Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн “Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн
Цаг үе
2014.08.14 11:08

И.Штрауссын “Сарьсан багваахай”-г хөдөөгийн театрт тавина гэдэг том үзэгдэл

Дуурийн найруулагч, хөгж­­мийн  зохиолч Г.Эрдэнэ­баатартай ярилцлаа.


-Энэ зун та ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Иоханн Штрауссын “Сарь­сан багваахай” гэж дэлхийн сонгодог оперетта байдаг. Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт энэ опереттаг тавих гэж байна. Дуурийн театрт би энэ жүжгийг  2009 онд тавьж байсан юм. Хөгжмийн урлагийн цоо шинэ төрөл. Монголд анх удаа оруулж ирсэн. Манайх энэ төрөлд бэлтгэгдээгүй байсан ч бид тодорхой түвшинд тавьсан  юм. Энэ оперетта Монголын зүүн хязгаарын хөгжимт драмын театрт тавигдах гэж байна гэдэг үнэхээр энэ жаранд гарч байгаа том үзэгдэл. Хөдөөгийн театрт дэлхийн сонгодог оперетта тавина гэдэг манайхан анзаа­рахгүй байж магадгүй ч дэлхийн бусад орны хүмүүс үнэмшихгүй байж мэдэх асуудал. Гэтэл манайд үүнийг тавих нөхцөл нь  хэдийгээр хүн хүч багатай ч гэсэн байна. Зургадугаар сард Дорнодод очиж, дуурийнхаа сургуулилтыг хийгээд, уран бүтээлч, удирдаач нар нь бүх ойлголтуудаа аваад, үндсэндээ бэлтгэл хангагдсан. Тэгээд есдүгээр сард Дорнодод тавихаар төлөвлөгдсөн юм. Дорнодын театрынхан ажилдаа орчихсон байгаа. Би бол есдүгээр сар гаргаад тавих гэж очно. Энд ганц асуудал байгаа нь хүн хүч дутмаг. 

-Хөдөө орон нутагт заа­вал дуурийн дуучин бэлт­гэх шаардлагатай юу. Бэлт­гэгдсэн хүмүүс нь тодорхой хугацаанд урилгаар очиж ажил­лах хэлбэр байж болох уу?

-Аймаг болгонд дуурь тавих боломж байхгүй. Боломжтой цорын ганц аймаг Дорнод юм билээ. Дорнод аймагт симфони оркестр үүсч хөгжөөд гучин таван жил болж байна. Хөгжимчдийн бүрэлдэхүүн, дуучид багатай. Найрал дуучид байхгүй. Бүжигчид төрөл бүрийн бүжиг бүжиглэж байгаа ч сонгодог бүжиг бүжиглэж байгаа бүжигчин ховорхон. 

-Яагаад “Сарьсан багваахай”-г Дорнодын театрт тавихаар сонгов?

-Энэ сонголтыг би хийгээ­гүй. Энэ сонголтыг театрынхан өөрсдөө хийсэн юм л даа. Надад санал болгосон юм. Би бол одоо Монголд ажиллаж байгаа мэргэжлийн ганц хүн шүү дээ. Хүлээж авахгүй гэх эрх надад байхгүй л дээ.  Авахдаа итгэл муутай байсан. Гэхдээ энэ бол жинхэнэ опера  буюу дуурь биш. Оперетта гэдэг маань дуулдаг ярьдаг, холимог хэлбэр. XIX  зуунд гарсан  дуурийг хөнгөвчилсөн хөгжмийн жүжиг. Дуурийг ахуйн болгож өгсөн. Дуурь голдуу түүхэн баатарлаг домог туульсын сэдэвтэй байдаг.   Энэ бол ахуйн сэдэвтэй нийгэмд байгаа хүмүүсийн амьдрал, гэр бүлтэй холбоотой хөгжмийн төрөл. 1850 онд баруун Европт орж ирсэн төрөл байгаа юм. Монголд энэ төрлийг мэддэггүй, огт байхгүй байсныг  бид 2009 онд оруулж ирснээс хойш хүмүүс мэддэг болсон. Ялангуяа хөдөө орон нутгийнхан, зүүн бүсийнхэн энэ бүтээлийг үзэхэд ямар ч хүн ойлгох боломжтой хөнгөн бүтээл учраас би дэмжээд ажиллахаар зөвшөөрсөн юм.

