Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Шүүхийн байранд халдвар гарч, үйл ажиллагаагаа түр зогсоов Ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэдэд түр амбулатори үйлчилнэ Цунамид өртсөн Тонгад нэг ч иргэн ковидын халдвар аваагүй Ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 дугаараас лавлана ЗӨВЛӨМЖ: Өрөө, тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгээрэй ​НӨАТ: 1.5 сая төгрөгийн 30, гурван сая төгрөгийн 1 азтан тодорлоо Энэ онд зохиогдох жудо бөхийн тэмцээний хуваарь Нутгийн зүүн хагаст цас үргэлжлэн орно Японы Элчин сайдын яам Солонгосын ерөнхийлөгчийн бэлгийг буцаажээ "Дэлхийн мисс" тэмцээний финалын шат гуравдугаар сард болно Шүүхийн байранд халдвар гарч, үйл ажиллагаагаа түр зогсоов Ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэдэд түр амбулатори үйлчилнэ Цунамид өртсөн Тонгад нэг ч иргэн ковидын халдвар аваагүй Ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 дугаараас лавлана ЗӨВЛӨМЖ: Өрөө, тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгээрэй ​НӨАТ: 1.5 сая төгрөгийн 30, гурван сая төгрөгийн 1 азтан тодорлоо Энэ онд зохиогдох жудо бөхийн тэмцээний хуваарь Нутгийн зүүн хагаст цас үргэлжлэн орно Японы Элчин сайдын яам Солонгосын ерөнхийлөгчийн бэлгийг буцаажээ "Дэлхийн мисс" тэмцээний финалын шат гуравдугаар сард болно
Нийгэм
2021.12.09 01:12

Ж.Гэндэндарам: Ш.Сүрэнжав надад “Таны буянаар ертөнцөд би танигдлаа” гэж хэлсэн

МУСГЗ, дипломатч, орчуулагч, зохиолч Ж.Гэндэндарамтай ярилцлаа.


-Таны удам судар, нутаг усны талаар яриагаа эхэлье?

-Завхан аймгийн Улаагчин сум гэж байсан, одоо татан буугдаад Нөмрөг сумын харьяа нутагт би 1929 онд төрсөн юм байна лээ. Миний аав хуучин хүрээ хийдэд суудаг лам хүн байлаа. Хуучин монгол бичиг, төвд хэл мэддэг. Хүрээ хийдээсээ гараад хар хүн болж, мал малладаг болж, долоон үеэрээ дархан хийсэн юм билээ. Аав минь орой малаа хотлуулчихаад хотныхоо хүмүүсийг цуглуулаад хуучны үлгэр домог ярьдаг, ном их уншдаг байлаа. Намайг “Миний хүү том болохоороо энэ сайхан ном судруудыг гаднаас монгол хэлэндээ хөрвүүлж орчуулаад олон түмэндээ барьж яваарай” гэж толгойг минь илнэ. Тэр нь миний сэтгэлд хадгалагдаж явсаар аавынхаа гэрээслэлийг өнөөдөр биелүүлж яваа юм байна даа гэж боддог юм.

-Аав тань “Чиний өвлөх ёстой хөрөнгө хэдэн мал биш ээ. Чи эрдэм номыг минь өвлөж авах ёстой” гэж захисан гэсэн...

-Би эцэг эхээс наймуулаа. Долдугаар ангид байсан юм, нэг өдөр хичээлээ тараад гэртээ иртэл аав минь нас барсан байлаа. Ээж минь хоёр нялх хүүхэдтэй, бид ч гараас бүрэн гараагүй хоцорсон. Одоо миний сургуульд сурах ч өнгөрч дээ гэж бодогдлоо. Намар намайг сургуулиас дуудаад ээж минь “Миний хүү аавын чинь чамд өвлүүлсэн өмч хөрөнгө энэ хэдэн мал биш юм шүү. Чи номын мөр хөө. Тэр л аавын чинь чамд өвлүүлсэн өмч хөрөнгө. Ээждээ санаа зовох хэрэггүй дээ, яв. Харин миний хүү богинохон хугацааны их сургуульд явахыг бодоорой” гэж хэллээ. Тэгээд л би ээж, аавынхаа захиасыг дагахаар сургуульд мордсон.

