ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.09.12 11:09

Е.Е.Трифонов: Халх голын дайнд оролцсон орос цэргүүд Жуковыг үзэн ядаж байсан нь миний гайхлыг төрүүлсэн

-ОРОСУУД ХАЛХ ГОЛЫН ДАЙНЫ 80 ЖИЛД АНХААРАЛ ХАНДУУЛСАН НЬ САЙН ХЭРЭГ, ГЭХДЭЭ БИД ИРЖ Л ТА НАРЫГ АВАРСАН ГЭСЭН ХАНДЛАГА, БАЙР СУУРЬ НАДАД ОГТ ТААЛАГДДАГГҮЙ-


Оросын түүхч, сэтгүүлч Евгений Ефимович Трифоновтой хийсэн ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна.


-Орос-Монголын харилцааны талаар нийтлэл бичих болсон шалтгаан юу байв?

-Олон шалтгаан бий. Монгол Улс олон жилийн турш, эхлээд Зөвлөлт холбоот улс, дараа нь Оросын холбооны улсын цорын ганц холбоотон байсан. Хоёр орны хоорондох харилцаа маш нягт байсныг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ ОХУ-ын хувьд аваад үзвэл Монгол-Оросын харилцааны талаар мэдээлэл маш хомс байдаг. Огт мэдээлэл байхгүй гэж хэлж бас болохгүй. Энэ мэдээлэл нь түүхийн тодорхой үйл явдалтай холбоотой байдаг. Эхнийх нь Чингис хааны түүх, дэлхийг эзэлсэн түүх. Дараа нь хэдэн зуун жилийн явцад Оросын хувьд Монгол Улс байхгүй мэт харагддаг. Өөрөөр хэлбэл, танай улс оронд юу өрнөж буйг бидний хэн ч мэдэхгүй. Дунд, их, дээд сургуульд энэ тухай үздэггүй байсан гэсэн үг. Цааш хувьсгал болсон. Эхлээд Барон Унгерний Монголтой холбоотой түүх гарна. Дараа нь түүнийг бут цохисон Улаан армийн түүх бий. Үүнийг харин хүмүүс мэднэ. Эцэст нь ОХУ дахь түүхэн хөшөөнүүдийг дурдах нь зүйтэй байх. Цэрэг батлан хамгаалахын хамтын амжиллагааг хэлээд байна л даа. Халх голын тулалдааныг хэлж байна. Дэлхийн хоёрдугаар дайн бас орно. Мөн Манжуурын ажиллагаан дахь Монголын цэргийн оролцоо. Энэ дайнд оросууд тусламж үзүүлсэн. Цаг хугацааг цаашлуулаад харвал дайн өнгөрөөд 70 жил болчихсон. Энэ үеийн түүх нь ерөнхийдүү дүр зурагтай харагддаг.

-Хоёр улсын харилцаанд хамгийн их ойртсон нь социализмын жилүүд. Тэр үеийн харилцааны өнгө онцлогоор ярилцлагаа үргэлжлүүлье?

-Монгол нь Социалист нөхөрлөлийн орнуудын бүрэлдэхүүнд багтах болсон үеэс таны асуусан түүх эхэлнэ. Танай улс манай орны холбоотон байсан. Социализмын он жилүүдэд Зөвлөлт холбоот улс Монголд тал бүрийн тусламж үзүүлж байлаа. Яг энэ харилцааг харахаар Монгол, Оросын харилцааны асуудал хязгаарлагдмал байсан нь анзаарагддаг. Монгол Улс бие даасан тусгаар улс гэдэг нь харагддаггүй. Нэмж хэлэхэд Монгол, Оросын харилцаанд хамгийн их үүрэг нөлөө үзүүлсэн нь Зөвлөлтийн суртал ухуулга. Маш энгийн утгатай байсан. “Манай улс бүхэнд тусалж байсан” гэсэн утгатай. Монголын талаарх энэ ойлголтыг маш дутмаг, зөв бус гэж би хувьдаа боддог. Энэ ойлголтыг засч залруулах шаардлагатай. Монголын хувьд өөрийн гэсэн ашиг сонирхол, төлөвлөгөө бодлого үргэлж байдаг байсан. Ихэнх тохиолдолд үүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй байсан нь нутаг дэвсгэрийн хэмжээтэй холбоотой. Хүн ам сийрэг суурьшсан, жижиг улс ч хэрнээ Монголын улс төрийн зүтгэлтнүүд эрх ашгаа хамгаалдаг. Үүнээс гадна танайд ч гэлтгүй манайд ч марксист онол ноёлж байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн олонхын буюу ард түмний, хөдөлмөрчин ангийн байр суурийг л сонирхдог байсан үе.

