Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулын багш Н.Баттулга: Шавь маань 17 насандаа дэлхийн олимпиадын аварга болж шатарчиддаа “Монгол хүн чадна” гэдгийг үлгэрлэж, зориг өглөө DNN.mn Стратегийн бүтээн байгуулалтуудыг гацаасан бүлэглэлийн гар хөл нь сум, багийн Засаг дарга нар болсон юм биш үү DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулын багш Н.Баттулга: Шавь маань 17 насандаа дэлхийн олимпиадын аварга болж шатарчиддаа “Монгол хүн чадна” гэдгийг үлгэрлэж, зориг өглөө DNN.mn Стратегийн бүтээн байгуулалтуудыг гацаасан бүлэглэлийн гар хөл нь сум, багийн Засаг дарга нар болсон юм биш үү DNN.mn
Цаг үе
2019.06.05 08:06

Лодонгийн Дандарын Ганбаатар: Аав маань Чингис хааны сүүлчийн морин цэргийн дарга


1939 оны Халхын голын дайнд түүхэн ялалт байгуулсан БНМАУ-ын гарамгай баатар Лодонгийн Дандарын хүү, шатрын спортын мастер Ганбаатартай ярилцлаа.


Д.Ганбаатар

-Монгол Улсын отгон баатар Шагдарсүрэн гуай “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо “Дандар бол сэлэм барих нь барьсан, харин хуйнаас нь сугалаагүй” гэх маягийн юм ярьж байсан даа?

-Шагдарсүрэн гуай маршал Х.Чойбалсангийн туслахаар очсон гэж ярилаа шүү дээ. Тэр ажлыг хийхдээ ширээний ард байна. Тэр гарч явахгүй. Тулааны талбараас бичиг цаас ирнэ, өргөдөл ирнэ. Тэр дотор “Шагдарсүрэнгийн нэр байна уу” гэхээс яс нь хавталзах нь тодорхой шүү дээ. Чойбалсангийн туслах хийх, цэргүүдээ аваад байлдааны офицер хийх энэ хоёр өөр байгаа биз. Аан?

-Өөр өөр, газар тэнгэр шиг л ялгаатай байж таараа?

-Морин цэргийн байлдаан гэдэг чинь байна аа, энэ нэг гүвээ байна, дарга хүн гүвээний дээр нь гарч цаашаа хараагүй бол цаашаагаа яаж цэргээ авч хаагуур нь явах юм бэ? Хаана нь жалга байна, хаана нь далдлах юм байна тэр бүгдийг харж таарна аа даа. Тийм ч учраас аав маань тэр байлдаануудынхаа тухай дандаа дурсдаг байсан. “Та яагаад цэргүүдээ явуулдаггүй байсан юм бэ” гэхэд “Өөрөө харсан нь баттай байхгүй юу. Ямарваа нэг ажлыг хийе гэвэл өөрөө хийсэн нь дээр” гэсэн захиасыг аав маань хэлдэг байлаа.

-Оросын цэргийн даргатай цэргийн хүнсний үхрээс болж муудалцаад буудчихсан. Тэгээд улсын баатар цолоо хураалгасан гэсэн яриа хэр үнэний ортой бол?

-Яахав, тэр талаар ном зохиол, архивын материал дотор тодорхой юм алга. Энэ Дашдэндэв миний дүү учраас Шагдарсүрэн гуайн үг энэ тэрд эмзэглэлгүй яахав. Эд тийм үг хэлэхээр байгаа. Дайны үеийн тэр хүнд үеийн байдлыг хэн ч одоо батлахгүй. Тэрнээс хүнд үеийг баталж амждаггүй гэж байгаа. Монгол цэргүүдийг орос нисгэгч бөмбөгдсөн үү, үгүй юу гэдгийг баталж чадахгүй шүү дээ. Тэр их хэцүү. Ингэхээр Орос, манай хоёрын аль нь ч батлаагүй, хэн нэгэн тэгсэн гээгүй, ял тулгаагүй. Бусад ялуудыг нэмж байгаад ялласан байдаг юм. Аавын минь гарамгай баатар гэсэн үгийн ард домогт баатар гэдэг үг нэмэгдсэн. Бүр амьд байхад нь шүү.

