ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.12.12 09:12

Ж.Бат-Эрдэнэ: Давхар дээлний гайг яг одоо амсч эхэлж байна

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-МАН хоёр хуваагдчихаад төрийн үйл ажиллагаа гацаалаа гэсэн шүүмжлэлийг бишгүй хүртэж байгаа байх. Нэг хэсэг нь УИХ-ыг тараая гэж бойкот хийж, нөгөө талдаа засгаа огцруулна гээд баахан үзлээ. Ингээд л тогоон дотроо тэмцэлдээд яваад байх юм уу. Одоо ямар гарц байна вэ?

-Яг ийм нөхцөл байдлыг зөвөөр ашиглах хэрэгтэй юм шиг байна. Монголын хамгийн том нам болох МАН-д нэлээд асуудал үүсч байна. ЖДҮ-тэй холбоотой асуудал гарлаа. Төрийн эрх мэдлээ ашиглаад хууль бусаар ЖДҮ-ээс зээл авах, ёс зүйгээ, хуулиа алдсан ийм үйлдлүүд гарч ирж байна л даа. Энэ нь цаанаа намын тогтолцоо, намаар дамжиж төрд орж байгаа зарчим, сонгон шалгаруулалтын босго гэдэг ч юм уу тухайн хүний ёс зүй, мэргэжилтэй, боловсорсон талаас нь хардаг зүйлүүд нь буруу тийшээ хандсан байгааг харуулж байна. Өнөөдөр бидний байгаа байдлыг л задалчихлаа. Иймд аль, аль нам, нийгэм талаасаа том өөрчлөлт рүү орох ёстой. Нэн тэргүүнд Намуудын тухай хууль руугаа орох нь чухал. Нам өөрөө энэ хүмүүсээ зарчимтай томилдог, хариуцлага тооцдог байх хэрэгтэй болж байна. Явуулсан хүмүүс нь тойрог дээрээ очоод мөнгөөр санал авдаггүй систем рүү ормоор байна. Насны хязгаар ч байдаг юм уу, энэ талаасаа үздэг байх хэрэгтэй.

-Тэгэхээр Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн өмнө улс төрийн намуудын хуулийг зайлшгүй оруулж ирэх шаардлагатай гэсэн саналууд яваад байна лээ?

-Дараагийн асуудал бол хүссэн хүсээгүй Үндсэн хууль руугаа орох хэрэгтэй. Үндсэн хуульд маш олон өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна. Намууд хоорондоо ард түмэнтэйгээ хамтраад эдгээр хуулийнхаа өөрчлөлтийг хийх шаардлагатай болоод байна л даа. Бидний хагарал, бутрал, өнөөгийн байгаа байдал яваандаа энэ байдал руу л очиж таарна.

-Өнөөдөр УИХ-ын даргыг өргөдлөө өг гэж шахаж байна. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл Ерөнхий сайд нь УИХ-аасаа илүү эрх мэдэлтэй болчихоод байгаа юм биш үү?

-Нам болохгүй байна гэдгийг дээр хэллээ. Өнөөдөр Засгийн газрыг эрх барьж байгаа намын дарга удирдаж байна. Тэгэхээр дотроосоо ийм байдал бий болж байна гэдэг маань өөрөө намын даргадаа итгэл үнэмшилгүй болж байгаа асуудал шүү дээ. Намын дарга маань үлгэр дуурайлалгүй байна. Энэ хүнийг бид үлгэрлэн дуурайж байх ёстой. Гэтэл буруу тийшээ явчихлаа. Тодорхой хэмжээний ард олныг, гудамжны хөдөлгөөнүүд орсон уриалан дуудсан алхамуудыг хийж байна. УИХ-ыг тараа гээд Ерөнхий сайдын эрх үүргийн хэмжээнээс хальсан, Үндсэн хуулиа зөрчсөн мэдэгдлүүдийг хийж байна л даа. Өөрийнх нь толгойлж байгаа Засгийн газрын хэд хэдэн сайд ЖДҮ-ийн зээлтэй холбогдлоо. Ингээд ирэхээр Ерөнхий сайд, тэр тусмаа намын даргатай Засгийн газраа хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдал бий болж байна. Өнөөдөр ЖДҮ-ээс гадна их хэмжээний мөнгө нааш, цааш нь болгосон олон асуудал байгаа. АСЕМ, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Эрдэнэтийн 49 хувь гэх мэтчилэн дурдаж болно. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аар дамжиж Засгийн газарт үүрэг өгч байгаа. Засгийн газар энэ асуудлууд дээр ажиллах ёстой. Гэтэл чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, гацаанд орчихлоо. Тэгвэл УИХ-ыг тараая, Ж.Мөнхбат гишүүнийг гарын үсэг зуруулаач ээ гэж хэлсэн юм шүү дээ.

