ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2018.11.16 04:11

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 112 жилийн ой маргааш тохионо

Нийтлэлч: Өдрийн сонин

Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн 112 жилийн ой маргааш тохионо.

Тэрбээр 1906 оны арваннэгдүгээр сарын 17-нд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төрсөн билээ.

Түүнийг долоон настай байхад нь эх Цоомойн Пагма нь бие барсан тул тэрээр эцэг Дашдоржийн эвгээлд өсөж өндийжээ.

Бага насандаа гэрийн боловсрол эзэмшиж, 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв.

1921 оноос Цэргийн яаманд бичээч, Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга.

1924 онд 18 настай Д.Нацагдорж Улсын Анхдугаар Их Хурлын зохион байгуулалтын ажилд оролцож байжээ.

1925 оноос Бүх Монголын пионерийн товчооны дарга хийж байсан.

1923 оны долдугаар сарын 24-нд тусгай комиссын боловсруулан нийтэлсэн "Эдийн засгийн үндсэн бодлого"-ын 15 дугаар зүйлд аж үйлдвэр, техник, технологийн арга ажиллагаанд суралцсан дунд, тусгай, дээд түвшний үндэсний боловсон хүчинг гадаадын аль нэг улсад бэлтгэн сургахаас өөр аргагүй болсныг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ямагт сурч боловсрохын төлөө шамдаж ирсэн Д.Нацагдорж нь ЗХУ-ын Ленинград хотноо Улс төрийн академид 1925-1926 онд суралцав.

ХБНГУ-ын холбогдох албаны хүмүүстэй ярилцаж тохиролцсоны дагуу 1926 оны есдүгээр сарын 11-нд намын Төв хорооны Зохион байгуулах зөвлөлийн 24 дүгээр хурлаас Д.Нацагдорж, Пагмадулам, Пунцаг, Лувсанчүлтэм, Санжаа, Бат-Очир нарын зургаан хүнийг Герман руу явуулж сургах шийдвэр гарсан байна. Ийнхүү Герман, Франц улс дахь сурагчдын тоо нийтдээ 44 хүрчээ.

Д.Нацагдорж нь 1926-1929 оны хавар хүртэл Берлин, Лейпциг хотод хэл бичиг, сонин, сэтгүүл, дорно дахин, ерөнхий эрдэмд суралцан орос зөвлөлтийн болон дэлхийн сонгодог зохиолчид, эрдэмтэн мэргэдийн бүтээлтэй эх хэлээр нь танилцжээ.

1929 оны хавар эх орондоо буцаж ирээд нэг жил Төмөрийн үйлдвэрт орчуулагч, 1930 оны хавраас 1931 оны нэгдүгээр сар хүртэл "Залуучуудын үнэн" сонинд утга зохиолын ажилтан, 1931 оны нэгдүгээр сараас Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1934 оноос мөн хүрээлэнд түүхийн ба дуун ухааны тасгийн эрхлэгчээр ажиллаж, 1937 оны гуравдугаар сарын сүүлчээс Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж байв.

Ийнхүү 1937 оны долдугаар сарын 13-нд нас барсан юм.

Түүний гэгээн дурсгалыг Багануур дүүрэг, Баяндэлгэр сумын нутгийн удирдлагууд хүндэтгэж, төрсөн өдрөөр нь хөшөөнд нь цэцэг өргөж, “Миний нутаг” яруу найргийн наадам зохион байгуулдаг билээ.