Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Хувьсаж буй боловсрол” хэлэлцүүлэг болов DNN.mn НББХ: Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил үр дүнгүй байна DNN.mn Нагояагийн их сургуулийн профессоруудыг хүлээн авч уулзав DNN.mn Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны олимпийн алдар одонгоор шагналаа DNN.mn Японд шинэ автомашины борлуулалт өсчээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн DNN.mn Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна DNN.mn Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn Монголын анхны цахилгаан машинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ DNN.mn “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 226 хэрэг илрүүлжээ DNN.mn “Хувьсаж буй боловсрол” хэлэлцүүлэг болов DNN.mn НББХ: Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил үр дүнгүй байна DNN.mn Нагояагийн их сургуулийн профессоруудыг хүлээн авч уулзав DNN.mn Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны олимпийн алдар одонгоор шагналаа DNN.mn Японд шинэ автомашины борлуулалт өсчээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн DNN.mn Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна DNN.mn Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn Монголын анхны цахилгаан машинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ DNN.mn “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 226 хэрэг илрүүлжээ DNN.mn
Онцлох нийтлэл
2014.11.25 11:11

Монголын түүхийг бичилцсэн арван жил

Энэ өдрүүдэд 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа "NEWS" агентлагийн Ерөнхий захирал Б.ТЭМҮҮЛЭНТЭЙ ярилцлаа.

-Олон хүн ажилдаа ирээд аяга кофе уунгаа компьютерээ асааж, news.mn руу орохыг харж байлаа. Нэг ёсны ажлаа эхлэхийн өмнөх дадал гэх юм уу даа. Энэ сайтыг эрхэлдэг "News" агентлагийн захиралтай уулзаад хамгийн түрүүнд "Таны өглөө хэрхэн эхэлдэг вэ" гэж асуумаар санагдлаа?

-Хэвлэлийн салбарынхны хувьд өглөө гэдэг өдрийн хамгийн чухал үе. Жижүүр оператор өглөө 7.30 аас оройтолгүй ирж эхний мэдээллүүдээ оруулна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд хүмүүст чухал мэдээллийг 8 цагаас өмнө оруулсан байх шаардлагатай. Бас редакциас төлөвлөгөөний дагуу бэлтгэсэн материалуудаа байрлуулна. Үүнийг тухайн өдрийн дугаар эрхэлж байгаа редактор хариуцна. Сэтгүүлчид 9 цагаас өглөөний шуурхайд цуглана. Өглөөний хурлаараа өчигдөр хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнана, алдаа оноогоо ярина бас өдрийн ажлаа төлөвлөнө. Хэвлэлийн салбарт ажилласнаас хойш ийм л хэмнэлээр өглөөг угтаад олон жил болж байна. Мэдээж захиралд зарим нэг давуу тал бий л дээ. Гадуур ажилтай гээд оройтож ирээд редакторуудаа өрөөндөө дуудаад хуралдаж болно. Өдөрт нэг удаа заавал хуралдана. Өөрийн чинь асуултаас үүдээд бодож үзэхэд миний өдрийн хамгийн идэвхтэй хэсэг өглөө байдаг юм байна. Заримдаа хурал дээр хийморио сэргэтэл хүн загнана. Энэ мэдээ яагаад манайд оройтож оров, тэрнээс яагаад хоцров, энэ хүн манайд биш өөр хэвлэлд ярилцлага өгсөн нь та нарын буруу гээд л. Бас төлөвлөгөө сүлжээний дагуу материал бэлтгэгдсэн эсэхийг шүүж ярилцана. Сэтгүүлчиддээ өдрийн ажлын чиглэл, даалгавар өгнө. Гэхдээ сүүлийн үед Ерөнхий редактор гэхээсээ компанийн захирлын ажлыг түлхүү хийдэг болсон. Манай сайтын тасралтгүй үйл ажиллагааг эхний өдрөөс нь хангаж байгаа хэдэн сайн редактор байна. Дэд захирал Д.Нарантуяа, ахлах редактор Б.Бадамгарав, Л.Нарантөгс, Ж.Нямсүрэн. Нийтлэлийн бодлого, чиглэлээ редакторууд авч яваад хөрөнгө санхүүгийн хувьд би илүү хариуцлага үүрдэг юм.

-Танайх ямар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Мэдээж "Ардын эрх" сониноос эхэлсэн байх. Тухайн үед танай сонины зарчим их таалагддаг байсан. Нийтлэлүүдийг нь уншигчид төдийгүй сэтгүүлчид унших дуртай байсан шиг санагддаг.

