Нийгэм
2014.05.15 05:05

Ерөнхий сайд залуу зохион бүтээгчдийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнтэй танилцлаа


“Залуу зохион бүтээгч” улсын уралдааны шилдэг 37 бүтээлийг олон нийтэд дэлгэн танилцуулах үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо. Ерөнхий сайдын ивээл дор болдог уг  уралдаан энэ жил улсын хэмжээнд гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж, 21 аймгийн залуу зохион бүтээгчид өрсөлджээ. Булган аймгийн сурагч Р.Авирмэдийн зохион бүтээсэн бага оврын тракторын хөдөлгүүрийн хүчээр ажилладаг өтөг малтагч төхөөрөмжийг малчдын хөдөлмөрийг хөнгөвчисөн , хэрэглэхэд хялбар бүтээл гэж Ерөнхий сайд үнэллээ. Энэ төхөөрөмж нь өтөг бууц цэвэрлэж ачиж, зөөхөөс гадна цас цэвэрлэн зам гаргах боломжтой юм.
Залуучуудын сэтгэлгээний цар хүрээ жилээс жилд нэмэгдэж,  хийсэн бүтээл нь амьдралд хэрэгжихэд улам ойр болж байна гэдгийг Ерөнхий сайд онцлоод цаашид  шинийг санаачлагч залуучууд хамтраад малчдад зориулсан зөөврийн тохилог сууц бүтээхийг уриаллаа.

“Залуу зохион бүтээгч-2014” улсын уралдааны  ялагч МУИС, ХААИС, ШУТИС-ийн инженер техникийн мэргэжлийн ангиудад дөрвөн жил суралцах тэтгэлгийн хамт 10 сая төгрөг гардан авна. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагналыг цаашид үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрэх боломжтой нэг бүтээлд олгож, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх эхлэл хөрөнгийг гаргаж урамшуулдаг. Ерөнхий сайд үзэсгэлэнтэй танилцсаны дараа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

Онцлох нийтлэлүүд