Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчуулах санал хүргэлээ DNN.mn Коала баавгайг хамгаалах арга хэмжээ авна DNN.mn Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов DNN.mn “Saudi Aramco” ирэх гуравдугаар сард нийлүүлэх газрын тосны үнээ нэмжээ DNN.mn Ирэх тавдугаар сард МИАТ компани Боинг 787-900 онгоцтой болно DNN.mn ТЦА: Иргэдээс төлбөртэй мэдээлэл авна DNN.mn Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирол нэмэгдэж байна DNN.mn Нийслэлийн 216 албан хаагч тангараг өргөлөө DNN.mn ЦЕГ: Ховд аймагт өсвөр насны хүүхэд нас барсан хэргийг шалгаж байна DNN.mn Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна DNN.mn Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчуулах санал хүргэлээ DNN.mn Коала баавгайг хамгаалах арга хэмжээ авна DNN.mn Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов DNN.mn “Saudi Aramco” ирэх гуравдугаар сард нийлүүлэх газрын тосны үнээ нэмжээ DNN.mn Ирэх тавдугаар сард МИАТ компани Боинг 787-900 онгоцтой болно DNN.mn ТЦА: Иргэдээс төлбөртэй мэдээлэл авна DNN.mn Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирол нэмэгдэж байна DNN.mn Нийслэлийн 216 албан хаагч тангараг өргөлөө DNN.mn ЦЕГ: Ховд аймагт өсвөр насны хүүхэд нас барсан хэргийг шалгаж байна DNN.mn Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна DNN.mn
Нийгэм
2022.10.15 10:10

Д.Чулуунцэцэг: Хар нүдэн хүүхдүүд минь хаа яваа бол DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС... АХМАД СЭТГҮҮЛЧ Д.ЧУЛУУНЦЭЦЭГТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


1988 онд дайнтай байсан Афганистанаас 27 афган хүүхдийг Монголд авчирч асарч тойлж байгаад явуулсан билээ. Тухайн үед афган хүүхдүүдээс ярилцлага авч, сурвалжлага бэлтгэж байсан Монголын радиогийн ахмад сэтгүүлч Д.Чулуунцэцэгтэй ярилцлаа.


-Монголчууд Афганис­та­наас хүүхдүүд ав­чирч асарч хүмүүжүүлж байсан. Тухайн үед та тэр хүүхдүүдийн тухай радиогийн нэвтрүүлэг бэлтгэж байсан гэдэг. Тэр үйл явдлын тухай яриагаа эхэлье. Таныг очиход ямар­хуу хүүхдүүд угтсан бэ?

-1990 оны намар шиг санаж байна. Сансрын үйлчилгээний төвийн дэргэдэх “Хараацай” нэртэй цэцэрлэгт хүмүүжиж байсан афган хүүхдүүдтэй уулзаж сурвалжлага авч байж билээ. Гялалзсан хар нүдтэй, хөөрхөн бор хүүхдүүд монголоор гайхалтай сайхан ярьж, монголоор дуулж бүжиглэж, үлгэр ярьж эгээ л монгол хүүхдүүд шиг байсан даа. Үл ялиг аялгуутай, одоогоор манайхны баруун аймгийн ястны хэл аялгуутай төстэй юм уу даа. Г-г к-гээр хэлэх жишээний аялгуутай ярьдаг. Гэхдээ ээрч түгдрэх, хүний яриаг ойлгохгүй эргэлзэж тээнэгэлзэнэ гэж ер үгүй. Монголд ирээд хоёр жил болчихсон болоод ч тэр үү, яг л монгол хүүхдүүд шиг ярьж байсан. Би тэдэнтэй хагас өдөр бужигнаж өнгөрөөсөн дөө. Тэдэнтэй хамт хоёр багш дагаж ирсэн нь монголоор бага сага ярьдаг болчихсон байсан. Тэр цэцэрлэгийн багш казах бүсгүй гол орчуулагч. Та бүхэн тэр багшийг олж ярилцлага хийвэл олон сонин зүйл ярих байх даа.

