ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.09.28 09:09

Ж.Дэлгэрсайхан: Монголбанкны гадаад санхүүжилтийнх нь 80 гаруй хувь БНХАУ-тай хамааралтай байна

-ТӨР ӨРИЙН УДИРДЛАГАА ЗӨВ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ЯВАА УЧРААС ӨР БОЛОМЖ БИШ, ДАРАМТ БОЛЖ ХУВИРААД БАЙНА-

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Монголын гадаад өрийн ихэнх нь Засгийн газрын өр гэж мэдэгдсэн. Ер нь манай улсын гадаад өрийн хэчнээн хувь нь Засгийн газрын өр байгаа вэ?

-Юуны өмнө бид өр гэж юу болох, яагаад Монгол Улсын хувьд өр нь тулгамдсан асуудал болоод байгаа талаар ярих нь зүйтэй. Санхүүгийн ойлголтын хүрээнд өр гэдэг нь санхүүжилтийн хэрэгсэл. Улс орон, бизнесийн байгууллагын хувьд түүнийг ашиглан хөгжих боломжийг дэмжих эх үүсвэр. Гэтэл бид төрийн түвшинд өрийн удирдлагыг зөв хэрэгжүүлж чадахгүй байгаагаас өр нь боломж биш, дарамт болж хувираад байна. Энэ нь бидний гол асуудал. О.Амартүвшин ерөнхийлөгчийн хэлсэнтэй санал нэг байна. Эдгээр өрийн дийлэнх нь цөөн салбар, томоохон төрийн өмчит компаниудад төвлөрч байгаа нь үнэн. 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар бидний нийт өр 30.8 тэрбум доллар байгаагийн 21 орчим тэрбум нь хувийн хэвшилд хамаарч байна. Үүний 11 тэрбум нь шууд хөрөнгө оруулалт юм. Хувийн салбарын өрийн дийлэнх нь Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөх хүч болж буй уул уурхай, банк санхүүгийн салбарт хамаардаг. Товчхондоо эдгээр салбарт гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт төвлөрч байгаа. Шууд хэлэхэд, энэ салбарууд л гадаад санхүүжилтийг авах боломж өндөр байна. Бусад салбарууд тодорхой хэмжээний гадаад санхүүжилтийг ашиглаж байгаа ч энэ нь бага, тогтвортой бус. Тэгэхээр хувийн хэвшлийн өрийг шүүмжлэхээс илүү улс орны хөгжлийн тогтвортой бодлого, макро орчны тогтвортой байдалд анхаарч цаашид гадаад санхүүжилтийг олон салбарт ашиглах боломжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй болов уу.

-Засгийн газрын өр гэхээр дотроо яаж ангилагдаж байна. Бондын өр хэчнээн хувийг нь эзэлж байна вэ?

-Дээр дурдсан хугацааны мэдээгээр Засгийн газрын нийт өр 7.8 тэрбум ам.доллар байна. Эдгээр нь бүгд урт хугацаатай. Бонд 2.75 тэрбум, урт хугацаат зээл 5.14 тэрбум доллар байна. Сүүлийн жилүүдэд гадаад өрийн дотор Засгийн өрийн хэмжээ, хувийн жин нэмэгдэж байгаа.

-Хятад улсаас авсан өр нийт өрийн хэчнээн хувийг эзэлж байна вэ. Лав л своп хэлцэл нэрээр баахан өр тавьчихсан. Урд хөршөөс авсан өр Монгол Улсын өрийн ихэнх хувийг эзэлдэг, аюулгүй байдал талаас харвал онцгой анхаарахаар асуудал гэсэн шүүмжлэл бий. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Монгол Улсын нийт гадаад өр нь тодорхой улсуудаас гадна, олон улсын санхүүгийн байгууллагууд болон олон талын оролцоотой өрөөс бүрддэг. Бидний хувьд гадаад худалдаа, эдийн засгийн хувьд БНХАУ-тай өргөн хүрээний хамтын ажиллагаатайгаас гадна хамаарал нэлээд өндөртэй байдаг. Харин өрийн хувьд энэ нь харьцангуй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нөхцөл байдлаас бага хамааралтай гэж хэлж болохоор. Засгийн газрын нийт өрд эзлэх БНХАУ-аас санхүүжүүлсэн зээлийн эзлэх хувь 12 орчим, зээлийн санхүүжилтэд эзлэх хувь 19 орчим хувьтай байна. Голлох санхүүжилтийг олон талын оролцоотой зээл, Япон улсын зээл эзэлж байгаа. Таны дурдсан санхүүжилт нь Төв банкинд хамаарна. Монголбанкны хувьд нийт гадаад санхүүжилтийн 80 гаруй хувь нь БНХАУ-тай хамааралтай байна. Бидний хувьд энэ асуудалд ерөнхий нөхцөл байдал буюу худалдаа, эдийн засгийн хамааралтай байдалд суурилан эмзэг ханддаг байхыг үгүйсгэхгүй. БНХАУ бидний гол хөршөөс гадна өнөөдөр дэлхийн эдийн засгийн хөгжилд томоохон байр суурь эзэлж байгаа, дэлхийд өөрийн нөлөөллийг нэмэгдүүлэхийг хичээж тэргүүлэх гүрний төлөө өрсөлдөж яваа. Олон улс орон Хятадтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаатай байхыг хичээж байгаа. Эдгээр шалтгааны улмаас сүүлийн жилүүдэд хэрэгжиж байгаа дэд бүтцийн төслүүдийн дийлэнх нь БНХАУ-ын санхүүжилтээр хийгдэж байна.

-Хятад улсад өгөх өрөө өгч чадахгүйгээс болж газар нутгаа алдсан, хэцүү байдалд орсон улсын жишээ өчнөөн сонсогддог. Онцолж хэлбэл, ямар улсууд газар нутгаа алдах гэх мэт том эрсдэлд орж байсан бол. Бидэнд тэгж болгоомжлох шалтгаан бий юу. Шуудхан хэлэхэд, ганц улсаас хамаатай өрийн хавханд орчихсон юм биш үү, бид?

-Ийм эрсдэлд орж байсан тохиолдол бий, орж болзошгүй улс орнууд байгааг дэлхийн томоохон судалгааны байгууллагууд анхааруулж байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр БНХАУ нь жижиг улсуудад өр зээлийг ихээр өгч байгаа, тэр хүрээнд таны дурдсан өрийн хавханд орж байгаа болзошгүй улсуудын тоонд Монгол Улсыг хамруулсан байсан.Гэхдээ бид ямар эх сурвалжаас, ямар зорилго, үндэслэлтэйгээр тийм мэдээлэл, судалгааг гаргаж байгааг анхаарах нь чухал.

Бид хөгжлийн хангалттай түвшинд хүрч чадаагүй, жижиг улс болохын хувьд гадаад санхүүжилтийг ашиглахын зэрэгцээ тодорхой талаас хамаарах байдлыг хэт нэмэгдүүлэхгүй тал дээр анхаарах нь зүйтэй юм. Гэхдээ энэ нь зөвхөн худалдаа, эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарахгүй, улс төр, гадаад бодлого, гадаад харилцаа нь энэ хүрээнд ихээхэн чухал гэдгийг анхаарах нь зүйтэй. Бидний хувьд шууд ийм эрсдэл тулгарсан гэж хэлэх нөхцөл хараахан бүрдээгүй гэж үзэж байна. Энэ нь сая танд дурдсан тоо баримтуудаас харагдаж байгаа. Харин өрийн ерөнхий түвшин бол сэтгэл зовох асуудал мөн. Өрийн удирдлагаа сайжруулах, эдийн засгаа хүчирхэг болгоход анхаарах шаардлага бий.

-Сая манайх Хятад улсаас дахиад зээл авчихлаа. Одоогоор зээл авах боломжтой ганц улс нь Хятад байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Бид цар тахалтай холбоотой хүндрэлийг даван туулахын тулд зайлшгүй гадаад санхүүжилтийг ашиглах шаардлагатай. Зөвхөн БНХАУ-аас гадна олон улсын бусад байгууллагуудаас ч тодорхой санхүүжилтийг авч байна. Одоо гэхэд л олон улсын зах зээлд бонд гаргах ажлыг эхлүүлээд байна. БНХАУ-ын хувьд бидний гол хөрш, түнш улс яах аргагүй мөн. Мөн эдийн засаг, санхүүгийн хувьд хүчирхэг, эдийн засаг нь харьцангуй хурдан сэргэх хандлагатай байгаа зэрэг нь санхүүгийн түвшинд хамтран ажиллах шаардлагыг бий болгож байна л даа.