-Халх голын дайныг хэдийнээс сонирхох болов?

-Сургуульд байхад Халх голын тулааны талаар маш тодорхой үздэг байлаа. Хичээлийн хөтөлбөрт тусгасан байдаг. Тухайн дайнд оролцсон хүний нэр овог, газрын зураг гээд маш тодорхой заадаг байлаа. Та Халх голын тулалдааны газрын зургийг дотроо төсөөлж байгаа байх. Наймдугаар ангид байхдаа би Халх голын газрын зургийг анх олж харсан юм. Сонирхол татсан нэг зүйл байсан. Бусад хүмүүс ч тэгж харсан байх л даа. Японы арми Монголыг эзлэн авахыг оролдохдоо байлдах газрыг явуулахад тохиромжгүй тийм газрыг сонгосон нь их анхаарал татаж байлаа. Халх голоос Улаанбаатарын хооронд маш том зай бий. 500 км зай. Япончуудад Монголыг эзлэх төлөвлөгөө байсан нь мэдээж. Энэ талаарх мэдээлэл дайны дараа нийтэд ил болсон. Япончуудын хувьд Монголын хил рүү халдана гэдэг нь Оросын хил рүү халдсантай агаар нэг болохыг ойлгож байсан цаг. Тэд тулааныг хийхдээ нэлээд том гол гатлах шаардлагатай байхаар газраа сонгосон нь сонирхолтой. Мөн түрүүнд таны хэлснээр ямар ч хүнгүй цөл газраар дамжин хэдэн зуун километр үргэлжлэх цөлд тулалдах нь өөрөө байж боломгүй зүйл л дээ. Энэ бол утгагүй зүйл. Үүний зэрэгцээ, дөрвөн сарын турш Халх гол дээр тулалдаан өрнөсөн. Маш ширүүн тулаан. Их хэмжээний хохирол, нисэх онгоц, хуягт техник гээд хохирол их байлаа. Зөвлөлт, Монголын тал тухайн үеийн барьж дуусгаагүй байсан төмөр замаар дамжуулан зэр зэвсэг хүнсээ нийлүүлж байлаа. Энэ нь одоогийн Чойлбалсан хотоос Тамсаг булаг руу чиглэсэн зам л даа. Эдгээр замууд нь Манжуур, Монголын хилийн заагийн дагуу үргэлжилнэ.

-Халх голын тулалдаан эхэн үедээ Зөвлөлт-Японы хооронд бус Ар Монгол, хилийн цаана байрлах барга монголчуудын хооронд өрнөсөн гэж хэлж болох уу?

-Зарчмын хувьд тийм л дээ. Барга монголчууд нь дайны эхэн үедээ гол хүчин байсан юм. Гэхдээ тэд ямартаа ч Японы зургадугаар армийн командлалд харьяалагдаж байсан. Тэд дайны эхний сард цохилтын гол хүч байсан гэдэгт эргэлзэх юм байхгүй. Тухайн үеийн Зөвлөлтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Халх голын тулалдааны талаар бичихдээ Япон-баргын цэргүүд гэж онцолсон байдаг. Өөрөөр хэлбэл, тулалдаан болж байсан хэсэг нь барга цэргүүдийн байсан газарт болсныг илтгэдэг. Барга цэргүүд гэдэг нь Манж Го-д байрлах хилийн цэргүүд л дээ. Тэд давших тулаан хийх ямар ч боломж байгаагүй. Тэдэнд маш хялбар зэр зэвсэг байсан. Хуягт техник гэхээр зүйл байгаагүй. Мөн агаарын зүгээс ч ямар ч дэмжлэг байгаагүй. Өөрөөр хэлбэл, тэд ердөө ганц нөхцөлийн дагуу дайнд оролцсон. Хилээ хамгаалах, зөрчил гарвал үндсэн ангиудаа иртэл тулалдах гэсэн нөхцөлөөр. Манж Го улс, армийн цэргүүд нь бусдын гар хөл бологч байсан юм. Манжуурын армийн бүрэлдэхүүнд байгаа барга цэргүүд бол журамт цэргүүд. Нутгийн цэргүүд гэсэн үг л дээ.