-УИХ тараад яах юм бэ?

-Зүгээр таръя гээд явчихгүй. Тодорхой гарцуудыг гаргах хэрэгтэй болно. Түрүү миний ярьсан намуудын тухай хууль болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нөхцөлийг бий болгож байж тарах ёстой. Магадгүй 1990-ээд оны шинэ Үндсэн хууль баталж байсан шиг тогтолцоо орж ирэх ёстой ч байдаг юм уу. Ямар нэгэн гарцыг олох ёстой. Зөвхөн Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн нэг гарц хэлэх нь чухал биш. Үүнийг бид цаашаа ярих нь зүйтэй. Хэсэг бүлэг хүн, ард түмэнд явж буй саналуудыг нэгтгэх ёстой. Тэгж байж нэг шийдэл гаргах хэрэгтэй. Иймд “УИХ таръя” гэдэгтээ тулж байж хөдөлгөнө гэж үзэж байгаа.

-Ер нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал оруулж болдоггүй юм уу?

-Тооны хувьд янз бүрийн саналууд явдаг л даа. Өнөөдрийн байдлаар 76 гэдэг тоо ихдэж, багадсан ч юм алга. Гагцхүү төлөөллийн системээ зөв болгох хэрэгтэй байна л даа. Жишээлбэл, Булган, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай зэрэг аймагт ганц квот байдаг. Хүн амынхаа тоотой харьцуулаад үзэхэд зарим аймагт 2-3 квот байх жишээтэй. Энэ бол эрх тэгш биш асуудал. Нэн тэргүүнд энэ асуудлыг харах ёстой. Газар нутгийнхаа байдлаар уу, хүн амынхаа тоогоор уу, суурьшлынхаа бүсүүдээр байх юм уу. Тэгэхээр Сонгуулийн тухай хуулиуд дээр зайлшгүй эргэж харах, өөрчлөлтүүд байх шаардлагатай.

-АН-ын бүлэг хуралдаад УИХ-ын нэр хүндийг унагаах, үйл ажиллагааг нь тасалдуулах оролдлогоо зогсоож, эрх баригчид ажлаа хий гэсэн шаардлага гаргасан байна лээ. Ингэхэд танай намын бүлэг хуралдаад төрийн үйл ажиллагааг гацаахгүй явуулах шийдлийн талаар ярилцав уу?

-Бүлгийн хурал дээр алтны татварыг үргэлжлүүлэх асуудал яригдлаа.

-Алтны татвар дээр танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Нийгэмд 30 гэр бүлийн тухай асуудал яригдаад байдаг шүү дээ. Тэр тоог хэн гаргаж ирсэн хүн нь нэрлээгүй. Зүгээр л 30 гэсэн тоо гаргаад хаячихсан. Үүний цаана юу харагдаад байна вэ гэхээр хэсэг бүлэг хүний баян хоосны ялгаа л гарч ирж байна. Тэгэхээр өнөөдрийн ЖДҮ-тэй холбоотой асуудал чинь үүний илэрхийлэл болоод гараад ирлээ. Ард түмэнд очдог, ажлын байр бий болгодог, ядуурлыг багасгадаг, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлдэг зээлийг хэдхэн УИХ-ын гишүүн буюу өөрийн гэсэн компанитай, хөл дээрээ босчихсон хүмүүс авчихсан байна. Баялгийн хуваарилалтыг тэгш бусаар хийчихсэн байна гэсэн үг. Энэ газрын доорх баялаг бол ард түмний өмч. Үүнийг ашиглах эрх нь ардчилсан нийгмийн хүрээнд сонгон шалгаруулалтаар явж байгаа. Гэтэл өнөөдөр ЖДҮ-тэй адилхан мэдээлэл ойрхон, эрх мэдэлтэй, боломж бололцоотой хүмүүс нь баялгийг сорж аваад байна шүү дээ. Тэр татвараар дамжиж ард түмэнд жигд хуваарилалт очих ёстой. Гэтэл өнөөдөр алтны татвар 2.5 хувь гэдэг бол бага. 20 тонн алт гэдэг бол барагцаалсан дүнгээр хоёр их наяд төгрөг. Эндээс 50 тэрбум төгрөгийн татвар орсон юм билээ. Яалт ч үгүй бага дүн гэж үзэж байгаа. Ард түмэнд тодорхой хэмжээний мөнгө очих ёстой. Тиймээс алтны татварыг ядаж таван хувь болго. Таван хувийн татвараар дамжаад бидний үр хүүхдэд цэцэрлэг, сургууль болоод очиг. Төрийн албан хаагчдад цалин болоод хүрэх хэрэгтэй. Тэгэхээр нэг гэр, нэг аж ахуйн нэгж, нэг компани, нэг хүн энэ хэдхэн алтыг эзэмших биш, эндээс тодорхой татвараар дамжиж ард иргэддээ өг гэсэн бодлогыг дэвшүүлж тавьж байгаа. Иймд алтны татварыг нэмэгдүүлэх байр суурин дээр бүлгийн гишүүдийн 60.5 хувь нь санал нэгдсэн.

-ЖДҮ-дсэн гишүүдийг эргүүлэн татна гэсэн асуудал яригдаж байгаа. Тэгвэл УИХ-ын дарга 60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол хийе гэсэн. Эдгээр асуудлуудыг нэг талд нь гаргаж байж энэ улс төрийн хямрал зогсохгүй юу?

-Одоо энэ 60 тэрбум асуудлыг нэг мөр цэгцлээд явахгүй бол болохгүй байна. Үнэхээр ийм асуудал яригдсан уу, хэрэгжсэн үү гэдгийг сайн нягталж ард иргэддээ ойлголт өгөх хэрэгтэй. Тийм болохоор нийтийн сонсголыг зайлшгүй хийх ёстой. Одоо энэ асуудал Тагнуулын байгууллагад очсон гэсэн сураг дуулдсан. Тэр утгаараа хяналтад байгаа асуудлаар хамаагүй сонсгол хийх нь хориотой гэдэг. Гэхдээ бид үүнийг хийхгүй бол болохгүй гээд байна. Саяхан Ерөнхий сайд байсан хүн “Сонгуулийн дараагаар засаг байгуулагдах үед гарсан томилгоонуудыг ярь” гэсэн шүү дээ. Тийм юм бол ярья л даа. Ямар сайд, ямар газрын дарга, ямар агентлагийн даргыг хэн хаанаас санал өгч байж, хэн нь дэмжиж томилсон юм гэдгийг ярьчихъя. Ичиж зовоод байх юмгүй ярья. Үнэхээр мөнгө авч тэр албан тушаалдаа очсон уу, эсвэл чадвартай, чадна гээд томилуулсан юм уу. “Би энэ газрын дарга болно” гээд гүйгээд байсан хүнийг мэдэхгүй юм. Хамт олныхоо дэмжлэгээр шийдэгддэг биш бил үү. Энэ бүгдийгээ л нийтийн сонсгол дээр ярилцъя. Дээрээс нь өнөөдөр хэд хэдэн гишүүн гарын үсэг зураад АТГ-т бичиг явуулж байгаа.

-Ямар бичиг?

-Үнэхээр 60 тэрбумтай, ЖДҮ-тэй холбоотой асуудал байдаг юм бол бид бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулъя гэсэн. Яг үүнтэй ядилхан тэр ЖДҮ-д холбогдсон гишүүд шалгуулчих л даа. Хэвлэлээр баахан бичигдээд байдаг хэрнээ үнэн мөн нь мэдэгдэхгүй яваад байх юм. Ард түмний өмнө хэн нь үнэн, хэн нь худлаа яриад ёс зүйгээ алдаад, хуулиа зөрчөөд байгаагаа шалгуулъя л даа. ЖДҮ ил болсонд би баярлаж байгаа. Уг нь “ЖДҮ-ийн зээлийг орон нутагт хуваарилдаг болгоё” гэж байнгын хороо, УИХ-ын индэр дээрээс би зөндөө хэлж байсан даа.

