Цаг үе
2020.11.29 09:11

Зохиолч, сэтгүүлч До.Цэнджав: Монгол аавын хүүхдүүд удахгүй Америкийн төрд цойлох нь ойртжээ

Пеннсилванниа мужийн Данвилле хот. 2020.05 сар

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч До.Цэнджав нь сонин сайхнаар үргэлж дүүрэн байдаг хүн. Тэрбээр АНУд ковидын хөл хорионд байж байгаад зургадугаар сард эх орондоо иржээ. Түүнтэй цар тахлын үеийн Америкийн нийгэм ямар байгаа, мөн уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэж байна.


-Та саяхан америкт хөл хорионд байх үедээ нийгмийн сүлжээнд идэвхтэй байгаа харагдсан. Тэнд нөхцөл байдал ямар байна. Америкт хорионд байгаад ирсэн хүмүүсээс анх удаа тантай уулзаж байна. Хэдүйд тэнд очив?

-би ер нь америкт анх 1995 онд очсон хүн шүү. Нью-йорк дахь нүб-ын байнгын төлөөлөгчийн газар ажилладаг хэдэн гэр бүлээс өөр монгол хүмүүс тэнд ховорхон байсан. Утга зохиолын судлагч шүүмжлэгч Ч.дагвадорж багш Нью-Жерсид гэр бүлтэйгээ ирсэн, бас ардчиллын нэг баатар малыш энхтүвшин зэрэг хүмүүсийн сураг гарч байсан.

-Тэр үед ямар орноор дамжиж америкт очиж байв?

-Москвагаас Нью- Йоркт бууж байлаа. Онгоц буухаар доошлоход ёстой гайхмаар, онгоцны хэвлийгээс хатгачихмаар цоройсон өндөр, өндөр барилгууд сүртэй харагдаж байлаа. Онгоцон дотор оросын том баячуудын хүүхдүүд сууж явсан юм билээ. Шинэ оросуудын хүүхдүүд анх удаа л Америкт амьдарч, суралцахаар явж байсан нь тэр. орос жаалууд суудлаасаа босч дуу дуугаа авалцан “Агуу их америк сайн байна уу” гэж орилолдоод, алга ташаад сүйд ээ... миний дэргэд нэг настайвтар орос эмэгтэй суусан юм.тэр хэлж байна аа, “энэ хүүхдүүдийг харж байна уу, бүгдээрээ манай Оросын саятан тэрбумтнуудын хүүхдүүд.Энд амьдрах гэж ирцгээж байгаа юм. америкт амархан урвах нь дээ” гэж халаглаж байсан. миний хувьд тэгж очоод америкт бараг хоёр жил шахуу болсон. Тэнд байхдаа анхны роман “Чонын алтан шагайгаа” бичсэн дээ. Бас зэгсэн шуугиад байдаг “Хөх жавар” туужаа бичсэн. тэр муухай хараалч донойн тухай бичиж байхдаа зүрхээ вискигээр чангална шүү дээ. Ёроолд нь хүртэл харуулж жигжүүлэх санаатай хэт шүд зуусных байх. за ингээд яривал их олон юм болно, зогсъё.

-Одоогоос 10 жилийн өмнө солонгост байсан хүн сая явж ирээд гайхаж байна лээ.арван жилийн өмнөх солонгосчуудаас хийж бүтээе гэсэн эрмэлзэл, язганасан хөдөлмөр харагддаг байлаа.одоо их царцанги болжээ гэж.Өнөөдрийн Америк орон, америкчууд өмнөхөөсөө яаж өөрчлөгдсөн бэ.уран бүтээлч хүний мэдрэмж сонин байна л даа?

-Ерэн хэдэн оноос хойш өнөөдрийг хүртэл тэр тивд ирж очоод л яваа. ажил төрөл, амин хувийн журмаар.

