Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ
Соёл урлаг
2021.07.15 09:07

Комедиан Б.Төгөлдөр: Хүмүүст инээмсэглэл бэлэглэх гоё мэдрэмж

Комедиан Б.Төгөлдөртэй ярилцлаа. Тэрбээр мөн телевизийн реклам хийдэг “Арри Монгол” компанийн гүйцэтгэх захирал ажилтай. Хүмүүс түүнийг Хар Төөгөө гэдгээр нь илүү мэддэг.


-Саяхан баруун аймгуудаар аялахдаа “Аялъя, хайрлая” гэж уриалж явсан, сайхан санагдсан шүү?

-Тэгсэн. Дуучин Наагийгийн санаачилсан аян юм.

-Одоо ковидоос болоод аялах хэцүү болсон. Яагаад аялахаар шийдэв, аян замын сонин сайхнаас яриач?

-Хөл хорионоос болоод гадагшаа аялах боломжгүй болсон. Үндсэндээ хоёр жил гэртээ суучихлаа шүү дээ. Манай хүн анх аялахаар сэдэж байхдаа дахиж айхавтар хүндэрнэ гэж төсөөлөөгүй байх л даа. Дотоодын аялал жуулчлалыг идэвхитэй болгоё. Залуус маань гадагшаа явахгүй ч дотооддоо аялаж, эх орон, байгалиа хайрлаж, дуугаа аялая, гэр бүлээ хайрлая гэсэн утга санаатай юм. Бид хэд сонгогдсон шалтгаан нь дандаа 3-11 насны гурван хүүхэдтэй гэр бүлүүд байсан. Сүүлийн хэдэн жил яг хоёулхнаа аялаагүй, хамаг цагаа хүүхдүүддээ зарцуулсан залуус сонгогдсон юм билээ. Би Түшиг, Эгшиг, Хишиг гээд хүүхдүүдийнхээ тухай ярьдаг болохоор манайд санал тавьсан. Аяллын зорилго таалагдаад, ер нь бол эхнэрүүдээ амраах зорилготой аяласан даа. Дуучин Наагий, хөтлөгч Ууганаа, ЕХА студийн Энхбат нар болон манай гэр бүл хамт аялаад ирлээ.

-Хүүхдүүдийг чинь хэн харсан бэ?

-Манайх зөндөө юм болсоон. Тараан байршуулсан. Томыг зуслан дээр би өөрийнхөө ээж, аав дээр үлдээгээд, бага хоёрыг ижлээр нь Дархан руу хадам аав, ээж хоёрт хүргэж өгөөд явах гэж бас зөндөө бэлтгэж, наашаа цаашаа гүйцгээсэн.

-Аяллын гоё зурагнууд сошиалаар явсан. Эхнэрүүд зөндөө баярласан байх?

-Тийм. Нөхрүүдийг харахаар дандаа л гэртээ үзэгддэггүй төрлийн ажилтай хүмүүс байгаа юм. Би жишээ нь хоёр ажил хийнэ. Өдөр нь рекламны студид, орой нь комеди тоглолт хийгээд, хурим найр, шинэ жил хөтлөөд явчихдаг байсан. Гэртээ байх нь ховор болохоор 24 цаг нөхөртэйгээ хамт байхаар их таалагдаж байх шиг байна лээ. Яг дэргэд нь машиндаа хамтдаа, майхандаа хамтдаа 16 хоноод ирсэн. Эхнэрүүд бол бөөн баяр.

-Дуучин Наагий лацдуулчихлаа гээд пост оруулсан байсан. Зарим аймаг, сумд хөл хориотой байж таарав уу?

-Бид хэд Архангайгаар дамжаад, Завхан, Увс, Баян-Өлгий гэсэн маршрутаар явсан юм. Архангай өнгөртөл зүгээр байсан. Манай аяллын бас нэг зорилго нь байгалийн үзэсгэлэнт газраас дуучин Наагийгийн лайв тоглолт гурван удаа хийсэн. Ууганаа бид хоёр хөтлөгчөөр ажилласан юм. Эхний лайв тоглолт маань Улаагчны хар нуур дээр болж, дараа нь Хяргас нуурт нэвтрүүлгийн зураг аваад цаашаа явж байсан чинь Завхан аймгийн Сонгино сум нэвтрүүлэхгүй гэсэн. Биднийг зам зуур явж байхад л ийм шийдвэр гарсан юм билээ. Бид хэд өглөө нь Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгчихөөд гарсан юм. Сонгино суманд бүгд хоёр тунгийн вакцины бичгээ үзүүлээд, аяллын зорилгоо танилцуулсан. Замын гуанзанд хоол идэх зөвшөөрөл авсан. Тэгээд цаашлах тусам халдвар тархсан гээд Ховд руу нэвтрүүлээгүй. Эхний пост дээр машины хаалган дээр лац наагаад, “Дараагийн пост хүртэл лацаа хөндөж болохгүй шүү” гэж сануулсан. Лацдахаасаа өмнө бие засуулсан л даа. Тэгээд дараагийн пост хүртэл шууд давхисан. Сонирхолтой бас. Яг тэгээд лацдангуут бие засмаар санагддаг юм билээ.

-Хүмүүс энэ талаар их сонирхож байсан л даа. Зарим нь яаж тэссэн юм бэ, памперстай явдаг юм уу гэж асуусан байна лээ?

-Бид хэд шороон замаар явна. Шахуу хуваарьтай, ажил ихтэй хүмүүс ажлаа зохицуулж явсан болохоор өдөртөө 500-гаад км яваад байсан юм. Тийм учраас бие засахаа зохицуулсан. Нэгдсэн маягаар бие засдаг. Тэр нь давуу тал болоод лацыг өнгөрсөн. Дахиад наана Өвөрхангайд лацдсан. Баянхонгороор дайраад гарахад бас лацдсан юм байна. Аялж яваа хүмүүс сум, орон нутгийнхны шаардлагыг биелүүлэхгүй бол болохгүй л дээ.

-Хүмүүс та нарыг хараад, аялахыг хүссэн байх л даа. Гэхдээ одоо орон нутгууд бүр хатуу хөл хорих магадлалтай болчихлоо. Юу зөвлөх вэ?

-Уг нь бидний зорилго зөв зохистой гоё аялаасай гэж хүссэн юм. Хувийн бодлоо хэлэхэд хүмүүс салхинд гарахаараа архидаад, амрах бус ядарч ирээд байгаа юм шиг санагддаг. Анзаарсан бол манай аяллын багийнхан маш олон юм түвэгшээхгүйгээр чирч явсан. Караокены машин, кино үзүүлдэг аппарат, асар майхан, түүнийгээ чимэглэх гэрлүүд, мотор гээд олон юм авч явсан. Байгалийн сайханд тав тухтайгаар аялж кайф авах зорилготой явсан. Залуусыг ч тэгж яваасай гэж уриалсан юм. Тэгсэн чинь халдвараас болоод ихэнхи аймгууд хилээ хаагаад эхэллээ. Гэсэн ч ойрхон зуур гоё аялаж болно шүү дээ. Аялаж болно, хог хаягдалгүй аялах хэрэгтэй. Энэ жил бороо, ус ихтэй байгаа болохоор ханиндаа явбал зүгээр юм билээ. Ганц, нэгээрээ яваа жижиг тэрэг шаварт суучихсан байхтай таарч байсан. Нялх нойтон хүүхэдтэй, хээр хонох хэрэг гарвал жаахан хүндрэлтэй. Бид бол бэлтгэлтэй явсан л даа. Уяа татлагатай явсан болохоор тийм машинуудыг татаж гаргаж өгсөн.

-Та наадам хийхийг эсэргүүцсэн пост хийсэн харагдсан?

- Манай Амраа энд нэлээд манлайлан оролцож яваа. Бид хэдийн жишээ гэвэл "Comedy Lab" клуб Монголд ковид илэрсэнээс хойш хаалгаа нээгээгүй. Манай арван комедиан, ард нь клубт ажилладаг хүмүүс нам зогссон. Ийм хүмүүс олон бий. Эдгээр хүмүүсийн тэвчээр алдарч байна л даа. Сагсчин П.Болортулга бичсэн байна лээ. “Бөх барилдаж болж байгаа юм бол сагсны тэмцээн явмаар байна” гээд. Хүмүүс зөвхөн баяр наадам, олуулаа цуглахыг эсэргүүцсэн биш, тэгш эрхийн төлөө бухимдсан болов уу. Олимпод оролцох тамирчин голд бэлтгэл хийж байхад 1024 бөх барилдана гэх мэт тэгш бус байдлаас болоод хүмүүс бухимдсан. Эмч, сувилагч нар маань ачаалалтай ажиллаж байхад, адаглаад бөхчүүдэд анхаарах хэрэгтэй болно. Тиймэрхүү зүйлээс болсон болов уу гэж ажигласан. Миний хувьд “No naadam” гэдэг талд нь байсан. Сүүлдээ төв талбайд наадмыг эсэргүүцсэн, дэмжсэн хүмүүс зэрэг жагсахад хүрлээ. Аливаа асуудлын гарцыг харж, шийдэл болгодог бол гоё л байх.

-Ажлаа хийж, орлого олъё гэж хүмүүс хүсч байна. Та бизнес эрхэлдэг хүний хувьд энэ өдрүүдийг хэрхэн даван туулж байна вэ?

-Дан ганц комедигоор явсан бол нам зогсоод, гурван хүүхдээ хоосон хонуулах хэмжээний нөхцөл байдал тулгарлаа, сая. Ноднингийн гурван сараас хойш клуб хаагдаж бид ямар ч орлогогүй болж байгаа юм. Би хоёр ажил амжуулдаг. Өдрийн цагаар телевизийн реклам хийдэг студид ажилладаг. Тэр маань ч дэгэн догон ажиллаж, чүү ай ажилчдынхаа цалинг тавих үе байсан. Нуулгүй хэлэхэд манай компани алдагдалтай ажилласан. Борлуулалт хийгдэхгүй, бүх юмыг нь хаачихаар компаниуд реклам сурталчилгаа хийлгэхээ больж байгаа юм. Дам дамаа бие биендээ нөлөөлж байгаа болохоор ер нь хүнд байсан. Би бас халамжийг эсэргүүцдэг, залуусыг улам залхуу болгодог санагддаг. “Одоо хэцүүдэхээр улсаас мөнгө өгчихнө дөө” гээд зөндөө олон найз нар яриад байгаа юм. Тийм учраас ажлаа хийе, баримтлах ёстой дэглэмийг нь баримталъя гэсэн юм. 50 хувийн дүүргэлттэй гэвэл манайх 200 хүний суудалтай бол 100 хүн суулгаад тоглолтоо хийе. Нөгөө талдаа үзэх гээд ирж байгаа хүмүүс нь ч халдвар хамгааллын дэглэмээ бариад, гараа ариутгаж, маскаа зүүгээд, дэм дэмэндээ амьдарвал бас зүгээр байх. Дахиад хэсэг хугацааны дараа бид эдийн засгийн уналт, цохилтыг мэдэрнэ шүү дээ.

-Өөрөө Б.Төгөлдөр гээд гоё нэртэй. Нэг хэсэг хөдөөгийн хүмүүс бие биеэ хочоор нь дууддаг байсан л даа. Зарим хүнийг хочоор нь дуудахаар эмзэглэдэг. Гэтэл өөрөө бүүр фэйсбүүк, инстаграмынхаа хаягийг Хар Төөгөө гэсэн байна лээ. Яагаад ийм нэртэй болчихов?

-Би Шарга морьтын зусланд өвөө, эмээ дээрээ өссөн юм. Манай эмээгийн уран бүтээл л дээ. Эмээ намайг жаахан байхад бүтэн биеэр айраг түрхээд зуслан дээгүүр гурван сар шалдан гүйлгэчихээр эргэж цайхааргүй утгаараа хар болчихсон юм. Тэрнээс хойш цайгаагүй. Энэ миний дунд сургуулийн хоч юм. Манай найз нар намайг Хар Төөгөө л гэдэг байсан. Их сургуульд ороод орчин солигдоод шинэ найз нөхөдтэй болсон. Тэгсэн ч автоматаар намайг Хараа гэдэг байсан. Хүний эрх өндөртэй барууны оронд бол арьс өнгөөр ялгаварласан болж харагдана. Манайд азаар тийм юм байхгүй. Намайг тэгж дууддагт нь дассан. Анх комеди хийж эхлэхэд Батаа “Чи тайзны нэртэй байх хэрэгтэй” гэсэн. Тэгвэл Хар Төөгөөгөө авчихъя гэсэн юм. Одоо анонс, элдэв зар дээр ч Хар Төөгөө л гэдэг. Б.Төгөлдөр гэхээр хүмүүс бараг мэдэхгүй талдаа байдаг шүү дээ.

-Таныг нягтлан бодогч, теллерээр ажиллаж байсан гэвэл зарим нь итгэхгүй байх. Гэтэл санхүүгийн салбарт арваннэгэн жил ажилласан байна лээ?

-Ээж нягтлан бодогч байсан. Яг 2002 онд мэргэжил сонгох үед санхүүч, хуульч мэргэжил од байсан юм. Хуульч гэхээр би угаасаа ягштал сууж хууль унших хүн биш. Ээж надад “Миний хүү, ямар ч цаг үед санхүү гэдэг юм байна. Амьдралд маш чухал мэргэжил, энийг сонго” гэсэн. Ээжийн зөвлөгөөгөөр Санхүү, эдийн засгийн дээд сургуульд орж, нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн. Одоо ээждээ баярладаг. Компани толгойлоод явахад орлого, зарлагаа тооцож, яаж ашигтай ажиллуулах вэ гээд бүх юм эргээд надад хэрэг болдог. Надад том сургууль болсон газар “Чингис хаан” банк. Би энд 11 жил ажилласан. Ёстой мөнгө тоологчоос эхлээд, дилер хүртэл бүх албан тушаалаар дамжсан. Лавшруулаад Англид магистр хамгаалаад ирсэн. Сүүлд Анхаа найзтайгаа Гацуурхан 1,2 төсөл дээр ажиллаж, кино зохиолыг нь бичсэн. Тэндээс нэг юм анзаарсан. Хүн дуртай юмаа хийгээд, түүнээсээ кайф аваад, мөнгө олоод амьдрах нь супер аз жаргал юм байна гэж ойлгосон. Санхүүгийн салбарт хангалттай ажиллалаа. Одоо дуртай юмаа хийе гээд салбараа сольсон шүү дээ.

-Зарим уран бүтээлчид сошиалаар тоглолт хийж, хүмүүсийг баясгасан. Ер нь комеди нарт ингэж хүмүүсийг баясгах бодол байдаг уу?

-Хүмүүсийг баясгахыг боддог. Манай төрөл үзэгчидтэй амьд харилцаа үүсгэж байж амжилттай болдог. Үүнийг ноднин дөрөвдүгээр сарын 1-нд туршиж үзээд, яс махандаа шингэтэл ойлгосон. Хошин урлагийн ах, эгч нар ч үзэгчгүй тоглолт хийсэн шүү дээ. Бид хэд бас онлайн шууд тоглолт хийсэн. Тайзан дээр юм ярьж байхад цөөхөн ч болов хүн суугаад, миний хэлсэн юманд инээгээд, зөрүүлээд, түүнийг нь инээд болгоод, үргэлжилдэг урлагийн төрөл юм байна л даа. Яг үзэгчгүй тоглохоор амьгүй болоод байгаа юм. Хүмүүсийг үзэх юмтай байлгах гээд хуучин хадгалсан бичлэгүүдээ бага багаар тавиад л байна. Бас шинэ бичлэг хийх талаар бодсон юм бий.

-Таны “Амьдрал” тоглолтын TV сурталчилгаа их таалагдсан. Бид ч бас томчуудтай улс орны хөгжил яриад явж байснаа, гэртээ очоод ахуйн жижиг асуудал дээрээ буудаг улсууд л даа. Залуу хүн амьдрал ярихаар бас содон?

-Тухайн үедээ бодож сууж байгаад хоёр ажил хийж байна, гурван нялх хүүхэдтэй, амьдрал ид буцалж байна. Энэ үед тохиолдсон хөгжилтэй зүйлсийг энгийн харуулах нь эхний зорилго. Хоёр дахь зорилго нуулгүй хэлэхэд биднийг маш их хараалын үг хэлдэг гээд зөндөө хүмүүс шүүмжилдэг. Бидэнд зааж сургасан хүн байхгүй. Өөрсдөө л ийм юм байдаг юм байна гээд оруулж ирээд нутагшуулж байгаа залуус. Бид ч шүүмжлэлийг огт тоохгүй өнгөрдөггүй. Бас хүлээж авдаг. Миний тоглолтын бас нэг том зорилго нь цаг 30 минутын турш циркт 1500 хүнд тоглохдоо нэг ч хараалын үг хэлээгүй. Төөгөө бас ингэж ярьдаг шүү гэж харуулахыг хүссэн. Тэр зорилгодоо бас хүрсэн. Комедид хүмүүс шимтэн дурлаад байгаа нэг шалтгаан нь өөрийнх нь амьдралд байдаг зүйлийг инээдтэй маягаар хэлэхээр хүмүүст ойрхон санагдаад “Нээрээ ч тэгдэг шүү” гээд аз жаргал аваад байгаа юм. Тийм учраас “Амьдрал” гэж нэрлээд, амьдралд байдаг юм ярья гэж бодсон. Маш амжилттай болсон гэж дотроо баярладаг.

-Хэцүү үед ч комеди нар амьдралыг өөр нүдээр, эерэг өнцгөөс хардаг байх л даа?

-Хөл хорио эхлэхэд манай гурван хүүхэд, эхнэр маань их баярласан. Тийм учраас хөл хориог гэр бүлдээ цаг зарцуулах боломж гэж харсан. Нөгөө талаар эрчүүд бид чинь... эрчүүд юу байх вэ дээ. Би өөрийгөө л ярья. Бас олон хүн чирээд яах вэ. Би нэг их гараа угаадаггүй хүн байхгүй юу. Одоо бол аягүй ариун цэвэрч болсон. Бүр том эдийн засаг талаас нь харъя гэвэл гадагшаа урсдаг мөнгөний урсгал дотооддоо үлдэж байна. Асуудал бол түр зуурынх. Гаргалгаа байгаа. Бүгдээрээ бусдад түвэг болохгүйгээр, бусдадаа халдвар тараахгүй гэж хичээвэл сайхан цаг ойрхон байгаа гэж бодож байна.

-Хүмүүс өөрийг чинь хараад Төөгөө байна гэлцдэг байх. Хэзээнээс од гэдгээ мэдэрсэн бэ, хүмүүст танигдсан анхны сэтгэгдэл ямар байв?

-Анх Монгол HD-гийн “Ардын буйдан”-д манай Тулгаа, Батаа, Хану бид дөрөв орж байсан юм. Манай монголчууд шууд “Төөгөө явж байна, сайн уу” гэдэггүй шүү дээ. Хамаатнаа ч харсан юм шиг, хаа нэгтээ харсан ч юм шиг санагддаг юм уу мэндлэх гээд болих гээд байдаг. Анх намайг Имартад нэг ах загнаж байсан юм. “Чи нөгөө зурагтаар гардаг Төөгөө мөн үү” гэхээр би аймаар баярлаад “Тийм” гэсэн чинь “Оймс өмсөөч, зурагтаар хөл нүцгэн гараад байх юм” гэсэн. За намайг ямар ч байсан мэр сэр таньдаг болжээ гэж бодсон. Сая аяллын үед машин дотроо тасралтгүй хоёр цаг инээсэн явдал боллоо. Бид хэд Баян-Өлгий ороод, миний машинд жаахан эвдрэл гараад, түр саатсан юм. Баян-Өлгийн супермаркетын үүдэнд бид зогсч байлаа.

Сүүлийн үеийн залуус их нээлттэй юм билээ. “Өө Төөгөө ах, таны сториг үзсэн. Та ёстой гоё аялаж байгаа юм байна. Манай аймаг таалагдаж байна уу. Хоёулаа нэг зургаа авахуулчихъя” гээд намайг таниад яриад байхаар нь “Өө тэгье” гэсэн. Гэтэл Наагий ахад утсаа өгсөнөө “Та аваад өгчих” гэлээ. Би Наагий ахыг шүтдэг. Жааз дуулдаг мундаг хүнийг танихгүй намайг таниад байхаар хөгжилтэй санагдаад. Нөгөө хүүхдийг явсаны дараа Наагий ахыг цаашлуулаад, “Танаас илүү би Баян- Өлгийд од юм байна аа” гээд бөөн инээдэм болсон.

-Таны царайг хараад л хүмүүс инээдэг байх. Инээдтэй юм яриад өгөөч гэж их хүсдэг үү?

-”За нөгөөдөхөө нэг явчих” гээд зарим нь шууд хэлдэг. Түүнээс гадна хүмүүс намайг хараад инээмсэглэдэг шүү дээ. Хүмүүст инээмсэглэл бэлэглэх гоё мэдрэмж.

-Наадмын өдрүүдийг яаж өнгөрүүлдэг вэ?

-Зуслан дээрээ очно. Намайг өсгөсөн сайхан буурай байгаа. Наадмын өдрүүдийг эмээтэйгээ л өнгөрүүлдэг уламжлалтай. Наадмаар хонь гаргаад, гэдэс иднэ. Шөлөнд нь будаа хаяж иднэ. Дараа нь гэдэсний хуушуур хийнэ. Хорхог хийнэ. Наадмын өдрүүдийг боломжтой бол ойрхон агаар салхинд гараад, боломжоороо гэр орондоо, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлээрэй гэж хүсье.

Онцлох нийтлэлүүд