Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn
Цаг үе
2016.06.28 10:06

Маргад эрдэнийн Мьянмар улсаар... (II)

-АРДЧИЛЛЫГ АВЧИРСАН АУН САН СУ ЧИ АРДЧИЛЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ТОМ ДААЛГАВАРТАЙ СУУНА -

Түрүүч нь 145(5410) дугаат

Хэв маяг ч өөрчлөгдөж болно. Харин сэтгэлгээ өөрчлөгдөнө гэдэг амаргүй. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн албан хаагчид, багш, оюутнуудад уншсан лекцийнхээ үеэр тодорхой хэлж байлаа. Олон улсын хуралдааны төвд болсон уг уулзалтад 2000 гаруй хүн иржээ. Олон улсын худалдааны төв гэж дуулж байснаас хуралдааны төв гэж сонсч байсангүй. Аргагүй л дэглэмийн хүчээр хүмүүсээ барьдаг газар сонсгол лекц хийдэг ийм нэг газар хэрэгтэй байсан биз. Гаднаасаа жигтэйхэн том сүрлэг. Манай хаана ч байхгүй том барилга. Гэхдээ энэ удаад уг газарт Мьянмарын төрийн албаныхан амьдралдаа сонсч байгаагүй үгсийг сонслоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэхүү лекц бол магадгүй бидэнд сонин биш. Яагаад гэвэл бидний мэддэгийг, өөрийнхөө хийж давж ирсэн бүхнээ тэр ярьсан. Харин тэдэнд сонсоод ч төсөөлөмгүйг тэр ярьж байлаа. Ардчилал гэж иргэн бүрийн оролцоог хэлнэ гэж тэр хэлсэн. Ерөнхийлөгчийн өрөө байсан танхимд иргэд цуглаж хууль батлахад саналаа хэлдэг болсон, дарга эрх мэдэлтнүүдийн төлбөр тооцоо шилэн дансны хуулиар хянагддаг болсон тухай, ардчиллын үнэт зүйлийг асран хамгаалах нь нэг далайлтаар биш үргэлжийн мөнхөд хийх ажил, хэрэв иргэдэд эрх чөлөө байвал амархан сурдаг, их зүйлийг хийж бүтээж чаддаг, социалист нийгэмд хүний алдааг уучилдаггүй бол ардчилсан нийгэмд хүн алдаан дээрээ суралцаж урагшилдаг гэж түүний ярьсныг ойлгох хүмүүс цөөхөн байж магадгүй. Гэхдээ тэд муудаа ойлгохгүй байгаа биш ерөөсөө үзэж сонсоогүй юмаа төсөөлөхөд хэцүү байгаагаас тэр. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хамгийн гол сэтгэлгээний өөрчлөлт хамгийн удаан явагддаг, хамгийн чухал нь” гэж онцолж хэлээд байсан нь аргагүй юм. Ерөнхийлөгч “Ардчилал гээд явахаар авлига гэдэг асуудал заавал гарч ирдэг. Та бүхэн үүнийг туулан өнгөрөх учраас хэрхэн даван туулахаа урьдаас тооцох хэрэгтэй гэхэд тэнд цугларсан төрийн албаны хүмүүс зөвшөөрөх ёстойгоо эсэргүүцэх үгүйгээ ч мэдэхгүй хажуудах руугаа ч харж чадахгүй урагш гөлрөн суух нь анзаарагдана. Та нар дэмжиж алга ташиж эсвэл эсэргүүцэж үгээ хэлж болно гэсэн нь ч тэднийг гайхашруулав. Үнэхээр улс оронд нь тогтолцоо өөр болсон ч үүндээ дастал сэтгэлгээ өөр болох хугацаа хэрэгтэй ажээ. Асуух асуулт байвал асуугаарай гэж хэдэнтээ сануулсан ч таг. Асуулт тавих зоригтой хүн байна уу гэхэд хоёр залуу асуулт тавьсан. Үнэндээ тийм нийгэмд төрсөн тэд асуулт тавьж чадсаныг нь эр зориг ч гэхээс яах билээ.