-Энэ Засгийн газар ганц сайдынхаа томилгоон дээр гацчихлаа. Одоо араас нь хоёр сайдын асуудал орж ирэх нь. Удахгүй Ерөнхий сайд Япон руу явна гэсэн...

-Цаана нь дахиад ЖДҮ-тэй холбоотой хоёр, гурван сайдын асуудал орж ирэх юм шиг байна. Дампуурч байна шүү дээ. Юу гэсэн үг вэ. Хөдөө аж ахуйн яам нь сайд байхгүй гээд хэцүү байгаа юм билээ. Манай салбар гурван сайдын нүүр үзлээ. Одоо дөрөв дэх сайд нь очно. Ж.Эрдэнэбатын Засгийн газар бараг 50 хувь нь гаднаас байсан. Дараагийн Засгийн газар байгуулах болбол наанадаж 50-иас доошгүй хувь нь гаднаас байна гэсэн бодлого баримталж байсан. Одоо ч энэ ирж байгаа сайд нарыг гаднаас байх ёстой гэсэн бодлогыг барьж байгаа. Давхар дээлний гайг яг одоо амсч эхэлж байна. Засгийн газраа барьж чадахгүйгээс толгой дээр гарч ирлээ. Ажлаа өгөхгүйн тулд энэ хүмүүс толгой дээр гарч ирж байна. Ямар хортой вэ гэдгийг харж байгаа биз дээ.

-Энэ янзаараа зургаан сарын дараагаас засгийн хувь заяа дахин хөндөгдөгдөх байх даа.

-Үгүй гэх газаргүй шүү дээ. Иймд хуулийн тайван хувьсгал хиймээр байна. Тэрнээс далимдуулаад цус гаргах, шар хувьсгал хийх биш шүү дээ. Сая ийм зүйл рүү явж байсныг амжиж зогсоож чадсан.

-Та саяхан чуулганы хуралдаан дээр Т.Аюурсайхан гишүүний дүү танай аймагт алт ухаад явж байсан тухай хэлсэн. Энэ тухай тодруулахгүй юу. Танд ямар мэдээлэл байгаа юм бэ?

-Т.Аюурсайхан гишүүн надаас “Манай нэг дүү тэнд ажиллаж байгаа юм. Хүн хард хэлж өгөөч” гэж өөрөө хүрч ирээд гуйж байсан. Тэгээд шударга, шударга юм яриад байхаар нь наад багаа тайл гэж хэлсэн. Индэр дээр шударга царайлчихаад цаагуураа элдэв янзын дүү гуйгаад байж болохгүй шүү дээ. Манай Бүрэгхангай суманд нэг компани голын ай сав газарт алт ухсан. Завшөөрөлгүй ухсан тэр компани Төв аймгийн уяач залуугийнх байсан. Хүмүүс очиж шалгаад 5.7 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан.

-Тэрийгээ төлсөн үү?

-Төлөөгүй алга болсон. Ийм байж Т.Аюурсайхан шударга царайлаад яваад байж болохгүй л дээ.

-Өнгөрсөн зун Зам тээвэр, хөгжлийн яамны ажилтнууд архидан согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Гэтэл тэр архидалт нь таны өрөөнөөс эхлэлтэй байсан тухай дэд сайд байсан Б.Цогтгэрэл ярьсан байна лээ. Энэ үнэн юм уу?

-Намайг байнгын хороон дээр үг хэлсний араас гэнэтхэн түүний ийм ярилцлага гараад ирсэн. “Тэр өдөр өөрөө байхгүй байсан. Гэхдээ сайдын өрөөнд архидсан гэнэ лээ” гэсэн байна лээ. Тэгвэл хууль хяналтын байгууллага нь шалгах боломжтой. Би тэр өдөр ямар, ямар ажил хийснийг яамныхан тэр чигээрээ нотолно шүү дээ.


Онцлох нийтлэлүүд