Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн “Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн
Цаг үе
2014.08.21 10:08

Д.Эрдэнэчимэг: Бага ангийн сурагчид үнэ төлбөргүй сурах бичиг ашиглана

БШУЯ-ны Бодлогын хэрэг­жил­тийг зохи­цуу­лах газрын дарга Д.Эрдэнэ­чимэгтэй  цэцэрлэг, сургууль, сурах бичиг, дүрэмт хувцас тойрсон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Тендер оройтож зарлагд­санаас болоод шинээр сургууль цэцэрлэг баригдаагүй, засвар хийж амжаагүй гэсэн мэдээлэл яваад  байна. Байдал ямар байгаа вэ?

-Барилга угсралт, засварын ажил явж байгаа. 2014 онд улсын төсөв нийслэл, орон нутгийн төсөв, төслийн санхүүжилтээр 65 сургууль, 102 цэцэрлэг, 24 дотуур байр, 12 спорт зал, 219 барилга угсралтын ажил хийгдэнэ.  Өөрөөр хэлбэл өдий тооны  цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заалны санхүүжилт шийдэгдсэн. Үүний дагуу ажил явагдана. Улсын төсвөөр 172 байгууламж баригдахаар төсөвт тусгагдсан юм. Үүн дээр 143,6 тэрбум төгрөг улсын төсвөөс төсөвлөгдсөн.  Шинэ барилга угсралтын явц 70 орчим хувьтай байна. 153 барилга угсралтын ажил одоогоор явагдаж байгаа. Эдгээрээс 31 сургууль, 67 цэцэрлэг, 14 дотуур байр, 7 спорт заал  энэ жил ашиглалтад орно. Энэ жил сургуулийн хүчин чадал  13100 суудлаар цэцэрлэгийн хүчин чадал 7175-аар дотуур байрны хүчин чадал 1210-аар нэмэгдэнэ. 

Эдгээр барилга байгууламжууд  энэ төсвийн жилдээ багтаж ашиглалтад орно. 

-Энэ намар нийслэлийн  сургууль, цэцэрлэг ачаалал, хүндрэл ихтэй л ажиллаж эхлэх нь. Ойрын хэдэн жилд цэцэрлэг сургууль хүрэлцээтэй болох ирээдүй байна уу?

- Улаанбаатар хотын хувьд энэ жил 67 барилга угсралтын ажил хийгдэнэ. Үүнээс найман сургууль, 39 цэцэрлэг, нэг спорт заал 17 цэцэрлэг, бага сургуулийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ. Түүнээс гадна Улаанбаатарт шинэ эх үүсвэрээр барилга баригдахаар гүйцэтгэгчээ сонгон шалгаруулж байна. Үүнд цэцэрлэг бага сургуульгүй хороодод цэцэрлэг, бага сургуулийг концессийн гэрээгээр барихаар болсон. Нийт 64 цэцэрлэг, бага сургуулийн цогцолборыг ийм аргаар  барина.  Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа долоон сургууль, цэцэрлэг, өргөтгөх шаардлагатай гурван сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас зарласан байгаа. Цэцэрлэг, сургуулийн насныхан эрс нэмэгдэж байгаа. Тухайлбал энэ жил цэцэрлэгийн насны хүүхэд өнгөрсөн оноос 10 000-аар нэмэгдэж байгаа. Сургуулийн хувьд өнгөрсөн жил  нэгдүгээр ангид 54 мянган хүүхэд элсч байсан бол энэ жил 60 мянган хүүхэд элсэнэ.  Манай цэцэрлэг  сургуулийн одоо ашиглагдаж байгаа барилгуудын 20 орчим хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон.

-Сургууль цэцэрлэг дутах нь  байна. Хүүхдүүдээ яаж шингээх вэ?

-Нэгдүгээр ангийн хүүхдүүд бүгд сургуульдаа элсч орно.  Сургуульд багтахгүй гэсэн ойлголт байхгүй. Нэгдүгээр ангийнхан өндөр нягтралтай хичээллэнэ. Хөдөө орон нутагт 30 гаруй хүүхэд нэг ангид хичээллэж байгаа бол Улаанбаатар хотод дунджаар нэгдүгээр ангид 40-45 хүүхэд  хичээллэнэ. Ер нь бол барилга барьж л энэ асуудлаа шийднэ.  Барилгыг   урьд хожид байгаагүйгээр нэмэгдүүлж байгаа. Гэсэн ч үүсэн бий болсон хэрэгцээ нийлүүлэлтийн хооронд нэлээд зай бий.

-Хувийн сургууль, цэцэрлэгүүд хэр нэмэгдэж байгаа вэ?

-Хувийн цэцэрлэг энэ онд нэлээд их нэмэгдэж байгаа.  28 цэцэрлэг шинээр нэмэгдсэн. Хувийн хэвшлийн дөрвөн сургууль энэ онд шинээр нэмэгдэж байгаа. 