-Халх голын тулаан дахь Жуковын үүрэг ер нь хэр байсан бэ. Түүнийг маш хэрцгий догшин хүн байсан гэх нь бий?

-Жуковын Халх голд гүйцэтгэсэн үүрэг нь Оросын хувьд мэдээж их. Гэхдээ энэ бол зөвхөн Зөвлөлтийн дотоод бодлоготой л хамааралтай. Би ажлын гараагаа цэргийн армийн архивт ажилласнаар эхлүүлсэн. 1979 он л доо. Тэр үед Халх голд байлдаж байсан гэх олон хүн амьд байлаа. Тэдний оюун ухаан ч их соргог байв. Тэд бол тухайн үедээ хэдийнэ чөлөөндөө гарсан генералууд байсан. Дайны үеэр дэслэгч, ахмад, хошууч цолтой улсууд байцгаасан. Тэдгээр хүмүүс архивт ирж өөрсдийнхөө дурсамжийг бичиж үлдээж байлаа. Тэд бүгд Жуковыг үзэн ядаж байсан нь миний гайхлыг төрүүлсэн. Бүр аймшгийн үзэн ядаж байсан шүү. Өөрөөр хэлбэл, Жуковын удирдлага дор тулаанд оролцож байсан улсууд л даа. Хэдийгээр би тэдгээр хүмүүсийн нэр овгийг сайн санаж байгаа ч нэр усыг нь хэлмээргүй байна. Учир нь тэд нэрээ нууцлах нөхцөлтэйгөөр дурсамжаа бичиж үлдээхийг хүссэн юм. Тэр үед бас цэргийн атташе ч ирж байлаа. Тэр хүн маш оюунлаг хүн байсан. Гэвч Жуковын нэрийг сонсоод уураа барьж чадахгүй, харааж байсан. Гэтэл Жуков гуай Зөвлөлтийн хоёр ч удаагийн баатар шүү дээ. Уучлаарай, намайг ингэж хэлсэнд.

-Халх голын дайнд монголчууд Японы түрэм-гийлэгчдээс эх орноо хамгаалсан гэсэн ойлголттойгоор өнөөдрийг хүрсэн. Харин таны гаргаж ирсэн хувилбарыг монголчуудын зарим нь соргогоор хүлээж авсан нь ч бий. Эсрэгээрээ бүр хүндээр хүлээж авсан хэсэг бас байгаа. Та Монголд ирээд ийм сэтгэл зүй мэдэрсэн үү?

-Үгүй шүү. Монголоос надад ирсэн захидлуудаас тийм зүйл огт ажиглагдаагүй. Харин өөр зүйл мэдрэгдсэн. Хэдийгээр хүндэтгэлтэй эерэг хандлагатай захидал байсан ч миний дэвшүүлсэн хувилбар таалагдахгүй байгаа нь ажиглагдсан. Дэвшүүлээд байгаа санаагаа батлахыг оролдъё л доо. 1949 оныг хүртэл хадгалж үлдсэн архивын баримт бичгүүдээс харахад Халх голын дайнд Монгол Улс бие даасан үүрэгтэй оролцсон нь илт байдаг. Монголын дээд удирдлага Ар, Өмнөд Монголыг нэгтгэх асуудлыг тоглоомоор хүлээж авч байсан. Ийм бодлогыг 1920-иод онд Д.Сүхбаатарын дараа ч Монголын удирдлагууд явуулж байлаа. Мөн Амар сайд, Чойбалсаны үед ч ийм бодлого барьж байсан юм. Өөрөөр хэлбэл, Ар Өмнөд Монголыг нэгтгэсэн байх ёстой гэсэн бодлого л доо. Үүнийг харуулсан хангалттай нотолгоо баримт ч байдаг. Ялангуяа, Өмнөд Монголын Ардын намын үйл ажиллагаа. Тус нам Улаанбаатараас тусламж авдаг байсан. Тэр дундаа цэргийн тусламж. Мөн Манзян болон Манж Го дахь цэрэг болон улстөрчдийн харилцаа холбоо байна. Тухайлбал, Дэ Ван, Гармаев генерал. Гармаев нь Квантуны армийн штабын хамгийн сүүлийн командлагч. Тэрээр Оросын бус Монголын тагнуулчидтай сүлбээтэй байсан. Энэ үүднээсээ бол Монголын хувьд Японтой зөрчилдөөнтэй байх нь чухал байв. Ингэхдээ Зөвлөлт холбоот улсын дагагч улс бус харин бие даасан хүчний үүргээр оролцсон байдаг. Японы түрэмгийллийн бодлогын хохирогч гэсэн утгаараа. Хоёрдугаарт, хүндэтгэлийн асуудлыг дурдаж болно. 1930-аад онд энэ асуудал монголчуудын хувьд хамгийн чухал зүйлийн нэг байлаа. Сталин болон түүний бүлэглэлийн зүгээс Монголыг нүүдэлчин овог суурьшсан газар, Хятадад тусламж үзүүлэх боломжтой тийм газар гэж харж байсан.

