Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно
Нийгэм
2021.02.03 11:02

Л.Галбаатар: QR кодоор дамжуулж иргэдийн зорчих хөдөлгөөнийг мөшгих үйл ажиллагаагаа даруй зогсоох ёстой

-QR КОДЫН АСУУДАЛ НЬ ИРГЭДИЙГ МӨРДӨН МӨШГИЖ БОЛОХ УУ, ҮГҮЙ ЮҮ ГЭДЭГТЭЙ ХОЛБООТОЙ-


Иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх, хянах зохицуулалт бүхий QR системийн талаар хууль эрх зүйн орчин манай улсад бүрдсэн эсэх талаар хуульч, судлаач Л.Галбаатартай ярилцлаа.


-Хэдхэн хоногийн өмнө Хүний эрхийн үндэсний комиссоос Улсын онцгой комиссын даргад QR кодтой холбоотой асуудлаар шаардлага хүргүүлсэн. Иргэний хувийн мэдээлэл алдагдах, эрх нь зөрчигдөх хэдэн хэдэн үндэслэл байгаа гэж үзсэн байна. Та энэ талаар ямар бодолтой байна?

-Миний хувьд тус шаардлагыг дэмжиж байгаа. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний шаардлагад гурван зүйлийг дурдсан. Нэгдүгээрт, E-barimt системд суурилсан бүртгэл нь цар тахлаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад гарцаагүй шаардлагатай, үр нөлөөтэй байх эсэх, энэ хязгаарлалт нь хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрхэд хамгийн бага хязгаарлалт тогтоосон, зорилгодоо тохирсон эсэх талаарх үндэслэл, баримтыг ХЭҮК-т ирүүлэх, олон нийтэд мэдээлэх. Хоёрдугаарт, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.18 дугаар хэсэгт заасан “Халдвар авсан иргэний хөдөлгөөнийг тогтоох зорилгоор иргэн, хуулийн этгээдээс мэдээ, мэдээлэл авах журам”-ыг нэн даруй батлах.

Гуравдугаарт, E-ba­rimt системд суурилсан бүртгэлийг хангалтгүй хөтөлсөн шалтгаанаар аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, шийтгэл оногдуулахгүй байх гэсэн зүйл заалт бүхий шаадрдлага хүргүүлсэн. Тэгэхээр манай улс цар тахалтай өнөөдрийг хүртэл тэмцэх явцдаа иргэдийн хувийн мэдээллийг тодорхой хууль, дүрэм журмын дагуу нээлттэй ил тод болгосон эсэхийг бодож үзэх хэрэгтэй.

-Иргэд зорчсон газар бүртээ QR код уншуулах нь нэг талаасаа иргэдийн хувийн мэдээллийг төр бүртгэж, мөрдөж мөшгиж хүний эрхэд халдаж байгаа хэрэг мөн үү?

-Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуульд хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй гэж заасан. Энэ эрхийг эдлэх нэг баталгаа нь хэнийг ч хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн мөрдөн мөшгихийг хориглосон Үндсэн хуулийн заалт юм. QR кодоор дамжуулж тухайн хүнийг хэзээ, хаагуур явсан гэдгийг мэдэх боломжтой болж байгаа.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын вэб сайт дахь мэдээлэлд тухайн хүний утасны давтагдашгүй кодоор дамжуулж, тэр хүний зорчих хөдөлгөөнийг бүртгэж, бусад хувийн мэдээллийг цуглуулахгүй гэж тайлбарласан байсан. Ямар мэдээлэл цуглуулсан бэ гэдгээс үл хамаараад тухайн хүнийг хаагуур явж байгааг мэдэж байгаа гэдэг нь гол асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний мэдээллийг бүртгэх замаар хүнийг мөрдөн мөшгиж байна гэсэн үг. Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс шаардлага гаргаж байгаа гол үндэслэл бол, заавал ингэж хүнийг мөрдөн мөшгих ёстой гэсэн хангалттай үндэслэл, нотолгоо байхгүй бол энэ үйл ажиллагаа чинь буруу шүү гэдгийг илэрхийлж байна. Өнөөдөр дээрх QR кодоор дамжуулж иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэж байгаа үйл ажиллагаа хэр үр дүнтэй байгаа талаар нэг ч албан ёсны мэдээлэл алга. Энэ QR кодын бүртгэлийг хэн хянах вэ гэдэг тодорхойгүй, ямар хугацаанд бүртгэлийн мэдээллийг хадгалах вэ гэдэг тодорхойгүй, цуглуулсан их өгөгдлийг хэн хадгалж, хамгаалах вэ, хэзээ устгах вэ гэдэг тодорхойгүй байна. Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хязгаарлахад чиглэсэн аливаа шийдвэр, үйл ажиллагаа маш тодорхой байх ёстой, тэр нь Үндсэн хууль, холбогдох хуульд бүрэн нийцсэн байх ёстой.

-Тэгэхээр иргэдийн мэдээллийг шууд ил тод болгосон нь тодорхой хууль зүйн зохицуулалтгүйгээр өнөөдрийг хүртэл үргэлжилж байна гэж ойлгож болох уу?

-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлэл, Засгийн газрын цахим хуудаст дурдсанаар бол, дээрх QR кодтой холбоотой үйл ажиллагааг “Улсын онцгой комиссын чиглэл”-ийн дагуу хэрэгжүүлж байна. Бас Нийслэлийн Засаг даргын 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн А/1250 дугаар захирамжид “Иргэний цахим үнэмлэхийн QR кодыг ашиглан иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх системийг хэрэглээнд нэвтрүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн мэдээллийн технологийн газарт даалгасан". Өөрөөр хэлбэл, иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх, цуглуулах үйл ажиллагааны талаар ямар нэг журам гараагүй. Энэ журам нь захиргааны хэм хэмжээний акт байх ёстой. Ийм актаар иргэдэд үүрэг хүлээлгэх, төрийн байгууллагууд тэрхүү үүргийн биелэлтийг шалгах эрхтэй болдог. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 59.1-т зааснаар хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг захиргааны хэм хэмжээний акт гэдэг. Мөн хуулийн 67.2-т зааснаар тус актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. QR кодтой холбоотой “Улсын онцгой комиссын чиглэл”, Нийслэлийн Засаг даргын захирамж “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүртгэгдээгүй. Тэгэхээр иргэд зорчих хөдөлгөөнийг бүртгэх, хянах зориулалттай QR кодыг уншуулах үүрэггүй. Иргэд, байгууллагаас ийм үүргийг шаардах эрхгүй.

-Тэгвэл QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно гэх төрийн дарамт байгаа шүү дээ. Тэгэхээр яах ёстой юм бэ?

-"QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно" гэж 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр, "QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээх үүрэг өглөө" гэж мөн оны нэгдүгээр сарын 18-ны өдөр тус тус Нийслэлийн Засаг даргын тамгын газрын цахим хуудаст мэдээлсэн. Энэхүү мэдээлэлд дурдсанаар, Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ахлуулсан хяналтын баг Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төв, рестораны QR платформын хэрэглээнд ээлжит шалгалт явуулж, дээрх байгууллагууд QR бүртгэлийг хийхгүй байх, үйлчлүүлэгчдээ бүрэн хамруулаагүй байгаа тул үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хааж, маргааш өглөө зөрчлийг нь арилгуулсны дараа нээх үүргийг холбогдох албаныханд өглөө гэсэн. Мөн "Нийслэлээс өргөтгөсөн шалгалтыг цаашид ч эрчимжүүлэх бөгөөд иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм" гэжээ. Өмнө тайлбарласны дагуу, зөвхөн сайн дурын үндсэн дээр QR кодыг уншуулж болно. Иргэд зорчих хөдөлгөөнийг бүртгэх, хянах зориулалттай QR кодыг уншуулах үүрэггүй байхад ийм үүргийг шаардаж байгаа нь төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд хуульгүйгээр, дур мэдэн иргэдэд үүрэг хүлээлгэж байгаа нэг жишээ юм. Нөгөө талаар иргэдийн зорчих хөдөлгөөний бүртгэлийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй гэх баталгаа байхгүй, иргэдийн зорчих хөдөлгөөнийг ямар хугацаанд бүртгэх, эдгээр бүртгэлийг хэн хянах, аль байгууллага, ямар үүрэгтэй оролцох гээд олон зүйл маш тодорхойгүй байгаа тул иргэд, байгууллагуудын хувьд өөрийн эрх ашгийн үүднээс асуудалд хандах нь улам бүр чухал болж байна.

-Цаашид зохих журам батлагдсанаар иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах нь хангалттай юу?

-Үгүй ээ. Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11.1.1, 11.1.3-т төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр “хуульд үндэслэсэн байх”, “зайлшгүй, тохирсон байх” шаардлага тавьсан. Гэвч иргэдийн байршил, зорчих хөдөлгөөний өгөгдлийг цуглуулах, боловсруулах, хадгалах, ашиглахыг зөвшөөрсөн тусгайлсан хууль Монгол Улсад байхгүй. "Ковид-19" илэрсэн иргэд, хавьтал бүхий олон мянган хүнийг олж, хөдөлгөөнд нь хяналт тавьсан. Гэтэл зөвхөн хавьтлаар хязгаарлахгүйгээр бүх иргэний зорчих хөдөлгөөнийг бүртгэж, хянах нь “зайлшгүй” биш, “тохирсон” арга биш. Иймээс Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 25-нд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайдад өгсөн зөвлөмждөө байршил тэмдэглэх аппликэйшн, иргэний үнэмлэхний QR кодыг ашиглахдаа хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангаж, хувийн өгөгдлийг зөвхөн ковидтой тэмцэхэд ашиглах, тараахгүй, задруулахгүй байхад онцгой анхаарч ажиллах; хувийн өгөгдөл хамгаалах хуулийн төсөл боловсруулах саналыг хууль санаачлах эрх бүхий албан тушаалтанд уламжлах талаар тусгасан. Тэгэхээр “Хувийн өгөгдөл хамгаалах” тухай хууль батлагдаагүй байгаа нь хувийн өгөгдлийг цуглуулах, боловсруулах, хадгалах, ашиглахтай холбоотой хууль зүйн баталгаа бүрдээгүй гэсэн үг. Ийм хууль зүйн баталгаа бүрдээгүй байхад хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа зөвхөн иргэдийн сайн дурын үндсэн дээр хэрэгжих ёстой. Эмнести интернэшнл зэрэг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дэлхийн 140 гаруй иргэний нийгмийн байгууллага 2020 оны дөрөвдүгээр сард гаргасан хамтарсан мэдэгдэлдээ “Ковид-19" цар тахлаар шалтаглан иргэдийг байнгын цагдан хяналтад байлгахыг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ илэрхийлсэн. "Ковид-19" цар тахлын үргэлжлэх хугацаа 2-3 жил, харин Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх бол хугацаагүй.

-Бусад улсад орнуудын туршлага юу байна. Тэд ямар стандарт баримталж ажилладаг бол?

-Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв болон Нийслэлийн Засаг даргын тамгын газраас боловсруулсан иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх, хянах системтэй төстэй систем нэвтрүүлсэн ихэнх улсад нийтийн эрүүл мэндийг хамгаалахаас өөр зорилгоор буюу нөхцөл байдал өөрчлөгдсөн үед үргэлжлүүлэн хэрэглэх тохиолдол гарсаар байна. Хүний эрхийг дээдэлдэг улс орнуудын хувьд хавьтал тогтоож, мэдэгдэх систем бий болгож, ашиглахдаа хамгийн бага хэмжээний мэдээлэл дээр хамгийн аюулгүй байдлаар ажиллах технологийн шийдэл нэвтрүүлж, тэрхүү системийг ашиглах эсэх нь хувь хүний сонголт байх бөгөөд эрүүл мэндийн байгууллагын хувьд хавьтал тогтоох, мэдэгдэх системд бүртгэгдсэн тухайн хувь хүний мэдээллийг нэг сарын дотор устгах арга хэмжээ авдаг. НҮБ-ын “Интернэтийн засаглалын форум-2020"-д гаргасан тайланд дурдсанаар нийтийн эрүүл мэндийн төлөө иргэд хувийн өгөгдлөө хуваалцаж болох ч, тэдгээр өгөгдлийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай хэмжээнээс хэтэрсэн өгөгдөл цуглуулахгүй байх, цуглуулсан өгөгдлийг өөр зорилгоор ашиглахгүй байх, цаашид үргэлжлүүлэн иргэдийн хөдөлгөөн, үйл ажиллагааг мөрдөн тагнахад ашиглагдахгүй байх ёстой. Нийтийн сайн сайхны төлөө иргэдийн өгөгдлийг цуглуулахын тулд төр болон хувийн хэвшлийн зүгээс дээр дурдсан стандартыг мөрдөх хууль зүйн баталгааг бий болгох хэрэгтэй. Гэвч манайд Хувийн өгөгдлийг хамгаалах хуультай болох хангалттай хугацаа өнгөрсөн. Миний мэдэхээр 2013 оноос хойш ийм хуулийн хэд хэдэн төсөл бэлтгэсэн, бэлэн байгаа, одоо ч бас нэг хуулийн төслийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хариуцан боловсруулсан. Хууль батлагдахаас өмнө амжиж хувийн их өгөгдлийг дур мэдэн цуглуулах, боловсруулахад чиглэсэн элдэв үйл ажиллагаа явуулж байна уу даа гэсэн хардлага бий.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр гаргасан ковидтой холбоотой удирдамждаа хөл хорио дууссанаас хойш иргэдийн хувийн өгөгдлийг цуглуулж болохгүй гэсэн. Гэвч Засгийн газрын холбогдох албан тушаалтны мэдээлэлд дурдсанаар манайд хөл хорио дууссан ч бүх иргэний хувийн өгөгдлийг үргэлжлүүлж цуглуулж, хөдөлгөөнийг мөшгихөөр байна.

-Тэгвэл цаашид бид яах ёстой вэ?

Улсын онцгой комисс, Засгийн газраас Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дээр дурдсан шаардлагуудыг бүхэлд нь биелүүлж, энэ талаараа Хүний эрхийн үндэсний комисс болон олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэрэгтэй. Мөн хууль, журамгүйгээр хэрэгжүүлж байгаа QR кодоор дамжуулж иргэдийн зорчих хөдөлгөөнийг мөшгих үйл ажиллагаагаа даруй зогсоох ёстой. Иргэдийн хувьд өөрөө хүсээгүй л бол, иргэний үнэмлэхний QR код болон гар утсан дахь программаар QR код уншуулахгүй байх хэрэгтэй.

П.БАТЗАЯА

Онцлох нийтлэлүүд