Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ
Цаг үе
2018.10.15 08:10

Зовлонг угтаж, жаргалаар үдсэн Нэгдсэн эмнэлгийн нэг өдөр

Цэцэрлэг, дэлгүүр, талбайд хүмүүс "Эмч ээ!" гэж баясан дуудах юм

Цэхлэж харин эмч та хүмүүст энэрэл бялхсан харцаа илгээх юм

Эмгэн буурлууд таныг тэврээд “Эвий хүү минь!” гэцгээх юм

Гарынхаа тэнхээг та минь мэдрээд, энэрэлт сайхан харцаа илгээх юм... хэмээх яруу найрагч Д.Батсүрэн, урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт хөгжмийн зохиолч Т.Чимэддорж гуайн зохиосон, эмч хүний ариун үйлсийг илэрхийлсэн дуу бий. Тэрийг чинь зовлон гэхгүй, зовлон гэдэг бол ийм, тийм гэхчлэн зовлон гэх зүйлийг хүмүүс янз бүрээр л тайлбарладаг. Угтаа өөрт нь хэцүү санагдсан, шаналсан бүх зүйлийг зовлон гэж ойлгох нь бий. Гэхдээ хорвоогийн зовлон дундаас хамгийн хэцүү нь үхэл хагацал, өвчин зовуур гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Өвчин эмгэгтээ шаналж амьдрал гэдгийн сайхнаас холдсон олон мянган хүн эрүүл саруул болох дүүрэн итгэл найдвар тээн эмнэлэгт очдог.

Энэ их итгэл найдварын өөдөөс эмч хүн энэрлийн гараа сунгадаг. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн бие саяхан нэлээд чилээрхэж, эмнэлэгт хэд хоноод гарчээ. Гарахдаа тэрбээр эмч нарт баярласнаа илэрхийлчихээд тус эмнэлгийн талархлын дэвтэр дээр нь “Зовлонг угтаж, жаргалаар үдсэн эрүүл мэндийн байгууллагад талархлаа” хэмээн бичсэн байна.

Буурал найрагчийн хэлснээр эрүүл мэндийн байгууллага гэдэг өвчиндөө шаналсан хүнийг халуун дулаанаар угтан эмчилж, эрүүл саруул болгоод үддэг. Бие эрүүл байхын аз жаргалаас илүү жаргал гэж хаана байна. Тиймдээ ч энэ удаагийн “Танайд өнжье” булангаараа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн нэгэн өдрийг сурвалжиллаа. Тус эмнэлэг Төрийн ордны баруун хойно байрладаг гэдгийг хүмүүс андахгүй. Найман давхар цагаан саарал энэхүү барилга шинээр ашиглалтад ороод удаагүй байгаа билээ. Гадны орнуудад, тэр дундаа Японд эмнэлгийн барилгыг барихдаа дээд зэргээр чухалчлан авч үздэг байна. Наад зах нь л эмнэлгийн барилга доторх агааржуулалтын системийг маш нарийн хийдэг аж. Аливаа өвчин, халдварын дийлэнх хувь нь агаар дуслын замаар халддаг. Мөн өвчтэй хүнд цэвэр агаар юунаас ч илүү хэрэгтэй нь тодорхой. Тиймээс л агаарын системийг их анхаардаг байна. Та гадаадын оронд аль нэг эмнэлэгт орж үзсэн бол үүнийг сайн мэдэх биз. Тэнд өвчтөний ар гэрийнхэн эмнэлэг дотор гадны хувцастай орж, хаа сайгүй л явдаг.