Харилцаа холбооны яаманд ажилладаг гэж өөрийгөө танилцуулсан залуу “Та оролцооны талаар ярилаа. Манайд үндэсний цөөнхийн тухайд оролцоо амаргүй байдаг. Танай улсад үндэсний цөөнх хэр олон байдаг вэ. Асуудлыг хэрхэн шийддэг вэ” гэж асуусан бол түүний дэргэд сууж байсан эр “Авлигын асуудлыг хэрхэн яаж хянасан бэ” хэмээн асууж хариултаа авсан. Тэнд цугларсан олон зуун хүн хэдийд алга ташиж болох, сэтгэл хөдлөлөө хэрхэн гаргах, лекц дууссаны дараа босч болох эсэхээ ч мэдэхгүй тээнэгэлзэн байгаа нь анзаарагдана. Бараг л одоо алга таш, тэг ингэ гэвэл хөдлөөд сурчихсан хүмүүс. Лекцийн төгсгөлд “Одоо та бүхэн чөлөөтэй” гэж Ерөнхийлөгч хэлснээр тэднийг суудлаас нь босгосон билээ. Азийн элгэн дэх ардчиллын өлгий нутгийн төрийн тэргүүний тэдэнд хэлсэн “Та бүхэн чөлөөтэй” гэж хэлсэн нь хурлын танхимаас гарах төдий зөвшөөрөл биш байлаа. Энэ гүрэн, энэ үндэстэн чөлөөтэй гэдгээ мэдрээсэй гэсэн ардчиллын лидерийн хүсэл байв.

Цагтаа их Монгол гүрний дайралтад өртөж явсан мьянмарчууд жинхэнэ шилжилтийн үедээ байна. Намайг багад телевизээр гарч байгаа хүн бүр шилжилтийн үедээ явж байна гэдэг сэн. Тэгэхэд нь яасан ч удаан шилждэг юм бэ гэж бодож байснаа мартдаггүй юм. Тэгэхээр энэ улс гүрний шилжилтийн үе ч багагүй хугацаанд үргэлжлэх биз ээ. Тэдэнд биднээс илүү туулах, биднээс илүү давах олон даваа бий. Наад зах нь энх тайван тэнд тогтож чадаагүй л байна. Аун Сан Су Чи эгчийн хамгийн эхний зорилго бол дайны галыг зогсоож, амар амгаланг тогтоох явдал байгаа болов уу. Мьянмар маш олон үндэстэн ястантай. Хүний эрхийн зөрчил, дотоодын мөргөлдөөн маш их. Бид бага насны хүүхдүүдээр хурдан морь унуулж, баячууд зэрлэг зугаагаа гаргаж байна гэж шүүмжилдэг бол тэнд цэрэг хүүхдүүдийн асуудал саяхныг болтол яригдсаар ирсэн. Одоо ч тийм амар шийдэгдээгүй болов уу. Хүүхдийг цэрэг болгож зарахдаа 40 ам.доллар эсвэл нэг дайз сум үгүй бол сав будаагаар зарчихдаг гэж байгаа. Дайны гал үнэртсэн хүүхэд насанд хүрсэн цэргээс илүү зэрлэг, хайрлах сэтгэлгүй болж өсдөг гэдэг.

Цагтаа Зүүн өмнөд Азийн хамгийн хөгжилтэй орны тоонд Мьянмар багтаж байлаа. Английн колони байсных бас өөрийн баялагтайг хэлэх үү. Гэвч дэлхийн хоёрдугаар дайны үеэр япончууд энэ бааз нутгийг эзлэхээр дайрах үед англичууд ч Мьянмараа бөмбөгдөж эхэлсэн юм. Дэд бүтэц зам юу ч үгүй болтол нь хоёр талаас нь бөмбөгджээ. Харин одоо тэнд зам сайхан тавигдаж. Барилга байшин ч гэж харагдахгүй Нэйпидо хотод юу байна зам байна, нэвсийтэл ургасан ой мод байна. Барилга байгууламж гэж нүдэнд торойх нь үгүй. Дөрвөн давхар орон сууц хаа нэг байх нь төрийн албан хаагчдынх. Гэхдээ эрүүл мэндийн яамныхан ногоон байшинд, хөдөө аж ахуйн яамныхан цэнхэрт сууна гэж ангилсан нь аргагүй л дэглэмт орны илэрхийлэл юм даа. Зэргэлдээ хотууд нь 300-400 км-ийн зайтай. Төрийн албан хаагчид нь дөрөв дэх өдөр гэр рүүгээ явцгааж даваа гаригт эргэж ирдэг гэж дуулсан. Ард түмнээсээ айсандаа 2005 оны арваннэгдүгээр сард гэнэт эрх мэдэлтнүүд нь хулгайгаар шахам нүүн ирж байсан энэ хотод хүүхдийн дуу цангинаж, хүмүүсийн хэлцэх, худалдаа наймаа эрхлэх, мотоциклийн пажигнасан дуу хангинаж байж л ардчилал аажмаар ирж байна гэж бодох байх даа гэж надад санагдаж байлаа. Хүн ч байхгүй, дээшээ биш өргөөшөө нэлийсэн олон тооны зочид буудал, дугуйтай ч хүн явахгүй өргөн замуудыг харахаар амьдрал байхгүй, ардчилал байхгүй мэт санагдаж байсныг нуух юун. Гэхдээ түм түжигнэсэн амьдрал буцалсан олон газар мэдээж бий. Бүхий л бизнес нь генералуудын гарт байх ёстой юм шиг санагддаг тэр сэтгэлгээ арилан одохын цагт ардчилал иржээ гэж тэд бодох биз ээ. Одоогийн байдлаар тэд хүний хөгжлийн индексээр дэлхийн 187 орны 150-д нь яваа юм билээ.

Мьянмарчууд шиг намуун дөлгөөн бас шашинд гүн итгэл бишрэлтэй ард түмэн нэг сэхээрээд ирвэл боссон шиг босох биз ээ. Одоогийн Ерөнхийлөгчийн өмнөх Ерөнхийлөгч Тейн Сейнийг манайхан санаж байж болох. Тэр хүн 2015 онд манай улсад ирж байсан. Аун Сан Су Читэй нас чацуу тэрбээр 2007-2011 онд Ерөнхий сайд, 2011-2016 оны гуравдугаар сар хүртэл Ерөнхийлөгчийн албыг хашсан. Аун Сан Су Чи 1989-1995, 2000-2002, 2003-2010 онуудад гэрийн хорионд байсан гэхээр эрхэм Тейн Сейнийг эрх мэдэлтэй байх үед хоригдож байсан гэсэн үг. Армийн генерал тэрбээр Ерөнхийлөгчийн албаа өгснийхөө маргаашаас сүмд шавилан суух болсон нь үнэндээ дэлхийн чихийг дэлдийлгэсэн юм. Тэрбээр үлдэж буй амьдралаа сахил хүртэн, буяны мөр хөөж амьдрахаар шийджээ. Насаараа цэргийн хүчээр бүхнийг шийдэж явсан энэ хүн насны бөгсөнд буян хийж явахыг эрхэмлэх болж. Бас л сонин шийдвэр шүү. Мьянмар гэж үнэт эрдэнийн чулуунд нүд сохорч, хар тамхины цэцгэнд мансуурч, цагаан будааны тариаланд зүдэрч, бурхны суварганы тоонд гэгээрэм тийм нэгэн сонин улс юм. Гэхдээ тэнд ардчиллын бэлгэ тэмдэг болсон эмэгтэйтэй ардчилал мэдэхгүй ард түмэн их шилжилтийнхээ гарам дээр зогсч байна. Маргад эрдэнийн орны ард түмэндээ амжилт хүсье.

Онцлох нийтлэлүүд