-Саарал, хар жагсаалт барууны, гуравдагч орнуудаас зээл хөрөнгө татахад хэр сөрөг нөлөө үзүүлж байгаа бол?

-Энэхүү жагсаалтын үндсэн агуулга нь тухайн улс мөнгө угаах, терроризмтай тэмцэх тогтолцоо сул, эргэлзээтэй гэдгийг илтгэдэг. Иймээс гадаад зах зээлтэй харилцах санхүүгийн бүхий л харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа. Эх үүсвэр татах боломж, өртөгт сөрөгөөр нөлөөлөхөөс гадна төлбөр тооцоонд хүчтэй сөргөөр нөлөөлж байна.

-Засгийн газар анх Чингис бондыг гаргахад хүү нь бага байсан. Одоо хүү нь улам л өсөөд, нэмж зээл авахад төвөгтэй байдал үүсчихсэн. Засгийн бондын хүү өсөхөд улс төрийн тогтворгүй байдал, бодлогын ойлгомжгүй орчин маш том нөлөө үзүүлсэн гэдэгтэй та санал нийлэх үү, нийлэх бол яагаад?

-Санал нийлж байна. Бас дээр нь таны хэлсэн улс төрийн тогтворгүй байдал, бодлого мөн тогтворгүй ойлгомжгүй байгаагаас шалтгаалж бий болсон Монгол Улсын эдийн засгийн эмзэг, нэг салбараас хараат байдал нь үүнд хүчтэй нөлөөлсөн. Энэ утгаараа таны хэлсэн шалтгаанууд үндсэн шалтгаан мөн л дөө. Харьцуулалт хийж харъя. Бид 2012 онд таван жилийн хугацаатай Чингис бондыг 4.175 хувийн хүүтэй гаргаж байсан бол 2016 оны эхний хагаст гаргасан Мазаалай бондын хүү 10.875 байсан. Энэ нь өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд биднийг үнэлэх үнэлэмж хэрхэн буурсныг харуулж байгаа хэрэг. Хэдийгээр дэлхийн зах зээлийн нөхцөл байдал муудсан нь нөлөөлсөн ч үндсэн шалтгаан нь бидний сүүлийн 30 жилд эдийн засгаа зөв хөгжүүлж чадаагүй, төсөв, өрийн зөв бодлого хэрэгжүүлж чадаагүйн үр дагавар. Үүний дараа бид ОУВС-тай хамтарч чадсаны үр дүнд 2017 оны сүүлийн хагаст Гэрэгэ бондыг 5.63 хүүтэй гаргаж чадсан. Энэ нь хүү гэдэг зүйл нь тухайн улс орны улс төр, эдийн засгийн суурь хүчин зүйлээс хүчтэй хамаардгийг илэрхийлж байгаа хэрэг. Энэ асуудалд гадаад зах зээлээс санхүүжилт татах зардлаас гадна дотоодын зах зээлийн Засгийн газрын үнэт цаасны, банк санхүүгийн зах зээлийн хүүгийн асуудал мөн хамаарна.

-Засгийн бондын хүү өндөр байгаа учраас бонд нэмж гаргахад эрсдэлтэй гэж харж байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Бондын хүү өндөр байгаа нь бидний гол эрсдэл биш. Бондын хүүг өндөр байхад хүргэж байгаа шалтгаан нь бидний гол эрсдэл. Дээр дурдсан улс төр, эдийн засгийн гол хүчин зүйлсийг сайжруулах замаар санхүүгийн нөхцөл байдлаа эрүүлжүүлэх нь бидний зорилго байх ёстой. Ингэж чадвал бид бага хүүтэй бонд авах боломжтой болно. Эдгээр нөхцөлийн улмаас Монгол Улсын эрсдэл, түүнд суурилсан зээлжих зэрэглэл сайжрахгүй байгаа нь зээлийн хүү өндөр болоход нөлөөлж байна. Тодруулбал, дээрх ерөнхий хүчин зүйлсээс гадна төсвийн бодлого, өрийн удирдлага, төлбөрийн тэнцэл зэрэг олон зүйлсийг сайжруулах шаардлага байна. Өнөөгийн нөхцөл байдлын хувьд бид өндөр хүүтэй бонд гаргаж өрөө нэмэгдүүлэх, өрийн удирдлага нь оновчтой бус байгаа үед эрсдэл байсаар байх болно. Өнөөдөр Fitch агентлагаас Монгол Улсын Засгийн газрын санал болгохоор зэхэж буй бондод В зэрэглэл тогтоосон нь өнөөгийн нөхцөл байдалд боломжийн үнэлгээ.

