Өдрийн сонин үнэнийг хэлнэ
УИХ: Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ DNN УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn УИХ: Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ DNN УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn
Цаг үе
2014.06.09 11:06

​Какүрюү М.Ананд: Ёкозуна болохын тулд би Японы иргэн болохгүй

Японы мэргэжлийн сумод өндөр амжилт гаргаж яваа Какүрюү М.Анандыг Японы иргэн­шил хүссэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч гараад байгаа юм. Энэ тухай түүнтэй утсаар холбогдож ярилцлаа.

 -Сүүлийн үед Какүрюү М.Ананд, Токитэнкү А.Хүчит­баатар нар Японы иргэн болох хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл гараад байна. Үнэхээр Японы иргэн болох шийдвэр гаргасан юм уу?

-Харин ийм мэдээлэл цацагд­сан байна лээ. Японы иргэн болох гэж байгаа тухай мэдээллийг эрс няцаамаар байна. Юунаас болж, яагаад ийм мэдээлэл цацагдах болсныг мэдэхгүй юм. Монголын цахим сайтуудаар Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдээ гарсан гэж байгааг нийтэлсэн байсан. Японд иймэрхүү мэдээлэл гараагүй.

-Токитэнкү А.Хүчитбаатартай холбоо барив уу. Өөрөө юу гэж байх юм?

-Токитэнкүтэй уулзаж энэ та­лаар асуугаагүй л байна. Токитэнкүгийн ямар бодолтой явааг мэдэхгүй байна.

-Таныг Японы иргэн болоод ояката буюу дэвжээний эзэн болооч ээ гэсэн санал тавибал яах вэ?

-Надад тийм бодол алга. Дэлгэр сайхан Монгол орныхоо үзэгчдэд уран, сайхан барилдаан харуулъя гэхээс өөр бодсон зүйлгүй байна.

-Таныг гуравдугаар сарын башёд 13 болон түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозуна цол олгохоор сумо бөхийн хол­боо­ноос мэдэгдсэн. Магадгүй ёкозуна болохын тулд Японы иргэн бол гэсэн шаардлага тавьсан юм болов уу?

-Надад японы иргэн болоод ёкозуна болох ёстой гэсэн шахалт үзүүлээгүй. Холбооны зүгээс 13 болон түүнээс дээш давж түрүүлэх юм бол ёкозуна цол олгоно гэдгээ л мэдэгдсэн. Тэгээд ч ёкозуна болохын тулд би Японы иргэн болохгүй.

-Сумочдыг хараад байхад дараагийн башёд тэд давчих юм бол цол олгоно гэдэг. Гэтэл тэр нь нэг талаараа сэтгэлзүйн да­рамт болоод байх шиг санагддаг. Таны хувьд ирэх башёд хэрхэн барилдах вэ?

-Башё эхлэх үед энэ тухай бүр ч илүү яригдах байх. Тэр үед нь аль болох анхаарлаа төвлөрүүлж, тайван байж, чөлөөтэй барилдъя гэсэн бодолтой байгаа.

-Таны сумод явах болсон шалтгаан юу вэ?

-Сумод явах хүүхдүүдийг шал­гаруулж байгааг анх аав мэдээд "Сумод хүүхэд авч явах юм байна. Хоёулаа хамт очиж шалгуулъя" гэсэн. Тэгэхэд 2000 он байсан юм. Аварга биеийн тамирын дээд сургууль дээр хүүхдүүдийг хооронд нь барилдуулсан. Тэгэхэд анх удаа зодог шуудаг өмсөж байлаа. 14 настай хүү тэнд барил­даж тав давж байв. Аав маань бөхөд их дуртай, бөхчүүдэд ч хүндэтгэлтэй ханддаг байлаа. Тийм ч болохоор аав маань багш хүн хэдий ч намайг бөх болгоно гэж шийдсэн байх. Тухайн үед Н.Цэвэг­ням, Д.Батбаяр ах нар дээд зин­даанд гараад ирчихсэн байсан тул зурагтаар хараад бахархдаг бай­лаа. Ах нарыгаа зурагтаар харчи­хаад сумо барилдаж болмоор санагддаг байсан. Энэ гэхдээ хүүхэд байхын бодол юм шүү. Магадгүй тэд бай­гаа­гүй бол би сумоч болоогүй, өнөөдөр энэ амжилтаа гаргаагүй байх байсан биз. Тэр үед аавын нэг шавь Японоос сумогийн ном явуул­сан юм. Би захиагаа аавынхаа сургуу­лийн япон хэлний багшаар орчуу­луулаад номон дээр байсан хоёр хаяг руу явуулчихсан. Номон дээр байсан хоёр хаягийн нэг нь сэт­гүүлчдийн холбооных байсан юм билээ. Тэндээс "Манайх сэт­гүүлч­дийн холбоо учраас сумотой ямар ч холбоогүй" гэсэн хариу ирүүлсэн. Нөгөө захидал маань "Изүцү" дэв­жээнд очсон байсан. Манай баг­шийн эхнэр хариу бичсэ­нээр би таван сарын дараа буюу 2001 оны есдүгээр сард Япон явж, арваннэг­дүгээр сараас нь сумод барилдаж эхэлсэн юм.

