ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.10.03 11:10

Д.Өлзий-Орших: 1980 онд аав минь авч өгсөн 36 төгрөгний орос банзан гитараар гитартай танилцах түүх эхэлсэн


“Никитон” хамтлагийн хөгжимчин, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, ая зохиогч, гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Оршихтой ярилцлаа.


-Тоглолтынхоо талаарх мэдээллээр ярилцлагаа эхлэх үү?

-2019 оны аравдугаар сарын 4-5-ны өдөр UB Palace-ийн концертын их танхимд миний зохиосон дуунуудын “Чи над шиг дурлаж чадах уу?” нэртэй тоглолт болох гэж байна. Тоглолтод маань Монголын рок попын дийлэнх том одууд бүгд ирнэ. Хуучин болон шинээр зохиосон гуч орчим дуу дуулагдах байх. Тоглолтын онцлог нь урьд нь ерөөсөө хүмүүс сонсож байгаагүй шинэ дуунууд дуулагдана. Ямар нэгэн сурталчилгаа, клип хийгдээгүй.

-Таны зохиосон шинэ дууны клипний зураг авалт дөнгөж дуусч байгаа гэнэ. Ямар дууны клип, хэн дуулсан юм бэ?

-Хоёр хоногийн өмнө “Гурван охин” хамтлагийн дуучин Анхмаагийн дуулсан “Би чиний хайртай бүсгүй” гэдэг шинэ дууны клип олны хүртээл болсон. Өнөөдөр “Мотив” хамтлагийн дүү нар маань миний 1994 онд зохиож байсан “Үгүйлэх сэтгэл” дууг шинэчлэн их гоё найруулга хийгээд шинэ клип хийлгээд миний тоглолтод бэлэг барьж байгаад би маш их баяртай байна.

-Тоглолтын бэлтгэл хэр явж байна?

-Тоглолтын бэлтгэл ерөнхийдөө болчихсон. Мэдээж тоглолт маань амьд болно. Тоглолтын хөгжмийн бүрэлдэхүүнд манай “Никитон” хамтлагийн хөгжимчид болон Монголын шилдэг хөгжимчдөөс бүрдсэн баг ажиллаж байгаа. Би өөрөө тоглолт эхлээд дуусах хүртэл бүх дууныхаа хөгжмийг тоглох болно.

-Залуу уран бүтээлчид таны тоглолтод оролцох уу?

-Оролцож байгаа. Дуучин Наки миний шинэхэн хоёр дууг дуулна. Дуучин Наагий, Анхмаа, “Мотив” хамтлаг болон миний үе тэнгийн уран бүтээлийн олон жилийн хамтрагчид Ариунаа, Сараа, Алтанцэцэг, Сэрчмаа гэх мэт Монголын рок попынхон олон ирнэ.

-Тоглолтоо яагаад “Чи над шиг дурлаж чадах уу?” гэж нэрлэсэн юм бэ?

-Миний зохиосон дууны нэр л дээ. Ихэнх ая зохиогчид өөрийн дуунуудын тоглолтыг хийхдээ өөрийнхөө зохиосон ямар нэгэн дууны нэрээр нэрлэдэг шүү дээ. Жишээ нь, удахгүй 30 жилээ хийх гэж байгаа Харанга хамтлаг тоглолтоо “Замд гаръя...” гэж өөрсдийн дууны нэрээр нэрлэсэн. Нэг хөгжилтэй зүйл сонирхуулахад тоглолтоо хийх болчихоод өөрийнхөө нүүр номын найзуудаас асуусан юм. Ямар нэр өгөх үү гэтэл нүүр номын найзууд минь ихэвчлэн алиа марзан зантай хүмүүс байдаг л даа. “Саарал чонын улиан” гэх үү гээд. Яагаад тэгж байгаа юм бэ гэтэл “Чиний наад үс чинь яг чоно шиг саарал байгаа биз дээ” гээд. Эсвэл “Ухааны цараатай хосолсон сүүн аялгуу” гэдэг нэр өгөх үү гээд маазраан болсон. Тэгээд л өөрийнхөө зохиосон дууны нэрээр нэрлэсэн. Энэ дуу 2013 онд бичигдсэн. Би хөгжим тоглох карьерийнхаа туршид хамгийн олон жил хамт зүтгэсэн хамтлаг минь “Никитон” болчихоод байна л даа. “Никитон” хамтлагт зохиож өгсөн хамгийн анхны дуу. Тэгээд л энэ дууныхаа нэрээр нэрлэх нь зөв болов уу гэж бодсон юм.