Хорин жилийн өмнө очиход Америк тив маш тайван, ард түмэн нь амгалан байлаа. Ер нь газар газраас дэлхийн хамаг л бололцоотой хүмүүс тэнд оччихсон. Нөгөө айдастайгаар ярьдаг Харлимд хүртэл янз бүрийн үймээн шуугиан гаргадаггүй, айдас хүйдэс байхгүй. Аль ч газраар нь, өдөр шөнө хэдүйд ч тайван амгалан явж байдаг тийм улс орон байлаа даа. Гэхдээ гудамжинд буудалцаан болбол хэвтдэг юм шүү гэнэ.

-Одоо тэгээд...?

-Одоо гэхээр чинь 25 жилийн дараа гэсэн үг үү.Тэр үед чинь Оросын сүр хүчин буучихсан, хүн бүр л Америкийн бахархал гэж их ярьдаг. Дэлхийн хамаг хөгжил, шинжлэх ухаан, амьдрах боломж эндээс ундарч байна гэж америк хүн ярьдаг үе ид байлаа даа. Яг л 60, 70-аад оны үеийн Москва шиг. Өнөөдрийн Америк ялангуяа энэ цар тахлын үеэр тэр үеийнхээс харьцангуй их айдастай, хар цагаан арьстны хоорондын харилцаа гаднаа илт мэдэгдэхгүй ч цаанаа бол аюултай ч юм шиг болчихож... Обома Ерөнхийлөгч болсноос хойш харууд жаахан омогшсон байх. Сая цар тахал эхэлснээс хойш хүн хоорондын харилцаа бүр л өөр болж байх шиг. Трампт янз бүрээр хандаж байлаа.Цагаануудын дийлэнх шүтэн биширнэ, байшингийнхаа гадаа Трампт хайртай гээд биччихсэн нь ч харагдана. Бас агуу их Америкийн нэр хүндийг унагаж байгаа амьтан, сонгуулиар унагахсан гээд дургүй хэсэг ч нэлээд мэдрэгдэж байлаа. Мексикүүд, харуудын хүн амын тоо их өсчээ. Анх намайг Америкт очиж байх үед 20 гаруй сая гэдэг байсан санагдана. Одоо 30-аад сая лав болсон байх аа. Нийгмээ ингэж хуваахад Трампын хэлж ярьсан үг их нөлөөлсөн л дөө. Нийгмийн сэтгэл зүй нь их өөрчлөгдсөн. Гадаадын цагаачдад, ялангуяа Хятадын эсрэг бодлого хүчтэй явуулсан болохоор Азийнхныг хятадууд гэж хараад хавчих гадуурхах, биед нь халдах явдал нэмэгдсэн байна лээ.

-Үнэндээ сүүлийн үед Хятадын нөлөө Америкт маш их болсон шүү дээ. Том хотын дарга нар нь ихэнхдээ 1900-гаад оны үед Америкт цагаачилж очсон хятадуудын үр хойчис байдаг. Жишээ нь, Сан-Франциско хотын даргыг хятад хүн л хийж байх жишээтэй?

-Бүх салбарт хятадууд хүчээ авчээ, угийн хөдөлмөрч махруун, бас өөрийн гэсэн Күнзийн гүн үзэлтэй болохоор ямхын бодлогоор нэг л мэдэхэд асар их баяжиж, оройд нь гараад ирдэг юм байна. Харвард, Стэнфорд, Иейлын их сургуулийн багш том, том эрдэмтэд, банкны эзэд ч байна. Америкийн оюун ухааны хамгийн нөлөөтэй улстөрч тэнд байдаг. Уугуул америкчуудын араас бараг хятадууд тэнд гараад ирчихсэн байгаа. Хятадын бодлого хэзээ ямагт чимээгүй байдаг. Ямхын бодлого гэдэг дээ, чимээгүй зүтгэсээр байгаад гэнэт гарч ирдэг. Боломж болгоныг ашигладаг хүмүүст Америк үнэхээр таатай ертөнц л дөө.

-За ингээд сая таныг байх хугацаанд Америк тивд цар тахал дэгдлээ, эхэндээ ч тоохгүй, том байцгаах шиг байсан. Нөхцөл байдал яаж хүндрэв?