-Бид анх 2004 онд "Монгол масс медиа" нэртэй компани байгуулан "Ардын эрх" сониныг эрхлэн гаргасан. "Голомт" банкны хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн юм. 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдсанаар төр хэвлэлтэй байхыг хорьж, "Ардын эрх" сонины нэрийг 2004 он хүртэл ашиглахгүй шийдвэр гарч байсныг санаж байгаа байх. Энэ хорио тавигдсанаар "Ардын эрх" нэрийг дахин ашиглах боломжтой болсон л доо. Өдөр тутмын зургаа дахь сонин болж анхны дугаараа 2004 оны 12 сарын 1 нд хэвлэж байлаа. Мэргэжлийн цомхон редакцтай, нийгмийн тулгамдсан асуудлуудыг тусгадаг, иргэний байр суурьтай, бусдад хүндэтгэлтэй, олон ургальч нийтлэлийн бодлого барьж ажиллана гэж зорьсон. Тухайн үед уул уурхайн асуудал хэвлэл мэдээлэлд бараг л хөндөгддөггүй байсан гэвэл одоо үнэмшмээргүй. "Ардын эрх" энэ сэдвийг хөндсөн. Лицензийн наймаа ямар хэмжээнд цэцэглэснийг бичсэнээрээ шүүхийн зарлан дуудах авч байснаа санаж байна. Манай тоймч Баясаа 10 сая төгрөгийн нэхэмжлэлтэй зарлан авчихаад бид их сандарч байж билээ. Одоо 2 дугаар суваг Телевизийн захирал Л.Мөнхбаясгалан. Шүүхийн шийдвэр харин бидний талд гарч байсан юм. Манай баг эдийн засаг, гадаад бодлого, олон улсын эдийн засгийн мэдээлэл түлхүү бэлтгэхэд анхааран ямар нэгэн улс төрийн хүчний гар хөл болохгүйг хичээж байсан. Бэлтгэсэн мэдээ нийтлэл бүгд бидний итгэл үнэмшлээс л төрдөг. Хөрөнгө оруулагчид маань бидний ажилд их хүндэтгэлтэй ханддаг байсныг дурдмаар байна. Тухайн үедээ өөрийн гэсэн өнгө төрхтэй шинэ имижтэй сонин болсон гэж боддог.

2007 онд дэлхий нийтийн шинэ хандлагыг даган мэдээллийн сайттай болсон. Санаачилсан хүн нь манай хөрөнгө оруулагчдын нэг П.Цэнгүүн. Би 2006 онд томилолтоор Чех явж, тэндхийн өдөр тутмын хамгийн том сонин "Днес"-ийн цахим хувилбарын редакц дээр очиж танилцсан. Гэхдээ манайх тэднийх шиг тусдаа редакц байгуулаагүй "Ардын эрх"-ийнхээ бүрэлдэхүүнээр л шинэ ажилдаа зүтгэсэн. Маш их ачаалалтай цаг наргүй хэцүү ажил шүү дээ. Үнэхээр сайн багтай байсандаа л хийж чадсан. Өглөө оройгүй ажилладаг энэ хэдэн сэтгүүлчийн нуруун дээр л явдаг бизнес.

-Танай сайт нээгдэхэд мэдээллийн сайтууд хэзээний бий болчихсон байсан. Гэхдээ цаг хугацааны хувьд үйл явдлыг орой телевизээр, маргааш нь сонингоор, сонингийн мэдээллийг сайтаар гээд хамгийн сүүлд мэдээлдэг байсан шиг. news.mn хоёр минут тутамд шинэчлэгдэнэ гэж сурталчилгаагаа хийсэн нь их шинэлэг байсансан?