-Анх гитар барьсан түүхээсээ хуучилбал. Хамгийн анх ямар гитар барьж байв?

-Миний хамгийн анхны гитарыг 1980 онд аав минь авч өгч байсан. 36 төгрөгний орос банзан гитар. Тэгээд л гитартай танилцсан түүх эхэлсэн. 1980 онд би жаахан хүүхэд байсан. Тухайн үеийн орос гитар хатуу утастай, бүдүүн баарагдуу хийцийн гитар байсан болохоор тухайн үедээ сайн сурч чадаагүй. Үндсэндээ 1984 оноос гитарыг эрчимтэй тоглож эхэлсэн. Хамгийн анх 1985 оны аравдугаар сард яг өдийд л юм байна. Тухайн үедээ шинэхэн байгуулагдан будаг нь ханхалсан Монголын хүүхдийн ордны тайзан дээр улс төрийн дууны “Солонго” гэдэг хамтлагтай хамт гитар тоглож гарч байлаа. Тэр цагаас хойш 34 жил өнгөрсөн байна. Анх гарахад тэр тайз маш том битүү үзэгчтэй, айх сандрах мэдрэмж зэрэг төрж байсан л даа. Одоо санадаг юм л даа. Тэр үед гурван дуу дуулсан. Эхний дуун дээр миний зүүн гарын дунд, ядам хурууны шөрмөс татаад ерөөсөө тоглож чадаагүй. Азаар тэр хамтлаг олон банзан гитартай байсан л даа. Тэгээд мэдэгдэхгүй өнгөрсөн. Миний амьдралдаа үзсэн хамгийн том сандрал тэр л байсан болов уу гэж боддог. Тэр олон нүд зэрэг намайг харж байна гэдэг үнэхээр аймар мэдрэмж. Сүүлдээ ч дасаад түүнээсээ кайф авдаг болдог юм байна лээ.

-Та гитарын том цуглуулгатай байх. Хэдэн гитартай вэ?

-Арав гаруй гитар байгаа. Заримыг нь миний хүү авчихсан. Хүү маань бас гитар тоглож эхэлсэн. Одоо Герман улсад сурдаг. Тэр нөхөр зарим гитарыг минь аваад явсан. Тоглолтын үеэр ойролцоогоор 5-6 гитар тоглох байх аа.

-Таны хамгийн үнэтэй гитар ямар гитар вэ, хэдэн төгрөгөөр авч байв?

-Гитарын үнэ ярихаас илүү тэр гитарыг хэн тоглож байсан болон миний сэтгэлд хамгийн үнэтэй гитар гэж бий. Хамгийн хайртай гитар минь 1995 онд худалдаж авсан, одоо хүртэл хааяа нэг тоглодог долоон утастай гитар минь. Түүнийгээ би тухайн үед дөнгөж байгуулагдаж байсан Голомт банкны хэрэглээний зээлээр авсан юм. Эргээд яаж төлсөн гэхээр тэр үед ажилладаг байсан Эмун гэдэг шөнийн клубт зургаан сар билүү бүтэн жил ажиллах гэрээ хийж цалингаа Голомт банкны зээлийн төлбөртөө хийдэг байлаа. Өөрийнхөө хүч хөдөлмөр, хөлсөөр авч байсан болохоор тэр л миний хувьд хамгийн үнэтэй, хамгийн хайртай гитар.

-Хамгийн анх “Солонго” хамтлагтай хамт тайзан дээр гарсан гэлээ. Та Монголын рок попын бүхий л хамтлаг дуучидтай хамтран ажилласан байх?

-Би олон хамтлагтай тоглосон. “Солонго” хамтлагийн дараа “Сэтгэмж” гэж хамтлаг байгуулж үзсэн. 1986 билүү 87 онд тэр хамтлагийг байгуулсан юм. Хамтлаг маань тухайн үед Улаанбаатар хотын хамтлагуудын аварга шалгаруулах билүү дээ нэг том тэмцээнд орлоо. “Би чамд хайртай” кинонд Дэлгэр Баяраагийнхаас гараад гүйдэг шүү дээ. Тэгэхэд нь явдаг “BeeGees” хамтлагийн дууг тэр тэмцээнд тоглотол биднийг хөрөнгөтний үзэл суртлыг үзүүллээ гээд шүүгчид тайзнаас хөөж буулгасан юм. Түүний дараа “Соёмбо” хамтлагт 1989 онд, дараа нь “Баян Монгол” чуулга, “Хөх тэнгэр хамтлаг”, “Соёл-Эрдэнэ”-д ажиллаж байгаад буцаж “Хөх тэнгэр”-ээ сэргээж тоглолоо. Нэг хэсэг жазз хамтлагт тоглосон. Дараа нь “Шар айраг” хамтлагтай бараг арван жил хамтран тоглосон. Тэр хооронд “Никитон” хамтлагтай 2004 оноос байх аа өнөөг хүртэл явж ирлээ.

-Гитараа тоглоод тайзан дээрээс үзэгчидтэйгээ уулзахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Урлагийн хүмүүсийн хамгийн кайф авдаг, эерэг энерги авдаг зүйл нь үзэгчдийн алга ташилт. Урлаг бол уралдаан тэмцээн биш. Урлаг бол спорт биш. Хоёр тамирчин барилдахад үзэгчид ялсанд нь л баяр хүргэдэг. Урлаг бол уралдаан тэмцээн биш учраас үзэгчид ямарваа нэгэн ая зохиогч аяаа тоглоод дуусахад, дуучин дуугаа дуулаад дуусахад үзэгчид таашаал авч танхим дүүрэн алга ташилт нижигнэж, шүгэлддэг юмуу ямар нэгэн эмоциор өөрсдийгөө илэрхийлдэг. Сайхан үг хэлэх ч юмуу, “браво” гэж хашгирах ч юмуу ямар нэгэн байдлаар урлагт сайн сайхныг хүсч байгаа тэр илэрхийлэл л миний хувьд хамгийн сайхан, хамгийн хүсдэг, хамгийн гэгээлэг мэдрэмж байдаг даа.

-Гитар барьж үзээгүй хүн анх гитарыг яаж барих ёстой юм бол. Яаж харьцах ёстой вэ?

-Бидний үед орц болгон өөрийн гэсэн хамтлагтай байлаа. Би чинь хотын төвийн хүүхэд шүү дээ. 40, 50 мянгатын. Манай орцны хамтлагийн нэрийг дээр үеэс өгчихсөн “Шүлс” нэртэй хамтлаг байлаа. Гитар тоглож байхдаа байнга тамхи татаж, шүлсээ хаядаг нөхдүүд байсан юм шиг байгаа юм. Өдөр хичээлээ тараад л орцондоо орж ирэхэд гитар барьсан залуус, хүүхдүүд сууж байдаг. Тэрний хажуугаар харахгүй гарах ямар ч арга байхгүй. Эхлээд харна. Дараа нь дурлана. Сонирхоно. Гитаранд татагдана. Сүүлдээ тэдний нэг болно. Тэгж л эхэлж байсан. Өнөөгийн нийгэмд орцонд төдийлөн гитар тоглоод суух хүн байхгүй болчихсон. Биднийг анх сурч байсан үетэй харьцуулахад бүр их давуу талтай болж. Яагаад гэвэл сошиал медиа, интернэт, Youtube гээд бүхэл бүтэн том багш нар байна. Нэг дууны гитарын барилтыг яаж сурах талаар видео хичээлүүд маш их болчихсон. Хэрвээ хүн өөрийгөө дайчилж чадах юм бол бидний сургаар сурч байсан үеийг бодвол илүү нээлттэй боломжтой болсон. Миний бодлоор одоогийн хүүхдүүдийн чадвар хурдан сайжрахад юу саад болоод байна гэхээр анхаарал татах зүйл дэндүү олон болчихсон. Гитар тоглохын хажуугаар фэйсбүүк орно, твиттер сонирхоно, инстаграмаа шалгана. Янз бүрийн мэдээлэл авна. Бичлэг үзнэ. Бидний үед тийм зүйл байгаагүй. Телевизийн ганцхан сувагтай. Тэгэхээр өдөржин гитар тоглохоос өөр ажилгүй л байдаг байхгүй юу.

-Таны хувьд үлгэр дуурайл авдаг гитарчин хэн бэ?

-Дэлхийн том гитарчид бүгдээрээ л миний багш. Одоо ч гэсэн би гадны ертөнцөд шинээр гарч ирж байгаа том том гитарчдын бичлэгийг үздэг. Яг ямар өнцгөөс тоглоод байна. Гитарыг хүн бүр өөрөөр тоглодог. Сонгодог хөгжмийн нэгэн программыг нэг хийлч тоглолоо гэж бодъё. Гэтэл тэр программаас нэг ч нот илүү дутуу тоглох эрх байдаггүй. Яагаад гэвэл сонгодог зохиолын нот гэдэг өөрөө яг бурхны ном шиг болчихсон. Түүнийг хүн болгон мэддэг. Яг тэр ая дангаар нь, тоглох ёстой нотуудыг бүгдийг нь тоглох ёстой. Түүнээс илүү ч үгүй, дутуу ч үгүй яг тэр чигээр нь тоглохыг шаарддаг. Рок юмуу поп, жазз төрлийн гитарчид хоорондоо өөр байдаг. Гитарын дуугаралтууд нь хүртэл хоорондоо өөр. Жишээ нь, Энхманлайгийн дуугаралт миний дугаралт хоорондоо тэс өөр. Бид хоёрынхоос Отгонбаярынх бүр өөр гэдэг ч юмуу. Дэлхийн гитарчид ч гэсэн ялгаагүй. Тоглодог гитарууд нь өөр, дуугаралтууд нь өөр. Гитарчин бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц ертөнцийг бүтээж чаддаг. Яг нэг хэвэнд цутгасан юм шиг адилхан тоглодог гитарчин дэлхий дээр хаана ч байхгүй дээ.

-Таны хувьд Монголын хамгийн чадварлаг гитарчин хэн бэ?

-Түүнийг бол би хэлэх зүйл биш. Тэр зөвхөн үзэгчдийн дүгнэлт. Бид ямар хоорондоо уралдаж байгаа спортын тамирчин биш.

-Зохиолчдын хувьд үг нь урсаад л ороод ирдэг байх. Ая зохиоход нот нь яаж орж ирдэг юм бол оо?

-Бараг л адилхан болов уу даа. Яагаад гэвэл дуу хийхийн өмнө заавал үг нь байх ёстой. Миний дуу зохиодог дараалал нь тийм л дээ. Эхлээд үг. Үгэн дээр аялгуугаа хийдэг. Тэрний дараа нь түүнд тохирсон гармонь буюу аккордуудыг бодож олдог. Тэгээд хөгжмийн найруулгын шат руу шилжинэ. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн шүлэг миний зохиосон шүлэг ч юмуу, ер нь үгэнд ая байдаг. Хүмүүс үгэнд ая байдаг гэж ярьдаг даа. Тэр аялгуу л зөв аялагдах юм бол тухайн дуу амжилтад хүрч чаддаг юм уу даа.

-Ая зохионо гэдэг цаанаасаа өгөгдөлтэй хүмүүсийн хийдэг ажил байх аа. Хүн бүрийн хийж чадах зүйл биш байх?

-Би бол тэгж боддоггүй. Ая зохиохыг хүн бүр хийж чадах зүйл мөн. Тухайн хүний хийсэн ая хүмүүст хүрч байна уу, таалагдаж байна уу, үгүй юу гэдэг дээр л хамгийн гол нь байгаа юм. Би хорвоод хоёр хүний нэг нь дуучин байдаг гэж уншиж байсан юм. Сэтгэлийн хөөрөлтэй, хайрлаж дурлах үедээ ямарваа нэгэн мөчлөгийн үеэр хоёр мөр ч гэсэн холбож дуулж үзээгүй хүн гэж байдаггүй байх гэж би боддог. Тэр хүний зохиосон ая хүн бүрт таалагдах уу, таалагдахгүй юу гэдэг дээр л хэргийн гол нь оршдог.


ХҮН ХУВИЙН АМЬДРАЛАА НИЙТЭД ДЭЛГЭЖ ТАВИАД БАЙХ НЬ ОНЦ ЗҮЙЛ БИШ

-Дуу бүхэн өөрийн гэсэн түүх дурсамжтай бүтдэг байх. Таны хувьд хамгийн сэтгэлд хоногшсон дурсамжтай бүтсэн дуу аль нь вэ?

-Би фэйсбүүкэд пэйж нээгээд зарим дууныхаа бүтсэн түүхийг бичсэн байгаа. Хоёр, гурван дууныхаа түүхийг л бичихэд тийм байгаа юм чинь урьд нь зохиосон дуунууд бүгдээрээ л ямар нэгэн тухайн цаг үеийнхээ илэрхийлэл болдог байсан байх.

Дуу болгон өөрийн гэсэн жижиг хэмжээний түүхтэй. Дуу гэдэг бол надаас төрсөн туурвил. Би уран бүтээл гэж ярих дургүй. Уран бүтээл гэхээр надад нэг бодлын инээдтэй санагдаад байдаг юм. Уран бүтээл гэдэг нь урнаар бүтээнэ гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр би өөрийнхөө хэдэн дууг уран бүтээлийн хэмжээнд очсон гэж онцгойрон сагсуурах хүсэлгүй. Миний хийсэн дуу бүрт жижиг хэмжээний түүх бий.

Таван хүүхэдтэй хүн байлаа гэж бодоход би энэ хүүдээ илүү хайртай, энэнд нь бага хайртай, өө тэрэнд бүр хайргүй гэж хэзээ ч хэлдэггүй биз дээ. Тэгэхээр би өөрийнхөө зохиосон бүх дуунд л хайртай.

-Монголын гитарчдын чадвар Азидаа харьцуулбал хэр түвшинд байгаа гэж бодож байна вэ?

-Манай залуус сайн тоглодог. Ер нь залуус их сайжирч байна, сайн тоглож байгаа. Дутах зүйл байхгүй. Жишээ нь, Японы гитарчин гартаа арван нэг биш, адилхан арван хуруутай л байгаа шүү дээ. Тэгэхээр эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Би хаа нэгтэйгээс “Аливаа нэг хөгжмийг сурахын тулд таван мянган цагийг л яс зарцуулж сурах хэрэгтэй” гэж уншсан юм.

Таван мянган цагийг зарцуулсны дараа хэрвээ тэр хүн үнэхээр авьяастай бол бүх зүйл нь боловсроод бэлэн болдог гэж байгаа. Гэхдээ урлагт бичигдээгүй нэг хууль бий.

Хөдөлмөр хүнийг бий болгодог гэдэг дээ. Хөдөлмөр 99 хувь, авьяас нэг хувь гэдэг. Би түүнтэй санал нийлдэггүй. Урлагт бол эсрэгээрээ авьяас 99 хувь, хөдөлмөр нэг хувь гэж боддог. Урлаг өөрөө хүнээс маш өндөр мэдрэмж шаарддаг. Хэчнээн хоёр хүний нэг нь дуулдаг ч гэсэн жинхэнэ дуучин арван хуруунаас дээш олдохгүй.

-Та өөрөө урлагтаа хэдэн цагийг зарцуулдаг вэ?

-Надад зарцуулдаг үе байсан. Одоо бол нас явж байна шүү дээ. 50 хүрч байна. 1990-1993 он хүртэл би хоол идэх, унтахаас бусад цагаа гитар тоглоход зарцуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, өдөрт хамгийн багадаа 12 дээшээ 16 цаг зөвхөн гитар тоглодог байсан.

Тэр үеийн нөр их бэлтгэл гарт ороод үлдчихсэн. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг. Зарим үед бол том тоглолт тоглохын өмнө нэг хоёр cap бэлтгэл хийгээгүй жаахан төсөөрчихсөн байдаг. Буцаад 7-8 хоног, өдөрт 4-5 цаг бариад эхлэх юм бол яваандаа зүгшрээд гайгүй болчихдог.

-Таныг МУИС-ийн Түүхийн ангид орох гээд явж байхад хоовон Энхбаяр ах урлаг руу хөтөлж оруулж байсан гэж сонссон. Энэ талаар ярихгүй юу?

-Үгүй ээ яах вэ, би конкурсандаа уначихсан юм. Тэгээд нэг жил хийх ажилгүй болоод тэр үед “Улаан од” гэдэг армийн сонин гардаг байлаа. Одоо ч гардаг л байх л даа. Тэр сонин дээр “Соёмбо” хамтлаг гитарчин авна гэсэн зарлал гарсан байсан юм.

Тэр зарлалыг хараад “за за ядаж жилд нь ажилтай цалинтай байя” гэж бодоод яваад очихгүй юу. Тэгээд л дахиж МУИС-даа шалгалт өгсөн ч юм байхгүй тэр чигээрээ гитарчин болсон доо.