-Өөрөөр, арай эерэгээр харж байгаагүй хэрэг үү?

-Хятадын бодлогод нөлөөлж, эдийн засгийн туслалцаа үзүүлэх тэр байтугай арми байгуулах гэсэн утгаар л харж байсан. Өөрөөр хэлбэл, монголчууд биднээс хаашаа холдов гэж, бид тэдэнд зэвсэг өгч байна, мөнгө өгч, арьс ширийг нь худалдаж авч байна, тиймээс тэдэнд анхаарлаа хандуулах шаардлагагүй гэж хандаж байсан юм. Тиймээс Зөвлөлтийн энэ хандлага нь монголчуудын илт дургүйцлийг тэр дундаа Чойбалсангийн ч дургүйг хүргэж байлаа. Товчхондоо монголчуудыг доромжилсон хэрэг шүү дээ. Монголчууд өөрсдийг нь хүндэлж харьцахыг, их хэмжээний тусламж авахыг л хүссэн. Тэд мөн Манзян гээд бусад газарт өөрсдийн нөлөөгөө бэхжүүлэх, “Бид бол хүчтэй, дайчин улс” гэж харуулахыг зорьж байсан. Харин Зөвлөлтийнхний хувьд яг жинхэнэдээ Монголыг сонгосон шалтгаан нь гоё сайхан орондоо ч биш байлаа. Монголчуудад хэн ч тусламж үзүүлэхэд бэлэн байгаагүй цаг үе. Бусад нь болохоор газар зүйн хувьд хол байрлалтай байсан. Харин Зөвлөлтийн удирдлага болохоор тэгэхийг хүсээгүй. Сталины талаар Кузьмин сайн бичсэн байдаг. Сталин буддын сүмийг устгахыг шаардаж байсан.

-Сүм хийд шатаасан ч үйлдвэр барьж өгсөн энэ тэр гээд хойд хөршийг цагаатгах шалтгаануудыг зарим түүхчид хэлдэг. Үнэхээр чин сэтгэлээсээ үйлдвэр барьж өгье гэж зорьсон болов уу?

-Ингэснийхээ хариуд үйлдвэр барих бодлого байгаагүй. Тэрээр “Та нарт үйлдвэр барих ямар шаардлага байна. Бэлчээртэйгээ л тааваараа амьдар. Бид та нарт буу өгнө. Бүх юм сайнаар эргэнэ” гэсэн нь бий. Өөрөөр хэлбэл, монголчуудын хувьд Зөвлөлт дээр тулгуурлаж хөгжих боломж байгаагүй гэсэн үг. Бүр тодруулбал монголчуудын хувьд Зөвлөлтийн энэхүү бодлогыг өөрчлүүлэх шаардлагатай байсан. Үүний тулд дайн хийсэн.

-Та судалгаа, нийтлэлээ бичихдээ Японы эх сурвалжийг ашигласан уу?

