайр халамж, дэмжлэг туслалцаа үзүүлсэнд маш их баярлаж байна. Яагаад түмэн олны хайр халамж гээд байна гэхээр энэ дэмжлэгийг Засгийн газраас хэдий олгож байгаа ч Монгол Улсын татвар төлөгчдийн маань мөнгө шүү дээ. Тиймээс УДЭТ-ын хамт олон гуравдугаар сарын 1-ний өдөр шинэ уран бүтээл хийснийхээ нээлтийг хийх гэж байна.

-Хэний зохиолоор найруулсан жүжиг толилуулах гэж байна?

-Ер нь энэ онд манай хамт олон хэд хэдэн шинэ уран бүтээл хийхээр төлөвлөсөн. Манай театр 2017 онд “Драма-21” гэсэн таван жилийн хөтөлбөр боловсруулсан юм. Урьд нь найман жилийн хөтөлбөр боловсруулаад, ажил болгон өндөрлөсөн. “Драма-21” хөтөлбөр 2021 онд дуусна. Бид энэ хөтөлбөрийнхөө уран бүтээлийн үйлдвэрлэл, урын сангийн бодлогодоо дүгнэлт хийсэн. Ер нь сүүлийн жилүүдэд монгол зохиолын хомсдолтой холбоотойгоор орчуулгын жүжгүүдийг тайзнаа нэлээд тавьж. Тайз, дэлгэцийн бүтээл хийж байгаа театр, урлагийн байгууллагуудад ний нуугүй хэлэхэд зохиолын хомсдол маш их байгаа. Энэ бол бидний хамгийн тулгамдсан асуудлын нэг. Цаагуураа оюуны бүтээлийг үнэлдэг үнэлэмжтэй ч холбоотой. Тиймээс 2017-2021 он дуустал хэрэгжүүлэх хөтөлбөр, шинээр тайзны бүтээл болгох урын сангийн бодлогодоо анхаарч уран бүтээлийн 70 орчим хувийг үндэсний жүжиг, монгол контент бүтээнэ гэж төлөвлөсөн. Энэ онд гэхэд монгол жүжгүүд тавихаар болсон. Үүний эхнийх нь зохиолч, яруу найрагч Лувсандоржийн Өлзийтөгсийн зохиол “Бүсгүйн зурвас” хэмээх нийгмийн уянгын драмын жүжгийг театрын уран сайхны зөвлөл, мэргэдийн зөвлөлөөрөө хэлэлцээд тайзнаа толилуулахад болно гэж хүлээж авлаа. Манайх хэдэн жилийн өмнөөс жүжгийн зохиолын уралдаан зарлаж ирсэн. Энэ жүжиг уралдаанд тухайн үедээ шалгараагүй юм. “Ярилцлага” хэмээх богиновтор уг зохиолын сюжьет нь манай төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарт их таалагдсан шиг байгаа юм.

-Бүсгүйн зурвас-ыг хүлээн авч, баталсан уран сайхны экспертийн тэргүүлэгчийн хувьд ямархан санагдав?

-Театрыг нийгмийн толь гэдэг. Энэ жүжиг нийгмийг тольдохдоо зарим хэсгүүдэд фокусаа нарийн тусгаж, театр нийгмийн толь гэсэн үүргээ биелүүлжээ гэж үзлээ. Үзэгч олны анхаарлыг татах уран бүтээл болсон гэж хэлэхэд миний хувьд таатай байна.

-Сэтгүүлч бүсгүйн тухай жүжиг гэсэн үү?

-Энэ жүжгийн тухай ийм тийм гэсэн тайлбар хиймээргүй байна. Товчхондоо, жүжгийн үндсэн обьект нь нэг улстөрч хүний амьдрал дээр түшиглэж, сэтгүүлчийн дүрийн оролцоотой, туслах дүрүүдтэй ийм бүтээл. Ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг ажиллаж, уран сайхны удирдагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Найдангийн Ганхуяг оролцлоо. Мөн хөдөлгөөний найруулагчаар соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч Г.Ган-Очир, ассистент найруулагчаар соёлын тэргүүний ажилтан А.Чингүн, туслах найруулагчаар О.Итгэл, гэрлийн найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Ц.Эрдэнэбат, дууны найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Я.Батсайхан нар ажиллалаа. Жүжгийн дууг Чинбат зохиосон.