-Энд Трампын нэг үг л байгаа юм. Хамгийн айхавтар өдөж хатгасан үгийг хэлсэн шүү дээ, -“Уханийн ханиад” гэж байгаад “Хятад ханиад” гэж нэлээд шүүмжлэлтэй хатуу хэлсэн, ханиадныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой, эдийн засгийн хувьд төлөөс ч гэх юмуу өгөх хэрэгтэй ч гэсэн мэдэгдэл хийсэн. Трамп гэдэг хүний амнаас юу ч гарч мэдэхээр...Хэрэгт дуртай улс маргааш юу гэх бол? гэж тэсч ядан хүлээдэг бололтой юм билээ. Ингэх нь зөв, хэдүй болтол Хятад болоод цагаачдад ноолуулах юм бэ? гэнэ. Дэлхийн нэг номерын улс орны удирдагч хамаа намбагүй үг хэлнэ гэдэг асар аюултай. Хятадын талаас тун тэвчээртэй хандана даа, тэгж яривал ДОХ-ыг Америк гаргасан, бас төлбөр төлөх ёстой биз дээ гэж мэдээллийн хэрэгслээр бичих жишээний...Энэ хоёр их гүрний хооронд нүдэнд үл үзэгдэх дайсагнал юунд ч хүргэж мэднэ. Үнэхээр ч хятадууд чамгүй зүйлээр тэргүүлээд АНУ-ыг сандрааж байна шүү дээ. Тайванийн асуудлаас болоод бүр хурцдаж байгаа юм. Путины хэлсэн нэг үг бий, “Хэрвээ Орос -Америк хоёр дайтах юм бол дэлхийд нэг ч хүн үлдэхгүй” гэж. Үүнийг бүгд мэдэж байгаа. Ингээд Америкт цар тахал гээч нь эхэлж байгаа юм л даа. Тэгсэн өнөөх Трамп ерөнхийлөгч нь “Үүнээс айх явдал байхгүй. Энгийн л ханиад. Жирийн ханиадаар Америкийн хэдэн зуун мянган хүн үхдэг.Энэ бол сүртэй юм биш” гээд хэлчихсэн. Амны хаалт зүүх шаардлагагүй, хорио цээр ч хэрэггүй гэхчлэн Трампын зүгээс айхавтар алдаануудыг гаргасан. Жон Байден сонгуулийн гол тоглолтоо бараг л энэ ханиадаар хийсэн, харууд болоод цагаачдыг их дэмжлээ шүү дээ. Дээр нь Трамп бас хлорын төрлийн нэг зүйлийг хэрэглэхийн бол энэ ханиадыг дор нь дарж болох юм байна гэсэн бас нэг юм хэлчихэж байгаа юм. Тэгсэн манайхаар бол Америкийн Халдвартын төвөөс нь Трампын хэлсэн энэ бүхэн огт худлаа шүү гэсэн бичгийг айл өрхөөр даруйхан тараасан. Ингээд Трамп “Цар тахал” гээчийг эмгэнэл болгоод хаячихсан даа. Үүгээр би юу хэлэх гээд байна гэхээр Төр засаг удирдаж буй хүмүүс бүх шатандаа нэгдсэн ойлголттой, нэг цул байж, гаргасан шийдвэрээ зангидсан гар шиг биелүүлэхгүй бол тэгээд л сүйрч мэдэх юм билээ. Манайханд нэг шийдвэр гаргаад, түүнээ дараа нь засч өөрчлөөд мэдэн будилаад байх юм. Үүнийгээ өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалтай нийцүүллээ гэх нь буруу. Судалгаа нотолгоотой алсын бодлоготой хандахгүй бол их гай тарина шүү дээ.

-Та ингэхэд аль мужийн аль хотод нь байв?

-Пеннсилванниа муж улсын Данвилле гэж хотод байлаа. За миний амьдарч байсан хот бол оросынхоор бол томхон тосгон ч юм шиг жижигхэн маш тайван хот. Хотын захиргаа гэж байна. Гейсингер гэж асар том эмнэлэгтэй. Ер нь бол хаус хорооллын хот юм. Хүн ам сийрэг. Голдуу өндөр настнууд амьдардаг. Манайхаар бол Гүнт, Хандгайт гэдэг шиг л газар. Асар их хуурай ой модтой, ой мод хэдэн зуун жилийн өмнгөх ч байх. Өөрсдөө модоо ашигладаггүй, гаднаас авдаг юм билээ. Их хуурай учраас нэг гарсан түймрийн ард гарах хэцүү бололтой.