-Дутуу байгаа уран бүтээлч­дээ яаж нөхөж байгаа вэ?

-Хөгжимчдийн бүрэлдэ­хүүн дутуу байна. Байгаа бүрэлдэхүүн тодорхой түв­шинд дуугарч чадна. Дээр нь хөгнүүд дутагдаж байгаа.  Найман хийл байх ёстой байхад дөрөв ч байдаг юм уу  үлээвэр хөгжим гэхэд зургаа байхаас гурав нь байгаа. Хөгжим бүжгийн  коллежийнхон зун тэнд дадлага хийдэг юм байна. Хөгжим бүжгийн коллежийнхон Дорнодын театртай хамтарч маш сайхан ажил хийж байгаа юм билээ. Хүүхдүүдээ зун аймгийн театрт дадлага хийлгэдэг. Тэнд байгаа хүүхдүүд аймгийн театрын уран бүтээл дээр хамтарч ажилладаг.  Энэ жилийн хувьд дуурийн ажил ороод ирсэн учраас  маш том дадлага  болсон. Хөгжмийн ангийн зургаан хүүхэд  дуулаачийн ангийн 19 хүүхэд тэнд очиж дадлага хийсэн. Дуулаачийн ангийн 19 хүүхэд дуурийн арын  найрал дууны бүрэлдэхүүнийг бүрэн орлож чадах нь харагдсан. Хөгжим бүжгийн коллеж тэр хүүхдүүдийг дуурьт  тоглуулахад анхаарах учиртай. ССАЖЯ тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна лээ. 

-Дуурийг олон нийтэд хүргэх гэж хичээх ёстой юм уу эсвэл дуурь үздэг хэсэгт зориулаад уран бүтээлээ хийх ёстой юу?

-Дуурь өөр рүүгээ юуг татдаг юм гэхээр элит ухамсартай, элит түвшний оюунтай хүмүүсийг татдаг. Элит гэхээр манайд буруу ойлголт явдаг. Эсвэл удам угсаагаараа  язгууртан юм уу эсвэл мөнгөтэй баян хүнийг элит гэж ойлгодог. Маш буруу ойлголт. Элит хүн гэдэг нь нийгэм дотор өөрийн ухамсар,  оюун ухаан бүх юмаар өндөр түвшинд явдаг хүнийг хэлж байгаа юм. Малчин гаралтай элит хүн байж болно. Амьдралын түвшнээр бус толгойн түвшнээр элит гэдэг. Элит гэдэг маань ёс суртахуун гоо зүйн мэдрэмж, харьцааны соёл гэх мэт маш олон чанарыг шаарддаг.   Энэ урлаг ийм элитүүдийн дунд л үүссэн. Өмнө нь элитүүд ихэс дээдсийн хүрээнд л байсан  даа. Энэ түвшинд үүссэн урлаг учраас өндөр  түвшний зохион байгуулалт, оюун шаарддаг урлаг.  Энэ хүрээнд орж ирсэн хүмүүсийг энэ урлаг гадуурхахгүй.  Орж ирээгүй хүнийг гуйж гүйхгүй урлаг. Гудамжны урлагтай энэ урлагийг хольж хутгаж болохгүй. Сая маш том андуурал ташаарал гарлаа. Үүнийг хэлэх  хүн гарсангүй. Энэ урлаг талбай дээр гараад тоглож байхад энэ буруу гэж хэлсэнгүй.  Сонгодог урлагийг ард түмэнд ойртуулна гээд гудамжинд гаргаж болохгүй шүү дээ. Моцарт  Бетховен, Гайдн, Чайковский, Верди, Пуччини  гудамжны урлаг бүтээгээгүй. Энэ урлагийн үнэ цэн асар өндөр. Энэ урлагийн туулсан зовлон их. Энэ урлагт өөрийгөө зориулах гэж олон суутан амьдралаа золиосолж байсан. Энэ урлагийг гудамжинд гаргачихаад юм хийж байна гэж болохгүй.

-Та одоо хөдөө орон нутгийнханд зориулж уран бүтээл хийж байна.  Сонгодог урлагийг хүлээж авах хүн хэр олон байх бол?