-Тэр үед Багшийн сургуульд тийм богинохон хугацаанд сурдаг байсан юм уу?

-Багшийн сургууль дөрөвдүгээр анги төгссөн хүүхдийг гурван жил сургаад бага ангийн багш, долдугаар анги төгссөн хүүхдийг хоёр жил сургаад дунд ангийн багш болгодог байлаа. Би Багшийн сургуулийн Хэл-Түүхийн ангид ороод хоёр жил сурч төгсөөд ээждээ очно гэж бодохгүй юу. Тэгээд Хэл бичиг-Түүхийн багш болж 19 настайдаа сургуулиа төгсөн юм. Төгсөөд Архангай аймгийн арван жилийн сургуульд багшаар хуваарилагдлаа. Тэр чинь 1948 он юмуу даа. Тэр үед багшаар очиход шавь нар гэж надаас ах, хорь гарсан хүмүүс сууна шүү дээ.

-Таны үгэнд орох юм уу?

-Тэр үеийн хүмүүс багшийг бол маш хүндэлнэ. Тухайн үед чинь дээд боловсролын хүн байхгүй. Бид есөн жилийн боловсролоор арван жилийн хичээл заалаа шүү дээ. Нэг өдөр намайг “9,10 дугаар ангид дундад зууны үеийн шинэ түүх заа” гээд л хууваарилчихдаг юм байна. Би тэрийг нь чадахгүй. Одоо яая даа байз гэж бодогдоод дэмий дээд үеийн багш нарынхаараа, настай хүмүүсийнхээр хэсээд явж байтал Шинэ үеийн түүх гэсэн орос хэлтэй ном олддог байгаа. Түүнийг нь өөрөө орчууллаа даа. Б.Ринчен гуайн "Орос-Монгол толь"-ийг бариад л өдөр бүр нэг сэдэв шөнөжин сууж орчуулж аваад л хичээлдээ орно. Ер нь давгүй шүү. Мэддэг хүн шиг сайхан заана шүү дээ. Тийм л багш анх болж байлаа. Сүүлд би арваад жил багшлаад дээд боловсролтой болох гэж 1957 онд хотод орж ирлээ. Би Их сургуульд удаан сурч чадаагүй л дээ. 1957 оны есдүгээр сард элсэж ороод арванхоёрдугаар сард намайг декан дууддаг юм байна. 1920-оод оны сүүлч 1930-аад оны эхээр гуравдагч оронд оюутан сургахаар явуулж байсан юм билээ. Нэг хэсэг больсон. Одоо дахин гуравдагч оронд оюутан явуулах шаардлага гарсан чамайг явуулна гэлээ. Сайхан санагдаад явчихлаа. Ингээд хоёр жил энэтхэгт сурахаар боллоо.

-Ээждээ энэ тухайгаа хэлсэн үү. Ээж нь яаж хүлээж авсан бэ?

-Ээж минь тухайн үед хотод орж ирээд манайхтай цуг байлаа. Хуучин тавын халуун ус гэж байсан юм даа. Тэнд манайх өвөлжсөн. Ээждээ очоод хэллээ. Чухам баярлаад “Төр засаг тэгж байхад явалгүй яахав хүү минь, ялангуяа тэр Жагарын оронд явна гэдэг чинь бурхны оронд сурах нь байна шүү дээ. Ямар их аз завшаан бэ. Ээж нь хоёрхон жил хүлээлгүй яахав” гэж байна. Манай эхнэр тэр үед гуравдугаар сургуульд багшилдаг байлаа. Эхнэртээ очоод хэлтэл “Бид бололгүй дээ, санаа зовоод хэрэггүй. Яв даа” л гэж байна.

-Та хоёр хүүхэдтэй болчихсон байсан уу?

-Би ч бас зовлон үзсэн хүн дээ. Хөдөө багшилж байхдаа эхнэртэйгээ хамт амьдраад гурван хүүхэдтэй болсон ч гурвуулаа бүтээгүй. Яг тэр сургуульд явах үед эхнэр маань хүүхэдтэй болсон байлаа. Тэр үед Цэгмид гэж манай их сургуулийн захирал байсан юм. Төв намын хорооны боловсон хүчний дарга гүржав гэдэг хүн Цэгмид захиралд “Энэтхэгт суугаа элчин сайд Шагдарсүрэн нөгөөдөр явна. Энэ оюутан цуг явна” гэж хэллээ. Тэр хүн рүү очтол манай ангийн Нямсүрэн “Намайг бас ир гэсэн” гээд үүдэнд нь сууж байна. Бид хоёрыг л авсан юм байна лээ. Тэгээд л “Та хоёрыг нөгөөдөр Элчин сайдтай хамт явуулна. Маргааш гэхэд юмаа бэлдээд ирээрэй” гэж байна. Маргааш нь хаалттай тэтгэврээр орох бичиг хийж өгөөд гадаадад сурах оюутанд 1500 төгрөг өгдөг байсныг авлаа. Юм хумаа бэлдээд л явах болоод байж байтал манай сургуулийн нэг оюутан ирээд “Цэгмид багш таныг ирээд уулз гэж байна” гэв. Яваад очтол “Б.Ринчен доктор Энэтхэгт сурах хүмүүсийн талаар яриа хэлэлцээр хийж яваа. Тэр хоёр оюутныг зөвшөөрүүллээ. Намайг очтол хүлээлгэж бай. Захиж хэлэх юм байна гэж захиа илгээжээ. Та хоёр Б.Ринчен докторыг иртэл хүлээж бай” гэв. Тэгээд арванхоёрдугаар сард хичээлээсээ гарчихлаа. Нэг сар, хоёр сар өнгөрлөө. Гуравдугаар сар гарсан хойно Б.Ринчин доктор иржээ гэж байна.

-Тэгээд Б.Ринчен гуайтай уулзаа юу?

-Намын төв хорооны “Үнэн” сонины байранд “Б.Ринчин доктортой уулзъя” гээд очтол “Одоогоор энд алга. Гэртээ л байгаа юм шиг байна. Гэр рүү нь шууд яваад оч” гэж байна. Гэрт нь очоод тэр хүнийг анх удаа л харж байгаа юм даа. Нэг том ширээн дээр баахан ном дэлгэчихсэн сууж байна. Учраа ярилаа. Танаас зөвлөгөө авахаар ирлээ гээд хэллээ. Харж, харж байснаа “Би өөрийнхөө шавийг явуулна гэснээс биш Оросын монголыг явуулна гэж яриагүй” гэдэг юм байна.

-Тэр үгийг нь сонсоод танд ямар санагдсан бэ?

-Жаахан дургүй хүрээд явчихлаа. Тэгээд Цэгмид багшид очоод хэлтэл “Цаадах чинь дэмий донгосож байгаа юм. Маргааш юмаа бэлдээд яв” л гэж байна. Маргааш нь галт тэргээр Бээжинд очлоо. Элчин сайдын яаман дээр очтол “Та хоёрыг жаахан хүлээж бай гэсэн. Араас чинь нэг хүн ирэх бололтой” гэж байна. Маргааш нь нэг шап шап хийсэн дэрвүүлзүүр хүн орж ирээд “Энэтхэг явах хоёр сэхээтэн та хоёр уу” гэнэ. “Тийм ээ” л гэлээ. “Намайг Жамцын Бадараа гэдэг. Өвгөн буурал намайг явуулсан юм аа” гэж байна. “Буурал гэж хэн билээ” гэсэн “Үгүй ээ, та хоёр чинь буурлыг таньдаггүй юм уу” гэж байна. “Танихгүй ээ” л гэлээ. Б.Ринчен докторыг таних уу” гэнэ. Тэгсэн Б.Ринчен докторын нөгөө шавь нь байсан юм билээ.

-Энэтхэгт очоод юу болсон бэ?

-Бирмээр дайраад Энэтхэгийн Калькуткад очлоо. Бирм нь маш их шуугиантай, халуун гэж жигтэйхэн байсан бол Калькутка нь хүн ихтэй. Гэхдээ сайхан намуухан. Явж байгаа хүмүүсийн хөдөлгөөн нь ч тогтуун, сайра өмссөн хүүхнүүд намбалзаад тогтуун юм. Ийм сайхан оронд айлгүй тайван сурч болох юм байна гэсэн анхны урам орсон доо.

-За тэгээд хэл сурах аялалдаа гараа биз. Хэцүү байв уу?

-Эхлээд очсон ямар ч сургууль байгаагүй. Нэг айлд аваачаад хаячихсан. Тэр нь Энэтхэгийн хувийн академи гэнээ. Тэр айлдаа байрлаад сурна. Аваачсан хүн нь “Та нарт ганц л юм захья. Энэ айлд ганцхан мах л битгий оруулаарай гэв. “За” л гэлээ. Эхэндээ ч тэр айл хоол унд сайтай байлаа. Харин хичээл ном сурах юм юу ч алга аа. Гэтэл Бадараа “За ингэж сурна гэж байхгүй ээ. Хэдүүлээ өөрсдөө суръя” гэнэ. “Яаж” гэтэл “Нэг нэг ном олж аваад өөрсдөө орчуулаад үзье” л гэж байна. Бүгд нэг, нэг ном олж аваад өдөрт хоорондоо уулзахгүй ядаж нэг өгүүлбэр орчуулна. Хоорондоо уулзчих юм бол шал дэмий юм яриад суучихна гээд уулздаггүй байлаа. Тэгээд орчуулга хийх гэж хөгийн юм болно оо. “А” ч үгүй хүмүүс чинь хинди хэлнээс эхлээд англи руу, англиас орос руу, орсоос монгол руу орчуулна. Эхэндээ өдөрт ганц өгүүлбэр орчуулдаг байсан бол долоо хоногийн дараа гурван өгүүлбэр, 14 хоногийн дараа нэг жижиг эх орчуулдаг боллоо. За яахав орчуулаад болоод байдаг юм байна. Гэтэл дүрэм гэж байхгүй. Яаж холбохоо мэддэггүй. Ингээд Элчин сайдын яамнаас сард 250 төгрөгний стипенд өгнө. Тэрүүнийхээ 100, 100 төгрөгийг нийлүүлж 300 болгоод англи хэлтэй хинди хүнийг цагийн багш болголоо. Ингээд дүрмээ заалгаад сарын дараа овоо орчуулдаг болсон шүү.

-Хажуугаар нь англи гэхээр нь орос хэлийг давхар сурч дээ. Тэгээд юу болов?

-Элчин сайдын яаманд бид гурав англи хэл сурмаар байна. Энд чинь бүх юм англи хэл дээр явах юм гэж хүссэн ч зөвшөөрөөгүй. Бадараа маань энд байж чадахгүй нь, хэл сурсан ч юм алга гээд буцаад явчихсан. Тэгээд нэг жил есөн сар болж байтал Ю.Цэдэнбал дарга айлчлалаар иржээ. 1959 онд л доо. Бид хоёрыг Элчин сайдын яаманд дуудаад “Цэдэнбал дарга айлчлалаар ирж байна. Бүх юм нь англи хэл дээр явж байна. Хамгийн сүүлд “Могол” ордны өмнө хоёр улсын тэргүүн ард иргэдэд хандаж үг хэлнэ. Энэ үгийг нь та нар орчуул” гэдэг юм. “Бид хоёр ердөө нэг жил есөн сар сурч байна, яаж энэ том хүний хэлэх үгийг орчуулах юм бэ, чадахгүй” гэтэл “Чадаж л таараа. Намын даалгавар. Ямар ч байсан орчуул” гэж тушаалаа. Тэгээд толь бичиг, ном юу байдаг юм харж байгаад шөнөжин сууж орчууллаа. гурван хуудас үг байсан шүү. Нямсүрэн маань “Чи хэл аялга сайтайгаараа уншина уу даа” л гэж байна. Би ч айж байлаа.

