Эдийн засаг
2015.11.04 04:11

Манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулжээ

Олон улсын үнэлгээний “S&P” агентлаг Монгол Улсын Засгийн газрын урт хугацааны зээлжих зэрэглэлийг B+ байсныг бууруулж, "В" буюу "тогтвортой" хэмээн үнэллээ. Урт хугацааны зээлжих зэрэглэлээс гадна гадаад шилжүүлэг болон валютын хөрвөх чадварыг үнэлгээг "ВВ-" байсныг "В+" болгожээ. Харин Засгийн газрын богино хугацааны зээлжих зэрэглэлийг "В" зэрэглэлд хэвээр үлдээсэн байна.

Урт хугацааны зээлжих зэрэглэлийг ийнхүү бууруулсан гол шалтгаан нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт цаашид саарна гэж үзжээ. Гэхдээ дунд болон урт хугацаанд харьцангуй тогтвортой байх буюу дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2015-2018 онд дунджаар 4.3 хувьтай байна гэсэн тооцоог гаргасан байна.

Харин ойрын 3-4 жилийн эдийн засгийн өсөлт “Оюу Толгой”, “Таван Толгой” гэсэн хоёр томоохон уул уурхайн мега төсөл төлөвлөж байгаагаар шийдэгдэж, үргэлжлэх эсэхээс хамаарна гэж үзжээ. “S&P” агентлагын үзэж байгаагаар Монгол Улсын эдийн засаг бол бага орлоготой, байгалийн баялагт суурилсан, улс төрийн бодлого, орчин тун муу, төсвийн гүйцэтгэл, гадаад хүчин зүйлийн эрсдэл өндөр, мөнгөний бодлогын хувилбар хязгаарлагдмал гэсэн дүгнэлт гаргасан байна.

“S&P” агентлагын тооцоолсноор Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2017 он хүртэл 4 хувиас доогуур байх хүлээлттэй байна. Эдийн засгийн өсөлт удааширч байгаа шалтгааныг худалдааны эргэлт буурч, уул уурхайн олон төрлийн бодлого явуулж гадны хөрөнгө оруулагчдыг үргээснээс болсон гэж тус агентлаг дүгнэж байна. Түүнчлэн гадаад тэнцэлд эрсдэл үүсч болзошгүйг сануулжээ.

Хэдийгээр урсгал тэнцлийн алдагдал энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний 9.4 хувиас доогуур гарч, таван жилийн дараа дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нэг оронтой тоонд шилжинэ гэсэн хүлээлт байгаа хэдий ч цаашдаа эргээд өснө гэж үзэж байна. Учир нь дээрх хоёр том төсөл урагшилснаар импортын хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Монгол Улсын гадаад өр болон санхүүгийн секторын гадаад актив 2010 онтой харьцуулахад 145 хувиар өссөн байна. Харин 2018 он гэхэд 133 хувь болно гэж “S&P” агентлаг үзжээ. Мөн Төв банкны бодлогын хүү өндөр байгаа нь чанаргүй зээлийн хэмжээ өсөхөд нөлөөлөх эрсдэлтэйг онцлоод түүхий эдийн зах зээлийн үнэ ханшийн уналт төсвийн төлөвлөлтөд эрсдэл дагуулсаар байгааг үнэлгээндээ дурджээ.

Үүнээс гадна “S&P” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг бууруулсны зэрэгцээ Хөгжлийн банк болон зарим арилжааны банкны зэрэглэлийг мөн бууруулсан байна.

Онцлох нийтлэлүүд