-Зээлжих зэрэглэл муу, бондын төлбөр өндөр учраас аж ахуйн нэгжүүдэд гаднаас санхүүжилт босгоход хүндрэлтэй болсон гэх шүүмжлэлийг олон эдийн засагч хэлдэг. Энэ шүүмжлэлтэй та санал нийлэх үү?

-Санал нийлж байна. Өнөөдөр Монгол Улсын зэрэглэл муу байгаа нь аж ахуйн нэгжүүдийн зэрэглэл, гадаад санхүүжилт авах боломжийг хязгаарлахаас гадна зардлыг нэмэгдүүлж байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байх гол нөхцөлүүдийн нэг болж байна.

-Дараа жилээс бондын төлөлтүүд их хэмжээгээр хийгдэнэ. Бидэнд тийм боломж байна уу. Бондын төлөлтийг шийдэх боломжтой хувилбарууд гэвэл та ямар гарц шийдлүүдийг санал болгох вэ?

-Санхүүгийн нөөц бололцоогоо харвал бид өөрсдийн дотоод боломжийг ашиглан барагдуулах боломж байхгүй. Үүнд бид өнөөг хүртэл эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлж сууриа бэхжүүлж чадаагүйгээс гадна уул уурхайн салбараас орж ирсэн орлогыг үр ашигтай зарцуулах, эрсдэлийг бууруулах зорилгоор хуримтлуулах асуудлыг шийдвэрлэж чадаагүй байдал, цар тахалтай холбоотой эдийн засаг уналтад орсон, төсвийн алдагдал их хэмжээгээр нэмэгдсэн байдал нөлөөлж байгаа. Иймд бидний хувилбар нь өрийг өрөөр солих, цаашид олон удсын байгууллагатай хамтран ажиллах шаардлага үүсэх болно.

-Засгийн газар том төслүүдийг хөдөлгөнө гэж байгаа ч өнөөхөндөө төмөр зам, нефтийн үйлдвэрээс өөр гялайх төсөл алга. Том төслүүдээ хөдөлгөхийн тулд санхүүжилт хэрэгтэй. Төслүүдээ санхүүжүүлэх мөнгийг Засаг өөрөө бонд гаргаж босгох боломжтой юу. Эсвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар төслөө хөдөлгөсөн нь дээр үү?

-Сайн төслийг бонд гаргаж санхүүжүүлэх боломж бол бий. Гэхдээ үүнээс гадна бид төсвийн удирдлагыг сайжруулах замаар нэн тэргүүнд шаардлагатай эдийн засгийн суурийг дэмжих томоохон төслүүдээ санхүүжүүлэх, давын өмнө шаардлагагүй, үр дүн нь ойрын ирээдүйд гарах магадлал багатай бүтээн байгуулалтаасаа татгалзах асуудлыг шийдвэрлэх нь чухал. Ингэж чадахгүй байгаагаас маш их хэмжээний мөнгийг үр ашиггүй төсөл хөтөлбөрт зарцуулж, энэ нь эргээд нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт нь бидний бас нэг гол боломжуудын нэг мөн. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд бодлого тодорхой, тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай юм.

-ОУВС-гийн хөтөлбөр яаж шийдэгдэх нь тодорхойгүй байгаа. ОУВС хөтөлбөрийн хэрэгжилтэд хэр сэтгэл хангалуун байгаа бол. Зарим эдийн засагч валютын сангийн хөтөлбөр үргэлжлэхээс аргагүй байдалд хүрчихсэн гэж байна. Энэ тал дээр таны төсөөөлөл, таамаг ямар байгаа вэ?