-Мэргэжлийн хүмүүс оролцсон үед зохион байгуулалт нь зөв болно л доо.  Их урлаг гэгдэх сонгодог урлагт бас гудамжинд тоглож болох номер байдаг. Хүн төрөлхтөнд хүрсэн. Гудамж гэдэг чинь агаар, чийг шүү дээ. Гадаа тохирдог тохирдоггүй хөгжмүүд байна.  Бүтэн бүрэлдэхүүнээр нь гадаа тоглуулж болохгүй. Тодорхой нөхцөл бүрдүүлж байж тоглож болно. Улаан талбайд тоглож байсан. Барууны оронд сонгодог урлагийг гадаа тоглосон байдаг. Цаг агаар, нөхцөл асар олон юмыг тооцоолж байж гудамжинд тоглодог юм билээ. Мэргэжлийн хүмүүсээр нь шийдүүлэх учиртай. Миний тавьсан жүжиг сонгодог урлаг дотроо олон нийтэд хүргэх боломжтой урлаг.   Пуччинийн “Чио чио сан”-г би хаа хамаагүй газар тавьж болохгүй. Тэртэй тэргүй хүн ирэх ч үгүй. Түүхэн баатарлаг явдал энд байхгүй. Нийгэмд амьдарч байгаа хүмүүсийн ёс суртахууны асуудал энд хөндөгддөг. Гэр бүлийн харилцааны хэсгийг харуулсан.  Маш  гоё хөгжимтэй, дундаа драмын хэсгүүд, бүжигтэй. Тэгсэн мөртлөө хүн төрөлхтөнд сонгодог гэж хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл. Энэ бол дэлхийн ямар ч хүнд хүрч болох урлаг учраас дорнодчууд хүлээж авна. Наана нь Сүхбаатар, Хэнтий аймаг бий.  Зөв сайн хүргэж чадвал олон нийтэд хүрдэг төрөл. 

-Сонгодог урлагийг гудамжинд гаргахдаа  урлагийг ардчилахыг хүссэн байж болно. Элитийн урлагийг  жирийн олонд ийм юм байдаг гэж харуулахыг хүссэн сайхан санааны үүднээс ийм шийдвэр гаргасан байж магадгүй?

- Бид олон нийтэд хандаж байсан. 1980-1990 он хүртэл манай дуурийнхан бүгд гардаг байлаа. Дуурийн жижиг хэсэг, ари, жижиг үзэгдлийг аваад Улаанбаатарын бүх үйлдвэр албан газрууд, сургуулиар тоглож явдаг байлаа. Тэр чигээр нь тойрч байсан. Голдуу хөдөө орон нутгийн театрууд, нэхмэлийн үйлдвэр энэ тэрээр тоглож байсан. Сонгодог урлагийг тэр хүмүүст аваачсан  нь үнэн. Тэр хүмүүст үнэхээр хүрсэн бол театр руу ирэх л ёстой байсан. Ирээгүй л байхгүй юу. Өөрийгөө элит түвшинд хүргэсэн хүмүүс театрт ирээд байгаа юм. Тэдний үр хүүхэд удам угсааныхан  үнэ цэнийг нь мэдрээд, үнэлээд ирдэг болсон байхгүй юу.  

-Та уран бүтээлч хүний хувьд хийхийг мөрөөдөж байгаа ажил байгаа юу?

-Дуурийн найруулагчийн­хаа хувьд би тухайн үед засгийн бодлогоор бэлтгэгдсэн хүн. Ерээд оноос хойш тэр бодлого байхгүй болсон л доо. Бүх насаараа сонгодог урлагт зүтгээд, чаддаг юмаа хийнэ гэж бодсон. Тухайн үеийн улс төр нийгмийн байдлаас болоод болохгүй бүтэхгүй юм асар их байсан л даа. Би өөрөө уран бүтээлч хүн, эрх мэдэлтэй биш боло­­хоор хайхрахгүй унаж, эсрэгээрээ эргэж явсан юм зөндөө бий. Эцсийн эцэст энэ Дуурийн театрын мэргэжлийн бүтэц зохион байгуулалтыг  дэлхийн стандартын дундаж хэмжээнд хүргээд миний хугацаа дуусах юм байна гэж тооцоолж байсан. Дуурь дээр ажилладаг бүтэц зохион байгуулалт гэж байх ёстой. Тэр зохион байгуулалтыг арай л хийж амжаагүй дээ.

Б.ЯНЖМАА


Онцлох нийтлэлүүд