Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АТГ: Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 12 хоног үлдлээ DNN.mn SMISHING БУЮУ МЕССЕЖ ЛУЙВАР ГЭЖ ЮУ ВЭ? DNN.mn АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО DNN.mn Тэтгэвэр, насны хишгийг энэ сарын 14-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 16-нд олгоно DNN.mn Малын өвс хулгайлж, 48,000 төгрөгийн хохирол учруулсан хоёр этгээдэд нэг жил хорих ял оноожээ DNN.mn Оны эхний нэг сарын байдлаар 519.8 кг алт худалдан авчээ DNN.mn Орхон аймагт болох өвлийн спортын наадмын үеэр 60 хөтөч ажиллана DNN.mn Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно DNN.mn Ховдод үе тэнгийнхээ гурван охинд зодуулсан 15 настай сурагч амиа алджээ DNN.mn ХОВД: 2022 онд шинээр 222 иргэн хавдартай гэж оношлогдсон DNN.mn АТГ: Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 12 хоног үлдлээ DNN.mn SMISHING БУЮУ МЕССЕЖ ЛУЙВАР ГЭЖ ЮУ ВЭ? DNN.mn АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО DNN.mn Тэтгэвэр, насны хишгийг энэ сарын 14-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 16-нд олгоно DNN.mn Малын өвс хулгайлж, 48,000 төгрөгийн хохирол учруулсан хоёр этгээдэд нэг жил хорих ял оноожээ DNN.mn Оны эхний нэг сарын байдлаар 519.8 кг алт худалдан авчээ DNN.mn Орхон аймагт болох өвлийн спортын наадмын үеэр 60 хөтөч ажиллана DNN.mn Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно DNN.mn Ховдод үе тэнгийнхээ гурван охинд зодуулсан 15 настай сурагч амиа алджээ DNN.mn ХОВД: 2022 онд шинээр 222 иргэн хавдартай гэж оношлогдсон DNN.mn
Онцлох нийтлэл
2018.03.09 09:03

Ламхайгаас адис авдаг профессор

Саяхан ШУТИС-ийн шинэ байрны шав тавих ёслол сүр дуулиантай боллоо. Телевизийн суваг эргүүлэх бүр өнөөх шав тавих ёслолын арга хэмжээ гээчийг нь мэдээлэх юм. Энийг хараад сэтгэл эмзэглэж, бас ичих ч шиг боллоо.

Энэ нь товчхондоо баахан лам авчирч, арц уугиулж сан тавьсан, лус савдгаа аргадаж, мөлхөж мөргөсний эцэст газар ухаж бумба, хадаг, цай оршуулах ёслол юм. Хангинатал хонх дамар болоод л, хүнгэнэтэл ном уншсан ийм нэг харанхуй хоцрогдсон мухар сүсгийн бурангуй ёсыг үйлдэнэ. Яг ийм ёслол ШУТИС-ийн барилгын шав тавихад болсон. Цэмцийсэн хэдэн профессорууд нь сүжигтэй байна гэж жигтэйхэн. Шинээр барих барилга нь угтаа хиймэл оюун ухаан хөгжүүлэх, электроникийн лаборатори сургууль барьж байгаа юм шүү дээ. Дэлхийн хаана хиймэл оюун ухаан хөгжүүлэх сургууль барихдаа шашин ном, ёслол үйлдээд байгаа юм бэ. Тийм ёслол үйлдээгүй барилаа гээд муу юм болоод байгаа нь хаана байгаа юм.

Шинжлэх ухаан, шашин хоёр бол гал ус шиг харш. Шинжлэх ухаан нь шашнаа үгүйсгэдэг. Судалж шинжилж, бодит нээлт хийдэг. Шашнаа дооглодог. Шашин нь харин шинжлэх ухаанаа үгүйсгэдэг. Гэтэл шинжлэх ухааны сургууль, шинжлэх ухааны профессорууд нь ингэж алга хавсран залбирч, мухар сүсгээ өөгшүүлэн суугаа нь хэтэрхий муйхар мунхаг юм биш үү. ШУТИС гэдэг шинжлэх ухааны үүр уурхай. Тэнд сурсан оюутан төгсөөд Монголыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстой. Барилга барихыг шинжлэх ухаанчаар судалдаг инженерүүд энд бэлтгэгддэг. Ирээдүйн компьютер, техникийн инженерүүд энд суралцдаг. Уул уурхайн инженерүүд эндээс төрдөг. Тийм сургуулийн барилгыг барих гэж байгаа гээд ингэж мунхаглаж суух гэж. Иймэрхүү мухар сүсгийн дээд хэлбэр болсон ёслол манай нийгэмд нэвчээд байна. Хаа сайгүй барилга барих шав тавих ёслол хийнэ. Ингэхдээ заавал нэг цай оршуулах ёслол үйлдэх юм. Буддын шашинтай зарим оронд газрыг эзэнтэй гэж үзэж газрыг ашиглахдаа эзэн лус савдгийг нь аргадаж, гуйж байна гэсэн утгаар бумба хэмээх зүйлийг хадаг яндартай гэр байшин барихдаа тухайн газартаа ёс үйлдэн булдаг аж. Энэ нь газар хөдөлдөг нутаг орнуудад газар эзэнтэй юм байна гэж үздэг байснаас үүсжээ. Нэг үгээр хэлэхэд, шинжлэх ухааны үүднээс газар хөдлөлтийг ойлгодоггүй байснаас ийн зан үйл хийх болж. Үнэн хэрэгтээ газар хөдлөлт болохоо хүрвэл хадаг яндар булж, ламхай нараар ном уншуулсан, уншуулаагүй ялгаагүй. Чанартай нь тэсээд үлдэнэ, чанаргүй нь багахан баллын газар хөдлөлтөд нурдаг. Энэ бүхэн барилгын чанар, стандартаас л шалтгаална. Гэтэл барилгыг зөв чанартай, стандартын дагуу барихыг заадаг сургууль ийм ёс үйлдэх нь дэндүү эмгэнэлтэй.

Дэлхийд өдөрт хичнээн зуун мянгаараа барилгын ажил эхлүүлж байгаа. Тэглээ гээд шав тавих ёслол хийгээд шашны ёс үйлдээд байдаггүй. Харин сууриа зөв тавих тухай, сайн чанартай, стандартын дагуу барилга барих ойлголт л шинжлэх ухаанд бий. ШУТИС бол дээхнэ үед МУИС-иас салбарласан сургууль. МУИС 1944 онд дайны үед байгуулагдаж байсан. Б.Ширэндэв гэж агуу эрдэмтэн анхны захирал нь байсан сургууль. МУИС анх байгуулагдахдаа ч ингэж лам ном болж муйхарлаж шав тавиагүй байдаг. Дайны жилүүдэд боловсролын систем хөгжөөгүй, хүн амын арван хувь нь л бүрэн дунд боловсрол эзэмшсэн төдий, тоотой хэдхэн сэхээтэнтэй байсан үе шүү дээ. Тэр үед сургуулийн барилгаа барихдаа анхны суурь чулууг, хадагтай тавьж барилгын ажлаа эхэлсэн байдаг.

Лам нь лам, шашин нь шашин байсан тэр үед лам аваачиж ном уншуулж, тоотой хэдэн сэхээтэн нь сөгдөж мөргөөд байгаагүй юм билээ. Гэтэл өнөөдөр цаг үе ямар болов. Шинжлэх ухааны хөгжлийн хурд дэлхийгээс халиад явчихлаа. Өөр гариг ертөнц дээр амьдрах талаар ярьж байна. Ийм байхад Шинжлэх ухаан, техникийн их сургууль нь барилгаа барихдаа мухар сүсгийн харанхуй бүдүүлэг ёс үйлдэх нь инээдтэй бөгөөд эмгэнэлтэй. Дэлхий мунхаг харанхуйг биш шинжлэх ухааныг шүтсэнээр биднээс тасраад явчихлаа. Бид гар мухар, бусдын хийснийг гайхан алмайрахаас хэтрэхгүй байгаа. Монголын шинжлэх ухаан ямар хэмжээнд хүрснийг харуулсан үйл явдал ШУТИС-ийн барилгын шав тавих ёслол болов. Сурлага муутайдуу, шинэ үсгээ ч сайтар сурч амжаагүй ламхай нарт шинжлэх ухааны профессорууд нь сунаж мөргөөд байгаа нь хөлөөрөө толгой хийсний шинж биш үү.

1990-ээд оноос хойш шинэ байрны шав тавьж, цай оршуулах ёслол хийх нь хэрээс хэтэрлээ. Үүнийг нь орой бүр телевизүүд мэдээлнэ. Энэ бурангуй хоцрогдсон ёсноос салмаар байна. Алийн болгон мунхаг бүдүүлгээрээ байх юм. Үүнээс гадна бас нэг гайхшруулсан зүйл байна. Хотоос их, дээд сургуулийг гаргана гэж Их хурал, Засгийн газар, Иргэдийн хурал, ер нь хаа сайгүй л ярьсаар удлаа. Э.Бат-Үүл хотын дарга байхдаа хотын захиргааг нүүлгэн шилжүүлэх газрыг нь шийдээд, зураг төслийг нь хүртэл гаргачихсан байсан ч ажил хэрэг болоогүй. Газар чөлөөлөх хүртэл энэ асуудал яригдаад Э.Бат-Үүл даргын Сонгинохайрханд хотын захиргааг нүүлгэх ажил замхарсан. 2017 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ хэлэлцэж, Нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагуудыг хотын төвөөс нүүлгэнэ гэв. Одоогийн хотын дарга хотын захиргааг Яармаг руу нүүлгэнэ, их, дээд сургуулийг хотоос гаргана гэж мөн л ярьсан. Хотын захиргааг нүүлгэнэ гэж 2018 оны төсөвт 1.5 тэрбумыг суулгалаа. Засгийн газрын тогтоол хүртэл гарав. Ингэж хэлж яриад байсан нь яачихаад үйлчлэхээ байчихав. Нөгөө хотоос гаргана гээд байсан их, дээд сургуулийнх нь нэг ШУТИС-ийн шинэ байрны газрыг хотын төвдөө өгөөд шав тавих ёслол гээчийг хийгээд сууж байх юм. Зүй нь энэ сургуулийн нүүж очих газар нь шав тавих ёстой юм биш үү. Энэ бүхнээс харахад Монгол Улсад төр гэж ер нь байна уу. Төр гэж байдаг бол төрийн шийдвэрээ дагаж хотоос гарах ёстой байгууллагуудыг гаргах ёстой биз дээ. Монголчуудын нэгийг хэлж, нөгөөг хийдэг дампуу зан төр засагт нэвт шингэсэн нь эндээс харагдаж байна. Нэгэнт шийдвэр гарсан бол сургуулийн барилгыг хотод барих зөвшөөрөл өгөх ёсгүй. Ийм л дампуу хоорондоо уялдаагүй шийдвэрүүд Монголд өдөр бүр ар араасаа гарч, тэрийг нь орой бүр зурагтаар гаргаад сүйд болох юм. Төр нь үүнийг болиулдаггүй юм уу. Төрийн бодлого шийдвэрийн уялдаа холбоо гэж Монголд байна уу. Профессор нь ламхайд мөргөж адис авдаг шиг Засгийн шийдвэр гарчихаад байхад хотод сургуулийн байшин барих гэж шавь тавьж суудаг нь ямар учиртай юм. Ийм гажиг үйл явдлууд өрнөдөг нь Монголын онцлог юм шиг болоод удлаа. Энэ онцлог нь Монголыг хөгжүүлэхгүй байгаа юм. 2016 онд Анагаахын дээд сургуулийн шинэ байрны шав тавих ёслол мөн л иймэрхүү зан үйлтэй болж байсан. Ерөнхий сайд нь, Боловсролын сайдтайгаа очоод л сууж байсан. Шав тавих ёслол, тууз хайчлах хоёрт манай дарга нарын дуртайг хэлэх үү. Жорлон барьсан ч, зөөврийн худаг барьсан ч шав тавьж, тууз хайчилж, ламхай нарыг аваачих юм. Барилгын суурь тавихад лам, нам, дарга, дуучин ямар хэрэгтэй гэж. Зүгээр ч үгүй энэ ёслолдоо барилгынхаа төсвөөс нэгээхэн хэсгийг зарцуулдаг гэж байгаа. Төрийн шийдвэрээсээ эсрэг үйлдэл хийдэг дарга, ламхайгаас адис авдаг профессортой улсын шинжлэх ухаан хол явахгүй ээ. Улс орон маань ингэхээр уруугаа харуулчихсан юм шиг, учир нь олдохоо байсан нь аргагүй биз ээ.

Онцлох нийтлэлүүд