ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.12.02 08:12

Д.Энхболд: Хайгуулын лиценз гэсэн ойлголт алга болоход ойрхон байна


Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдтой ярилцлаа.


-Яг одоогоор манай улсад хэчнээн лиценз хүчин төгөлдөр байгаа вэ?

-Одоогоор 2800-гаад лиценз хүчин төгөлдөр байгаа. Түүхэндээ анх удаа ашиглалтын лиценз нь хайгуулын лицензээсээ олон болчихоод байна.

-Манайхан лицензээ жигдэлж байна гээд шинээр олгохоо больсон, үнэхээр тийм шаардлага байсан уу?

-Таны асуусан зүйл хоёр талтай л даа. Олгохгүй байж байгаад шинээр эхлэхэд үр дагавар нь маш хүнд. Гэхдээ цэгцлээд шинээр эхлэх шаардлага байсан уу гэвэл байсан.Гэхдээ процесс нь удаан байна. 2011 оноос хойш найман жилийн хугацаанд тавин хувиар багасна гэдэг бол анхаарахаар тоо. Дахиад найман жил хүлээх хэрэгтэй болоод байна л даа.

-Энэ янзаараа явбал хоёр жилийн дараа хайгуулын лиценз байхгүй болно гэсэн таамаг тооцоо Дисковер Монголиа-гийн үеэр сонсогдож байсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Хайгуулын лицензийг дээд талдаа 12 жил хадгалдаг. 2010 оноос лиценз олголт ерөнхийдөө тасарчихсан. Ингээд тооцохоор таны сонссон тооцоолол үнэнд ойрхон л доо.

-Ашигт малтмалын газраас 100 гаруй лиценз цуцалсан тохиолдол, урт нэртэй хуулийн дараахь лиценз цуцлалт, одоогийн ерөнхий сайдын цуцалсан 28 лиценз гээд лиценз хоморголон цуцалсан гурван тохиолдол сүүлийн жилүүдэд гарсан. Лицензээ хураалгасан компаниудын тухайд төр нөхөн төлбөрийг нь буцааж төлж чадахгүй гэсэн шалтгаанаар хэдэн жилийн дараа лицензээ буцааж авахаас аргагүйд хүрдэг гэсэн яриа дуулддаг. Лиценз хураалтын эцсийн үр дүн нэг иймэрхүү байна уу, эсвэл өөр шалтгаан бий юү?

-Таны яриад байгаа асуудал 106 лиценз цуцлалтын дараа хурц мэдрэгдсэн. Мэдээж буруутай, хууль зөрчсөн компаниудын хувьд асуудал иймдээ тулаагүй нь тодорхой. Хуулиа дагаж ажилласан компаниудын тухайд ийм асуудал үүссэн юм. Энэ тохиолдолд компани талдаа ихээхэн хохиролтой. Дараагийн нэг том хохирол нь гадаад ертөнцөд очиж байгаа сөрөг дохио.

-Яг одоо лиценз олголтын байдал ямаршуу байна вэ?

-Сонгон шалгаруулалтаа зарлаад явж л байгаа.

-Шинэ хөрөнгө оруулагчид хэр сонирхож байгаа бол?

-Сонирхож байгаа хүн бараг байхгүй гэж хэлж болно.

-Манайд хайгуулын аятайхан төсөл хэд хэд бий байх аа?

-Нэгэнт хамаг хөрөнгөө хийчихсэн хэдэн компани бий.

-Гаръя гээд гарч чадахгүй яваа гэж үү?

-Тэгж хэлж болно. “Кинкорра”, “Занаду”, “Эрдэнэ ресурс”, “Элексир” гээд цөөн компани бий.

-Лиценз олголт дээр цаашдаа ямархуу бодлого баривал илүү үр дүнтэй гэж та харж байна вэ?

-Юуны түрүүнд уул уурхайн бүсчлэлийг илүү тодорхой болгох шаардлагатай. Тэгж байж лиценз олголтыг ярих ёстой гэж бодож байна. Орон нутагт гээд лавшруулаад ярихад тусгай хэрэгцээ, тусгай хамгаалалтын газраа ялгаад “Яг энэ талбайд л лиценз олгоно” гэж зарлаад ил тод шийдчих хэрэгтэй. Ингэж шийдээд өргөдлөө аваад эхэлбэл дараа нь ямар нэг асуудал гарахгүй. Өнөөдрийн тухайд хамгийн эмзэг нэг асуудал бий. Уул уурхайн салбараас эдийн засаг хамаарч байгаа. Ийм онцлогтой эдийн засагтай улс гэдгээ мартмааргүй санагддаг. Эдийн засаг нь уул уурхай, геологийн салбараас бүрэн хамааралтай шахуу байхад тэр онцлогоо мэдрэхгүй яваа хандлага хайгуулын салбарт тод харагддаг.

-Хайгуулын салбар хөгжихгүй гацчихвал уул уурхай томорно гэсэн ойлголт алга болно биз дээ?

-Тэгнэ. Өнөөдөр хэрэгжиж байгаа цөөхөн төслөөс хэтрэхгүй гэсэн үг. Уул уурхайг хөгжүүлнэ, энэ салбараасаа их доллар олж байж бусад салбараа өндийлгөнө гэж бодож л яваа бол хайгуулын салбартаа анхаарах хэрэгтэй.

-Манай улсын хувьд хайгуулаа дэмжээд өгвөл эрдэс баялгийн өндөр нөөцтэй бүсэд багтана гэсэн таамаг тооцоолол дуулддаг. Геологичид энэ тал дээр ямар таамагтай явдаг бол?

-Газрын ховор элемент, зэс, алт зэрэг эрдэс, металлын хувьд эрчимтэй хайгуул хийвэл дажгүй нөөцтэй илэрцүүд бий гэсэн таамгийг геологчид хэлдэг. Геологийн тогтоц талаас нь харахад тийм боломж бий. Газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг орон бол Хятад улс. Урд хөршийн хувьд гэхэд л манайтай залгаа Өмнөд Монголын нутагт газрын ховор элементийн өндөр нөөцтэй орд бий. Тэр ордын залгаа газар нутаг нь манай улсад хамаарна. Ингээд харахаар аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед моодонд орох газрын ховор элементийн нөөц ихтэй ордууд манай улсаас илрэх магадлал маш өндөр байгаа. Газрын ховор элементийн хайгуулыг идэвхжүүлбэл энэ салбарт гялалзах боломж бидэнд бий. Тэгэхийн тулд хайгуулын салбартаа бодлогын реформ хийхээс аргагүй. Ингэх эрэлт шаардлага нэгэнт үүсчихсэн.


Онцлох нийтлэлүүд