-Ээж ааваасаа хол, хүний нутагт ирсэн хүүхдүүд юуны талаар ярьж байв. Та тухайн үед хийж байсан ярилцлагаасаа манай уншигчдад сонирхуулахгүй юу. Тэд нэлээн сахилгагүй хүүхдүүд байсан гэдэг?

-Сахилгагүй байсан эсэхийг сайн хэлж мэдэхгүй юм. Хүүхдүүд хойно хөдөлгөөнтэй байсан байх, ямар ч байсан тун сэргэлэн хүүхдүүд байсан даа. Олонхи нь 4-5 орчим насны хүүхдүүд. Яг л манайхны хүүхдүүд шиг хоорондоо уралдаж ирээд л ярина. Миний асуултад бие биеэсээ өрсөж ярих гэж урагш давшиж зүтгэлээд, хоорондоо түлхэлцэж, сандарч тэвдэхдээ бүр ээрч түгдрээд л... тэдний тэр хөгжилтэй хөөрхөн байдал одоо ч миний нүдэнд тодхон харагдаж байна. Энэ дурсамжаа эргэн санах бүр тэд маань одоо хаана, юу хийж яваа бол доо гэж эрхгүй бодогддог юм. 2008 онд бил үү дээ, Ираны радиогоос зарласан Олон улсын уралдаанд “Радио цомог” нэвтрүүлэг бэлтгэж оролцохдоо “Хар нүдэн хүүхдүүд минь хаа яваа бол” гэсэн бүлэгтээ өнөө афган хүүхдүүдтэй хийсэн ярилцлагаа, тэдний дуу хууртай оруулсан юм. Энэ нэвтрүүлэг маань сүүлийн шат хүртэл давхисан даа.

Тэр ярилцлагын маань гол баатар Суммоли хүү байсан юм. Хүү ярихдаа: “Би том болоод баатар болно. Дайн муухай, хүмүүс буудалцаад, байшин нураад, хүүхэд уйлаад. Би дайнд дургүй...” гэж ирээд ярьсан байдаг юм. Тэр яриа одоо хүртэл надад хадгалагдаж байдаг юм. Би тэр нэвтрүүлгээрээ Суммоли хүү болоод бусад хар нүдэн охидуудаа дурсан санаж “Хар нүдэн хүүхдүүд минь хаа явна даа, та нарыгаа монголчууд бид мартаагүй ээ...” гэсэн юм. Ер нь би тэднийг одоо ч дурсч, ярьж байдаг. Харин хүүхдүүд маань танай тэр афган жаалууд чинь террорист болчихсон яваа бол яана гэж намайг цаашлуулж суудаг юм.

-Афган хүүхдүүдийн талаар тухайн үед хүмүүс ямар хандлагатай байсан бол. Тухайлбал таны нэвтрүүлгийг хүмүүс яаж хүлээж авсан бэ. Өөрсдийгөө яая гэж байж юун гадны хүүхэд асрах гэж хэмээн ундууцах хүн байсан уу?

-Өө, манайхан тун сайхан хүлээж авдаг байсан шүү. Тэр үед тэдний талаар телевизээр ч бас нэлээд нэвтрүүлдэг байсан. Гэхдээ тэр афган хүүхдүүдийн яриа, бичлэг миний хувийн фондод л үлдсэн шиг байгаа юм. Миний тэр сурвалжлага дотоодын сонсогчдод биш гадаадын чиглэлд зориулсан юм. Тухайн үед Японы сонсогчдоос сонирхсон, гайхсан захидал хүртэл ирж байсныг санаж байна. Монголчууд афган хүүхдүүдийг асарч өсгөж байгаа нь, афган хүүхдүүд монгол хэлээр ярьж байгаа нь тэдний сонирхлыг үнэхээр татаж байсан байх.

Хар нүдэн хүүхдүүд минь хаана юу хийж яваа бол доо, Суммоли хүү маань яаж яваа бол доо гээд бодогдоно доо. Магадгүй тэр хүү хүсээгүй буугаа бариад буудалцаж явааг үгүй гэх аргагүй. Нутаг орон нь дайны хөлд байгаа хойно сайн сайхан юм бодогдох нь ховор доо. Нэг үе хар нүдэн хүүхдүүдийнхээ эрэлд мордохсон гэж их боддог байлаа.

