Нийгэм
2014.06.11 11:06

Монголд 9D кинотеатр нээгджээ

Хүүхэд, залуус 3D, 4D кино үзэхээр “Тэнгис”, “Өргөө” кино театруудыг зорьдог байсан. Тэгвэл саяхнаас Улсын их дэлгүүрийг зорих болжээ. Учир нь тус дэлгүүрийн зургаан давхарт 9D кино театр нээгдчихэж. Тиймээс энэ удаа 9D кино театраас сурвалжлага бэлтгэхээр Улсын их дэлгүүрийг зорив. Дэлгүүрийн зургаан давхарт гараад цахилгаан шатнаас буун чигээрээ алхсаар баруун урд буланд байрлах “9D cinema” гэсэн хаалгаар орлоо. Их цомхон юм. Хүлээлгийн танхимд хорь гаруй насны залуу угтаж аваад “Яг одоо үйлчлүүлэгчтэй байна. Манай кино найман минутын дараа дуусна. Уучлаарай та тэнд суугаад түр хүлээж байх уу” гэж байна. Тус кино театрын ажилтан Т.Аскербай биднийг угтаж авсан нь энэ. Удсан ч үгүй театраас тав, зургаан хүүхдүүд гарч ирэв. Бөөн инээд хөөр болчихсон, зарим нь царай нь цонхийчихсон хоорондоо “Тэр могой нь ямар аймаар юм бэ. Хөл доогуур явж байгаа юм шиг эрвэгнээд”, “Үгүй ээ хамгийн аймаар нь хаднаас доошоо унах байсан”, “Бороо орох нь бодит юм шиг” гэж ирээд л их л хөгжилдөцгөөж харагдав. Тэд нэг ангийн хөвгүүд аж. Хичээлээ тараад кино үзэхээр энд иржээ. Тэдэнтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Кино театр хэр таалагдав? 

-Ёстой гоё.

-Өмнө энд ирж байсан уу?

-Манай хоёр найз өмнө нь энд кино үзсэн ёстой гоё гээд яриад байсан юм. Тэгээд өнөөдөр бид нарыг дагуулж ирсэн. Үнэхээр таалагдлаа.

-Ихэвчлэн хаана кино үздэг вэ?

-“Тэнгис”, “Өргөө” кино театруудад ангиараа кино үздэг. Долоо хоногт гурван ч удаа кино үздэг. “Өргөө”-гийн 3D киног үздэг. Энэ театр шиг бороо орж, салхилдаггүй. Гэхдээ “Тэнгис”, “Өргөө” зөндөө гоё тоглоомуудтай.

-Хэддүгээр анги вэ?

-Долдугаар анги. 

-Ер нь чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг бол?


-Янз бүр ээ. Кино үзнэ, парк орно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн эсвэл талбай орж дугуй унана. Өмнө нь бол РС тоглоомын газар орж өдөржин тоглодог байсан. Одоо харин кино театр их ордог болсон гэв. Ингээд өнөөх хөвгүүд хоорондоо элдвийг ярьж хөгжилдсөөр гарч одлоо. Энд нэг кино үзэхэд 5000 төгрөг. Театр 12 хүний суудалтай бөгөөд аймшгийн, инээдмийн, хүүхдийн зэрэг найман төрлийн 80 гаруй киноноос сонгож үзэх боломжтой аж. Гол нь тус театрын хамт олон үзэгч­дэд дуу дүрсний дэвшилтэт технологийг бүрэн мэдрүүлэх гэнэ. Одоохондоо Монголд 9D үүнээс өмнө орж ирээгүй бөгөөд хамгийн сүүлд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 6D суурилуулсан аж. Мөн зарим аймагт 7D  нэвтэрчээ.  9D гэдэг нь цас, бороо, цахил­гаан, хөөс, утаа униар, гал зэрэг есөн өөр эффект мэдрэхийг хэлж байгаа юм. Эдгээр мэдрэмжийг төрүүлэх зориулалттай төхөөрөм­жүү­дийг театрын тал бүрт байрлуулжээ. Нэг кино 5-15 минут үргэлжилнэ. Сонгосон киногоо үзэх явцад хөл доогуур элдэв амьтан явж байгаа юм шиг мэдрэмж төрж эрвэгнэнэ. Суудлын дор байх ганцхан утас ийм мэдрэмж төрүүлэх аж. Мөн суудал чичирдэг бөгөөд кинонд бороо, цас гарвал мөн л театрт тийм эффектийг мэдэрнэ гэсэн үг. Одоохондоо галын эффект хараахан ашиглалтад ороогүй гэсэн. Театрын бүхий л тоног төхөөрөмжийг Туркт захиалж авчирсан байна.

9D кино театрын ажилтан Т.Аскербай Туркт сурч байх­даа ийм кино театртай болох талаар боджээ. Ингээд Мон­голд ирж ахтайгаа нийлж уг театрыг хоёр сарын өмнө нээсэн гэнэ. Тэрээр зориуд Улсын их дэлгүүрт талбай түрээсэлж кино театраа нээсэн нь учиртай. Учир нь удахгүй энэ кино театрт Улаанбаатарын тухай 9D кино гарах гэнэ. Одоогийн байдлаар зураг авалт нь эхэлчихсэн бөгөөд нисдэг камераар нийслэлийг тольдож байгаа бололтой. Түүнээс яагаад нийслэлийн тухай кино хийх болсныг сонирхоход “Туркт кино театр нь хамгийн том дэлгүүрийнхээ дээд давхарт байдаг. Жуулчид ихэнхдээ ордог учраас тэдэнд хотоо танилцуулж аялал, жуулчлалыг хөгжүүлэх бас нэг боломж юм билээ. Тиймээс би их дэлгүүрийн дээд давх­раас онгоцоор буугаад Улаан­баатараар аялж байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх кино хийе гэж бодсон. Наадмаар Улаанбаатарын тухай 9D кино үзэгчдэд хүрээд эхэлчих байх” гэв. Хэдий нээгдээд удаагүй байгаа ч аль хэдийнэ байнгын үйлчлүүлэгчтэй бол­жээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ачаа­лалтай ажилласан гэнэ. Тус кино театрт гэр бүлээрээ үйлчлүүлдэг олон хүн байдаг аж. Тэд ихэвчлэн эхнэр, хүүхэд­тэйгээ хамт суугаад адал явдалт кино үзэх дуртай юм байна. Биднийг гарах үед хоёр хүүхдээ хөтөлсөн залуу кино үзэхээр орж харагдсан. 

Гэхдээ кино театр зорьсон хүн болгоныг оруулаад байхгүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн болон жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, цус, тархины даралттай хүмүүс уг кино театраар үйлч­лүү­лэх хориотой. Мөн дөрвөн наснаас доош хүүхдийг оруулахгүй аж. 

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ


Онцлох нийтлэлүүд