Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn Унгарын шинэ ерөнхийлөгч Оросыг буруутгав DNN.mn Ойрын хоногуудад нийт нутгаар дулаарна DNN.mn Зэсийн баяжмалын экспорт 24.4 хувийн өсөлттэй гарчээ DNN.mn НББХ: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ DNN.mn ЦЕГ: Хотон шувууны хошууг Казахстан улсаас авч, дамжуулан худалдахаар төлөвлөж байсныг тогтоосон DNN.mn Баянхонгор аймаг шүлхий өвчний голомтыг бүрэн дарж, ногоон бүс боллоо DNN.mn ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn Унгарын шинэ ерөнхийлөгч Оросыг буруутгав DNN.mn Ойрын хоногуудад нийт нутгаар дулаарна DNN.mn Зэсийн баяжмалын экспорт 24.4 хувийн өсөлттэй гарчээ DNN.mn НББХ: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ DNN.mn ЦЕГ: Хотон шувууны хошууг Казахстан улсаас авч, дамжуулан худалдахаар төлөвлөж байсныг тогтоосон DNN.mn Баянхонгор аймаг шүлхий өвчний голомтыг бүрэн дарж, ногоон бүс боллоо DNN.mn
Спорт
2022.05.05 03:05

Мино Райола: Мөнгөө өгчих. Дараа нь намайг хэн ч гэж дуудаж болно DNN.mn

Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийг бүрэн утгаар нь баздаг хоёр том агент бий. Байсан. Мендеш ба Райола гэх хоёр эрийн тухай ярьж байна. Холланд, Ибрагимович, Погба, Веррати, де Лигт гээд одоо тоглож байгаа болон өмнө нь гялалзаж байсан түмэн одуудын бие төлөөлөгч Карминэ “Мино” Райола гээч итали эр 54 насандаа уушгины дутагдал гэх оноштойгоор хэд хоногийн өмнө нас нөгчлөө. Жил бүрийн зун, заримдаа өвлийн наймааны богино хугацаанд зоолттой нэр нь дурсагдаж, том багуудын эздэд шүдний өвчин лугаа зовлон чирдэг байсан энэ итали эр сүүлийн гучин жилийн хөлбөмбөгийн наймааны эзэнт гүрний эзэн нь чухам мөн байсан юм шүү.

Райола өмнөд Италид төрсөн, бараг л мафиозигийн нутгийн хүүхэд байсан агаад улаан лоолийн өвөрмөц хувилбарын эх орон Салернод бага насаа өнгөрөөн ухаан орсон цагаасаа аавынхаа пиццаны газар цэвэрлэгч, зөөгч, туслах тогооч гээд хар бор ажил хийн өнгөрөөж байсан юм билээ. Эцэг нь үйл ажиллагаагаа өргөжүүлж Голландад салбараа нээн ажилласан тул тэр ч бас Нидерландад очиж удаан хугацаанд суурьшин амьдарсан, тийм учраас голланд хэлээр италиас дутахгүй ярина. Ер нь Мино цаашлаад итали, голланд, англи, испани, франц, герман хэл сурч, улмаар бразиль хөлбөмбөгчидтэй чөлөөтэй харьцахын тулд гуравхан сарын дотор португаль хэл сурч байсан гэхээр ой сайтай эр байжээ. Бас түүний намтарт хөлбөмбөг тоглодог байсан гэж байдаг ч гудамжинд үеийн хүүхдүүдтэйгээ ширэн бөмбөг өшиглөж явснаас цааш гавиагүй гэдэг л үнэн болов уу.

Харин хөлбөмбөгчдөд юу хэрэгтэй вэ гэдгийг бусдаас түрүүлж анзаарч ойлгосон нь үнэн. Бас түүнд тэр үеийн цаг хугацаа том боломж олгосон. Уг нь Райола анхлаад Sports Pro­motions хэмээх пүүст жирийн нэгэн агентаар орж ажиллаж эхэлсэн үе нь өнгөрсөн зууны ерээд он байлаа. Яг голланд хөлбөмбөгчид мандан сэргэж байсан үе. Зэрэгцээд дэлхийн хамгийн үзүүштэй сонирхолтой лиг нь тэр үедээ Италийн Сери-А байж таарсан. Хуулийн сургууль эчнээгээр төгсөж өмгөөлөгчийн үнэмлэхтэй болчихсон, нэлээн хэдэн жил Нидерландад арилжаа эрхлээд наймааны ухаан суучихсан итали эрд ийм л сайхан боломж олдож дээ. Бас тэр зальжин нэгэн байсан тул Нидерландын хөлбөмбөгийн үйлдвэрчний холбоотой гэрээ байгуулан бүх голланд хөлбөмбөгчдийг төлөөлөн гадаадын аль нэг лигт тоглох, худалдагдах бол хууль зүйн гэрээг нь хариуцна гэдэг эрхийг авчихсан байгаа юм. Тэгээд л Мино бие даасан агентлаг байгуулан Бергкампаас эхлүүлээд Йонк, Крик гээд тэр үеийнхээ одуудыг Итали руу шидэж эхэлсэн дээ.

Минод нэг онцлог бий. Тэр хөлбөмбөгчдийг од болохоос өмнө “энэ залуу ирээдүйд гялалзана” гэдгийг тун сайн мэдэрдэг. Погбаг дунд сургуулиа төгсөөгүй байхад сэр Фергюсоныг уурлуулж байгаад л урвуулан авч явсан шүү дээ. Недведийг Чехийн “Спарта” гэдэг жижигхэн багаас сугалж аваад Италид авчирч хэдэн жил ч юм бэ дэлхийг чимсэн хөлбөмбөгч болгосон нь үнэн юмдаг. Одоо энэ “Боруссиа”-д тоглож байгаа Холландын үнэ цэнэ ирэх зуны хамгийн доргионтой наймаа байх болно. Гэтэл тэр Норвегид байсан хүүхэд. Гэх мэтийн жишээ олон. Тэр өөрийгөө Мендешээс тэс өөр үзэл бодолтой гэж ярьдаг байсан. “Мендеш зөвхөн мөнгө л боддог. Жорж Мендеш бол бэртэгчин.

Харин би эхлээд хөлбөмбөгчөө боддог. Жишээ нь, хөлбөмбөгчийг авах баг нь тухайн хүний төлөө тавин саяыг өгье, харин хувь хүнд нь зуун мянгыг өгнө гэвэл Мендеш өөрт ирэх хувиа тооцоолоод гэрээлчихдэг. Би бол тэр хүнийг хамаагүй арван саяар ав, харин цалин нь сая доллар байна шүү гэж л дайрдаг. Бид хоёрын ялгаа энэ.

Тэр өмнөд туйлд, би хойд туйлд байгаа хоёр” гэж өөрийгөө тодорхойлж байлаа. Энэ нь үнэний хувьтай. Нас барсных нь дараа хамтран ажиллаж байсан одуудын эмгэнэл илэрхийлэн үлдээсэн сэтгэгдлүүд нь бараг л сайн найзаа, эцэг шиг нэгэн хүнээ алдлаа гэж бичсэн нь их олон байх юм. Тэр дундаа Златан Ибрагимовичийн дурдатгалууд бүр ч их онцгой харагдлаа.

Тэр хоёрын үерхэл хорин жил орчим үргэлжилсэн болохоор аргагүй ч юм. Залуухан Златан Голландын “Аякс”-т тоглож байхдаа өөрөө анх Минод хандсан юм байна лээ. “Би Порше уначихсан, Rolex-ийн алтан цагтай, Gucc-гийн хослолтой нэг их ганган хүн түүнийг суши-барт урьж хүлээн суулаа. Надтай адил хувцасласан тансаг хүн ирээд авокадо, хавч захиалан ихэмсэг харьцах байх гэж бодож байтал биеийн тамирын хувцастай, том гүзээтэй, хаанаас нь ч харсан мафийн гишүүн байрын бүдүүлэг нөхөр орж ирээд таван хүний идэх хэмжээний хоол захиалаад хусч эхэлдэг юм даа. Идэж дуусаад цаас гарган миний мэдэхгүй тоо баримтаар намайг булж, чи энэ жил тавхан гоол оруулсан мөртлөө өөрийгөө дэлхийн шилдэг багт тоглох эрхтэй гэж бодож байна уу гээд хэрчсэн. Ер нь тэгээд бэлтгэлээ ингэж хий, ахуйгаа ингэж авч яв, наад машинаа зар гээд л амьдрал заасан даа. Хэрэвзээ дэлхийн шилдэгт хүрье гэж бодож байгаа бол мөнгө бүү бод.

Тэр чинь миний хийх ажил. Бэртэхгүй, гэмтэхгүй, бэлтгэл сайн хий. Бусдыг нь би хариуцъя гэж хэлээд хорин жил амлалтаа биелүүлж яваа хүн шүү дээ” гэсэн байдаг. Тэр тод утгаараа гэрээлж авсан хөлбөмбөгчийнхөө төлөө бүхнийг зориулж чаддаг нэгэн байжээ. Италийн домогт хөлбөмбөгч Андреа Пирло түүний тухай өөрийнхөө дурдатгалд ингэж бичсэн байх.

“Райола төлөөлж буй хөлбөмбөгчийнхөө хүсч буй багт сэтгэл ханасан гэрээ байгуулахын тулд юугаа ч хамаагүй зориулж чаддаг нэгэн байсан. Нэгэн удаа сэтгүүлч бас л нэг дуулиант наймааны дараа “Таны нэрийг яаж зөв дуудах вэ” гэж асуухад “Мөнгөө өгчих. Дараа нь намайг өөрийнхөө хүссэнээр дуудаарай” гэж хэлээд яваад өгч билээ” гэсэн байдаг юм.



Д.БАТ-ЭРДЭНЭ

Онцлох нийтлэлүүд