-Сумод явна гэж анх догдолж байсан мөчөө эргэн дурсахад сайхан байдаг биз. Хөөрч догдлохоос гадна хэцүү, бэрхийг даван туулна гэж бодож байв уу?

-Мэдээж тухайн үеийн хүүхэд зангаар хөөрч догдолж байсан минь, сумоч болно гэж зориг шулуудсан минь алдаа байгаагүй байжээ гэдгийг мэдэрч байна. Хүнд хэцүү гэдгийг анхнаасаа мэдэрч байсан.

-Сумо бөх эр зориг, тэвчээр шаардсан спорт шиг санагддаг. Таны хувьд халирч шантрах зүйл тохиолдов?

-Ёстой шантрах зүйлтэй нүүр тулж байсангүй. Нэгэнт л би өөрийн­хөө байгаа бүхнийг зориу­лан ирсэн болохоор ямар ч бэрх­шээл саадыг даван туулна гэсэн бодолтой байлаа. Хатуу ширүүн бүхнийг ч шүд зуун давж чадсан. Миний зорилго дээд зиндаанд гарч ирж, цол авч барилдах байсан юм.

-Монгол бөхчүүд сумо бөхөд амжилт гаргаад байгаа тул япончууд монголчуудад дургүй болсон гэх юм?

-Учиргүй дургүй нь ч юу юм бэ. Япончууд дэмждэг бөхөө дэмжээд л явдаг. Мэдээж дургүй хүн байдаг л байх.

-Дэвжээнд гарахынхаа өмнө өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ. Харумафүжи аварга гэхэд аавынхаа тангаргийн шүлгийг уншдаг юм билээ?

-Миний хувьд тайван байж, барилдаандаа анхаарахыг бод­дог. Хамгийн гол нь өөртөө итгэл­тэй, хүссэн барилдаанаа гаргахыг хүсдэг. Тэгж давсан даваа бүр амттай байдаг. Миний хувьд дэв­жээнд гарахынхаа өмнө уншдаг тарни бий.

-Сумод ороод хамгийн анх яаж баярлаж байсан бол?

-Дохён дээр гарч давсан анхны даваанаас эхлээд сайхан дурсамж олон бий. Хамгийн их баярлаж бай­сан нь жүрёо зиндаанд гарч ирчи­хээд нэг их баярлаж байсан юм даг. Жүрёод гарч ирнэ гэдэг нь зорил­гын минь бас л нэг том алхам байсан.

-Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?

-Бусдын дээр гарч онгироогүй ч, бусдын доор оролгүй явдаг байлаа. Би Улаанбаатарт төрсөн болохоор хотын хүүхэд ямар бай­даг тэр л замаар явсан. Өнөөгийнх шиг олон янзын тоглоом байгаагүй тул сагс их тоглодог байсан юм.

-Таныг чөлөөт бөхөөр хичээл­лэж байсан гэх юм билээ?

-Тэр яахав ээ. Чөлөөт бөхөөр хичээллэж сүйд болоогүй юм. Чөлөөт бөхийн спортыг сонирхож хоёр удаа бэлтгэлд нь очиж байс­наас хэтрээгүй.

-Японд анх очиход тань ямар хүмүүс дэм болж байсан бэ?

-Монгол бөхчүүд бие биедээ амь шүү дээ. Д.Батбаяр, Н.Цэвэг­ням, Энхбат ах нар надад их тусалдаг байсан. Ошима дэвжээ манай дэвжээтэй ойрхон байв. Анх хэл ус ч үгүй нөхөрт хэл заахаас эхлээд гадуур, дотуур авч гарна. Одоо ч гэсэн манай бөхчүүд доо­роос гарч ирж буй залуустайгаа ойр байдаг. Барилдааных нь тухай ярилцаж, хэрхэн барилдахыг зөвлөдөг.

-Японы сумочид манайхныг давахаа болиод ирэхээрээ гадуурхах хандлага гаргаад байна уу?

-Монголоос гурван сайхан ёкозуна цолтон төрчихлөө. Япон бөхчүүд унаад байна гээд биднийг гадуурхаад байх зүйл байдаггүй байх аа. Тэд дотроо ямар бодол тээж явдгийг сайн мэдэхгүй байна.

-Таны өндөр, жин хэд байна вэ?

-Миний өндөр 186 см, жин 150 кг байна. Ойрын хэдэн жилдээ жин нэмэх бодол алга. Хэт тарган, хэт өндөр чинь бас хэцүү шүү дээ.

-Нас хэд хүрч байна вэ. Сумод бөхөд амжилт гаргах нас хэдээс хэдэн насны хооронд байдаг бол?

-Би энэ жил 29 хүрнэ. 29 нас гэдэг сумод залуу ч биш. Ахмад ч биш дундаж нас байгаа юм. Сумочид 34-35 нас хүрэхээрээ зодог тайлдаг.

-Цол дагаж бяр нэмэгддэг гэдэг хэр үнэний ортой вэ?

-Үнэн юм шиг байгаа юм. Ма­най монголчууд аливаа зүйлийн голыг нь олоод хэлчихсэн санагддаг.

-Таны дархан мэх юу вэ?

-Тэгж сүрхий дархан гэж нэрлээд байх мэх алга. Дэвжээн дээр гараад барилдаж байхад дархан мэхээ хийх үү, өөр мэх хийх үү гэдгийг бодох ч зав гардаггүй.

-Сумод анх орж байхдаа хэн шиг бөх болохыг мөрөөддөг байв?

-Сумод хөл тавьчихаад Аса­шёорюү Д.Дагвадорж, Таканохана, Чиёнофүжи аварга шиг бөх бо­лохсон гэж боддог байлаа. Эдгээр аваргуудын бие хаа минийхтэй төстэй байсан болохоор энэ авар­гууд шиг ёкозуна болох боломж бий гэж боддог байсан юм. Тийм ч болохоор барилдаануудыг нь их үздэг байлаа шүү дээ.

-Анх жин багатай сумод очиж байсан байлгүй. Жингээ нэмэ­хийн тулд түүхий загас идэхээс эхлээд бараг л шийтгэл шахуу зүйлс хэр тохиолддог байв?

-Хамгийн хүндрэлтэй асуудал хэлний бэрхшээл байсан. Мон­голоос Японд очихдоо түүхий загас идэж үзээгүй байсан тул хэцүү байлаа. 100 кг хүртлээ жин дорх­ноо нэмэгдчихдэг юм билээ. Тар­галахын тулд загас идэх хэрэгтэй гэж багш маань хэлж байсан тул идэхээс аргагүй байдалд хүрсэн. Загас идсэнээс хойш жин үнэхээр нэмэгдсэн.

-Сүүлийн жилүүдэд япон бөх­чүүдээс ёкозуна цолтон төрсөн­гүй. Үүний нэг шалтгаан нь мон­гол бөхчүүдийн ноёрхлоос болж байна гэж боддог...

-Үнэхээр ч монгол бөхчүүдийн амжилт гаргаж байгаа нь япон бөхчүүдэд амжилт гаргах орон зайг багасгаж байгаа гэж боддог. Япончууд ч гэсэн өөрсдийн бөхчүү­дээ "Манай бөхчүүд муу байна. Том амжилт гаргахгүй байна" гэдгийг хэлж байсан. Гэхдээ манайхны амжилт гаргаж байгаа нь нэгэн цаг үеийн асуудал юм. Түүнээс биш мөнхөд ийм байна гэдгийг хэн ч таашгүй. Өнөөдөр манай бөхчүүд урамтай сайхан барилдаж байгааг харахад надад ч гэсэн сайхан л санагддаг юм.

-Өнгөрөгч нэгдүгээр сарын башёгийн тухай ярихгүй юу. Сүүлийн өдрийн барилдаанд та Хакухог давснаар нэмэлт барил­даан гарсан ч харамсалтай нь ялагдсан. Энэ башёгийн талаар ямар бодолтой байна вэ?

-Барилдаанууд ерөнхийдөө сайхан болсон. Сүүлчийн өдөр Хакухо аваргатай барилдахад бэргэх зүйл байгаагүй тул үнэн хүчийг үзэж барилдъя гэж бодсон. Сумо бөхөд үндэсний бөх шиг тайван барилдаан байдаггүй тул барилдааны тухай бодохоос өмнө бие маань хөдөлчихсөн байдаг.

-Башёгийн дараа Хакухо аваргатай уулзав уу. Уулзсан бол юуны тухай ярилцсан бэ?

-Аваргатай тухтай уулзаж чадаагүй. Цагаан сарын шинийн хоёрны өдөр монгол бөхчүүд Хакухо аваргатай очиж золгосон. Золголтын үеэр барилдаан ярих цаг зав гараагүй.

-Эх орондоо цагаан сарыг тэмдэглэхийг хүсдэг байх. Хамгийн сүүлд хэзээ Монголдоо шинэлсэн бэ?

-Мэдээж эх орондоо сар шинээ тэмдэглэхийг хүсдэг. Харамсалтай нь цаг хугацааны хувьд таарч өгөхгүй юм. Энэ жил сар шинийг Монголд угтах боломжтой байсан ч маргааш нь барилдаантай байсан тул ирж чадсангүй.

-Таны төрсөн нутаг аль аймаг бол. Уул ус, төрсөн нутаг хүүгээ дагаж явдаг гэлцдэг шүү дээ?

-Би Улаанбаатарт төрсөн. Аав маань Сүхбаатар аймгийн харьяат. Тиймээс би аавынхаа нутгаар овоглодог. Аав "Миний хүүг хаана ч явсан уул ус нь түшиж явдаг юм" хэмээн хэлж байсан. Тиймээс нутгийнхаа уул усыг гэрийнхээ хойморт залсан байгаа. Алтан овоо, Шилийн Богддоо хамгийн сүүлд гурван жилийн өмнө очсон. Дахин нэг очиж хийморь лундаагаа сэргээх хүсэл байлгүй яахав. Озэки буюу арслан цол авахынхаа өмнө нутаг усандаа очиж байсан минь ивээлээ өгсөн гэж боддог. Тэмцээн дуусаад долоо заримдаа бүр тавхан хоног амардаг. Тиймээс Монголд ирэх боломж бага байдаг. Харин долдугаар сарын башёг дуусгаад Монголдоо ирэх боломж тохиодог. Жилдээ ганц удаа л Монголд очдог.

-Таныг гэр бүлтэй болж амжаагүй байгаа тул япон бүсгүйтэй суучих юм биш биз гэж чих тавих хү­мүүс байна. Хэзээ гэр бүлтэй болох вэ?

-Би монгол бүсгүйтэйгээ гэрлэнэ. Ямар ч байсан эхний ээлжинд амжилт гаргаж дээшээ явж барилдъя гэсэн бодолтой байгаа. Тэр үед сайхан мон­гол бүсгүйтэйгээ гэрлэнэ дээ. (инээв)

-Ганц бие хүн хувцас угаах хоол хийхээс эхлээд ар гэрийн ажил хийхэд амар­гүй байдаг уу?

-Туслахтай бо­ло­хоор энэ бүхэнд санаа зовоод байдаггүй. Ганц бие хүн чинь дэвжээнийхээ хоолыг л идчихдэг юм.

-Таныг солонгос кинонд дуртай. Солонгос кино үзэж тайвширдаг гэх юм?

-Гурван жилийн өмнө нэг солонгос кино үзэж байсан юм. Тэр үед надаас юу хийж амарч байна гэхээр нь "Гэртээ солонгос кино үзэж байна" гээд хэлчихсэн. Тэгсэн чинь л намайг солонгос кинонд дуртай гэчихсэн байна лээ. Ер нь бол кино үзэх дуртай. Шинэ гарсан монгол кинонуудыг интернэтээр үзчихнэ.

-Таны хувьд зодог тайлаад юу хийх вэ?

-Зодог тайлаад ингэнэ дараа­гийн амьдралаа тэгж эхлүүлнэ гээд бодсон юм алга. Өнөөдөр би ба­рилдаж байгаа болохоор өнөө­дөртөө л санаа зовох хэрэгтэй юм болов уу.

-Манай сумочид сан байгуу­лаад эх орондоо хэрэгтэй зүйлс хийж байна. Таны хувьд өөрийн нэрэмжит сантай юу?

-Нэрэмжит сан байгуулах та­лаар ах, эгч нартайгаа ярилцаж, судалж байна. Мэдээж Монгол Улсдаа хэрэгтэй зүйлийг бий бол­гохын тулд өөрийн чадах зүйлсээ хийнэ.

-Аав, ээжээс хэдүүлээ вэ. Танай удамд барилддаг хүмүүс байв уу?

-Би дээрээ нэг эгчтэй. Аав маань залуудаа боксоор хичээллэдэг байсан юм билээ. Манай ойрын талд бөх хүн байхгүй. Өвөг эцгийн үед л байсан. Энэ тухай би сайн мэддэггүй юм аа. Аавын талд арслан цолтой бөх байсан гэсэн. Ээжийн талаас анх удаа чөлөөт бөхөөр Азийн аваргаас алтан медаль авч байсан хүн байсан гэж дуулсан.

Э.ЭНХБОЛД


Онцлох нийтлэлүүд