-Дүрүүдэд хэн хэн тоглов?

-Энэ жүжиг хоёр бүрэлдэхүүнтэй. Жүжгийн гол дүр Архайд гавьяат жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, сэтгүүлч бүсгүй Итгэлд залуу жүжигчин Б.Золзаяа, соёлын тэргүүний ажилтан М.Тогтохжаргал, Туяад гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, Ирээдүйд соёлын тэргүүний ажилтан Б.Шинэбаяр, Номинд Б.Асардарь, Сонины эрхлэгчид ардын жүжигчин С.Сарантуяа, Болдод гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, Доржид соёлын тэргүүний ажилтан Ж.Пүрэвдорж, Сайнбилэгт жүжигчин Э.Тодгэрэл, Архайн залуу насны дүрд О.Сүххуяг, Туяагийн залуу насанд Ц.Цэлмүүн, Нарангоод Ц.Цэлмүүн нар тоглоно. Мэдээж олны хэсэгт манай театрын залуу уран бүтээлчид оролцох юм. Жүжгийг нэг өгүүлбэрээр илэрхийл гэвэл “Жүжиг мэт амьдралд-амьдарч буй мэт жүжиглэсээр орших...” тухай юм. Товчхондоо театр нийгэм рүү зурвас илгээхээр хаяглаад дугтуйд хийгээд бэлдчихлээ. Гуравдугаар сарын 1-нээс дугтуйгаа задлах гэж байна.

-Та Үндэсний зохиолын хомсдол их байна гэлээ. Харин ч танай театр түүхэн голдуу жүжгийн урын сан ихтэй биш үү?

-Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, “Атга нөж”, зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” зэрэг олон сайхан жүжгүүд тавигдсан л даа. Н.Наранбаатар найруулагч залуухан байхдаа 2004 онд алдарт сэтгүүлч Ц.Балдоржийн зохиолоор “Шөнө амталсан нулимс” гэдэг сонирхолтой жүжиг тавьж байсан. Энэ жүжиг бол театр толиныхоо тусгалыг нийгэм рүү харуулсны тод жишээ болсон драм. Ийм нийгмийн драмыг бид тавьж байх ёстой. “Бүсгүйн зурвас”-ын зохиолч Л.Өлзийтөгсийн бүтээлүүд олон өнгө будагтай, өвөрмөц уран бүтээлч. Шүлгүүдийг нь уншиж байхад драматург явж байгаа нь ажиглагддаг. Ийм авьяас билэгт зохиолч театртай хамтран жүжгийн уран бүтээл туурвиж байгаад олзуурхаж байгаа. Ямар бүтээл хэрхэн хийснийг ард түмэн шүүнэ. Театрт хүрэлцэн ирж үзэхэд нэгийг хэлж, хоёрыг сануулсан бүтээл болсон гэхэд эргэлзэхгүй байна.

-Монголын үгийн урлагийн бурхан туурвилч, Монголдоо Шекспир гээд хэлчихэд хол дэгс болохгүй жүжгийн гайхамшигтай зохиолч, театр урлагийн уран бүтээлийн их мастер, хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайг танай театрын тайзнаас Өнжүүлийн бор толгод руу нь үдсэн дээ...

-Монголын шинэ цагийн театрын урлаг үүссэн тэртээх мянга есөн зун гучаад оноос үе үеийн зохиолч, найруулагч, эх зохиогч нар төрөн гарсан. Зохиогч бол үндсэндээ театрын саалийн үнээ шүү дээ. Д.Намдаг, Л.Ванган, Э.Оюун нарын үе үеийн зохиолчид, жар далаад онд төрийн шагналт зохиолч Дэмбээгийн Мягмар, ерээд онд Бавуугийн Лхагвасүрэн ах яах аргагүй манай саалийн үнээ байсан. Цаашдаа ч бүтээл нь манай театрт он удаан жил тоглогдоно гэдэгт итгэлтэй байна. Манай театрт тавигдсан анхны бүтээл нь “Үгүйлэгдсэн хайр” жүжиг. Ерэн найман онд “Тамгагүй төр” жүжиг нь тавигдсанаас хойш бүтэн хорин жил тасралтгүй тоглогдлоо. Тэгээд “Сарны цагаан цус”, “Атга нөж” гэсэн алдартай бүтээлүүд нь театрын урын санд орж ирсэн дээ. Энэ их бичгийн хүмүүн тэнгэрт дэвшсэнд гүнээ харамсаж байна. “Бурхан тэнгэр билгүүн төгөлдөр эл уран бүтээлчийг өөрийн элч зардас болгох гээд арай эрт аваад явчихсан юм бол уу” гэж жаахан тайтгарах юм. Тэр их хүмүүн өөрийнхөө гайхамшигт бүтээлүүд амилсан театрын тайзнаасаа мөнхийн нутгаа зорьсон доо.