-Японоос англи, орос хэл дээр орчуулсан нийтлэлүүдийг уншиж байсан. Гэхдээ тэдгээр нь хангалтгүй байдаг л даа. Япончууд эхэндээ хилийн маргааны асуудалд нэг их ач холбогдол өгч байгаагүй. Дараа нь тулалдааны явцад Монголын цэрэг арми өргөжиж ирсэн, Зөвлөлтөөс их хэмжээний цэрэг орж ирсэн, тулалдааны үеэр олон цэргээ алдсан зэргээс үүдэн шийдвэр гаргасан. Ингэхдээ Японы эзэнт хааны шийдвэрээр бус харин Квантуны арми өөрсдөө шийдвэрээ гаргасан. Өөрөөр хэлбэл, Японы армийн командлалаас ангид. Тус дайнд ач холбогдол өгөх болсон гэсэн үг. Гэсэн хэдий ч тэдгээр хүчин тийм ч шальтай байгаагүй. Квантуны арми нь Манжуурт төвлөрсөн Японы арми. Автономит эрхтэй. Японы армийн төв штабаас хамааралгүй, бүрэн эрхтэй тийм арми байсан.

-Халх голын дайн эхлэхийн өмнө Монголд мэргэжлийн цэрэг, офицер байгаагүй гэдэг. Учир нь тэднийг хэлмэгдүүлж буудан хороосон байдаг. Энэ тухайд таны бодол дүгнэлтийг сонсъё?

-Дэмид гээд олон хэлмэгдүүлэлтийн хэргүүд байна. Дээр нь Монголын армийг байгуулах тухайд 1920, 1930-аад онд Зөвлөлтөөс цэргийн тусламж авахтай шууд хамааралтай байсан. Мэдээж. Монголын цэрэг, зэр зэвсэг техник, тээврийн хэрэгсэл болон мэргэжилтнүүдийн тоо зэрэг нь ямар ч үүрэг гүйцэтгэж байгаагүй. Энэ талаар 1920-иод оноос хойшхи маш олон баримт байдаг. Тухайлбал, зэвсэг нийлүүлэхээр хүсэлт гаргахад хоёр жилийн дараа бүр муудсан байдалтай ирдэг байсан. Мөн монгол цэргүүдийг сургах тал дээр ч хичнээн хүнийг сургах эсэх нь Зөвлөлтийн удирдлагын өөрсдийнх нь мэдэж гаргадаг шийдвэр байсан. Дараа нь цусан яргалга байна. Халх голын дайн эхлэхийн өмнө 17 мянга цэрэг байсан. Энэ бол маш бага тоо. Тэр дундаа бүх армийг фронт руу илгээвэл болохгүй нөхцөлд байсан. Учир нь Зүүнгарт хилээ хамгаалах, хот, нийслэл, улс даяар хилээ хамгаалахад хангалтгүй байсан хэрэг. Онгоц гэхэд маш цөөн байлаа. Нисгэгч бол бүр бага. Танк гэхэд гарын таван хуруун дотор багтаж байв. Тиймээс Монголын арми энэ дайнд гол үүргийг гүйцэтгэж чадахгүй нь мэдээж. Нөгөө талаас дайн бол урлаг. Гэхдээ Халх голын дайны хувьд тийм урлаг байгаагүй. Маш бүдүүлэг шинжтэй байсан.

-Халх голын дайны тухай хоёр өөр зүйл харагдаад байна. Ер нь Монгол, Япон хоёр байлдсан. Зөвлөлтүүд ирж тусалсан. Нөгөөдөх нь Зөвлөлтийн арми Японы армийн тулаан. Үүнд монголчууд оролцоо бага байсан гэсэн үг үү?

-Би энэ талаар гурав дахь өнцгөөс хэлж чадах юм байна. Өөрөөр хэлбэл, Зөвлөлт холбоот улсын Японтой хийсэн дайн байсан. БНМАУ-ын хувьд Японтой дайтсан дайн байсан. Энэ хоёр тодорхойлолт хоёул хүчин төгөлдөр, ижил тэгш эрхтэй байгаа. Мэдээжийн хэрэг, үр дүн нь Монгол Улсад хохиролтой байсан.

-Халх голын дайн есдүгээр сард дууссан. Хэрэв дайн цааш үргэлжилсэн бол Монгол ялагдах байсан уу. Өнөөдрийн Монголын зураг ямар байх байсан бол. Манайх гурав дахь хөрштэй байж чадах байсан болов уу?