-Хувийн цэцэрлэгийн төлбөр хэд байгаа вэ?

-Хувийн цэцэрлэгүүд дунджаар нийслэлд  200-250 мянган төгрөгийн төлбөртэй байгаа.

-Хувийн цэцэрлэг байгуулахад хүнд гэж ярьдаг юм билээ?

-Хувийн цэцэрлэг байгуулах шаардлага бий. Энэ онд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахтай холбоотой хэд хэдэн багц арга хэмжээ авлаа. Цэцэрлэг сургуулийн тоо хэмжээг нэмэх, санхүүжилтийг өсгөхөд анхаарч байгаа.102 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Одоо ажиллаж байгаа нийт цэцэрлэгийн 10 хувьтай тэнцэхүйц барилга  барьж байна. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахтай холбоотойгоор хувийн хэвшлийн цэцэрлэг ажиллах боломжийг хангахад анхаарч байгаа. Гаднаа тоглоомын талбайтай байх ёстой.  Нэг хүүхдэд ногдох метр квадрат нь 5,5 метрээс доошгүй гэсэн шаардлага тавьдаг. Энэ жил манай сайдын тушаалаар цэцэрлэгт тавигдаж байгаа стандарт шаардлагуудыг хөнгөрүүлсэн.  Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай шууд холбоогүй  шаардлагуудыг цэцэрлэг хангалттай болох хүртэл хугацаанд хөнгөрүүлсэн.  5,5 м кв-ыг эргэж харж байна. Тоглоомын талбайтай, эзэм­шил газартай байх шаард­лагыг зөөллөсөн.  Цэцэрлэг ажиллуулахаас зургаан сарын өмнө хүсэлтээ тавь­сан байх ёстой гэх мэт шат дамжлагуудыг цөөлж, бичил цэцэрлэгүүд нэмэгдэх боломжийг хангаж өгч байгаа. Иргэд, хувийн хэвшлийн зүгээс сургуулийн өмнөх боловс­ролын үйлчилгээ үзүүлэх боломжийг өргөжүүлснээр цэцэрлэгт хамрагдах хүүх­дийн тоог нэмэгдүүлнэ гэж найдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүүхэд асрах үйлчилгээг бий болгохтой холбоотой хуулийн төсөл УИХ-ын  намрын чуулганаар хэлэлцэгдэнэ. Хүүхэд асрах үйлчилгээ бий болсноор иргэд, байгууллагууд доод тал нь 5-20 хүүхдийг хамарсан бага оврын бичил цэцэрлэг,  хүүхэд асрах  үйлчилгээ бий болно. Одоогоор  сард 116 мянган төгрөгийн зардлыг цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдэд зарж байгаа. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүд  төрөөс олгож байгаа энэ санхүүжилтээ аваад хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах боломжтой болно.  Эрх зүйн орчин бүрдсэнээр цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэнэ. Хөдөө орон нутагт мал аж ахуй  эрхэлж байгаа хүмүүсийн хүүхдүүдийг гэр цэцэрлэгт хамруулах эрх зүйн орчин  2008 онд бий болсон.  120 хүүхдийн гэр цэцэрлэгийн санхүүжилтийг шийдсэн. Баг  болгонд гэр цэцэрлэг байгуулах боломж бүрдүүлнэ.  1330-аад багийн 800 орчим гэр цэцэрлэг тогтмолжсон байгаа. Жилд дор хаяж 100 орчим цэцэрлэг  бариад байхад ойрын гурваас дөрвөн жилдээ цэцэрлэгийн хомсдол арилах бодитой боломж бий. 

- Дуураймал дүрэмт хувцас байна гээд байгаа. Жинхэнийг нь авахын тулд хаана хандах вэ?

-Өнгөрсөн оноос эхлээд нэгдсэн загварын дүрэмт хувцас өмсөхөөр хуульчлагдсан. Өнгөрсөн онд нийт суралцагчдын 38 хувь нь шинэ дүрэмт хувцастай болсон. Энэ жил  186104 хүүхэд дүрэмт хувцас өмсөхөөр захиалга өгсөн. Шинэ дүрэмт хувцсыг үндэсний  үйлдвэрлэгчид нийлүүлж байгаа. Үйлдвэрлэгчдээс өгсөн мэдээгээр 480 мянган ширхэг дүрэмт хувцас бэлэн болсон. Наймдугаар сарын 1-нээс борлуулж эхэлсэн. Сургууль болгон гэрээ хийсэн үйлдвэрлэгчээсээ дүрэмт хувцсаа авна. Түүнчлэн  наймдугаар сарын 31-нийг хүртэл УДЭТ-ын өмнөх талбай, “АСА” циркийн гадна  талбай, Ялалтын талбай, Дүнжингарав худалдааны төв, УИД, АСА циркийн хоорондох усан оргилууртай  талбайд өдөр бүр  сурагчийн дүрэмт хувцас худалдаалж байгаа.  Үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөөгүй.