Харин манайд цагаан халаад, маск, зориулалтын бусад хувцас өмсөж орохгүй л бол эмнэлэг дотор нэг ч алхам явуулдаггүй. Энэ нь манай улсын эмнэлгүүдийн барилга зориулалтын бус байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл агааржуулалтын систем байхгүй гэсэн үг. Гэхдээ сүүлийн үед эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхдээ дээрх системийг анхаардаг болсон. Үүний нэг жишээ нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг юм. Орчин үеийн эмнэлгийн барилгад тавигдах олон стандартуудын нэг энэ билээ. Тус эмнэлэг урд, хойноо хаалгатай. Урд талын хаалгаар нь оронгуут “Угтан авах үйлчилгээ” гэж бичсэн ширээний цаана ногоон халааттай хоёр эмэгтэй инээмсэглэнэ. Эмнэлгийн үйлчилгээ, өвчтөнг хүлээж авах найрсаг харилцаа эндээс л эхэлдэг дээ гэж бодном. Үүдний хэсгийн хана, тааз, сандал ширээ гээд нэлэнхүйдээ ногоон өнгөтэй. Ногоон өнгө хүний сэтгэлийг тайвшруулдаг болохоор эмнэлгийн байгууллагын ихэнх эд зүйл ийм өнгөтэй байдаг. Энэ бас л дэлхийн стандарт. Угтах үйлчилгээний баруун талд “Цахим эрүүл мэнд” гэсэн булан байв. Эгнүүлэн тавьсан компьютерийн өмнө хүмүүс ээлжлэн суугаад босч байлаа. Энд өвчтөн бүртгэлээ хийлгэж, эмнэлгийн үйлчилгээ авдаг бололтой. Энэ мэт зүйлийг сонирхон байтал тус эмнэлгийн ерөнхий захирал Л.Баттөр биднийг хүлээн авлаа. Түүний өрөө зургаан давхарт аж. Замаараа ганц хоёр өрөөний хаалга татан сонирхоход цэлийсэн том цонхнууд нүдэнд тусч байв. Л.Баттөр захирлын өрөө ч том саруулхан цонхтой юм. Бас л стандарт байх гэж бодож суутал туслах нь цай оруулж ирлээ. Ширээний ард цай ууж суунгаа өрөөний хойморт жаазалж өлгөсөн Сутай хайрхны зургийг харлаа. Сайхан зурсан зураг юм. Хажууханд нь морин хуур, өргөмжлөл, гэрэл зургуудыг өлгөжээ.


ТҮҮХТ 85 ЖИЛИЙН ОЙГОО ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААРАА БАХАРХАН ӨНГӨРҮҮЛНЭ

Ийн өрөөн доторх зүйлийг харж суунгаа Л.Баттөр захирлаас эмнэлгийнх нь талаар ярилцав. Тэрбээр “Манай эмнэлгийн 85 жилийн ой энэ сарын 25нд болно. Хэдий сондгой жил ч гэлээ эмнэлгийн ажилчдын хүсэлтээр тэмдэглэхээр шийдээд байгаа юм. Тэртээ 1933 онд анх Дотоодыг хамгаалах газрын эмнэлэг нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Тухайн үеэс өдийг хүртэл манай эмнэлгийн нэр олон удаа өөрчлөгдөж, Цэргийн төв эмнэлэгтэй нэгдэх, салах зэргээр явж ирсэн. Ингээд 2016 оны Засгийн газрын тогтоолоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг дахин байгуулахаар болсон. Улмаар өнгөрсөн оноос эхлэн шинэ байрандаа орж амбулаторийнхоо үйл ажиллагааг эхлүүлсэн. Одоо манай эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Шинэ байранд орж ирэхэд эмнэлгийн тоног төхөөрөмж хуучирсан, зарим нь шаардлага хангахааргүй болсон байсан. Үүнийг бид энэ 2018 онд шинэчилж, улмаар олон улсын стандартад нийцсэн, хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн сольсон байгаа. Энэ ажлын ард гарахад хамгийн том дэмжлэг үзүүлсэн төсөл бол Австрийн долоон сая еврогийн тоног төхөөрөмжийн төсөл байсан. Мөн 27 эмч, мэргэжилтэн эмнэлгийн ажилчидаа тус улсад мэргэжил дээшлүүлэхээр явуулсан. 85 жилийн ойг угтаж бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байна.