-Тэгээд уншсан уу?

-Уншсаан. Цэдэнбал дарга “Би өгүүлбэр өгүүлбэрээр нь тасалж уншина. Чи тэгж тасалж орчуулаарай” л гэж байна. “За” гээд л уншихаар нь нөгөө орчуулсан ухаантай юмаа дагаад уншаад байлаа. Хүмүүс ч инээх үед нь инээгээд, алга таших үед нь ташаад янз янзын юм л боллоо. Тэгээд л бодлоо. Зөв л орчуулсан бололтой гэж.

-Тэгээд юу болсон юм бэ. Ю.Цэдэнбал дарга таныг сайшааж шагнасан уу?

-Үгээ хэлж дуусаад л индэр дээрээс бууж ирээд дарга “Чи хаана ажилладаг юун хүүхэд вэ” гэхээр нь “Энд хоёр оюутан хинди хэл сурдаг юм” гэтэл “Ямар сонин юм бэ. Энэтхэгт монгол оюутан сурдаг юм уу. Тэгээд ямар сургуульд сурдаг юм бэ”, “Сургууль биш ээ. Бид айлд байдаг юм. Өөрсдөө бие дааж сурдаг”, “Айлд аа, ямар сонин юм бэ. За би та хоёртой явахаасаа өмнө уулзана аа” гэж байна. Би ч айгаад энэ том хүнтэй юу ярина аа. Уулзахгүй яваасай гэж бодлоо. Маргааш нь Элчин сайдын яамны нарийн бичиг залуу бидэн рүү утасдаж байна. “Дарга өнөөдөр ирнэ. Дайллага хийнэ гэнэ.Та хоёр ирж хоол ид” гэж байна. Очлоо. Тэгээд л хоол унд эргүүлээд явж байтал дарга ирчихсэн үүдэнд нь зогсож байснаа “Хоёр оюутан энд сурдаг гэсэн. Ойр байна уу. Би уулзаадахъя” гэж байна. Тэгээд л бид хоёрыг дуудуулаад орлоо. “Та хоёр сайн сурч байгаа юм байна. Миний үгийг сайн орчуулсан. Баярласан. Улам сайн сураарай. гэхдээ та хоёр айлд байдаг гэсэн. Яаж айлд амьдарч байна” гэхээр нь “Яахав айлд болж л байна. энэтхэг айл мах иддэггүй гээд мах идэхгүй. Бие даагаад хэлээ сурна. Эндээс өгдөг 250 төгрөгний стипендээ авахаар долоо хоног өөр хот руу очиж махтай хоол идэж аваад дуусдаг. Тэгээд л тэр айлын хоолыг идээд байж байна” гэсэн чинь “Өглөө та хоёр юу иддэг юм” гэнэ. “Өглөө хоёр зүсэм талх, хар цайтай, өдөр хуурай гамбир, эсвэл хоёр чанасан болон хайрсан төмс л иддэг” гэтэл “Өөр юу иддэг юм бэ” гэхээр нь оройдоо нэг жаахан хайрсан юмуу шарсан төмс, хуурай гамбир идвэл иднэ дээ. Тэгээд л болдог юм” гэтэл дарга их уурлаж, царай нь хувьс гээд л “Дуулж байна уу та нар. Надаас хүсэх зүйл байна уу” гэж байна. “Та өөрөө харсан байх. Энд бүх зүйл англи хэлээр явж байна. Биднийг ганц хинди хэлээр л сур гэж даалгасан. Хэрэв биднийг хинди хэл сур гэж байгаа бол ганц хинди хэл явахгүй. Шагдарсүрэн сайдаас бид англи хэл суръя гэж гуйсан. Зөвшөөрөөгүй. Та нар англи хэл сурч цаг үрэх юм бол хатуу хариуцлага тооцно гэсэн. Бид нууцаар англи хэл сурч байна. Стипендийн 250 төгрөгнийхөө 100 төгрөгөөр цагийн багш хөлсөлдөг. Та бидэнд англи хэл сурахыг л зөвшөөрөөч. Хоёрдугаарт, англи хэлний багшийн цалин өгөөч. Өөр хүсэх юм байхгүй” гэлээ. “За мэдлээ. Хотод очоод ярина аа” л гэж байна.