-Д.Урианхай, Уриадайн Шигүүргэ, Б.Цогнэмэх, П.Батхуяг нарын олон зохиолчдын жүжгийн түүврүүд ойрын жилүүдэд гарсан. Энэ жилийн богино өгүүллэгийн Утгын чимэг наадмын тэргүүн хүүрнэлч болсон Сольтогтохын Дамдиндоржийн ч Ортоом гэж маш сайн жүжгийн зохиол байдаг. Тавигдаагүй ийм олон бүтээл байсаар атал жүжгийн зохиолын хомсдолтой байна гэдэг хачин юм даа?

-Аливаа уран бүтээл гэдэг зохиогчийн сэтгэлийн эмзэглэл шингэсэн зүйл. Манай театрын урын сангийн бодлого гэж бий. Дэлхийн соёлт хүн төрөлхтний оюуны санд хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог бүтээлүүд энд мэдээж багтаж таарна. Хүүхэд, залуучуудын сэдэвтэй бүтээлүүд тун чухал хэрэгтэй байна. Хүүхдүүдэд бид театр урлагаар дамжуулж соён гэгээрүүлэх чиглэлийн ажлыг их хийх ёстой. Уран бүтээлийн сонголт маш хариуцлагатай байх учиртай. Манай уран бүтээлийн удирдлагууд, уран сайхны удирдагч, найруулагчид, уран сайхны зөвлөл гол сонголтыг хийдэг. Театрын захирал бол ажил үйлчилгээ явуулах нөхцлийг нь л бүрдүүлдэг дуулгавартай зарц юм шүү дээ. Зохиогчид сайхан бүтээлүүд их бичиж байна. Гэхдээ сонголт хийх эрх нь бас театрт байгаа. Сонголт хийнэ гэдэг том хариуцлага. Энэ жил бид театрын уран бүтээлийн салхивчийг их томоор онгойлгож байгаа. Бид Монголынхоо гурван ч бүтээлийг тайзнаа тавина. Эхнийх нь “Бүсгүйн зурвас”. Удаад нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран хүүхдийн сэдэвт том хэмжээний бүтээл хийхээр жүжгийн зохиолын уралдаан зарлаж байгаа. Ирэх сарын эхнээс зохиолоо авч эхэлнэ. Болж өгвөл эхний хагас жилд багтааж тайзны бүтээл болгохоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Гуравдахь нь Үзвэрийн жилийнхээ нээлтийн шинэ уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа. Театрын уран бүтээлийн салхивчийг том хэмжээнд онгойлгоно гэж би түрүүн хэллээ дээ.

-Салхивчаа яаж онгойлгоно гэж?

-УДЭТ-ын тайз гэдэг энд ажиллаж байгаа найруулагч Найдандоржийн ч, Наранбаатарын ч өмч биш. Эрдмийн театрын босго өндөр. Манай театрын босго өндөр байх ч ёстой. Дорноговийн “Саран хөхөө” театрын найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Пүрэвдорж ч юм уу, хэн ч бай багаараа ирээд УДЭТ-т уран бүтээл хийх нөхцөлийг хангаж өгч байгаа. Зураач, хөгжмийн зохиолч, жүжгийн зохиолч гээд авторуудад “Манай уран бүтээлийн салхивч нээлттэй шүү” гэж хэлж байна шүү дээ. Намар хийх бүтээлээ бас уралдаан зарлаж шалгаруулаад монгол контент бий болгоно.


Онцлох нийтлэлүүд