-Тэр хотод цар тахал яаж мэдрэгдэж байна?

-Гэнэт л хятадын ханиад ороод ирлээ л... болсон. Ингээд л асар том зөрчил эхэлсэн дээ.Америкчууд маск гэдгийг бараг мэддэггүй.“Костоко” гэж дэлхийн нэртэй том сүлжээ дэлгүүр байдаг шүү дээ. Тэр дэлгүүрт цагаан арьстан хяналтын ажилтан “Та маск зүү” гэж харуудад шаардлага тавихад “Чи миний эрхийг зөрчдөг хэн юм бэ” гээд шууд буудах жишээний. Ийм л том юм эхэлж байгаа байхгүй юу. Ер нь хүмүүс нь амны хаалт гэдгийг мэдэхгүй ундааны том сав, шинэ жилийн хачин баг зэргийг углаад инээд хүргэх жишээний. Бууны худалдаа замбараагаа алдсан даа, жирийн нэг буу ч биш байлдааны буу... Ер нь хүүхдэддээ 12-15 насанд нь буу авч өгөх эрхтэй гэнэ лээ. Манай хүүхдүүд тоглоомын буугаар тоглож байхад тэнд байлдааны жинхэнэ буугаар тоглож болно. Тэр жил оюун санааны өвчтэй хүүхэд сургуулийнхаа 20-иод багш, хүүхдүүдийг шүршээд хаясан тохиолдол ч гарсан.

-Энэ үетэй зэрэгцээд Америкт цагаан арьстан цагдаа, хар арьстан эрэгтэйг хөнөөсөн дуулиан хүчээ авах шиг болсон?

-За тэгсэн.Тэр хар нөхөр “Надад амьсгал өгөөч ээ” гэж хичнээн хашгирсан. Тэгээд байхад л америк цагдаа түүний шилэн хүзүүн дээр нь өвдөглөсөөр байгаад алчихсан нь хүний нүдэн дээр үйлдсэн хэрэг. Тэгэхэд л 30 гаруй муж улсад нь бослого гарсан.Америкчууд бас их сонин.Байшин шатааж, дэлгүүрт халдаж, хулгай дээрэм замбараа байхгүй, машин машинаар ачна. Хамгийн сонин нь тэр бүх үйлдэл, үймээнийг дураар нь хаячихсан хараад л...

-Яаж байгаа юм бол. Нөгөө хууль, цагдаа, хүчний байгууллага нь юу хийж байх вэ?

-Асар том том дэлгүүрүүдийг тоноход зүгээр л зөнд нь тавьчихна. Харууд ч башийна даа. Камераар алган дээр тавьж байгаа шиг хардаг болохоор хаа ч явсан бариад хорьчихдог юм билээ. Иргэний дайн эхлэх нүү гэтэл тэгсхийгээд намжина. Манайхан бол үймээн рүү шууд давхиж очин гал дээр тос нэмээд сүйд болдог. Тэд тэр их хөрөнгө мөнгөний талаар ер санаа зовдоггүй юм билээ.

-Иргэний асар том үймээнийг ингэж зохицуулдаг нь өнөөх л хүний эрхийг дээдлэдэг гэх улс орны арга барил юм байлгүй дээ?

-Өнөөдөр Америк тивд хүний эрх гэдгийг нийтээрээ биш ч ерөнхийдөө гуйвуулах талдаа ойлгодог болчихож. Олон олон америк хүний ярьж байгаагаар бол “Одоо энэ Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол болохгүй нь ээ” гэж. Олон зуун жил Үндсэн хуульдаа огт гар хүрээгүй бахархал гэдэг чинь шал худлаа юм байна.Үндсэн хуулиа өөрчлөх ёстой юм байна. Хүний эрх гэдэг нь Нийгмийн эрх гэдэг асуудлаар зохицуулагдах ёстой юм байна гэхчлэн ярьцгаах болж дээ.Миний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэдэг худлаа.Нэг иргэний эрхээс хол илүү Америкийн эрх ашигийг ярих цаг болсон гэж үзэх болж.