-Гэр бүлийнхээ тухай яриач?

-Миний хувийн амьдрал хэнд ч сонин биш. Хэрвээ чамд жаргал гэдэг юм байдаг бол түүнийгээ сэтгэл дотроо өөр өөртэйгөө чимээгүйхэн эдэл. Хэрвээ чамд зовлон гэж юм байгаа бол түүнийгээ хүнд дэлгэх хэрэггүй. Чи дотроо л зов. Магадгүй ганцаараа гэртээ байхдаа уйлдаг юм уу чимээгүйхэн эдэл. Түүнээс хүн өөрийнхөө хувийн амьдралыг нийтэд дэлгэж тавиад байх онц зүйл биш байх. Хувийн амьдрал гэдэг хувийн л зүйл. Хувийн амьдрал хувийн бат цайзан дотроо л байх ёстой.

-Хүү тань таны гитаруудыг аваад явсан гэсэн. Хэр сайн тоглодог вэ, таныг дуурайгаад гитарчин болох болов уу?

-Тоглоод удаагүй байгаа. Би тэр нөхрийн сайн муу ямар болохыг одоохондоо сайн мэдээгүй л байна. Гэхдээ ганц хоёр удаа харж байсан. Мэдрэмж бол маш сайн юм байна гэж би дотроо бодож байсан.

Урлагт хамгийн түрүүнд тавих шаардлага бол мэдрэмж байдаг. Мэдэрч чадах, яг юу туулахаар зорьж байгаагаа мэдрэх, ямар дүрд жүжиглэх гэж байгаагаа мэдэрч чадах тэр мэдрэмж хамгийн чухал зүйл. Дуучны хувьд ч ялгаагүй. Дуугаа мэдэрч чадах хэрэгтэй.

-Продюсерийн ажлыг хэзээнээс хийж эхлэв. Одоо ямар хамтлаг, дуучидтай ажиллаж байна?

-Намайг продюсер гэж нэрлээд байгаа болохоос яг тэр ажлыг хийдэг хүн би биш л дээ. Ямар нэгэн концерт юм уу тоглолтын үед хүмүүстэй хамтарч ажиллах үе надад байдаг. Жишээ нь, би “Номин талст” хамтлагийн хоёр CD-н дээр продюсерээр ажиллаж байсан.

Өнгөрсөн жил болсон VOICE тэмцээний ялагч Энгүүнд дунд шатнаас эхлээд төгсгөл хүртэл нь зөвлөгөөг өгсөн. Продюсер маягаар жаахан ажилласан. Продюсер хийх гэдэг маш хэцүү ажил. Яагаад гэвэл тухайн дуучны бүх асуудлыг хариуцаж явдаг. Надад бол ерөнхий продюсерийн ажлыг хийгээд явахад хэтэрхий хүндэднэ.

Тухайн хэсэг дээр гүйцэтгэх продюсерээр ажиллах, энэ дууг ингэж дуулбал зүгээр, энэ хэсэгт ингэж анхаар гээд зөвлөгөө өгөх маягаар ажиллах нь надад илүү амар байдаг.

-Та сошиал орчинд их идэвхтэй байдаг шүү дээ?

-Би яг өөрийнхөө нүүр номонд фоллов авдаггүй л дээ. Яагаад гэвэл тэр бол миний хувийн үзэл бодлын орон зай. Миний хувийн үзэл бодлын орон зай гэхээр миний хийж байгаа дуу, хөгжимтэй ямар ч хамаагүй л дээ.

Жишээ нь, хөгжимчин, дуучин, бүжигчин, жүжигчин хүнд өөрийн гэсэн үзэл бодол гэж юм байхгүй гэвэл түүн шиг худал зүйл байхгүй. Тэгэхээр надад ямар нэгэн хувийн үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл, Монголын хөгжлийн талаар, Монголын болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн талаар шүүмжлэх өөрийн гэсэн үндсэн хуулиар олгогдсон эрх байгаа шүү дээ. Тэр эрхээ л эдэлж байгаа хэрэг. Заримдаа ч хамаагүй биччихдэг. Зарим найз нөхөд хэлдэг л дээ.

Харангын Лхагваа жаахан уурладаг юм. “Юу бичээд байгаа юм бэ, арай дэндээд байгаа юм биш үү” гээд.