-Биднийг ажлаа эхлэхэд зах зээл дээр сайн байршчихсан сайтууд байсан. Манай "news" төслийг А.Амундра удирдсан. Редакц дээр ирж бидэнд IT- гийн анхны мэдэгдэхүүн суулгах гэж хичээл заах нь холгүй юм болж байлаа. Тэр үедээ Либертари эдийн засагчдын клубын идэвхтэн. Одоо "Монгол масс медиа" группын захирал, Боловсрол, Ийгл телевизүүдийг хөл дээр нь босгосон шилдэг менежэр. Бид хоёр хоорондоо " olloo.mn 10 мянган хандалттай гэнэ яаж дөхөж очих вэ, сард бараг 5 саяын орлоготой гэнэ талыг нь ч гэсэн олох юмсан" гээд л ярьдаг байж билээ. Сайтын анхны гэрээнүүдийг А.Амундра өдөр шөнөгүй явж байгуулж байсныг мартдаггүй юм. Одоогийнх шиг мэдээллийн сайтуудын үер буучихаагүй байсан болохоор news.mn анхдагчдын нэг гэж хэлж болно. Хамгийн гол нь бид өдөр тутмын сонин гаргадаг мэргэжлийн редакцтай байсан нь хоёр минут тутамд шинэчлэгдэх бололцоо олгосноор амжилтад хүрсэн. Эхний үед маш ачаалалтай, хоёр бүтээгдэхүүн гаргана гэдэг үнэхээр хүнд байсан. Сүүлд нь дассан л даа. Би Тайванд томилолтоор явж байгаад компанийнхаа бүтцийг танилцуулсан чинь бараг л үнэмшихгүй байсан. Сайт, сонин хоёрыг нэгэн зэрэг гаргаад явна гэхээр ёстой ойлгохгүй юм байна лээ. Одоо news.mn өдөртөө 200 -гаад контент ордог 15 салбар сайттай портал болсон. 2012 оноос долоо хоног тутмын Newsweek сонин гаргаж байна. Бас манай бүтэцэд видео сурвалжлага, нэвтрүүлэг хийдэг newsпродакшн хамаардаг. Ер нь контент үйлдвэрлэлийн бүх л салбарт ажиллаж байна гэж хэлж болно. Энтертаймент чиглэлээр ажиллаад үзье гээд уран сайхны кинонд хөрөнгө оруулалт хийсэн бүтэмжтэй болсон. Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжнө.

-Ер нь сонин, сайтын онцлог, ялгаа нь юу юм бэ?

-Аль аль нь мэдээллийн бизнес. Өөр өөрийн давуу, сул талтай. Би өөрөө өдөр тутмын сониноос угшилтай болохоор ч юм уу сонинд илүү дуртай. Магадгүй генерацийн ялгаа байх. Илүү нухацтай, олон талын эх сурвалжтай нийтлэл бэлтгэх хугацаатай, сэтгүүлчтэйгээ ажиллах боломжтой. Гэхдээ цаг хугацааны хувьд хоцордог. Сайт бол тасралтгүй үргэлжилнэ. Олон хүнтэй багаар хийх шаардлага гардаг. Тийм ачааллыг даахад амаргүй. Гэхдээ мэдээллийг тэр дор нь түгээнэ, бас араас нь засвар оруулах, дэлгэрүүлэх гээд олон боломж байдаг. Хамгийн гол давуу талын нэг нь зай талбайд баригдахгүй.

Саяхан өдөр тутмын сонин удирдаж байсан нэг найз дүү маань ирж уулзлаа. Сайт гаргаж байгаа юм байна. Тэгсэн чин сэтгэлээсээ " Өдөр тутмын сонины ажлыг хамгийн хүнд гэж боддог байсан энэ сайт гэдэг чинь ёстой аймаар юм байна. 24 цаг 365 хоног амар заяа үзэхгүй" гэж байна лээ. Мэдээллийн сайт бол үнэхээр л 24 цаг 365 хоногийн ажил.

-Танай сайтын хэрэглэгчид ямар хүмүүс байдаг вэ?

-Арван жилээ тэмдэглэж байгаатай холбогдуулж, би хэдэн тоо цуглуулаад байгаа. Өдөрт ордог контент, хандалтын тоо, гадаадаас дотоодоос, насны ангилал гээд нэлээд нарийвчлалтай гаргасан. Сонин дүр зураг харагддаг юм байна. Энэ хугацааны татварын болон ажилчдынхаа нийгмийн даатгалын төлбөрийг ч гаргасан. Үүгээрээ контент бэлдээд сайтдаа оруулах бодолтой байгаа.

-"News" гэхээр Монголд төдийгүй дэлхийд болсон халуун үйл явдлууд санагддаг. Японд Цунами болоход монголдоо хамгийн түрүүнд мэдээлсэн санагдаж байна?

-Мэдээлийн бизнесийн онцлог юм даа. Хаана юу болно хамгийн түрүүнд мэдээлэхийг хичээдэг нь. Японд байгалийн гамшиг болоход бид хамгийн түрүүнд мэдээлсэн эсэхийг санахгүй байна. Гэхдээ ямарч байсан өдрийн турш live байж, үйл явдлыг тэр дор нь мэдээлж байсан. Телевизийн зураглаач нартай Япон руу баг явуулах гээд хөөцөлдсөн. Тэр үед Ийгл телевизтэй нэг бүтэцэд хамаарч байсан болохоор тэдэнтэйгээ барьцаад л үзэж тарж байсан.