-Тэр олон буугаар өөрсдийгөө хамгаалах уу?

-Тэгэлгүй яахав. Хашаанд нь зөвшөөрөлгүй орж ирсэн хүнийг өчиггүй бууд гэсэн нэг хотын даргын шийдвэрийг хүртэл би харлаа. Тэр хотын даргын нэрийг санахгүй байна.Нөхөр иймэрхүү утгатай юм ярьж байгаа юм, “Манай хот бол ариун гэгээн хот, Манай хот бол дээд зэргийн сахилга баттай үлгэр жишээ хот.Хотын дарга би захирамж гаргаж байна.Ямар нэгэн сэжигтэй этгээд ойртвол шууд буудахыг зөвшөөрч байна” гэж... мөн айхавтар байгаа биз.

-Таны байсан айл бас зэвсэглэх юм уу?

-Миний амьдарч байсан айл гэхэд том жижиг гурван төрлийн буутай.Өөрийнх нь эдэлбэр газарт хүн зөвшөөрөлгүй орж ирэх юм бол буудахаас өөр арга байхгүй. Америкийн нийгэмд маш буруу нэг зүйл бий. Харууд аюултай л даа, тэд гэмт хэрэгтэн байж болно. Тэд нэг л сөрөг гэмээр үйлдэл хийвэл газар дээр нам бууддаг хуультайг Америкт очсон бүх монголчууд мэднэ. Ядаж амин бус газар нь шархдуулдаг баймаар. Би монгол сэтгэхүйгээрээ ярьж байгаа байх. Гэхдээ шууд л хэд хэд буудна. Энэ бол хамгийн аюултай. Би Америкт байхдаа өглөө бүхэн гүйж алхдаг байлаа.Өдөржингөө юм бичээд сууж байгаа хүн чинь. Нэг удаа тас хар малгай, тас хар нүдний шилтэй, дээр нь хар бэлтгэлийн өмд цамцтай хав хар юм л гүйж явсан чинь нохой дагуулсан нэг эмгэн учиргүй чарлаад гэр рүүгээ гүйгээд орчихлоо.

-Юу болох нь тэр вэ?

-Лалын шашинтан шиг харагджээ. Би асуудал биш болсныг гадарлалаа, нөгөө айл руу чинь хартал цонхоороо буу шиг л юм цухуйлгаж байгаа харагдана. Надад бол буу л харагдсан л даа. Би ч зүгээр хар хурдаараа гэр рүүгээ гүйлээ.Орой нь гэрийнхэндээ хэллээ, ийм ийм юм боллоо гэж. Тэгсэн “Та чинь тийм хувцастай гадуур явж болохгүй шүү дээ. Энд хэзээ ч бүх хувцас нь хараар явж болдоггүй юм. Терорист л гэж айна. Танд цагаан цайвар, цэнхэр хувцас авч өгье” гэсэн.

-Хатуу чанд хууль яс тас хэрэгжиж байгаа улс оронд бүх зүйл сайхан гэсэн ойлголт бидэнд бий. Одоо арай өөр болж байгаа юм байна?