-Таны жиргээг сошиалд их зөв өнцөгтэй, зөв бодлоо илэрхийлдэг гэж ярьдаг. “Буян”-гийн Жагаа ахтай наргисан жиргээ тань нэг хэсэг давалгаа болсон шүү дээ?

-Зөв өнцөг гэж яривал аливаа юман дээр абсальютны зөв буруу гэж байхгүй шүү дээ. Туйлын зөв, буруу гэж юм хаана ч байдаггүй. Туйлын зөв дотор ч жаахан буруу явж л байдаг байхгүй юу. Би өөрийнхөө зөв гэж бодсон зүйлээ л бичдэг. Өөрийнхөө харах өнцгийн зүгээс. Тэр нь заавал бүх хүнд таалагдаж байх албагүй.

Яагаад гэвэл би доллар биш. Доллар бол магадгүй бүх хүнд таалагдах байх. Доллар гэдэг өөрөө мөнгө хөрөнгө учраас. Мэдээж Монголын жирийн иргэний хувьд энэ эх орныг аятайхан болчихоосой, сайхан болчихоосой, хурдан хөгжөөсэй, хүмүүс жаргалтай байгаасай, ээж нар эхчүүд нулимс битгий унагаасай л гэж бодож явдаг. Тэр зүйлээ л олон нийтэд хүргэх миний хувийн суваг минь сошиал орчин.

-Та бас Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн жимийг гаргасан уран бүтээлч хүн. 30 гаруй жил тайзан дээр ажиллаж амьдарлаа. Энэ хооронд үзэгчдийн урлагийн боловсрол таны хувьд хэр дээшилсэн гэж бодож байна вэ?

-Яг ний нуугүй хэлэхэд би тэрэн дээр шүүмжлэлтэй ханддаг. Аливаа урлаг гэдэг зүйлийн үндсэн үүрэг, роль нь хүмүүсийг гэрэлт ирээдүй, сайн сайхан, эрх чөлөө гээд бүх байж болох хүсэл тэмүүлэл рүү чиглүүлж, залж, чирч явах ёстой. Дээр үед “адгийн урлаг хүртэл ард түмнээс арван жилийн өмнө явдаг” гэж үг байсан юм.

Тэр бол урлагийн өөрийнх нь соён гэгээрүүлэх гэдэг үндсэн чиг үүрэг байхгүй юу. Би бүгдийг нь гэж хэлж байгаа юм биш.

Хэтэрхий өнөөгийн нийгмийн захиалгаар хийгдсэн, өнөөдрийн байдалдаа тохируулсан, өнөөгийн байдал дээр нь амьдраад авах гэсэн, жаахан мөнгө хийгээд авах гэсэн бодолтой уран бүтээлчид байхыг үгүйсгэхгүй. Би бол рок попын хамт олноо тэгж хэлэхгүй.

Манай рок попынхон дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа. Түүний нэг том жишээ бол манай “Хөх тэнгэр” хамтлагийн, миний хуучны анд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондогийн маань долоон жилийн турш хийсэн хөдөлмөр биелж, THE HU хамтлагийн дүү нар маань дэлхийд Монголынхоо нэрийг цуурайтуулаад явж байна.

Хоёр, гуравхан хоногийн өмнө бид их сайхан мэдээ сонслоо шүү дээ. Америкт борлуулагдаж байгаа гадаад уран бүтээлчдийн цомогт багтан Billboard-ийн нэгт жагсана гэдэг маш бахархмаар үйл явдал.

-Таны зохиосон дуунууд голдуу хайрын тухай байдаг. Яагаад энэ сэдвийг сонгох болов?

-Би хайрын дуунуудыг их олон өнцгөөс харж зохиохыг хичээдэг. Мэдээж хүн амьдралдаа тохиолдсон бүхнээ дуу болгоод байна гэвэл түүн шиг худал зүйл байхгүй.

Хайр дурлалыг ямар өнцгөөс харуулж болох, хайр дурлалд юу тохиолддог, хайрын олон гэгээлэг зүйлийг, заримдаа гунигийг, харуусмаар тэр мэдрэмжүүдийг хүмүүст хүргэхийг зорьдог.

Тэгэхээр миний тоглолтод хүрэлцэн ирээрэй, миний зохиосон хайрын дууны ертөнцөөр аялаарай хэмээн үзэгч, уншигчдаасаа хүсье.

Онцлох нийтлэлүүд