-Одоо дайнд нэрвэгдээд байгаа сири хүүхдүүдийг авчирч асарч өсгөж өгье гэж манай сонин бичиж байгаа. Үүнийг та зөв гэж бодож байна уу?

-Монголчууд хэзээнээс ядарч зовсон нэгэндээ тусалж ирсэн ард түмэн. Манайхан энэ талаар ер нь уламжлалтай, бас туршлагатай ч гэж хэлж болох байх. 1950-иад оны сүүл үеэр Солонгосын өнчин хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлж байсан. Тэдний амьдарч байсан байшин өнөө ч Зайсангийн аманд бий шүү дээ. Тэр үед би цэцэрлэгт байсан юм. Одоо Чингисийн хөрөг буй уулын орой дээр хоёр хүн чулуу хэлбэртэй чулуу байдаг байв. Манай цэцэрлэгийн хүүхдүүд “Солонгос сургуулийн хүүхдүүд гэрээ санаад гэр рүүгээ явах гэж байгаад энэ уулын орой дээр эндсэн юм. Тэгээд энэ хоёр чулууг босгосон гэнэ лээ” гээд “бурдаг” байж билээ. Инээдтэй шүү, хүүхдүүд л өөрсдийнхөө сэтгэхүйгээрээ ургуулан бодсон зүйл байсан байх даа. Дараа нь Афганы хар нүдэн хүүхдүүд амар тайван хэдэн жил болоод нутаг буцсан. Тухайн үед үр хүүхэдтэй болохыг хүссэн хүмүүс өргөж авах санаатай очиж байсныг би мэдэх юм байна. Тэр хүүхдүүд хоёр улсын гэрээгээр ирсэн. Бүтэн өнчин ховор. Олонхи нь эх нь үгүй ч, эцэг нь цэргийн хүн байдаг. Тэд буцахаараа байлдаж байгаа аавууд дээрээ очно гээд буцааж байсан тухай сураг сонсож байсан.

Солонгос, Афганы өнчин хүүхдүүдэд орон гэр нь, эцэг эх нь болж байсан манай улс сири хүүхдүүдийг хүлээж авахад болохгүй нь юу байхав. Ер нь монголчууд бид өнчнийг өрөвдөж, өөрөө хоосон ч өрөөлийг хооллож чаддаг хүмүүс шүү дээ. Тийм болохоор туршлага ч байна, сэтгэл ч байна гэж бодож байна. Би хувьдаа танай сонины уриалгыг дэмжиж байна.

-Та их олон сурвалжлага хийж, олон янзын хүмүүстэй уулзаж ярилцаж байсан байх. Хамгийн тод санаанд үлдсэн үйл явдал ч юм уу, сонин намтар түүхтэй хүмүүсийн тухай ярья гэвэл алийг нь онцлох вэ?

-Би радиод ажиллах хугацаандаа олон үйл явдалд оролцож, олон ч нэвтрүүлэг бэлтгэж байсан. Аль бүгдийг ярьж барах билээ. Тэр бүгдийн дундаас Афганы хар нүдэн хүүхдүүдтэй уулзаж хийсэн нэвтрүүлэг минь хамгийн сонин содон, хамгийн их сэтгэл догдлуулсан мартагдашгүй үйл явдлын нэг байсан гэж боддог юм. Миний бүтээлийн бараг 80-аас илүү хувь нь гадаадынханд чиглэсэн байдаг тул Монголоороо бахархаж, монголчуудаа магтан дуулсан байдаг юм. Гадаадын сонсогчид олны танил хүмүүсээс илүүтэй эгэл хүнийг сонирхдог юм. Гадаадынханд зориулсан “Хүмүүс” булангаараа 11 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн Мэндсэн ээж, хараагүй дуучин бүсгүй Баярдулам, тэмээчин эмэгтэй Аюуш... гээд эгэл хүний тухай өгүүлсэн нэвтрүүлгүүдэд их олон захидал ирж байлаа. Монголын 11 хүүхэдтэй ээжийн нэвтрүүлгийг сонсоод Хирошима хотын иргэн “11 хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг бидний санаанд буухгүй байна. Манай гэр бүл ганц хүүхэдтэй мөртлөө ажил их, амжихгүй гээд эцэг, эхээрээ хүүхдээ харуулдаг. Таны нэвтрүүлгийг сонсоод бид бодлоо өөрчилж, хүүхдээ өөрсдөө өсгөхөөр шийдлээ” гэж бичиж байлаа. Ер нь эгэл хүмүүс л жинхэнэ монгол, монголчуудын төлөөлөл болдог юм.