-Тэгээд ярьсан уу?

-Сарын дараа Элчин сайдын яамнаас дуудаад англи хэлийг заалгахыг зөвшөөрч, бид хоёрын 250 төгрөгийн стипендийг 1000 төгрөг болгож, айлд байлгахыг болиулаад Элчин сайдын яаманд байрлуулж англи, хинди хэлний хоёр багштай болгож өгсөн. Бид хоёр чинь чухам баян оюутан болсон шүү дээ. Нөгөө айлаасаа гарах болоод нэг диплом биш юм аа гэхэд үнэмлэх олж авъя гэтэл байхгүй. “Энэ хүн манайд хоёр жил англи, хинди хэл үзсэн нь үнэн” гэсэн цаасан дээр бичгийн машинаар цохсон тодорхойлолт шиг л юм бичиж өгсөн дөө. Тэгээд хоёр жил сураад ирсэн.

-Монголдоо эргэж ирэхэд хүүхэд нь том болсон байв уу?

-Анх явахад эхнэр маань хөл хүнд үлдээд төрөхөд нь эгч маань бид хоёрт хүүхэд тогтдоггүй гээд өөрийнхөө гурван сартай хүүхдээр сольчихсон байсан. Намайг ирэхэд өнөө охин таван настай хөөрхөн болчихсон байж билээ. Эгч минь өдий зэрэгт хүрсэн одоо алзахгүй ээ гээд инээгээд сууж байсан. Монголдоо эргэж ирээд сэтгүүлчийн ангид дахиад сурсан. Нэгэнт хоёр жил сурсан эрдмээ хаячихаж болдоггүй. Нэг өдөр Их сургуулийн багш Пагваатайгаа уулзлаа. Пагваа багш “Нэг хэл сурна гэдэг нэг Их сургууль төгссөнтэй адил. Тэр түүх, максизм ленинизмийг чинь уншаад сурчихдаг юм аа. Тэгэхээр миний хүүг явуулдаг л юм бол дахиж очоод сур. Төв хороонд дахиад өргөдөл гарга” гэж байна. Ер нь бодож бодож явахаар шийдсэн. Энэ хооронд хувийн амьдрал маань өөрчлөгдсөн. Урд сураад иртэл манай эхнэр гэдсэндээ хүүхэдтэй намайг угтсан.

-Хоёр жил сурахаар Энэтхэгт буцаж очоод юу болсон бэ?

-Дахин хоёр жил сураад Элчин сайдын яаманд намайг орчуулагчаар үлдээсэн. Элчин сайдын яамандаа байрлачихсан. 1000 рүпигийн цалинтай. Хоёр багш ээлжилж ирж өдөрт 2,2 цагийн хичээл заачихна. Тэгэхэд би Энэтхэгийг тойрсон байх. Тэр үед галт тэрэгний билет ч хямд байж. Гараад л галт тэргэнд суугаад олон дунд тэнэж өгдөг байлаа шүү дээ. гол нь тэр чинь хэл сурах гэж явдаг байлаа.