-Ёстой л амьд домог болсон баатар шүү?

-Нөгөө Хатанбаатар Магсаржавыг бүсээ тайлахад сум унаж байлаа гэдэг шиг домогшсон. Нөгөө Сүхбаатар жанжин буцааж болдоггүй бууны сумыг хаагаад байсан гэдэг шиг домогортлоо баатар болсон хүн шүү дээ. Ард түмэн л энэ домогт баатрыг бий болгож байгаа хэрэг шүү дээ. Монгол Улсын баатар цол олго гэсэн тогтоол гарахад маршал Чойбалсан “Үгүй ээ, зүгээр баатар өгөхгүй. Дээр нь чимэг нэм” гэж Богд хаант Монгол Улсын үеийн баатруудад олгож байсан уламжлалыг залгамжилж олгосон байдаг. Богдын үеийн баатрууд чинь дандаа чимэгтэй шүү дээ. Ялгуун баатар, Хатанбаатар гэх мэтээр олгосон байдаг даа.

-Дамдинсүрэнд гэхэд Манлайбаатар зэрэг цол 105 чимэгтэй баатар төрсөн гэдэг байх шүү?

-Тэрэн шиг Халхын голын баатрууд дунд чимэгтэй баатар хоёрхон хүн байдаг юм. Хоёулаа Булганаас төрсөн. Зоригт нисгэгч Дэмбэрэл, гарамгай баатар Лодонгийн Дандар гэсэн хоёр хүн.

-Гарамгай баатрын маань гэр бүлийн байдал ямаршуухан байв?

-Манай аав чинь ЗХУ-д 1934 онд сурч байхдаа орос эмэгтэйтэй танилцаад нэг охинтой болсон. Тэр аавын ууган охин.

-Хэн гэж охин байна?

-П.Д.Марина гэж хүн бий. Эх нь ОХУ-ын иргэн Д.Печникова. Марина эгч хоёр хүүтэй. Д.М.Александр, Д.М.Николай хоёр манайд жаран хэдэн онд ирэхэд аав өөрийн хэмжээнд монгол орноо танилцуулсан. Энэ бүхэн миний охин Г.Гангамөрөний бичсэн “Домогт баатар Дандар” номонд их тодорхой орж байгаа. Дараа нь би байгаа юм. Намид гэж эмэгтэйтэй 1944, 1945 оны үед юм уу даа, дайнд явж ирээд танилцсан байгаа юм. Дорноговь аймгийн хүн. Тэр хүнтэй гэр бүл болж би 1946 онд төрсөн. Дайн дуусгаад иртэл нөгөө “Оросыг буудсан уу, буудаагүй юу” гээд хэргүүд хөвөрнө шүү дээ.

-Япончуудаас Өмнөд Монголыг чөлөөлөхдөө язгууртан угсааны нэг бүсгүйтэй учир ургуулсан гэх зэм ч сонсогддог байх шүү?

-“Оросыг буудсан” энэ тэр гээд хүний санаанд багтахгүй зөндөө л яриа бий. Энэ болгон гүтгэлгийн матаасанд нь байгаа болохоос ялын тогтоол дээр тэдгээр яриа орсон байдаггүй юм.

-Та дүүтэй биз?

-Дандарын Цэдэвсүрэн гэж миний дүү охин байлаа.

-Намид ээжээс тань төрсөн үү?

-Үгүй ээ. Энэ маань манай аавын хоёр дахь дүү Ёндон гээчийн охин. Ёндон ахын маань эхнэр Лхамсүрэн дүүг төрүүлээд нас барчихгүй юу. Сайхан хоолтой ундтай эгч байсан юм. Ёндон ах их ажилч, цахилгаан станцад слесарь хүн байлаа. Ёстой хайр гэдэг л тэр байсан байх, ханиа алдаад авга ах маань дотуураа бэтгэрээд хачин болчихсон юм. Өвчин гүдэг тусаагүй л дээ. Тэгээд аав ээж хоёр маань яриад охиныг нь өргөж авсан. Цэдэвсүрэн дүү маань гучин долооны жил дээрээ бурхан болсон. Ингэж аавын албан ёсны гурван хүүхдийн бүртгэл гарч ирдэг юм. Замын-Үүдэд байдаг аймгийн арслан Дашдэндэв гэж хүү байна. Энэ хүнд аав өөрөө юу ярьсан байдаг юм, мэдэхгүй. Аавын бие тааруу байхад гурван сар гаруй хамт өргөлцөж л байсан даа.

-Та ямар ажил төрөл эрхэлж байв?

-Би армид ажиллаж байсан. Эдийн засгийн дээд сургууль, Хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжилтэй хүн. Хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байгаад ээжийг 1976 онд бурхан болоход аавдаа санал тавиад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Алтанбулагийн сангийн аж ахуйд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан даа.

-Та хэдэн хүүхэдтэй болов?

-Би Чүлтэмийн Цэрэндэжидтэй хань бүл болж Гантөмөр, Ганчимэг, Гантулга, Гангантөгс, Гангантогос, Ганхуяг, Ганхуяг (Миша), Гангамөрөн гэж найман сайхан үр хүүхэд төрүүлж өсгөсөн дөө.

-Одоо та хаана аж төрж байна?

-Хотод, Төв цэнгэлдэхийн хажуу дахь “Хурд” хороололд аж төрж байна. 2004 оноос хүүхдүүдэд шатар заалаа. Намайг наймтай байхад аав минь шатар зааж өгч байлаа. Сэлэнгийн Алтанбулагт байхдаа “Алаг морьт” гэж шатрын клуб байгуулж хүүхдүүд маань гайгүй амжилт гаргаж байсан. Сүүлийн гурван жилд бие өвдөөд саянаас нэг юм босож ирлээ. Зүрх гэдэг ч бас л сүрхий өвддөг эрхтэн юм.


“ДОМОГТ БААТАР ДАНДАР” НОМЫН НЭЭЛТ БОЛОВ

Дандар баатрын хүү Ганбаатарын отгон охин Г.Гангамөрөн өвөөгийнхөө 105 жилийн ой, Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулж “Домогт баатар Дандар” намтар ном бичсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаа “Shangri-La centre”-ийн нэгдүгээр давхарт өчигдөр боллоо. Тавдугаар сарын 28 буюу Халхын голын зарлаагүй дайны анхны ялалтын өдрийг гарамгай баатар маань өөрөө сонгон төрсөн өдрөө болгон албан ёсны бичиг баримтандаа бүртгүүлсэн түүхтэй аж. Номын баярт домогт баатрын хүү Ганбаатар үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, ах дүүсийн хамт оролцсоноос гадна залуу жанжин Лхагвасүрэнгийн охин Л.Лхагвадулам, Дандартай үе тэнгийн мэт үерхэж нөхөрлөж, арми сурталчлах ажлаар хөдөө аймгуудаар явахад нь богцыг нь зөөж “морин жолооч” хийж явсан төрийн шагналт, ардын уран зохиолч Пунцагийн Бадарч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар, Ай.Төмөр-Очир, “Алаг морьт Дандар баатар” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Ц.Цэнгэл нар үг хэлж, дэлхийд алдраа дуурсгасан их дуучин Ариунбаатар гавьяат ая дуугаа өргөн, хүндэтгэл үзүүллээ. Номын баярын үеэр домогт гарамгай баатар Л.Дандарын хувцас хэрэглэл болон Халхын голын дайны үед хэрэглэж байсан байлдааны сэлэм, цэргийн хэрэгслүүдээр үзэсгэлэн гаргасан байлаа. Зохиогч номын дээжээсээ УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбат, хошууч генерал Ж.Болдбаатар, Сосорбарам нарт гардуулсан юм. Ач охиноос нь баатар өвөөдөө зориулан туурвисан эл ном 21 бүлэгтэй агаад МЗЭ-ийн шагналт зохиолч Бямбаагийн Сарантуяа шүүдэглэсэн байна.

Онцлох нийтлэлүүд