-Та сургуулиа төгсч ирээд л Монголын радиод ажил­лаж, тэндээсээ тэтгэвэртээ гарсан гэхээр олон жилийн үнэнч хөдөлмөр санагдаж байна. Таныг анх радиод ирэхэд хуучны ланжгарууд байсан биз?

-Тэгэлгүй яахав. Мундаг ланжгаруудын гар дээр ирсэн азтай хүн шүү, би. Радиогийн нэрт сэтгүүлч Соёлын гавьяат зүтгэлтэн Гүнсэн, Сандуйжав гуай биднийг тосож авч байлаа. Би анх хятад хэлний редакцид орчуулагчаар ирж байсан. Тэр үед нэрт сэтгүүлч С.Одхүү, Лувсандорж, Нанж.Лхагва, Ү.Хүрэлбаатар нарын материалыг орчуулж хөлд орж, хэл зүгширч үеийн нөхөд П.Соёлдэлгэр, Б.Нарантуяа, А.Авирмэд, С.Цогтсайхан нартай өрсөлдөж сэтгүүлч болж билээ.

-Монголын радио хятад хэлний мэргэжилтнээ бэлтгэхдээ Вьетнамд бэлтгэж байсан сонин үе байжээ. Тэр үеийн талаар та ярихгүй юу?

-Энэ бас л түүхийн нэгэн үйл явдалтай холбоотой юм даа. Радиод орчуулагчаар ирээд хоёр жилийн дараа Монголын радио, Вьетнамын радио хоёрын хамтын ажлын хүрээнд Вьетнамын радиод нэг жилийн хугацаатай сурахаар явсан юм. Тэр цаг үе бас сонирхолтой байсан даа. Хятад-Вьетнамын дайнаас ердөө ганц сарын дараа Вьетнамд очиж билээ. Вьетнамын хүнд үеийн амьдралыг нүдээр үзэж, биеэр туулсан. Бас Хятад-Вьетнамын цэргийн олзлогсдыг солилцох түүхэн үйл явдал, дайны хөлд нэрвэгдсэн Лангшон мужийг нүдээр үзэж, дарийн утаа үнэрлээд авсан гэж байгаа.

-Та орчуулагчаар ажиллаж байгаад сэтгүүлч болсон. Одоо харин сэтгүүлчийн мэргэжлээр сурч байгаа залууст багшилж байгаа байх аа?

-Би 1977 онд МУИС-ийг хэл уран зохиолын багш, хятад хэлний орчуулагч гэсэн хос мэргэжлээр төгсөж, мөн жилээ Монголын Радиогийн Гадаад нэвтрүүлгийн Хятад хэлний редакцид ирж 10 жил орчуулагч хийж байгаад сэтгүүлчийн мэргэжил рүү урвасан юм. Радиогийн Гадаад нэвтрүүлгийн албанд 30 жил ажиллахдаа гадаадынханд монгол, монголчуудаа бичиж, монголоороо гайхуулж, бахархаж ирсэн. Харин сүүлийн таван жилд нь радиогийн өргөн нэвтрүүлэгт ажиллаж байгаад одоо СУИС-ийн Радио-Телевизийн сургуульд багшилж байна. Багш болсноор ном гаргах ажилтай сууж байна даа. Хэрэв багш болоогүй бол нэг ч ном гаргахгүй байсан байх. Одоогийн байдлаар хоёр ном бэлтгээд байна. Нэг нь радио, телевизийн сэтгүүлзүйн оюутан, магистрантуудад зориулсан “Эфир ба сэтгүүлч” ном олны хүртээл болсон.

-Таны радио бүтээлийн сан хэр арвин бол?

-Өө, тоолж тооцож барахгүй л дээ. Харамсалтай нь радио бүтээл хадгалагдаж үлдэх нь ховор юм. Нэвтрээд арчигдаад өнгөрчихнө. Залуу байхад бүтээлээ хайрлаж, хадгалахаа мэддэггүй байж. Радиогийн алтан санд орсон бүтээлүүдээс гадна ямар нэгэн байдлаар гар дээр үлдсэн бүтээлийнхээ багахан хэсгээр нь энэ номоо бүтээж байна. “Монголын дуу хоолой” радио өнөөдөр 50 нас өнгөрч байна. Гэхдээ манай хүмүүс биднийг бараг л мэддэггүй юм. Харин гадаадад бол мэдэхээр барахгүй, бүр тооно шүү дээ.../инээнэ/

-Танай сонсогчдын захидлууд хөгжилтэй сонин содон асуултаар дүүрэн байдаг гэсэн. Та сонирхуулахгүй юу?

-Энэ тухай хэлнэ гэвэл барагдахгүй ээ. Харин санаж байгаа хэсгээсээ хэлье. Тухайлбал гадныхан “Малчид нүүж суухдаа газрынхаа чиг баримжааг яаж тогтоодог вэ, эргээд бууриндаа төөрөхгүй ирж чадах уу?, Монголд мал хариулдаг нохой байдаг юм байна. Харин тийм муур байдаг болов уу?, Монголд хүмүүс, тэр дундаа хүүхдүүд траншейнд амьдардаг тухай сонсоод их цочлоо. Энэ бол Японд төсөөлшгүй зүйл. Монголд баян, ядуугийн ялгаа хэр байдаг вэ?, Улаанбаатарчууд зун болохоор зуслангийн байшин руугаа нүүдэг гэж сонслоо. Японд зуслангийн байшинтай хүмүүс тийм ч олон биш. Ингээд бодохоор монголчууд илүү баян тансаг юм биш үү?, Малчид тэр олон зуун малаа яаж ялгаж таньдаг юм бэ...? гэх олон хачин асуултынхаа хариуг авахаар хүлээнэ. Харин энэ болгон нь бидэнд шинэ санаа өгч, дараа дараагийн нэвтрүүлгийн маань эхлэл болж байдаг юм шүү дээ.

-Ингээд бодохоор гадаад нэвтрүүлгийнхний бичлэгийн өнгө төрх нэлээд өөр байх даа?

-Бидний бичлэгийн өнгө төрх, хэв маяг өргөн нэвтрүүлгийнхээс өөр өө өөр. Тухайлбал, зөвхөн монгол хүн л ойлгож мэдэх өвөрмөц ахуй, ёс заншил гээд олон зүйлийг бичлэгийнхээ өнгө төрхийг алдагдуулахгүйгээр тайлбарлан хүргэх. За тэгээд ямар ч мэдээллийг үндэсний онцлогоо илэрхийлэхийн хамт сонирхолтойгоор хүргэх гээд олон зүйл бий. Манай сонсогчид бидэнд урам хайрлаж, биднийг хөглөж хөгжөөхөөс гадна бас шударга шүүмжлэл, хатуу үг ч дуулгана. Надад тохиолдсон нэг зүйл одоо ч санаанаас минь гардаггүй юм. Нэг удаа “Дуут элс” гээд тэмдэглэл бичлээ. Дараахан нь Японы нэг сонсогчоос “Дуут элс” гээд сонирхолтой нэвтрүүлэг сонслоо. Харамсалтай нь тэр элс яаж дуугардгийг нь сонсгосонгүй дээ...” гэж бичсэн байсан. Нээрэн тийм шүү дээ, миний санаачилга дутсан хэрэг. Тэр явдлаас хойш жилийн дараа Германы Дойчивэлли радиогийн сурвалжлагчтай хамт Хонгорын элсэн дээр очих үедээ өнөө дуу чимээг бичиж авах болов. Харамсалтай нь салхи шуургагүй зуны сар байсан болохоор бүтэхгүй болов. Харин нутгийн хэдэн залуу элс нураахаар болж, би аппаратаа үүрээд манхан өөд зүтгэлээ. Нэлээд явж байгаад ядраад зогсож байтал дээр онгоц нисэж байна шүү. Дээшээ хараад онгоц хайгаад байв. Гэтэл өнөө залуус: “Зүтгээд бай эгчээ... дуугарч байна, сонсож байна уу...?” гэлээ. Гэтэл элсний нуралт онгоц шиг дуугарч байгааг сая мэдээд тэр чимээг бичиж авахаар аппаратаа залгаж билээ.

