ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.06.01 11:06

Л.Оюун: Түр хуулиар ам.долларын шилжүүлэг хийхгүй, долларын хадгаламж даатгахгүй, хүү тооцохгүй гэж заасан


Эдийн засагч Л.Оюунаас долларын өсөлтийн талаар тодрууллаа.


-Монгол Улс хар жагсаалтад орсноос үүдэн эдийн засагт ямар өөрчлөлт, сөрөг үр дагавар гарч байна вэ?

-Хар жагсаалт гэхээсээ илүү "Ковид-19" цар тахалтай холбоотой л эдийн засгийн өөрчлөлтүүд их гарч байна. Тэдгээр өөрчлөлтүүдэд сөрөг үзүүлэлт, үр дагавар ч байна. Эерэг үзүүлэлтүүд ч байна. Сөрөг гэвэл импорттой холбоотой асуудлууд юун түрүүнд яригдана. Эндээс бид бүтээгдэхүүнээ дотооддоо хийж болохыгоо үйлдвэрлэж, хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож байна. Энэ санааг хаа сайгүй, хүн бүрт ойлгуулж эхэлж байна.

-Монголдоо өөрийн данснаас бусад иргэн болон, ААН-ийн данс хооронд долларын гүйлгээ хийгдэхгүй болсон гэнэ. Энэ ямар учиртай юм бэ?

-2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд “Ковид-19" цар тахлыг урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах” тухай хууль гарсан. Энэ хуулиар долларын шилжүүлэг хийж болохгүй гэж тодорхой заасан. Мөн долларын хадгаламжийг даатгахгүй, харилцах, хадгаламж барьцаалсан зээл авч болохгүй гэж заасан байгаа юм.

-Долларын хадгаламж нээсэн тохиолдолд банк хүү тооцохгүй гэдэг нь үнэн үү?

Үнэн.

-Сүүлийн үед долларын ханш тогтмол өсөөд байна шүү дээ. Монголчууд доллараар наймаа хийхгүй байхад яагаад үнэ нь өсөөд, хадгаламжид хориг тавиад байгаа юм бэ?

-Монгол Улсын нутаг дэвсгэр дээр албан ёсны төлбөрийн хэрэгсэл “төгрөг” байдаг. Иймээс долларыг төлбөрийн хэрэгсэл болгохгүй арга хэмжээ авч байна гэж би ойлгож байна. Нөгөө талаас манайхан хямрал нүүрлэсэн үед эрсдэлээс хамгаалахын тулд төгрөгийн хадгаламжаа доллар болгох хандлага түгээмэл гардаг.

Энэ нь долларын зохиомол эрэлт бий болгож, ханшийг нь өсгөдөг. Эдгээр шалтгаанаас хамаарч дээрх арга хэмжээг авч байна гэж бодож байна. Ер нь долларын ханшийг удирдах ийм арга хэмжээг олон оронд авдаг. Үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэгүйдлээс хамгаалах арга хэмжээ гэж хэлдэг. Манайхан л харин хойрго байсан. Одоо яалт ч үгүй арга хэмжээ авч эхэллээ. Зөв.

-Ер нь долларын гүйлгээ хаагдаж боогдоод байгаа нь хар жагсаалттай холбоотой юу, эсвэл монголчуудын өөрсдийн долларын ханшаа өсгөхөөс болгоомжилсон шийдвэр юм уу?

-Энэ нь долларын дотогшлох урсгал буурсантай холбоотой байх. Долларын нийлүүлэлт байхгүй байна гэсэн үг. Иймээс барааны нийлүүлэлт буурахад үнэ нь өсдөг зүй тогтлоор долларын ханш өсч байгаа.

-Сонгуулийн дараа доллар өснө гэсэн таамаг байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Хардаж болох л асуудал.

Ер нь бол ийм тохиолдол байдаг. Судалгаа ч бий. Гэхдээ энэ талаар яримааргүй байна. Нэг ёсондоо олон зүйл ярьж хүмүүсийг сандаргамааргүй байна. Гэхдээ долларын ханшийг өсгөхгүй байх арга хэмжээнүүдийг авч байна шүү дээ. Бас нэг судалгаа байна. Наадмын өмнө долларын ханш өсөөд наадмын дараанаас буураад шинэ оны өмнө өсч эхэлдэг гэсэн. Долларын ханшийн өсөлтийн индексийн тооцооллоор ингэж гарсан байсан. Энэ нь манай эдийн засаг улирлын шинж чанартай байдагтай холбоотой. Манайхан зун бүгд амардаг, үүний зэрэгцээ эдийн засаг “амардаг”, хөдөө гадаа явдаг, Улаанбаатарын автомашины зам “сулардаг”. Бид мэднэ. Үүнийг болимоор, зогсоомоор байна.

С.ЛХАМСҮРЭН

Онцлох нийтлэлүүд