ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2019.07.16 03:07

З.Энхболд: Монгол Улсын хүн амтай харьцуулахад УИХ 114 гишүүнтэй байх шаардлагатай ч 108 болгох саналыг гаргасан

Image result for з.энхболд

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын талаар мэдээлэл хийлээ. Түүний хэлсэн тайлбарт:

  • Үндсэн хуульд “хот” хэмээх үгийг оруулж, нийслэл, аймаг, хот, дүүрэг, сум… хэмээн тусгажээ. Ингэснээр 300-аас дээш мянган хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүрэг аймгийн хэмжээний засаг захиргааны нэгж буюу хот болно.
  • Ерөнхийлөгч Дээд шүүхийн шүүгчийн томилгоо 12 жил байх, болон Засгийн газрын дөрвөн гишүүн нь давхар дээлтэй байх заалтыг дэмжихгүй. Зөвхөн Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүн байхыг зөвшөөрч үлдсэн сайд нь УИХ-ын гишүүн байх ёсгүй гэж үзэж байгаа.
  • УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн системийг холимог болгох, тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглох зэрэг заалтыг оруулсан. Иргэдийн хурал, УИХ, Засгийн газар гэх мэт төлөөллийн бүх байгууллагын бүрэн эрхийн хугацааг 5 жил байхаар оруулсан.
  • Хот, аймаг бүр УИХ-д төлөөлөлттэй байх зарчмыг хангах бөгөөд гишүүдийн 50-ийг намын жагсаалтаар оруулж ирэхээр саналдаа тусгасан.
  • Засгийн газрын хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах одоогийн төсөлд тусгасан дөрвөн гишүүн давхар дээлтэй байх талаар Ерөнхийлөгч санал нийлэхгүй байгаа. Харин тэрбээр Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын бүх гишүүн дан дээлтэй буюу УИХ-аас хамааралгүй байхаар хуульд тусгаж, саналаа боловсруулсан.
  • Байгалийн баялаг төрийн өмч байна гэсэн заалтыг ард нийтийн өмч байхаар саналдаа тусгасан. Мөн гадны хөрөнгө оруулалттай компани байгалийн баялаг ашиглавал хөрөнгө оруулалтаа 100 хувь өөрсдөө гаргаж, ашгийн 51 хувийг Монгол Улс хүртэхээр тусгажээ.

Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн саналыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар болсон. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Долоон байгууллагын саналыг авна. Засгийн газрын саналыг авахгүй. Долоон байгууллага саналаа ирүүлж дуусч байгаа” гэлээ.

Онцлох нийтлэлүүд