Нийгэм
2015.06.21 05:06

Жолооч нарын татвар төлөх хугацааг ирэх сарын нэгэн хүртэл сунгажээ

Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталж энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны хоёрдугаар сарын 10-наас тавдугаар сарын 31-ний хооронд нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 21 байршилд ажиллуулсан.

2015 онд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар 15,1 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээс 15,7 тэрбум төгрөг төвлөрүүлэн өссөн дүнгээр оруулж, төлөвлөгөөний биелэлт 103,7 хувьтай байна гэж нийслэлийн Татварын газраас мэдээлсэн.

Харин албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хариуцлага тооцох хяналтын үзлэг, шалгалтыг 2015 оны 06 дугаар сарын 1–нээс эхлэн 07 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулж байна.

Та хугацаандаа татвараа төлж амжаагүй бол дүүргийнхээ татварын газар ажлын өдрүүдэд 08:30-17:30, Дүнжингарав худалдааны төвд 6 дүүргээс ажиллаж байгаа нэг цэгийн үйлчилгээндажлын болон амралтын өдрүүдэд 09:00-20:00 цагийн хооронд татвараа торгуульгүй төлөх боломжтой.

Хэрвээ та татвараа төлөлгүй замын хөдөлгөөнд оролцвол Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авч, бичиг баримтыг нь хураан Дүнжингарав худалдааны төвд байрлах татвар хураалтын цэг рүү шилжүүлж байгаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд