ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.07.27 11:07

МЗЭ-ийн хогийн савнаас олдсон сод зохиолч П.Лувсанцэрэнгийн архив


Голд нь зохиолч Б.Ринчен, П.Лувсанцэрэн нар

Наадмын өмнөхөн Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Дамбын Төрбатынд зочлоход өөрийн зохиосон “Суут найрагчийн сувд шиг бүсгүйн нууц”, “Маршал Дэмид”-ийн хоёр цуврал романаа гарын үсэг зуран бэлэглэж билээ. Шарга морьтын зуслан дахь гэрт нь Төрөө ах бид хоёр өдөржин аргиж даргиж суухад сэтгэл догдлуун тэрээр “Засгийн газрын хүндэт жуух бичиг” гэсэн алтан боронзон бичиг бүхий хүндэтгэлийн улаан хавтсыг номын сангаасаа гарган ирж гардан өгөхдөө “Танай нутгийн Пэрэнлэйн Лувсанцэрэн гэж Монголын хүүрнэл зохиолын ноён оргил байсан хүн. Энэ их зохиолчийн архивыг чамд гардуулъя” гэхэд сэтгэл огшин, нүднээ нулимс цийлэх дөхсөн билээ. Нулимс цийлгэнэхээр барахгүй сэтгэлдээ мэлмэртэл асгаруулсан... Бишрэн сүсэлж, хайрлан дээдэлдэг бичгийн их хүмүүнийхээ халуун амьсгалыг мэдрэх шиг, дотно сайхан сэтгэлээс урсах үгсийг сонсох шиг нэг л яруу амьд мэдрэмж сэтгэлд үлдсэн. Бурхад хүний сэтгэлд мөнхөд амьд оршдог. Тийм л амьд бурхны нэг нь тэр их хүмүүн байсан. Зохиолч П.Лувсанцэрэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт 1933 онд төрсөн хүн. Баянбулаг гэж миний төрсөн нутаг Заг сумаас ерхэн километрт оршдог зэргэлдээх сум л даа. Түүний гайхамшигт өгүүллэг, зохиолуудад манай нутгийн танил газрын нэрс ч олонтаа тохиодог учраас түүнд би Монголын бусад зохиолчдоос илүү хайртай байдаг байж мэднэ. Төрбат зохиолчийн өгсөн мөнөөхөн хавтастай зүйл юу юу байв гэвэл Монголын зохиолчдын хорооны дарга Сономын Удвал ахайтны гарын үсэгтэй 1969 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөр огноолсон 216 дугаартай диплом байна. Зөвлөлтийн Зохиолчдын холбооны удирдлагаас түүнийг бурхан болсны хойно хоёр ард түмний хамтарсан “Ах дүүсийн ном”-ыг бүтээхэд онцгой гавьяа байгуулсан учир шагнасан 1973 оны нэгдүгээр сарын 9-нөөр бичиглэсэн баярын бичиг байна. МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Пүрэвжавын гарын үсэгтэй МХЗЭ-ийн 50 жилийн ойн “Хүндэт диплом” байна. Мөн их зохиолчийн дүү П.Жамбалын сонинд бичсэн талархал байна. Тэнд “Миний төрсөн ах П.Лувсанцэрэн зуурдаар нас барж, бидэнд тохиолдсон уй гашуудлыг сэтгэл зүрхээрээ хуваалцан гүн туслалцаа үзүүлсэн хотын нэгдсэн эмнэлэг, Силикат тоосго шохойн үйлдвэрийн хамт олон, залуу зохиолчдын дугуйлангийнханд баяр талархлаа илэрхийлье” гэж.

Энэ улаан хавтсанд зохиолч Лувсанцэрэнгийн М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд хамт суралцаж байсан төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдорж, зохиолч Д.Гармаа, яруу найрагч Шагдарсүрэнгийн Цогт нарын зураг хэвлэгдсэн сонины хайчилбар зураг, Сергей Миронович Кировын тухай орчуулгын ч гэмээр юм уу, хүүрнэлийн 11-16 гэж дугаарласан хуудсууд, зохиогчийн (А.Таксубаевын орос хэлнээ хөрвүүлсэн) “Четыре письма” хэмээх найман нүүр өгүүллэг, БНМАУ-ын 50 жилийн ойд зориулсан “Миний Монгол орон” бүрэн хэмжээний өнгөт баримтат киноны 55 нүүр зохиол, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын 1971 оны долоодугаар сарын 2-ноор өдөрлөн гарын үсгээ таталсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын Хүндэт жуух бичиг, “Залуучуудын үнэн” сонины хариуцлагатай эрхлэгч С.Чулуунцэрэнгийн гарын үсэгтэй “Нөхөр П.Лувсанцэрэн таныг сонины зөвлөлөөс гаргасан өгүүллэгийн уралдаанд хоёрдугаар байр эзэлж амжилт гаргасан явдалд “Залуучуудын үнэн” сонины баярын бичгээр сайшаан шагнав” гэсэн 1968 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн баярын бичиг (№113), билгүүн номч Бямбын Ринчен, төрийн шагналт зохиолч Сономын Удвал, С.Эрдэнэ, Л.Түдэв, Д.Пүрэвдорж, Л.Ванган, С.Дашдооров, Д.Гармаа, Л.Чойжилсүрэн, Д.Нямаа нарын Монголын болон гадаадын зохиолч, яруу найрагчидтай хамт татуулсан 15 ширхэг зураг (Д.Төрбат С.Дашдооров нартай авахуулсан гурван зураг авч үлдсэн), МХЗЭ-ийн 16 дугаар их хурлын гадаадын төлөөлөгчдөд зориулан хийх хүлээн авалтын урилга зэрэг түүх хүүрнэх зүйлс багтжээ. Дээр дурдсан өгүүллэгийн сүүлчийн өгүүлбэр нь “Тэгэхэд хотын тоос...” гэж илэрхий дутуу төгссөн бөгөөд үүнийг залгуулан дугуй хаалтад (үзгээ тавиад битгий босооч дээ) (Хайрт ах минь дээ. Таныгаа хүндэтгэн дурсан сууна) Пэрэнлэйн Жамбал, Пэрэнлэйн Жамъянсүрэн, Пэрэнлэйн Сосорбарам (дүү нар нь) 2000 он” гэсэн ягаан цэнхэр балаар бичсэн үгс дурайна. Энэ улаан хавтастай архивыг Д.Төрбат бээр ерээд оны эхээр МЗЭ-ийн хогийн саван дотроос олж өдий хүртэл хадгалаад “П.Лувсанцэрэн зохиолчийн нутгийн дүү” надад өгч буй ажгу. Ийм ховор нандин зүйлийн эзэн болсондоо баясал төрөвч Монголын оюун соёлын хэчнээн их өв хогийн саванд шидэгдэн устгагдаа бол гэсэн гунигт бодолд автуулсан юм. Миний бие П.Лувсанцэрэн зохиолчийн талаар үнэхээр гайхамшигтай зохиолч гэхээс өөрөөр мэдээлэл хомс байсан ч зөвхөн эл хавтаснаас олдсон мэдээллээр ямартай ч овог нэгт гурван ч дүүтэй хүн байсныг “илрүүлэв”. Тиймээс эрхэм зохиолчийн төрсөн дүү нар болоод хамаатах хэнбугай ч бай түүнд эл зүйлсийг гардуулан өгөхдөө туйлын их баяртай байх болно.

Ингээд их туурвигч МЗЭ-ийн шагналт зохиолч П.Лувсанцэрэнгийн талаарх бяцхан тодруулга мэдээллийг уншигч та бүхэнтэйгээ хуваалцъя. Тэрээр Баянхонгорын аймгийн Баянбулаг суманд 1933 онд төрж, 1944 оноос бага, дунд сургуульд суралцан 1967 онд Москвад М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсжээ. Архангайд Мал эмнэлгийн сургууль төгсөөд 16 насандаа малын бага эмч болж хөдөө орон нутагт ажиллаж байсан аж. Уран бүтээлээ 1962 оноос эхэлж “Нар шингээгүй”, “Ус шиг цэнхэр”, “Хаврын шувуу”, “Мөнгөн аяга”, “Сарны сонат”, “Нүүдэл” зэрэг олон өгүүллэг, “Хөдөөгийн дуун” тууж бичсэн нь “Нар шингээгүй”, “Оддын дор”, “Хаврын шувуу”, “Бодол”, “Учрал”, “Усны эргүүлэг буюу Борзооны явдал” зэрэг ном болон хэвлэгджээ. “П.Лувсанцэрэн сэтгэлзүйн өгүүллэгүүдээрээ тухайн төрөл хэлбэрийг баяжуулж уран сайхны энэ эрэл нээлтийг залгамж үеийн зохиолчид баяжуулсан билээ” гэж нэрт шүүмжлэгч Х.Сампилдэндэв өгүүлсэн байдаг. Зуурхан наслаад зул шиг жаргасан хүүрнэл уянгын их мастерын тухай түүний анд, ардын уран зохиолч Тангадын Галсан бээр нэгэнтээ “Лувсанцэрэн минь байсан бол Нобелийн шагнал авах монгол зохиолч байсан” гэж надтай хөөрөлдөхдөө халаглан дурссан удаатай. Т.Галсан багш маань “Амьд мэнд үлдвэл алсдаа Монголын зохиолчдоос Нобелийн шагнал хүртэж мэдэх билиг танхай авьяаслаг зохиолч Пэрэнлэйн Лувсанцэрэн үрэлтээс шатсан жижиг тэрэг дотор боодог болтлоо түлэгджээ.

П.Лувсанцэрэнгийн архив

Лувсанцэрэн бид хоёр нэг нутгийнхан. Бас гэргий нь манай Кино үйлдвэрийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч дарга байлаа. Лувсанцэрэн маань коммунизмын орны хамгийн сайн эмнэлэгт сар шахам хэвтэж эмнүүлсэн. Энэрэхүй сэтгэл, эрдэм төгс эмч нар ачтай ч, эрлэгийн элч тэднээс хүчтэй байжээ. Монголоос яаралтай очсон ханийнх нь халамж, халуун сэтгэлийн дулаан үг, миний хүргүүлсэн хойлгийн мах, чацарганы тос Лувсанцэрэнд аврал болсонгүй. Учир нь талийгаачийн биеийн наян хувь нь түлэгдсэн байж. Гэвч ухаан саруул, ганц ёолохгүй байсанд нь эмч нар гайхаж, тэр хэрээрээ халаглан харуусаж байсан гэдэг. П.Лувсанцэрэн шиг их ном цуглуулсан зохиолч тэр үед Монголд байгаагүй. Гэтэл тэр их номоо талийгаач “Манай нутгийн найрагч Галсанд өгөөрэй” гэж гэрээсэлсэн санж. Тийнхүү надад дэлхийн авьяас билиг, оюун ухааны сор болсон мэргэдийн сонгодог ботиуд үнэгүй ирэх нь тэр. Гэвч, би тэр их эрдэнийг гэртээ зөөсөнгүй. Учир нь манайх гэдэг айл “Майдарын долоо” гэж алдаршсан барилгачдын нийтийн сууцны ганц өрөөнд толгой хавчуулан барилгачин дүүгийндээ хоног хороодог байв. Нөгөө талаар би гээч зөрүүд амьтан, бэлэг бүхэнд гараа тосох хүн биш. Тэгээд Кино үйлдвэр дээрээ хоёр машинаар зөөж авчирлаа. Тэр үед би редактор, дарга, номын санч зэрэг олон алба таширлуулан хашдаг “мундаг” амьтан болчихоод байж. Номын сангийн өрөө уужим.

Энэ танхим бол “Өглөө” кинонд Ленин, Сүхбаатар хоёр золгон учирдаг зургийг авсан түүхт өрөө. Тэгээд ч тэнд Лениний номын сангийн гурван том шүүгээ байх. Харин дотор нь ном цөөн “Советское фото”, “Советский фильм”, “Правда” зэрэг сонин сэтгүүл навсайж хэвтэх. Зохиолч П.Лувсанцэрэнгийн номын сан “Монгол кино” үйлдвэрийн номын сан болсон түүх ийм. Лууяагийн шалнаас тааз тултал хураалттай байсан сайхан ботиудыг Лениний номын сангийн том шүүгээнүүдэд эрийлгэх гэж миний бие, хэдэн дуулгавартай ажилчдынхаа хамт амралтын өдөр ч амсхийлгүй ялгаж төрөлжүүлсээр ярайтал өрсөөр, үйлс сайхан бүтсэний төлөө үүдээ түгжин байж хундага өргөв. Ийнхүү “Монгол кино” үйлдвэр Илиада, Одессей, Ромаяна, Махабхаратаас Жангар хүртэлх дэлхийн бүх туульс, “Алтан навч”-аас “Декамерон” хүртэлх нууц ном, Марк Твенээс Солженыцин хүртэлх дэлхийн зохиолчдын боть, Маркс-Энгельсээс Мао Зэдун хүртэлх гүн сэтгэгчдийн туурвил бүрэн сайхан номын сантай болсон төдийгүй би өөрөө тэрхүү номын сангийн эрхлэгч боллоо. Би сүүлчийн автобус явах хүртэл номын сандаа дэлхийн авьяас дээдэлж, ухаан ууж суудаг болсон билээ. П.Лувсанцэрэн маань М.Горькийн нэрэмжит, утга зохиолын дээд сургуульд сурахаар одохоосоо урьд Намын түүхийн институтид улс төр, гүн ухааны чиглэлийн орчуулагч байсан болоод ч тэр үү, “Гүн ухаанд эс нэвтэрвээс гүехэн ухаантан болно” гэдгийг тооцдогтоо ч тэр үү, Аристотель, Маркс, Энгельс, Ленин, Гегель, А.Эйнштейн, Күнз, Минз, Далай лам, Бурхан багшийн сургаалаас уруудуулаад Маогийн сонгодог зохиолуудыг олж цуглуулсан, уншиж тэмдэглэсэн нэгэн байж. Энэхүү дүгнэлт үнэн болохыг, тэдгээр ботийг дөнгөж сөхөж харсан хэнд ч ил үзэгдэнэ. Мөр мөрийн дундуур улаан, хөх, ногоон балаар зурсан, хуудасны зах дагуу нямбайхан бичсэн тэмдэглэл цөм Лу-гийнх бөлгөө. Сэхээтэн явах цагтаа овоо чамбай номын сантай байсан олдой миний бие малчин болохын цагтаа хайран сайхан номоо, уншсан номын тэмдэглэлээ шавь нартаа тараахдаа ч, Бууцагаан, Заг сумын номын санд маш хямдхан зарахдаа ч, хурдан морио хулгайд алдсан уяач шиг харуусаж байсансан. Харин энэ удаа ийм баян номын сангийн эрхлэгч болсон тул нас насны хурдан морьтой уяач шиг, тэд нь улсын наадамд айрагдсан юм шиг сэтгэл өег, цээж ханхар байх болж билээ” гэж дурссан байдаг.

Зохиолч, яруу найрагч Гүн Аюурзана “1972 онд харь оронд болсон нэгэн золгүй осол Монголын орчин цагийн үргэлжилсэн үгийн зохиолын арай л ондоон голдрилоор урсч мэдэх чигийг боосон санагддаг юм” хэмээн тэмдэглэсэн байдаг.


Онцлох нийтлэлүүд