-Таныг бас Аюулаас хамгаалах яаманд ажиллаж байсан дэд хурандаа цолтой гэж сонссон?

-Жил хэртэй би Энэтхэгт ажиллаж амьдарсан.Эвлэлийн төв хороо руу орчуулагчаар явуулсан. Тэнд нэг жил ажиллаад намайг Аюулаас хамгаалах яам руу илгээлтээр өгчихсөн. Яг тэр үед гадаад тагнуулын хэлтэс байгуулж, гадаад хэлтэй гээд намайг авчихсан. Ингээд Аюулаас хамгаалах яамны гадаад тагнуулыг ахин сэргээх албаны хүн болов оо. Нэг талаас би Гадаад яамны ажилтан нөгөө талаас Аюулаас хамгаалах яамны тагнуулч гээд хоёр яаманд зүтгэлээ шүү дээ.

-Орчуулгынхаа ажлыг хэзээ эхэлсэн юм бэ?

-Оюутан байхдаа л орчуулж эхэлсэн. Анх “Аффа” гэж жижигхэн номыг орчуулсан. Түүнийгээ хэвлэлийн газар руу явуултал хэвлэгдчихсэн. Намайг Энэтхэгээс буцаад ирэх үед яг хэвлэлтээс гараад зарагдаж эхэлсэн юм. Хүмүүс хужиршсан ямаа шиг шуурч аваад дуусгачихна. Шинэ жилийн бэлгэнд хүртэл өгдөг байлаа. Тэр цагаас хойш өөртөө урам орж, би чинь орчуулга хийж чадах юм биш байгаа даа гэж бодогдож эхэлсэн. Дараа нь “Таван сургамж”-ийг орчуулаад бараг дуусч байсан юм. Түүнийгээ барьж дуусгаад хоёр дахь орчуулгаа хийсэн. Үүнээс хойш өөрийн орчуулсан 70-аад ном бий. Орчуулгын ажлыг би дарга нараас үнэлгээ авах гэж хийгээгүй. Уншигч олон түмнээсээ үнэлгээгээ авч явсан хүн. Гурав дахь нь “Ядуугийн зовлон” гэж ном орчуулсан юм. Аюулаас хамгаалахад ажиллаж байх үед Баян-Өлгий аймагт ажлаар очоод Ховд руу явах болтол “ганцаараа яваа юм чинь нэг хүн аваад явчих” гэсэн. Ямар учиртай юун хүнийг нь асуутал Ховдын хорих анги руу шилжүүлж байгаа хоригдол гэнэ. Ээ, энэ айхавтар хүнийг чинь алдчихвал яах вэ гэж санаа зовтол “Зовох хэрэггүй, хажууд нь харгалзагч цуг явуулна” гээд л аваад давхилаа. Баян-Өлгийгөөс гараад дэнж дээр гартал намайг түр зогсоод өгөөч гээд гуйж байна. Зогсоод өгтөл нутагтаа залбирч, цагаан даавуу дэлгээд дээр нь баахан идэж уух юм өрөөд мөргөөд байна аа. Тэгснээ эндээс идэж ууцгаа гэнэ. Сайхан хоол идчихлээ. ганц хундага юм тогтоолоо. Тэгээд цаашаа явав аа. Замдаа бас дуугүй явна гэж юу байх вэ “Хүү минь ямар учраас хэрэгт холбогдчихов” гэтэл “Би нягтлан бодох мэргэжилтэй хүн. Мөнгөний хэрэгт холлбогдоод орчихлоо, 8-9 сар шоронд суусных зургаан жилээр таслагдах байсныг гурван жил суух болоод ачигдаж яваа нь энэ” гэж байна. “Шоронд их зүдрэв үү” гэтэл “Шорон гэдэг чинь шорон шүү дээ. Гэхдээ би шоронд есөн сар суухдаа өөрийгөө зовж байна гэж бодоогүй. Жаргалтай байна гэж бодсон” гэхээр нь “Яагаад” гэтэл “Би Энэтхэгийн Бримчанд гэдэг хүний "Ядуугийн зовлон" гэж номыг уншсан. Монгол хэлнээ гэндэндарам гэж хүн орчуулсан юм байна лээ. Тэр номыг уншаад зовлон гэж юу байдгийг би ойлгосон. Хажууд нь миний шоронд байх жаргал юм билээ. Тэр номыг уншиж хатуужсаны хүчинд би шоронгийн зовлонг жаргал гэж бодож яваа. Би одоо гурван жил сууна. гараад би хот орно. гэж хүнийг олж уулзана. Заавал олж уулзана. Та надад сэтгэлийн хат суулгасан шүү, баярлалаа гэж хэлнэ. Заавал хэлнэ” гэж ярьдаг юм байна. Миний орчуулсан ном ингэж хүнд хүрсэн нь надад маш том үнэлгээ өгсөн. Энэтхэг хэлнээс би жижиг том 40-өөд ном орчуулсан. Англи хэлнээс 10-аад ном орчууллаа. Би ажил хийж байхдаа орчуулгаа сайн хийж чадаагүй юм байна лээ. Ажилтай хүн чинь зав багатай. 1989 онд тэтгэвэрт гараад орчуулгаа шаргуу хийх болсон.

-Таны нэрэмжит шагнал байдаг гэсэн. Тэр шагналынхаа талаар ярьж өгөөч?

-Тэтгэвэрт гараад удаагүй ардчилал болж, хувийн Их, дээд сургуулиуд маш олон гарч ирсэн. Тэдгээр сургуульд би англи, хинди хэлний цагийн багш хийдэг болсон. Би гадаадад анх очсон цагаасаа болсон болоогүй орчуулга хийж, орчуулгын эрдэм гэдэг ямар сайхныг насаараа мэдэрч явлаа. Өнөөдөр орчуулгыг тоодог хүн алга. Үүнийг дэмждэг ч хүн байхгүй. Орчуулагч нар өөрсдөө л чадан ядан нэг юм орчуулаад түүнийгээ хэвлүүлэх мөнгөгүй. Би насаараа орчуулга хийсэн хүн эдгээр залуусыг дэмжих юмсан, урам өгөх юмсан гэсэндээ хувиасаа нэг шагнал бий болгосон. “Билигт Гүүш” гэж шагнал бий. Цагийн багш хийж байх үеийнхээ мөнгийг цуглуулаад 2010 онд үзтэл 50-иад сая төгрөг болсон байсан. Хоёр жил тутам шилдэг орчуулагчийг шалгаруулж, нэгдүгээр байрт орсонд нь 3 сая төгрөг, мөнгөн энгэрийн тэмдэг. 2,3 дугаар байрт орсонд нь нэг, нэг сая төгрөг өгье гэж энэ шагналыг анх санаачилсан юм.

-Гадаадаас монгол хэлнээ орчуулах нь амар уу, монголоос гадаад руу хөрвүүлэх нь амар байдаг уу?

-Гадаад хэл рүү хэд хэдэн ном хөрвүүлсэн. гэхдээ жижиг өгүүллэг, туужууд, шүлгүүд голцуу л даа. Том гэвэл Ш.Сүрэнжавын “108 тарни” номыг орчуулсан. Түүгээр би Сүрэнжавыг өөртөө татсан юм даа. Түүнийг англиар хэвлээд Америкт очсон. Дахиад хэд хэдэн удаа хэвлэгдсэн. Сүрэнжав над дээр ирээд “Таны буянаар ертөнцөд би танигдлаа” гээд хөөрхий минь бурхан болтлоо л надад талархаж, баярлаж явдгаа хэлж ирдэг байлаа. Би нэртэй хүний юмыг сайхан гаргах юмсан л гэж боддог доо.

Онцлох нийтлэлүүд