-Олон жил гадаадын­ханд хандаж Монгол, монголчуудынхаа тухай бичээд ирэхээр монголоороо омогших сэтгэл хүн хүнээс илүү төрдөг байх даа?

-Тэгэлгүй яахав. Ёстой нэг омогшино шүү дээ. Ер нь өөрөө барьж байгуулж, хийж бүтээсэн юм шиг хөлсч хөөрдөг юм, сонин шүү. Бидэнд гадаадын сонсогчдын ирүүлсэн асуулт бичих сэдвийг минь хэлээд өгчихдөг юм, сайхан шүү. Харин тэдний сэтгэлд хүртэл хийх нь л чухал... Би сонсогчдоо хүүхэдтэй адилтгаж нэвтрүүлгээ хийхийг хичээдэг. Яагаад гэвэл тэдэнд бидний талаар мэдэхгүй, бүр төсөөлөх ч үгүй зүйл их бий. Дээр сонирхуулсан сонсогчдын асуултуудаас та анзаарсан байх. Тиймээс тусгайлан хандсан тайлбарт нэвтрүүлэг хийхээс гадна бусад нийтлэл нэвтрүүлэг дотор тэдэнд ойлгомжгүй зүйлийг тайлбарлах шаардлага гардаг. Чухам энэ л бидний нэвтрүүлгийн гол онцлог юм даа. Ямар ч үед “Миний сонсогч хэн бэ?” гэдгийг мартаж болохгүй. Жишээ нь торомны уралдааны тухай бичихдээ, “...Сонсогч та, тором гэж ямар амьтан болохыг мэдэх үү? Энэ бол дороо нэг юм уу, хоёр дүүтэй, дөнгөж хөхнөөс гарч яваа жаахан тэмээ. Мориор бол даага, хүнээр бол гурван настай хүүхэд. Та бодоод үз дээ, дөнгөж хөхнөөс гарч яваа амьтан гэхээр ямар байх билээ. Уралдаж яваагаа мартаад өөр тийшээ давхиж мэднэ. Уралдааны замд нэг тором урагш давхихгүй адарч, унасан жаахан эзнээ мөн ч их зовоож харагдана билээ. Манай телевизээр гардаг “Мөлхөө тамирчид” нэвтрүүлгээр хэдэн маамуу уралдаж, зарим нь ээж рүүгээ зүтгэж уралдааны замаас гарч, зарим нь уралдаж яваад гэнэт зогсож амьтан хүнийг инээлгэж байсан шиг явдал мөнөө л торомны уралдаан дээр гарч байлаа. Эхний зургаад давхиж явсан торомны овсгоотой эзэн бариан дээр эхийг нь буйлуулахад өнөө тором эх рүүгээ ухасхийн хурдалснаар айргийн тавд орж, хурсан олныг хөгжөөж билээ...” гэж “Тэмээний баяр”-аас хийсэн тэмдэглэлдээ бичих жишээний.

-Өнөөдөр манай хүүхэд залуучууд ч бас гадаадынхан шиг болчихоод байна шүү дээ, тиймээ?

-Харин тиймээ, бас нэг хөгжилтэй зүйл хэлье. Нэг орчуулагч охин тором гэхийг “Тормо машин” гэж орчуулсан тухай хөгжилтэй яриа миний нэвтрүүлэгт бий. Би бас хичээл дээрээ гадаадынханд зориулсан “Гүүний үрс гаргах ёс”-ны тухай нэвтрүүлгээ сонсгохооос өмнө “Гүүний үрс гаргах” гэж юуг хэлдэг вэ? гэхэд мэдэх хүүхэд бараг л байдаггүй юм билээ. Гэхдээ сэтгүүлч болох хүн мэдэх л хэрэгтэй. Уншиж танилц, хөдөө нутгаараа яв, үзэж хар, асууж лавла гэж хүүхдүүддээ хэлдэг юм даа.

Онцлох нийтлэлүүд