-Миний бодлоор үгүй гэж бодож байна. Учир нь тухайн үеийн Японы стратегийн бодлого нь эхэндээ утгагүй байсан. Япон Хятад руу халдаж, олон жил байлдсан. Энэ дайны хэтийн төлөвлөгөө нь юу байсан нь огт ойлгомжгүй. Хятадын нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амыг нь бодоод үзсэн ч ойлгомжгүй байдаг. Япон ялагдах нь гарцаагүй байсан. Тэд Орос, АНУ, Английн аль нэгэнд ялагдах л байсан.

-Халх голын тулалдаан Орос, Монголын харилцаанд хэр нөлөөлсөн бэ?

-Чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ тулалдааны дараа Зөвлөлтийн, тэр дундаа Сталины Монголд хандах хандлага өөрчлөгдсөн. Тийм ч сайн танигдаагүй Монгол баатарлаг, маш зоригтой холбоотон болж хувирсан. Уг дайн дууссаны дараа дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн. Цэргийн болон эдийн засгийн тусламж Монголын талаас маш ихээр нэмэгдсэн. Үүнээс өмнө бичиг үсэггүй байдлыг устгах асуудал хөндөгдөж байсан ч энэ нь улам өргөжсөн. Олон тооны сургууль байгуулсан, мөн томилолтоор ажиллаж буй багш нарын тоо эрс нэмэгдсэн. Мөн бичиг үсэг тайлагдсан хүн маш хурдацтай өссөн. Түүнчлэн Халх голын дайн эхлэхийн өмнө Монголын тал 17 мянган цэргийнхээ хангамжийг маш зүдэрч байж хангадаг байсан бол дайны дараа буюу 1945 онд энэ тоо 80 мянгад хүрч, маш сайн зэвсэглэгдсэн арми бүрдсэн байсан юм. Өөрөөр хэлбэл, Монголын тал өөрсдийгөө хүндлүүлэх гэдэг зорилгоо биелүүлсэн. Мөн нэр хүндтэйгээр тусламж авах боломжтой болсон. Эдийн засгийн хувьд ч, цэргийн хувьд ч тэр.

-Орос, Монголын одоогийн харилцааны талаарх таны бодол...?

-ОХУ-ын удирдлага үе үе Монголын эдийн засгийн талаар сонин бодлого гаргадаг. Эртний шалгагдсан цаг хугацаагаар гарч ирсэн холбоотон улсдаа нэлээд буур суурьтай, анхааралтай, хүндэтгэлтэй хандах ёстой. Тухайлбал, Халх голын дайны 80 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэснийг бол сайшаана. Гэхдээ энэ тухай ярихдаа Монголын оролцоо, үүргийн талаар ярих ёстой байсан. Бид тийм сайн агуу байсан шүү, бид ирж л та нарыг аварсан гэсэн хандлага, байр суурь нь надад огт таалагддаггүй. Учир нь энэ нь бодит байдалтай бүрэн нийцэхгүй. Хоёрт, холбоотон улсдаа хүндэтгэлтэй хандаагүйн илрэл. Учир нь бүх юм бэрх байсан.

-В.Путины Монголд хийсэн айлчлалын тухайд түүхч хүнийхээ хувьд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Орост энэ талаар бичиж байсан л даа, гэхдээ хангалтгүй. Түүхч хүн заавал үнэнийг хэлэх ёстой гэж би боддог. Халх голын тулалдаан маш хүнд хэцүү үйл явц байсан ч танайх руу Япон халдсан тул бид ирж танайд тусалсан гэж хэлэх нь зохисгүй зүйл. Өөрөөр хэлбэл, ийм хандлага нь өөрсдийгөө хэт дөвийлгөсөн, холбоотон улсдаа хүндлэлгүй хандсан хэрэг. Энэхүү ойн баярыг тэмдэглэхийг зарчмын хувьд би таагүй гэж харахгүй байна л даа. Гэвч орос хэл дээр “халтура” гэж үг байна даа. Товчхондоо энэ үйл явдалд хандах хандлагыг халтуурдаж болохгүй.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Онцлох нийтлэлүүд