-Бага ангийн хүүхдүүдийн сурагчийн цүнх хүнд ачаа болдог тухай мэдээлэл эцэг эхчүүдийн  санааг зовоодог. Сурах бичгийн жинд анхаарал тавьсан уу?

-Сурах бичгийг үйлдвэр­лэхэд тавьдаг суурь шаард­лагын нэг нь энэ.  Ялангуяа бага ангийн  сурах бичгийн жин, овор хэмжээ суурь шаардлага болдог. Нэгээс тавдугаар ангийн сурагчдын хувьд   бүх сурах бичгийн жин нийтдээ 1450 грамм байгаа юм. Өөрөөр хэлбэл бүх сурах бичгээ цүнхлээд явахад ийм хэмжээний ачаа болно.   Нэг сурах бичгийн дундаж жин 140 граммтай л байгаа. Энэ нь хөгжингүй орнуудын  сурах бичигт тавигддаг нийтлэг стандартын түвшинд л байгаа. Үүнээсээ хамаараад сурах бичгийн цаасанд тавигдах шаардлага ч гэж бий.  Эрүүл, аюулгүй  байдлын шаардлага тавигддаг. Хүүхдийн хараанд сөрөг нөлөөлөл байхгүй, гэрлийн ойлтгүй байх учиртай.

-Сурах бичгээ эцэг эхчүүд худалдаж авах ёстой юу. Эсвэл үнэгүй тараагдана гэж хүлээх үү?

-Нэгээс тавдугаар ангийн сурах бичгийг эцэг эхчүүд худалдаж авахгүй. Сургуулиараа дамжин хүүхэд болгонд очиж байгаа. Бага ангийн сурагчид 100 хувь төрийн санхүүжилтээр бүтээгдсэн сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглана.  Хүүхэд бүр үзэж байгаа хичээлийнхээ чиглэлээр өөрийн гэсэн сурах  бичигтэй хичээллэнэ. Дунд ахлах ангийн сурагчдын тухайд арван хүүхэд тутмын найм нь төрийн санхүүжилтээр хэвлэгдсэн сурах бичиг хэрэглэнэ. Арван хүүхэд тутмын дөрөв нь үнэ төлбөргүйгээр хэрэглэнэ. Энэ маань сурах бичиг худалдаж авах бололцоогүй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, нэг өрхөөс гурав ба түүнээс дээш тооны хүүхэд зэрэг суралцаж байгаа өрхийн хүүхдүүд,  хөгжлийн бэрхшээл­тэй хүүхдүүд сургуулиараа дамжуулж бүх хичээлийн сурах бичгийг үнэгүй хэрэглэнэ. Мөн арван  хүүхэд тутмын дөрөв  нь түрээсийн сурах бичиг хэрэглэнэ. Тэр хүүхдүүд  бүх хичээлийн сурах бичгийг сургуулиасаа багцаар нь түрээсийн   хураамж төлөөд ашиглана. Тухайлбал 11 дүгээр ангийн12 нэр төрлийн сурах бичиг байлаа гэхэд зах зээлд зарагдаж байгаа үнэ нь  45 мянган төгрөг байдаг. Энэ хүүхдүүд  14 мянган төгрөг төлөөд,  бүх сурах бичгээ ашиглана.

Сурах бичгийн хангалтын хувьд ахлах ангийн арван сурагч тутмын хоёр нь л зах зээл дээрээс сурах бичгээ худалдаж авна. Худалдах сурах бичгийн хувьд өнгөрсөн онд, өмнөх онуудад үйлдвэрлэгдсэн сурах бичиг хуучин үнээрээ зарагдана.  Энэ жил шинээр зохиож байгаа долоо, арванхоёрдугаар ангийн сурагчдын сурах бичгийн дундаж үнэ 2800 төгрөг байгаа.

-Бага ангийн хичээлийн хөтөлбөр шинэчлэгдсэн гэсэн. Сурах  бичгүүд нь шинэчлэгдсэн үү?

-Нэгээс тавдугаар ангийн бүх сурах бичиг шинэчлэгдсэн. Шинэ хөтөлбөртэй болж байгаа. Нэгээс тавдугаар ангийн хичээл бүрээр багшийн номтой боллоо.  Мөн долоо, арванхоёрдугаар ангийн сурах бичиг шинээр зохиогдож хэвлэгдэж байгаа юм. Нөхөн хангалтын сурах бичгүүд хэвлэгдэнэ. 2,2 сая ширхэг сурах бичиг хэвлэгдэх учиртай. Одоогоор  нийт сурах бичгийн 80 хувь нь орон нутагт тараагдаж байгаа. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх сурах бичиг нийлүүлэгдэх бүрэн бололцоотой.

 Б.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд