Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүллээ DNN.mn "Соёлын сэргэлт 2023" аян нийслэлийн дүүргүүдэд хэрэгжиж эхэллээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ыг цахимаар захиалан уншаарай DNN.mn Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадын шилдгүүд шагналаа гардав DNN.mn “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг 7 хоног бүр зохион байгуулж байна DNN.mn Ихэнх нутгаар дулаарна DNN.mn Маргаашнаас улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийнэ DNN.mn Жамбын Дашдондог: Надад хайрын сэдэвтэй 50 дэвтэр шүлэг бий DNN.mn Хүүхдийн бэлгэнд сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн сонгохоос татгалзъя DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүллээ DNN.mn "Соёлын сэргэлт 2023" аян нийслэлийн дүүргүүдэд хэрэгжиж эхэллээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ыг цахимаар захиалан уншаарай DNN.mn Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадын шилдгүүд шагналаа гардав DNN.mn “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг 7 хоног бүр зохион байгуулж байна DNN.mn Ихэнх нутгаар дулаарна DNN.mn Маргаашнаас улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийнэ DNN.mn Жамбын Дашдондог: Надад хайрын сэдэвтэй 50 дэвтэр шүлэг бий DNN.mn Хүүхдийн бэлгэнд сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн сонгохоос татгалзъя DNN.mn
2022.04.19 11:04

Л.Эрдэнэбат: Допингийн хэрэглээнд цэг тавихгүй бол бөхчүүд маань дэвжээн дээрээ эндэх аюул энүүхэнд байна шүү DNN.mn

Нийтлэлч: ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ


Спортын анагаах ухааны эмч Л.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Өнөөдөр тантай тамирчдын эрүүл мэнд, тэр дундаа үндэсний бөхийн спортоор хичээллэж буй залуусын эрүүл мэндийн талаар ярилцах гэсэн юм. Допингийн хэрэглээтэй холбоотойгоор тэдний эрүүл мэнд эрсдэлд ороод байх шиг...

-Бөхчүүдийн эрүүл мэнд эрсдэлд орсон гэдэг үнэн. Онцлоод хэлэхэд, залуу бөхчүүдийн дунд допингийн төрлийн бодисын хэрэглээ хавтгайрсан байна. 20-25 насны залуу бөхчүүд л эмнэлгийн үүдээр эргэлдээд салахаа больчихсон. Шалтгаан нь элэг, ходоодны өвчлөл. Зүрхний үйл ажиллагаа доголдсон нь ч бий. Энэ нь тэдний хэрэглэж буй эм бэлдмэлүүдтэй шууд хамааралтай байна.

-Бөхчүүдийн хэрэглэж буй бэлдмэлүүдийн талаар тодруулахгүй юу. Бөхчүүд ямар бодис хэрэглээд эрүүл мэндээ эрсдэлд оруулаад байна вэ?

-Строидын төрлийн бодисын хэрэглээ түгээмэл болжээ. Энгийнээр тайлбарлавал масс авахын тулд янз бүрийн хортой бодис хэрэглээд байна л даа, манайхан. Масс авснаар бяр чадал нэмэгдэнэ. Стеройдын хэрэглээг зөвшөөрдөг спортын төрлүүд бий. Зарим төрлийн бодибилдингийн холбоодод зөвшөөрдөг. Энд анхааруулаад байгаа нь стеройдыг хэрэглээгээ болгосон тамирчид богино насалдаг. Ойролцоогоор 40 гараад л нас бардаг судалгаа гарсан байдаг. Зарим тохиолдолд цэл залуугаараа ч нас барах нь бий. Үндэсний бөхөд ийм аюул ойрхон ирээд байна гэдгийг л онцолъё. Допингийн хор уршиг ийм аюултай учраас л дэлхий нийтээрээ хориглодог.

-Асуудал ингэж хурцадсан хэрэг үү?

-Өнөөдөр үндэсний бөхөөр 30 орчим мянган хүн хичээллэдэг гэх судалгаа байдаг. Энэ том салбарт допингийн хэрэглээ хавтгайраад байгаа нь аюул. Монгол эр хүний үлгэр дуурайл болсон бөхчүүд тэр дундаа залуучууд нь допинг руу хошуурч байгаад нь сэтгэл эмзэглэх юм. Хамгийн харамсалтай нь хөдөлмөрийн насны залуус допинг хэрэглэж биеэ хордуулж байгаад нь гол харлаж байна. Одоогоос гурван жилийн өмнө Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах барилдааны үеэр 20 гаруйхан настай залуугийн бие огцом муудаж, тэр дороо эмнэлэгт хүргэгдээд нас барсан тохиолдол гарсан. Энд онцлоод буй янз бүрийн бодисын хэрэглээний гор нь энэ л дээ. Спортын талбарт ийм зүйлийн хэрэглээ хавтгайрахаар тамирчдын эрүүл мэндэд хор хохирол учирдаг бэлэн жишээ бий. Олон улсад уралдааны замд эндсэн ч гашуун туршлагууд байдаг. Хэрэв үндэсний бөхийн талбарт допингийн хэрэглээ хавтгайрсан хэвээр үргэлжилбэл эрүүл мэнд, цаашлаад амь насанд нь халтай нөхцөл байдал тулж ирээд байна. Бөхчүүд маань өөрсдөө ч үүнийг ухамсарлаж допингийн хэрэглээнээс татгалзах хэрэгтэй. Спортын түүхийг судлаад харахад л допингийг хэрэглээгээ болгосон тамирчид, тухайн спорт ч мөхөл рүү дөхсөн байдаг шүү дээ.

-Ийм хор хөнөөлтэй допингийн төрлийн бодисын худалдаа, наймаа манайд чөлөөтэй байдаг юм уу?

-Манайд допинг хэрэглэсэн бөхчүүдийг л нийгмээрээ зүхээд байна л даа. Гол шалтгааныг нь ухаад судлаад үзэх хэрэгтэй юм шиг. Энэ төрлийн бодисыг хэн худалдаалж бөхчүүдийн эрүүл мэндэд заналхийлээд байна ч гэх юм уу. Асуудлын шалтгааныг нь судлаад шаардлагатай арга хэмжээг нь аваад явах хэрэгтэй. Өнөөдөр хүчний багш дасгалжуулагч гэх хүмүүс хэдхэн халтар төгрөгийн төлөө залуу бөхчүүдийн тархийг угааж допинг нийлүүлээд байгаа нь нууц биш болсон. Допинг хэрэглэсэн тамирчинг адлахаас илүү энэ төрлийн бизнес эрхэлж байгаа хүмүүсийг нь олж тогтоогоод тэмцвэл илүү үр дүнтэй санагдах юм.

-Допинг хавтгайрсан спорт мөхөл рүү явдаг гэж та онцоллоо. Энэ талаар тодруулахгүй юу?

-Үндэсний бөх дээр л жишээ аваад хэлье л дээ. Допингийн төрлийн бодис элэг, ходоод, зүрх гэх амин чухал эрхтнүүдэд маш хортой. Үүнээс гадна бэлгийн сулрал, цаашлаад үргүйдэлд хүргэдэг. “Допинг хэрэглэсэн бөх засуулсан төлөг шиг болно” гэж доктор Д.Данзан гуай голыг нь олж бичсэн байдаг. Өнөөдөр барилдаж байгаа бөхчүүдийн олонх нь удам залгаж барилдаж байгаа. Түүх харахад аав нь ч юмуу, өвөө нь бөх улс л энэ өв соёлыг тээж яваа. Өнөөдөр барилдаж буй бөхчүүдийн үр хүүхэд л цаашид авч явах учиртай. Гэтэл өнөөдөр допингийн хэрэглээ хавтгайрчихлаа. Үр үндсээ үлдээхэд тун асуудалтай болж байна шүү дээ. Ингээд л допинг хавтгайрсан спортын төрөл мөхдөг жишиг бий. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал байхгүй юу. Хүмүүс нэг их ач холбогдол өгөхгүй юм л даа.

-Үндэсний бөхөд допингийн хэрэглээ хавтгайрахад юу нөлөөлөв. Үүнийг та яаж харж байна вэ?

-Олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Үндэсний бөхийн бай шагнал өндөр болсон. Улсын цол авахад нь л нутгийн зөвлөлөөс нь унаа аваад өгчихөж байна. Өөр нэг компани байрны асуудлыг нь шийдчихнэ. Манайхан ч бөх, бөх гээд л дээшээ зална. Алдар сууг нь бишрээд л тэнгэрт гаргачихна. Ийм байхад бөхчүүд маань хялбар, дөт замаар нэр алдарт хүрэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй байна л даа. Энэ хүсэл эрмэлзэл дээр нь штангны багш гэх нөхдүүд тоглолт хийж ашиг хонжоо хайж байна. Өнөөдөр захын фитнесс заал руу шагайхад л “Тийм ч бяртай болгоно, ийм ч булчинтай болгоно” гэсэн багш нар дүүрэн байгаа. Залуу бөхчүүдийг ядартал нь төмөр өргүүлж байгаад л бэлтгэл нь унаад ирэхээр өнөөх эм бэлдмэлээ санал болгодог ийм муухай тогтолцоотой болчихсон байна. Допинг гэдэг зүйл өөрөө хар тамхи шиг хүнийг донтуулдаг. Допинг хэрэглэж бяр суусан залуу гялалзтал барилдана. Бусдынхаа хаа, гуяыг ханз татчих гээд л таахалзаж өгнө. Өнөөх допингийнх нь үйлчилгээ саармагжихаар хий нь гарсан шаар шиг болчихно. Ингээд өнөөхөө хэрэглэхгүй бол байж суухын аргагүй болно шүү дээ. Хэд хэдэн удаагийн давтамжтай хэрэглээд ирэхээр сөрөг үр дагавар нь гарч эмнэлгийн үүдээр эргэлдэнэ дээ.

-Допингийн шинжилгээнд бөхчүүд тогтмол хамрагддаг шүү дээ. Хавтгайрчихсан гэдэг нь арай өрөөсгөл юм шиг.

-Допингийн шинжилгээ гэдэг үндсэндээ мөнгө угаах хэрэгсэл болсон. Тэнд ажилладаг эмч нар нь бөхчүүдтэй хуйвалдаж, шинжилгээний хариуг нь янз бүр болгодог жишиг тогтоод байгаа. Бөхчүүдээс мөнгө авч шинжилгээний хариу аргалдаг эмч нарыг АТГ-аас шалгаж байгаа шүү дээ. Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав ч тодорхой хэлсэн. МҮБХ-ны зүгээс допингийн асуудалд хатуу байр суурьтай байдаг ч допингийн шинжилгээнд гардаж ажилладаг албан тушаалтнуудын янз бүрийн үйлдэл энэ ажлыг үр дүнгүйдүүлдэг нь нууц биш. Сүүлд нь онцлоход, бөхчүүд өөрийн эрүүл мэндээ золиосолж алдар нэрийн төлөө дөт замыг сонгохгүй байхыг уриалж байна. Нэгдүгээрт, бөхийн спортын тамирчдыг бэлтгэж буй багш нар ч эхлээд эрүүл мэнд чухал гэдгийг шавь нарынхаа тархинд нь кодолж өгөх шаардлагатай байна. Хоёрдугаарт, бөхчүүдийн тархийг угааж допинг зарж ашиг хонжоо хайдаг нөхдүүдтэй тэмцэх цаг нь болсон. Хил гаалиар ч допингийн төрлийн бодис оруулж гаргадаг асуудалд хяналт шаардлагатай байгаа.