Нийгэм
2021.04.23 09:04

Ж.Бүрэнбаяр: Би нэг ойтой хүүхэдтэй, гэвч тангараг өргөсөн эмчийн хувьд голомтод сайн дураар ажиллахаар шийдлээ

Ковид 19” цар тахлын үед улаан бүсэд сайн дураараа ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгээд эхэлжээ. Ингээд сайн дурын армид нэгдсэн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Бүрэнбаяртай ярилцлаа.


-Таны тухайд цар тахлын эсрэгдайндсайн дураараа ажиллахаар шийджээ. Тус шийдвэрийг гаргахад юу нөлөөлөв?

-Улсын хэмжээнд өдөрт л 1000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, эмнэл зүйн шинж тэмдгээр хүнд болон маш хүнд хүмүүсийн тоо хурдацтай өсч байна. “Ковид 19” халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо ч цаашид өсөх хандлагатай байгаа. Тангараг өргөсөн эмч хүний хувьд ийм хүнд үед хараад зүгээр сууж тэвчихгүй байна шүү дээ. иймээс л цар тахлын эсрэг сайн дураар ажиллах шийдвэр гаргасан. Энэ хүнд үед улс орондоо оруулах хувь нэмэр минь энэ юм даа.

-Танд өмнө нь цар тахлын эсрэг ажиллаж байсан ямар туршлага байна вэ?

-би сэлэнгэ аймгийн хүдэр сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр ажилладаг. 2020 оны наймдугаар сард энд ажилд орсон юм. ажилд орох үед л “Ковид 19”-ийн нөхцөл байдал хүнд байсан. ингээд сайн дураараа ажиллах саналаа аймгийн Эрүүл мэндийн газарт өгөөд байсан юм. Он гараад л нөхцөл байдал хурцдаж ирсэн. миний тухайд гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд Дулаанхааны постод халдварын бүс нутгаас ирсэн хүмүүсээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч ажилласан. Дараахан нь аймгийн төв Сүхбаатар суманд иргэдэд нэгдүгээр тун вакцин хийхэд мөн ажиллалаа. сумынхаа иргэдийг ч дархлаажуулалтад хамруулсан.

-Улаанбаатар халдварын бүс болсон. Хаанаас ч, хэн чКовид 19”-ийн халдвар авах эрсдэлтэй нөхцөлд байна. Ийм үед хувийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулж цар тахлын эсрэг улаан шугамд ажиллах шийдвэр гаргаж байгаа тань эрсдэлтэй санагдаж байна л даа. Олон эмч, сувилагч халдвар авсан. Аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ?

-Миний хүүхэд ой гаруйтай л даа. Гэвч эмч хүн учирч болох эрсдэл яриад гараа хумхиад чимээгүй суугаад байж болохгүй. Цар тахлын эсрэг улаан шугамд дайтах үүргээ ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэм баримталж, иргэдийн аюулгүй байдлын төлөө сурч мэдсэнээ гаргаж ажиллах нь тангараг өргөсөн эмч хүний ёс зүй гэж боддог юм. Эмч, эмнэлгийн ажилтнуудын үүрэг оролцоо одоо чухал байна хэрэгтэй шүү дээ, эх оронд минь.

-Халдварын голомт болох улаан бүсэд ажиллах амар биш шүү дээ.

-Мэдээж хэцүү. Иж бүрэн хамгаалах хэрэгсэл өмсөөд л улаан бүсэд нэвтэрнэ. Ингээд өвчтөнүүдэд эмчилгээ сувилгаа үзүүлнэ. Улаан бүс рүү нэвтэрсэн бол хүнд өвчтөнг орхиж гарах эрх бидэнд байхгүй. Зузаан хамгаалалтын хувцастай бүтэн 24 цаг зогсолтгүй ажиллах ч тохиолдолд бий. Хүнд өвчтөний биеийн байдал хэзээ тогтворжино, тэр цагт л голомтоос гарна. Улаан голомтоос халдвар хамгааллын дэглэмээ сахиад гарна гэдэг өөрөө асар өндөр хариуцлага байдаг.

-Тэр хүнд хөдөлмөрийг ойлгодог хүн цөөхөн байх шиг. Улс төрийн албан тушаалтнууд ч халдвар дэгдсэнийг эмч, сувилагч нар руу чихэх хандлагыг ил цагаан гаргаж байна шүү дээ...

-Улаан шугамд эрүүл мэндээ золиосолж ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд руугаа дайрч байгаад нь үнэхээр урамгүй байна. Улс төртэй холбож байгаа нь бүр утгагүй. Төдийгөөс өдий хүртэл нойр хоолоо хугасалж зүтгэсэн эмч нарын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна шүү дээ, нэр бүхий хүмүүс. Эмч, сувилагч нар урдах өвчтөнүүдээ л асарч байгаа. Улс төр ямар ч хамаагүй. Хүнд үед галын шугамд ажиллаж байгаа эмч, сувилагч нарт ажлын эрч хүч, урам зориг л дутагдаад байх шиг.

-Цахим орчинд өөрийн хүрээлэл үүсгэсэн хүмүүсКовид 19”-ийг байдаг л ханиад гэх ойлголтыг нийгэмд өгч байна л даа. Голомтод ажиллаж байсан хүний тухайд байр суурийг тань сонсох гэсэн юм...

-Энэ цар тахал дэлхий нийтийг хамраад байна шүү дээ. Зарим хүмүүс энгийн л ханиад гэж үзээд төдийлөн ач холбогдол өгөхгүй байх шиг. Манайх битгий хэл дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг том гүрнүүд энэ тахлын өмнө сөхөрсөн шүү дээ. Хүнд, маш хүнд гэсэн эмнэл зүйн шинж тэмдгүүд өдрөөс өдөрт нэмэгдэж хүмүүс нас барж байгаа нь хангалттай баталгаа биз дээ.

-Энэ бүхнийг давж гарахад эмч, сувилагч нарын хичээл зүтгэлээс гадна хүмүүсийн ухамсар чухал байх.

-Энэ өвчнийг давж гарахад хүмүүсийн ухамсар чухал. “Хүмүүс хөл хорилоо” гээд л хэл ам хийгээд байна. Мэргэжлийн эрдэмтэд голомт хумихын тулд л гаргаж байгаа шийдвэр. Хүнд нөхцөлд завгүй ажиллаж байгаа эмч, сувилагч нарын хөдөлмөрийг ойлгож хэдхэн хоног гэртээ л байх нь чухал. Одоогийн нөхцөлд хамгийн том тус нь энэ. Гадуур гарах зайлшгүй шаардлагатай хүмүүс нь халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад маск зүүж, зайгаа бариад явах нь зөв.

Онцлох нийтлэлүүд