-Ер нь ийм л хуультай, ийм л нийгэм явж ирсэн. Гэхдээ өнөөгийн америкчуудыг харахад стресс ихтэй болсон байна. Ажлын асар их дарамт байна. Хүүхдээ төрөнгүүт л коллеж, сургуулийн асуудлыг нь бодоод явчих юм. Манайхан бол 12 дугаар ангийг нь төгстөл юу ч бодохгүй. Мөн тэнд амьдарч буй байшин бүр нь өр. Нөгөө урт хугацааны зээл, лизинг. Тэрийгээ л төлөхийн төлөө зүтгээд байж байдаг. Миний байгаа айл гэхэд таван машинтай. Нэг нь эмнэлэгт ажилладаг, нөгөө нь компьютерийн мэргэжилтэй гэрээсээ ажил хийдэг. Хоёулаа сард 50, 50 мянган долларын орлоготой.Тэр олон машинаар яадаг байна. Тэгсэн тэр нь “Хөрш айл маань ийм байхад бид ийм байх ёстой, юугаараа дор орох юм” гэсэн сэтгэлгээ.Ийм өрсөлдөөн аймшигтай, үргэлж түүнийгээ ярьж байдаг. “Та хоёр болж байна шүү дээ, ийм сайхан байшин сууцтай, машин тэрэгтэй, хангалуун сайхан...” гэхэд “Үгүй ээ, манай дүүгийнх гэхэд таван байшинтай байна шүү дээ” гээд шаналаад, зовоод... мөн их стресс шүү. Дээр нь ажлаасаа халагдачих вий гэсэн стресс байна. Сургууль соёл, цалин хөлс, зээл лизингийн стресст америкчуудын хэдэн хувь нь байдаг юм мэдэхгүй, бүгд оюун санааны нервтэй. Ийм л нэг бие эрхтний биш оюун санааны аймшигтай стресс илт ажиглагдлаа. Энэ нь нөгөө “Чи сайн ажил, бүх зүйл чөлөөтэй, тэгээд гарч ир, чадахгүй бол хохь чинь” гэдэг нийгмийнх нь шинж чанар юм даа. Гарч ирэхийн тулд их дороос л гарч ирнэ. Яг нарийндаа америкчуудад одоо оюун санааны хямрал нүүрлэчихжээ.Би Америкийг муулж байгаа юм биш хар тамхийг зохих түвшинд зөвшөөрсөн байдаг нь ч үүнтэй холбоотой байх.

-Хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барил нь ямар санагдав?

-Тэр бүтэхгүй ээ. Өнөө цар тахлын үеийн америк чинь явсаар байгаад ийм юм руу орчихов уу...

-Тэглээ...

-Америкт хүүхдэд “Үгүй” гэж хэлж болдоггүй.Миний байсан айлын гурван настай хүү бол шавартай холилдоод, дотор нь зууралдаад, хувцсаа бол найгүй болгож байгаа юм.Хорьж болохгүй гэнэ дээ.Дуртайгаа хийх ёстой юм байна. Гурван настай хүүхэд “Намайг зодох гэвэл цагдаад өгнө шүү” гэж хэлсэн байгаа юм. Чи хаанаасаа үүнийг сурчихав гэхээр “Цэцэрлэгийн багш тэгж хэлсэн” гэж дуугарч байна гэх.Гуравхан настай амьтан /инээв/.Хүүхдийг яаж ч байсан зөнд нь харна. Ингэж л хүмүүжүүлдэг юм байна лээ. Хүүхэд рүү нь жаахан л зандрах маягтай дуугарвал тэгээд л цагдаа дуудна. Бас 10 настайгаас нь эхлээд хүүхдэд буу авч өгч болно гэж зөвшөөрсөн байна.

-Таныхаар бол Америк дахь хүний эрхийг мушгих нь арай хэтийджээ, эргээд өөрсдийг нь багалзуурдаж мэдэх нь гэж хэлэх гээд байна. АНУ гэдэг бол хүний эрхийг дээдэлдгээрээ дэлхийн загвар гүрэн шүү дээ?

-Америк тив бол үнэхээр хөгжил цэцэглэлт, шинжлэх ухааны ололт, техник, армийн хүч... гээд бүх зүйлээрээ бахархалтай орон. Гэвч өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад америкчуудын Хүний эрх чинь бодууштай юм байна шүү, хэрээс хэтрэх тал руугаа явчихсан байна гэдгийг л мэдэрснээ ярьж байна. Ер нь бол тэнд нийгмийн ялгарал хэтийдсэн. Америкт аливаа нийгмийг хамарсан үймээн шуугианыг шууд нам дарж болдоггүй. Хятадад бол дор нь л нам дардаг. Өчнөөн дэлгүүр хоршоогоо тоноод л, баахан машин тэрэг шатааж, банк тоносны дараа л Үндэсний гвардын арми буюу цэргээ оруулж байх жишээний. Ийм нийгмийг одоо ямар нийгэм гэх вэ? Сая Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд иргэд урьд хожид байгаагүй их олноор идэвхтэй санал өгсөн нь цаанаа бол Америкийг өөрчилье, шинэчилье гэсэн санаа. АНУ-ын Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг амаргүй. Ард түмнээрээ хэлэлцэнэ. Муж улс болгон өөрсдийн хуультай. Сая бол арав гаруй мужийн захирагч нь ерөнхийлөгчийнхөө эсрэг шууд зогслоо шүү дээ, Трампын эсрэг. Америкийн Үндсэн хуулийг ерөнхийд нь өмнөө бариад л асуудалд хандана уу гэхээс биш ерөнхийлөгч “Тэг” гэсэн шийдвэр өгөхөд “За” гээд толгой дохидог мужийн захирагч бараг байхгүй юм билээ. Одоо бол Жон Байдений өмнө том шалгуур гарлаа. Санаанд оршгүй их юм гарна даа. Трамп бол бодсон сансанаа л хэлж ярьж, хийж хэрэгжүүлж яваад уналаа. Америк тогтворгүй болбол дэлхий тогтворгүй болно гэсэн үг. Дэлхийн энхтайвныг Америк цэргийн хүчээр барьж тогтоож ирсэн. Трамп бол Америкийг ганцаардуулахад хүргэсэн. Тэр орон зайг Хятад маш овжноор ашиглалаа. Европ тэр чигээрээ Хятадаас тэрбум тэрбумаар нь зээл авч байна. Африк тив тэр чигээрээ Хятадыг шүтэж байна.

-Америкт байгаа монголчууд маань цар тахлын үед ер нь ямаршуухан байна вэ?

-Од хийморьтой яваа монголчууд Америкт олон байна. Тэнд сайн яваануудаа энд байгаа монголчууд бүгд сайн мэддэг болжээ. Жинхэнэ оюуны охь манлайд гарч ирж яваа залуус тэнд цөөнгүй байна.Цахиурын хөндий гэж ярьдаг шүү дээ, программ хангамжийн чиглэлийн дэлхийн супер компаниудад хүчээ авчихсан монгол инженерүүд байна.Билл Гейтсийн компанид ажиллаад цоройгоод гараад ирсэн инженерүүд байна. Нэг зүйлийг онцгойлон хэлэхэд, за нэг их удахгүй АНУ-ын төрийн департаментад цэвэр монгол цустай Америкийн иргэд гараад ирэх юм билээ дээ.Тодорхой хугацааны дараа монгол аав ээжийн хүүхдүүд, ач зээ нар Америкийг удирдаад явах нь тодорхой юм билээ.Цаг хугацааны л асуудал.Америкт байр сууриа олчихсон монголчуудын хувьд асуудал алга. Харин энэ цар тахлын үеэр Америкт түр очсон буюу хүүхдүүдээ бараадаад оччихсон хүмүүс зовлон хэлж байгаа юм. Энэ хөл хорионы үеэр эх орон гэдгийг жинхэнэ зүрх сэтгэлдээ мэдэрч байна лээ дээ. Хүний нутгийн цаг агаар, орчин нөхцөл хичнээн сайхан, хичнээн баян байгаад миний эх орныг төлөөлж чадахгүй гэдгийг Америкт байгаа монголчууд яс махаараа мэдэрч байна. Миний нэг эмзэглэсэн зүйл бол 80, 90 нас хүрсэн хүмүүсийг үр хүүхдүүд нь Америкт авааччихсан. Сая намайг ирэхэд онгоцонд хэд хэдэн тийм хөгшчүүл тэргэнцэр дээр ирлээ. Ээ дээ залуус минь, мөн ахмадууд үүнийг маш сайн бодоорой, туйлын аюултай юм байна шүү. Тэнд хөгшчүүлийн бие муудаад дор орох юм бол Америкт арав, хорин жил зүтгэж босгосон хүүхдүүдийнхээ амьдралыг санхүүгийн хувьд бүрэн сүйрүүлэх юм байна лээ.Мэдээж муусайн үр хүүхэд, ач зээ нар нь жаргаая, эмчлүүлье гэж аваачдаг байх. Сая тэндээс эмчилгээний өртөгийг нь дийлэхгүй маш олон хүн онгоцоор арайхийж ирлээ. Дээр нь эх орноо санаж үхэх гэж байгаа юм.