-Валютын сангийн хөтөлбөр хэрхэн дууссан, үр дүнг хэрхэн үнэлсэн тухай Засгийн газрын зүгээс албан ёсоор мэдэгдээгүй байна. Саяхан АНУ-ын Элчин сайдын яамнаас “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин” тайланг танилцуулахдаа амжилтгүй болсон талаар дурдсан байна. Тэр тайланд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд сөрөг хүчин зүйлс олон байгааг дурдсан байна.ОУВСангийн хөтөлбөрийн хүрээнд явцын үнэлгээнүүд сайн байсан гэдгийг анхаарах хэрэгтэй. Бид валютын сангийн хөтөлбөрийн зорилтод тусгагдсан зарим ажлуудыг хангалт муутай хийсэн байх талтай.

Ерөнхийдөө 2016 оны нөхцөл байдал нэлээд дээрдсэн боловч төсвийн удирдлага, зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн хамгааллын бодлого зэргийн хувьд алдаа гаргасан гэж би хувьдаа үзэж байна. Ялангуяа засаглал, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бүтцийн өөрчлөлтийг бий болгох тал дээр бид дорвитой зүйл хийж чадаагүй.

-Саарал жагсаалтаас гарах боломж харагдаж байна уу, танд?

-Энэ нь бидний эрсдэлийг нэмэгдүүлж байгаа үндсэн хүчин зүйлсийн нэг. Сааралт жагсаалтад оруулахдаа бидэнд үндсэн дөрвөн чиглэлд зургаан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн дүгнэлт өгсөн санагдаж байна. Монголбанкны зүгээс өгч байгаа мэдээллээр энэ тал дээр бид нэлээд үр дүнд хүрч энэ оны эхний хагаст хоёр удаагийн тайлангийн хүрээнд эдгээр шаардлагыг биелүүлсэн гэсэн хариултыг авсан гэж ойлгосон. Иймд бидэнд тодорхой хэмжээний найдлага бий болох үндэслэл байна. Бас нэг сөрөг туршлага нь тухайн жагсаалтад орсон улс 12 сарын дотор гарч байсан тохиолдол маш бага юм билээ.

-Зээлийн ДНБ-д эзлэх хэмжээ яг одоо хэдэн хувь болчихсон бэ, цаашид ер нь хэдэн хувь байвал эдийн засагт илүү эрсдэлгүй байх бол?

-Гадны эх сурвалж 77 хувь гэж мэдээлж байгаа бол саяхан батлагдсан төсвийн тодотголын баримт бичигт 2020 онд 62.2 хувь, 2021 онд 58.4 хувь байхаар оруулж ирсэн байсан. Өрийн түвшингийн хувьд бүх улс оронд тохирсон оновчтой хувь гэсэн ойлголт байхгүй. Ялангуяа бид өндөр хөгжилтэй, эдийн засаг, санхүүгийн нөөц сайтай улсуудтай харьцуулах нь бүр утгагүй зүйл. Харин өрийн сэрэмжлэх ерөнхий түвшин гэж байдаг. Энэ нь олон улсын түвшинд өрийн ерөнхий түвшин 40 хувь гэсэн байдлаар тодорхойлогддог. Бид анх энэ хувь хэмжээг баримжаалж төсвийн эрх зүйн орчиндоо тусгасан боловч энэ тоог шаардлагатай тухай бүр өөрчлөх, хуулийн үйлчлэлийг хойшлуулах замаар өрийн хэмжээг нэмэгдүүлж байна. Иймд бидний хувьд өрийн асуудал тулгарч байгаа нь биднийг өрийн хэмжээгээ хэтрүүлснийг илэрхийлж байгаа гол хэмжүүр гэж хэлэх нь зүйтэй байх. Өрийг авч болох боловч тэр нь үр ашигтай зарцуулагддаг, эргээд төлөхөд асуудал тулгарахгүй бол энэ нь өрийн түвшин тухайн эдийн засгийн хувьд нийцтэй байна гэж үзэж болох юм.

Онцлох нийтлэлүүд