Тэр дундаа улсын эмнэлгүүдийн хэмжээнд анх удаагаа “Эрүүл мэндийг дэмжих төв”ийг байгууллаа. Олон улсын ямар ч эмнэлэг дээр энэхүү төв үйл ажиллагаагаа явуулж байдаг. Тус төв нь иргэд өөрт хэрэгтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг дор авах боломжийг бүрдүүлдэг онцлогтой юм. Манай эмнэлэг БНСУын Пусан хотын эмнэлэгтэй хамтын ажиллагаатай явдаг. Энэ хүрээнд 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай Телемедициний төвийг байгуулсан. Мөн тус хотын эмч, мэргэжилтнүүдтэй туршлага солилцох, Монголд шийдэж чадахгүй байгаа өвчнүүдийг хэрхэн эмчлэх талаар мэдлэг, мэдээлэл авдаг болсон. Саяхан чанарын менежмэнтийн тогтолцоо ISO 9001:2005 батламжаа Стандартчилал, хэмжил зүйн үндэсний газраас гардан авсан. Энэ бол манай эмнэлгийн цаашдын хөгжил дэвшилд чухал нөлөө үзүүлсэн үйл явдал юм. Түүхт 85 жилийн ойгоо хийж бүтээсэн үйлсээрээ бахархан угтаж байна. Эмнэлгийнхээ эмч, мэргэжилтнүүд нийт албан хаагч, ажиллагсдадаа ойн баярын мэнд дэвшүүлж байна” гэлээ.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн анхны захирлаар Монгол Улсын хүний гавьяат эмч Вандан-Ишийн Ичинхорлоо томилогдож байсан түүхтэй. Тус эмнэлэг нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд харьяалагддаг. Тиймээс шүүх, прокурор, цагдаа, хилийн цэрэг, гааль, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүхийн шинжилгээний хүрээлэн, гадаад харилцааны яамны алба хаагч, тэдний гэр бүлийнхэн, чөлөөнд гарсан ахмадуудад үйлчилдэг байна. Мөн Чингэлтэй дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэдэг гэнэ. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг дийлэнх эмнэлэгт спорт заал, зориулалтын хурал, сургалтын танхим, усан бассейн, бялдаржуулах өрөө байдаггүй. Харин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт энэ бүгд бий. Л.Баттөр захиралтай хамт эмнэлгийн дотоод үйл ажиллагаатай танилцан явсаар спорт заалыг нь сонирхсон юм. Энэ үеэр Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс тус зааланд тоглож байхад нь таарлаа. Түүнтэй мэнд мэдэлцээд “Бөхийн өргөөг тойрсон асуудлаас болж бөхчүүд хохирч байна. Энэ талаар бөхчүүд тэмцэж, үгээ хэлж болохгүй юу. Ард түмэн ч бөхийнхөө барилдааныг шимтэн үзмээр байна шүү дээ” гэж асуулаа. Арслан инээмсэглэн “Харин тийм ээ. Энэ нэг маргаанаа одоо болих хэрэгтэй байна шүү дээ. Өргөөг түгжээд, бөхчүүд барилдаж чадахгүй яваад л байна. Бид ч гэсэн өргөө рүүгээ орж, бэлтгэл сургуулилтаа хийж, намрын барилдаануудыг явуулж, бөх сонирхогчидтойгоо уулзах юмсан л гэж бодох юм. Асуудал нэг тийшээ эцэслэгдээд Бөхийн өргөө үүдээ нээж, дахин ард түмэнтэйгээ учран золгох цаг ирэх байлгүй дээ” гэв.

ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН ДУНД ХОДООД, БӨӨР, МЭДРЭЛИЙН ӨВЧЛӨЛ ЭЛБЭГ ТОХИОЛДДОГ ГЭВ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 204 мянган хүнд үйлчилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэжээ. Энэ тооноос Монгол Улсын хоёр, гуравдугаар төв эмнэлгийн ачааллаас хэд дахин давсан үйлчилгээг иргэдэд үзүүлсэн гэдэг нь харагдаж байгаа юм. Тухайлбал, Улсын гуравдугаар төв эмнэлэг жилдээ 160 мянган хүнд тусламж үзүүлдэг бол Улсын хоёрдугаар төв эмнэлэг 90 мянган хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байна. Харин ТТАХНЭээр өдөрт дунджаар 500600 хүн ирж эрүүл мэндийн үйлчилгээг авдаг гэсэн судалгаа гарчээ. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд нь төрийн тусгай албан хаагчид. Тиймээс ажил мэргэжлээс шалтгаалсан ямар өвчлөл илүү байгааг Л.Баттөр захирлаас тодруулав. Тэрээр “Хамгийн олон бүртгэгдэж байгаа нь мэдрэлийн өвчлөл. Улсын хэмжээнд мэдрэлийн өвчлөл эхний тавд байдаггүй. Гэтэл манай эмнэлэг дээр хамгийн их бүртгэгддэг өвчлөл болсон. Энэ нь ажил мэргэжлээс шууд хамааралтай. Төрийн тусгай албан хаагчид гэдэг маш хүнд нөхцөлд, шуурхай ажилладаг, бусдын төлөө тангараг өргөсөн хүмүүс байдаг. Тиймээс мэдрэлийн өвчлөл элбэг тохиолддог. Дараа нь зүрх судасны өвчлөл. Монголчуудын хувьд энэ төрлийн өвчлөл нэлээд олон. Үүнд сэтгэл санааны тогтворгүй байдал, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Мэдээж төрийн тусгай албан хаагчид болохоор янз бүрийн эрсдэлтэй нөхцөлд ажиллах болдог. Зарим нь ажлын онцлогоос болж хүнд бэртэх, яс хугарах, дотор эрхтний болоод тархи толгойн доргилттой өвчтөнүүд цөөнгүй ирдэг. Мөн ажил албан үүргээ шуурхай гүйцэтгэх, зарим нь тушаал аван хэзээ ч хамаагүй даалгавар биелүүлдэг гэх зэрэг ажлын онцлогоос болоод албан хаагчдын хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдсан, ходоодны хүнд шархлаатай болчихсон тохиолдол олон. Ер нь ходоод, бөөр, мэдрэлийн өвчлөл элбэг тохиолддог” гэлээ.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн төсөв санхүүжилтийг сонирхуулъя. Тус эмнэлгийг ихэнх хүн улсын төсвөөр 100 хувь санхүүждэг, тиймээс үнэгүй үйлчлэх ёстой гэсэн буруу ойлголттой байдаг аж. Гэтэл энэхүү эмнэлгийн санхүүжилт улсын төсвөөс 50 хувь, эрүүл мэндийн даатгалын сангаас 45 хувь, үлдсэн таван хувь нь өөрийн орлогоор бүрддэг аж. Тус эмнэлэгт удахгүй вакум хагалгааны дөрвөн өрөө үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон байна. Гэхдээ энэ өрөөг хүлээлгүй яаралтай хагалгаа хийх хоёр өрөөндөө үйл ажиллагаагаа явуулдаг гэв. Олон улсын стандартын шаардлага хангасан эмнэлэг гэдэг утгаараа нарийн үзлэг оношилгоо, хагалгаа, мэс ажилбарыг хийх нь ойлгомжтой. Үүнээс хамгийн өндөр технологи ашиглаж хийдэг нь дурангийн мэс засал аж. Ингэхдээ хэвлийн хөндийн болоод үений дурангийн мэс заслыг хийдэг болж. Дурангийн мэс засал гэдэг тухайн өвчнийг богино хугацаанд хэвийн болгохоос гадна шарх эдгэрэлтийн явцыг хурдасгах ач холбогдолтой. Улсын томоохон эмнэлгүүдэд ч тэр бүр хийгээд байдаггүй дурангийн хагалгааг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хийж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд