Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг өнөөдөр анхны хожлоо авлаа “Ятгах тусам нягтал-2021” аяныг эхлүүлэв Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто маргааш Монголд айлчилна Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг өнөөдөр анхны хожлоо авлаа “Ятгах тусам нягтал-2021” аяныг эхлүүлэв Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто маргааш Монголд айлчилна Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа
Улс төр
2021.06.21 09:06

Зуу зуун хүний амиар 100 жилээ тэмдэглэх нь арай харгис уу


Наадам хотод болох юм байна. Аймаг, сумдын наадмыг хориглосон учир хөдөөний уяачид, бөхчүүд тэр чигээрээ Цэнгэлдэхэд, Хүй долоо худагт цуглах юм байна. Урьд хожид үзэгдээгүй тийм их уяач, морь, морины хүүхэд, машин техникийн бөөгнөрөл болох нь. Хурдан морийг хүн уядаг, хүүхэд унадаг болохоор хамт ирнэ биз дээ. Бүтэн жилийн хөдөлмөр, хөрөнгөө зориулсан уяач бүхэн заавал уралдахыг бодно. Ганц боломж нь энэ зуны тухайд Хүй долоо худаг болжээ. Долдугаар сарын 1-нээс хойш Хүй долоо худагт ер нь юу гээч болж бантагнах бол. Төр засгаас хүн олноор бөөгнүүлж, халдварын эрсдэл нэмэхгүй гэж наадмыг хорьсон гэж бодож байгаа. Гэтэл эсрэгээрээ ингэж л харагдаад байх юм. Дагуулж тонгорно гэдэг шиг хөдөөд нь хорьж, хотод нь бөөгнүүлж, МАН-ын 100 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмаа сүр жавхлантай хийх нь.

Бөхчүүд мөн адилхан. Аймаг, сумын цол авна гэж бүтэн жил бэлтгэл хийсэн. Үүнийгээ талаар болгохгүй. Ядаж 100 жилийн ойн их баяр наадмын бөхийн дансанд нэр, цолоо мөнхөлье гэнэ. Бөхчүүд ийм зүйлд хэзээнээсээ их ач холбогдол өгдөг юм. Геннисийн номонд бичигдэнэ гэсэн чинь алс хязгаар Ховдын Булганаас хүртэл арваараа ирээд, нийслэлийг зодог шуудаг бүсэлсэн харчуудаар дүүргэж алах шахаагүй юу. Ардын хувьсгалын 100 жилийн ойн 1024 бөхөд үүнээс дутахгүй ач холбогдол өгч байгаа нь лав.

Дээр нь Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор 900 харваач нум сум харвана гэж байгаа. Төрийн хүндэтгэлийн олон арга хэмжээ дуулдана. Баярын хурлаас эхлээд 100 жилийн ойн бүх оддын тоглолт, ахмад, дунд, залуу үеийнхний уулзалт, чөлөөт нислэгийн үзүүлбэрүүд... юу юу ч гэнэ вэ, тоолж барахгүй олон арга хэмжээний хөтөлбөр нууц түвшинд байна. Хөтөлбөр, төсөв нь хэдүйн батлагдчихсан байна. Энэ бүгдийг чимээгүйхнээр зохион байгуулчихъя гэж тохирчээ. Наад зах нь наадмаар 100 жилийн ойн медалиа гишүүддээ зохион байгуулалттай зүүж өгөх, түүнийг нарийн сайн зохион байгуулах үүргийг хот, дүүрэг, хороо, аймаг, сум, баг, жалгын намын үүрүүддээ аль хэдүйн үүрэгдчихсэн одоо бужигнаж байна.

Энэ их хөл хөдөлгөөн бүхэн коронагийн халдвар, нас баралтын түвшин. Ингэж ер нь яах гээд байгаа юм бэ, МАН-ынхаан. Ийм юмны эцсийн үр дүн нь үхэл хагацал их болчихоод байгааг саяны сонгуулиас ойлгоогүй байна уу. Энэ муу тахал яах вэ, зуун жилдээ ганц тохиох намынхаа их ойг үзэл суртлын өндөр түвшинд тэмдэглэнэ шүү гэсэн өвгөчүүл МАН-ын цагаан байраар дүүрэн байгааг, дунд, залуу үеийнхэн нь дэмжээд гүйж байгааг харахаар аймаар байна. “Баярла, дараа нь үх” гэсэн үзэл суртал нэвт үнэртээд байх юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтын хөөр, намын 100 жил, Ардын хувьсгалын 100 жил гэж хийрхээд энэ намд, энэ эрх баригчдад сэхээ алга болчих шиг байна. МАН-ынхан гэж Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмаараа гоё хээнцэр, баян чинээлэг харагдахын хүслэн болсон хүмүүс. Эхнээсээ эхнэр хүүхэд, найз охиддоо авч өгч буй гоёл зүүсгэл, дээл хувцас нь зуу зуун саяын үнэтэй юмнууд дуулдана. Ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмын индэр дээр суухдаа өмсөх гоё дээл, үнэтэй утсандаа анхаараад юун ковидтой манатай боллоо. Хүй долоо худагт гоё гэр барьж, үнэтэй машинаа харуулахсан гэж амь нь тэмцэцгээж байгаа сурагтай. Ингэж ард түмнээ доромжилж, дорд үзэхгүй ээ, МАН-ынхаан.

Ер нь бол наадамдаа ч гол нь биш, МАН-ын 100 жилдээ гол утга учир нь байгаа бололтой. Нам засгийнхаа ач ивээлээр хоолонд хүрснээ харуулах гэсэн залуу дарга нар нь намынхаа цагаан байшин руу уут уутаар хандивын мөнгө барин гүйлдэж байгаа гэх. Ард түмэнд дутаж байгаа бүхэн энэ намд илүүдэж байдаг Монгол юм аа.

Үнэн хэрэгтээ иймдээ хүрэх үнэ цэнэтэй намын 100 жилийн ой мөн үү. Зарим монголчуудын хувьд бараг жигшин зэвүүцэж буй ойн арга хэмжээ. Өвөө эмээг нь, аав ээжийг нь, ах эгчийг нь, үндэсний соёлыг нь, үндэстний сэхээтнүүдийг нь, үнэт зүйлийг нь хүртэл үр үндэсгүй болтол хүйс тэмтэрч байсан улс төрийн хүчний тэгш ой юм. Үүнийг эсэргүүцэх хүмүүс байгаа, тэдэнд тэртээх 1937 оны түүхийг ганц шөнө уншчих гэж хэлье. Энэ намын түүх бол хатуу ширүүн, харгис хэрцгий, цусан замтай, 30 мянган хүний амиар босч ирсэн түүх. Монголчуудыг бүтэн 70 жил үзэл суртал, матаас залхаалт дунд авч явсан түүх. Шөлний ганц хонинд сөхөрсөн, насны минь эцэст нам засаг минь намайг тэжээнэ гэсэн цор ганц итгэл найдвартай, эсгий бүрээстэй бор гэрээс өөр хувийн өмчгүй, ядуу зүдрүү, өлмөн зэлмэн амьдарсан он жилүүдийн түүх. Бидний монголчууд ийм л нийгмийг байгуулж явсан МАН-ын 100 жилийн ойд том бэлэг барилаа. Тэр нь юу гэхээр энэ намд улс орныхоо бүх эрх мэдлийг сонгуулиар өглөө. Хувь заяагаа тэдний гарт атгууллаа, ардчиллыг хөсөр хаялаа. Хувь хүний эрх чөлөөгүй, үзэл суртлын хатуу хяналттай, нэг намын буулган дор гундуухан амьдарч байсан монголчууд арайхийн зах зээлийн нийгэмтэй залгасан юм. Тэр бол ерэн оны хувьсгал. Ардчилсан хувьсгалаар зах зээлийн нийгэмд шилжиж байж л монголчууд түүхэндээ анх удаа өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй, аж ахуйтай, сая доллар ярьж, Америкт аялдаг болцгоосон. Өнөөдөр ардчиллыг зүхэж, МАН-ыг мандуулагсад бүгдээрээ ардчиллын үр шимийг үзэж, үр хүүхдээ баруунд сургаад авсан бэртэгчингүүд. Ядаж үр хүүхдийнхээ сайн сайхан явааг өмнөх нийгэмтэй хийгээд өнөөдөртэй харьцуулж бай гэж тэдэнд хэлмээр санагддаг.

Монголыг гундаасан цөвүүн цагийн энэ нам ингэж сүрхий 100 жилийн ой тэмдэглэх хэрэггүй байна. Тэмдэглэхдээ иргэдээ зуу зуугаар нь үхүүлж, 100 жилийн ойн баяраа хийх нь арай харгис уу, үгүй юү. МАН ялалт бүртээ бяр орж, юуг ч тоохоо больжээ. Зургаахан сарын өмнө Монгол Улс нас баралтгүй, халдвар мэдрэгдэх төдий, дэлхийн хамгийн цэвэрхэн улсаар нэрлэгдэж байлаа. Тэгсэн өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд намын баяр, намын 100 жилийн ойн эхлэл хэмээн нийгмийг хамарсан аварга том арга хэмжээнүүдийг зохион байгуулж, намын цагаан байрандаа өдөр бүр хэдэн зуугаар нь хүмүүс цуглуулан бэлэг тарааж, дуулж хуурдсан. Тэр дороо намынх нь байранд байсан хүмүүсээс 50, 60-аар тоологдох халдварууд илэрч, түүнийгээ нам дарж нууцалсан. Өнөөдөр нэг ч хүн үхэхгүй байх боломж Монголд байсан юм шүү. Гэвч энэ их үхэл хагацал, халдвар тархалтууд тэрхүү гуравдугаар сарын 1-ний намын баярынх нь нийгмийг хамарсан шоунаас эхэлсэн юм.