-Та ер нь сая бол хаширчээ...

-Ганц Америк биш энд тэнд өндөр настай монголчууд их байдаг юм байна. Жишээ нь, би өөрөө тэр айлд түгшүүр болж байгаа юм. Миний нүдний даралт ихэслээ. Эмчид үзүүлтэл яаралтай хагалгаанд ор гэдэг юм байна. Хагалгааны үнэ нь бүр тэнгэрт хадсан. Та бод доо, манай энд бараг хүүхэд бүр шүдний аппарат хийлгүүлдэг биз дээ. Тэнд 26 000 доллар байгаа юм. Яаж төлөх юм бэ. Ийм их өртөгтэй нийгэмд чинь хүн яаж тайван амьдрах юм. Манайхаар бол өрхийн эмнэлэг дээр нь очоод суулаа, нэр дуудахыг хүлээгээд. Оройны таван цаг гэхэд хүлээгээд сууж байна. Энд яадаг билээ, хүнд сурталтайг нь дуудаад, орилоод бахираад, сошиалд бичээд баллаж өгнө. Тэгж их нарийн удаан үздэг юмуу, яадаг юм. Энэ их зовлонтой. Манайхан дуртай эмийн сандаа ороод дуртай эмээ аваад ууна. Тэнд эмчийн бичиггүй нэг ч эм өгөхгүй. Дээр нь эмийн сангаар үйлчлүүлэх гэж 2-3 цаг болно. Тэгж эмийн хэрэглээний аюулгүй байдлыг хангадаг. Би тэнд хагас жил боллоо. Довон дээрээ байгаа хүмүүс эх орныхоо үнэ цэнийг мэдэхгүй, өөр газар амьдарч байж л мэддэг. Гадагшаа түр зуур яваад ирэхэд юу ч мэдэхгүй. Хүний газарт жаахан зовлон үзээд ирэхээрээ эх орныхоо үнэ цэнийг яс махаараа мэдэрнэ. Гадаадад амьдарч байгаа монголчууд бол жинхэнэ эх орончид байдаг. Эх орноо өмгөөлдөг, санаа тавьдаг, хамгаалдаг. Манай энд байгаа зарим нөхдүүд бол харин жинхэнэ хийрхэгчид байх.

-Америкт тэгээд таны нэг өдөр яаж өнгөрч байв?

-Би тэнд өглөө үдэшгүй л “Биднийг Монголын минь газар шороон дээр гишгүүлээд өгөөч” л гэж гуйж залбирч байлаа даа.Миний эх орон шиг дураараа, эрх чөлөөтэй, ядуу мөртлөө баян хүн шиг аяглаж аашилж явдаг, төр засгаа хэнээс ч айхгүй шүүмжилдэг, гараад л архи уудаг, ажил огт хийхгүй мөртлөө сайхан амьдраад явдаг... ийм газар орон ер нь байхгүй. Бид бол хамгийн аз жаргалтай амьдарч байна. Бид чинь бүдүүлэг биш юм байна.Бид чинь жинхэнэ натурал амьдардаг юм байна. Америк тивийн нүдээр Монголыг харахад бол өнөөдрийн ган зуднаар хэдэн малаа туугаад, дуртай газраа хоноод явж байгаа чинь энэ дэлхийн эрх чөлөөний туйл юм. Үүнээс илүү эрх чөлөөт нийгэм дэлхийн өөр хаана ч байхгүй. Өөдөөс чинь хэн ч буудахгүй. Сайндаа жаахан хэрэлдэнэ биз. Бид Монгол эх орондоо хайртай байх цаг ирсэн байна шүү.

Үргэлжлэл бий

Онцлох нийтлэлүүд