Өнөөдөр МАН-ын зүгээс Монголын нийгмийг үзэл суртлын золиос болгож байна. 100 жилийнхээ ойгоор УИХ-ын сонгуульд ялна. 100 жилийнхээ ойн наадмыг өөрийн Ерөнхийлөгчөөрөө нээлгэнэ хэмээн бүтэн жил үзэл суртал хийлээ. Золиосонд нь олон монгол хүний амь нас үрэгдэв. Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулж болох байсан. Гэвч эрх баригчид бярдаж хийсний гор өнөөдөр өдөр бүр 3000 халдвар илэрч, үхлийн тоо 10-аас давлаа. Шулуухан хэлэхэд, намын баярынх нь арга хэмжээнүүд, сая Ерөнхийлөгчийн сонгууль хоёр цар тахлыг дийлдэхгүй хэмжээнд хүргэлээ. Намынх нь гишүүд үүнийг гадарлаж байгаа. Хөгшин залуугүй үүнийг дотроо мэдэж байгаа. Гэвч хэн нь ч энэ тухай ярихгүй, дуугарвал алуулах учраас. Энэ нь л өөрөө нэг намын дарангуйлал, үзэл суртлын дарангуйлал, дэглэмт нийгэм тогтож байгаагийн тод илрэл юм. Энэ байдал цааш хэвээр үргэлжилбэл нам дотроо өөрсдийгөө барьж идэх хэмжээнд очицгоодог замналтай юм. Ардын намын анхны долоо болох Данзан, Бодоо, Чагдаржав, Лосол, Догсом, Сүхбаатар, Чойбалсан... бүгдээрээ өөрсдийнхний матаасаар Сталины махны машинд хэрчүүлсэн шүү дээ.

Эцэстээ ийм л түүх рүү явдаг, давтагддаг МАН-ынхан өнөөдөр Ардын хувьсгалын 100 жилийн наадмаар индэр дээр гоё дээлтэй, одон медальтай ирийтэл сууцгааж, нээж үг хэлж, нийтээр нь алга ташуулахын төлөө халдварт цар тахлыг тоохгүйд хүрлээ. Энэ их баяр наадам чинь бодит амьдрал дээр ямар ч хэрэггүй цаг үе ирчихээд байна. Цахимаар уяачид, бөхчүүд, урлаг соёлынхон, өөрсдийгөө тогос шиг гоёсон дарга нар, тэдний авгай хүүхдүүдийг л бид харна. Та нарыг хараад ард түмэн чинь жаргах юм уу. Дархлаа нь сэргээд ковидоос хамгаалагдах юм уу. Өвчин тахалдаа дарлуулчихсан хэдэн муу халтар ард түмэндээ та нар хичнээн гоё харагдаад ер нь яах юм.

Тийм болохоор наад намын 100 жил чинь, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадам чинь Монголын ард түмний хувьд цэвдэг хүйтэн цэнгэл болж хувирах нь. Зуу зуун хүний амиар 100 жилээ тэмдэглэх чинь дэндүү харгис байна. Бодит үнэн ийм хойно Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяраа зогсоо. Наадам хийхээ боль. Энэ жилдээ март. Одоо зөвхөн халдвар тахал, үхэл хагацал, вакцины үр дүн, эдийн засгаа яаж авч гарах дээрээ төвлөрцгөө. Бид амьд үлдмээр байна, тэсч гармаар байна. Нэгэнт хүчээ авсан цар тахал ядарсан Монголоос юуг ч асуухгүй, хяргаад өнгөрнө. Тэр үед яах юм, ирэх жилийн өдийд үхлээ хүлээсэн хэдэн монгол хэвтэцгээж байх юм уу. МАН-ын дарга та нар ч яахав, эхнэр хүүхдээ аваад эх орноосоо зугтацгаачихна. Ард түмэн бид л та нарын баяр цэнгэлийн золиос болоод эх орондоо тийчлээд үлдэнэ. Өөр яах ч билээ, бидэнд эх орноос минь өөр юм байх биш...

Б.НЯМАА

Онцлох нийтлэлүүд