Бидний хувьд зөвхөн Монголынхоо төдийгүй дэлхийн түүхийг бичилцсэн арван жил өнгөрсөн байна. Архиваа эргүүлээд харахад ямар сонин сонин зургууд олддог гэж бодноо. Хүн ер нь их мартамхай юм байна. Аравхан жилд ямар их зүйл өөрчлөгдөө вэ, ямар олон үйл явдал урсаад өнгөрсөн юм бэ гэж гайхахаас аргагүй. Бид тэрний гэрч нь байж, гар бие оролцсон гэж бахархмаар юм билээ.

-2008 оны 7сарын 1-ний үймээнээс үүдэн онц байдал зарлаж, МҮОНТ-ээс бусад телевиз, хэвлэлийг хаасан. Энэ үед танайх шуурхай мэдээлэл хүргэж байснаараа олон хүний талархлыг хүлээсэн байдаг. Тэр өдрүүдийг дурсвал?

-Сая манай уншигчдаас арван жилийн ойд баяр хүргэсэн мэндчилгээ ирүүлэхэд энэ тухай дурдсан байна лээ. Үнэхээр манайх ямар ч цензургүйгээр болж байсан бүх үйл явдлыг мэдээлсэн. Эхний буун дуу гарахаас эхлээд дараагийн өглөө, онц байдал зарласан өдрүүдэд хүртэл тасралтгүй ажилласан. Сониндоо Дэнжийн мянгад түр саатуулах газар баригдсан хүмүүсийг жирийтэл суулгачихсан зургийг нийтэлж байснаа санаж байна. Үлдсэн мэдрэмж гэвэл бидний эрх, эрх чөлөө маш хэврэгхэн юм шиг санагдсан. Манай редакцид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс бичиг ирж байсан. Бүгд рүү нь явуулсан байх. Таван иргэн тэр үймээнээс болж амь үрэгдчихээд байхад Үндэсний телевизээр дан архичин согтуучууд үймэлдээд нэг нэгнийгээ буудсан маягийн суртал ухуулга явуулж байсан шүү дээ. Бас нэг үнэхээр гайхашруулсан зүйл бол хувийн телевизүүдийн эфирийг хаахад захирлууд нь мэдээлэл хийнэ гээд зар тарсан. Бид эсэргүүцэж байна гэж ойлготол "Бид бүрэн дэмжиж байна. Ингэх ёстой" гэсэн нь шоконд оруулсан. Хэвлэлүүд мэдээлэх эрхгүй болох гэдэг хамгийн том аюул шүү дээ. Цөөхөн сонин "амаа бариулаагүй". Бас 1 дүгээр эмнэлгийн сэхээний тасгийн сувилагчдын бичлэгийг санаж байна уу. "Араас нь хөөж ирээд буудлаа. Иргэдээ ингэж болдог юм уу" гээд ярьдаг. Тэр бичлэг Үндэсний телевизээр нэг яваад л хаагдсан. Түүнийг бид сайтдаа тавьсан. Сайтын хандалт огцом ихэсч, сервэр унах аюултай болсон. Гадаадаас хүмүүс маш их орсон байх. Манай хүүхдүүд ч гадаадад байсан. Сайт руу орж мэдээ үзчихээд санаа зовоод утасдаж байв.

-Өнгөрсөн зун танайхыг хакердуулсан гэж шуугисан. Энэ юу болсон бэ. Хууль хяналтын байгууллагад хандсан уу?

-Шалгадаг газарт нь хандсан. Журмын дагуу албан бичгээр хүсэлт гаргаад гомдлоо өгсөн. Хурдан хугацаанд шалгаад хариу ирүүлсэн. Манай сайт хөгжүүлэлтийг хариуцдаг компаниас мэдээлэл алдагдаад түүнийг нь ашиглаж манай админийг удирдсан юм билээ. Кибер аюулгүй байдлын талаар хууль хяналтынхан гайгүй боловсон хүчинтэй юм байна гэж ойлгосон. Харин техник технологийн боломж тийм сайнгүй байх шиг. Илрүүлсэн IP- гаа цааш лавшруулж шалгах гэхээр оператор компаниуд нэг хаяг дээр маш олон хэрэглэгч суурилуулсан байдгаас хүндрэл гардаг. Ер нь бол хийсэн үйлдлээс нь хэн хаанаас ямар зорилгоор хакердсан бэ гэдгийг тогтоосон. Дахин ийм явдал гаргуулахгүй байх арга хэмжээ авсан. Хэрэглэгчдээсээ уучлалт гуйсан. Тэр үед би гадаадад явж байсан учир дор нь мэдээгүй. Гадаад сервэр рүү ч бас халдлага хийж хэд хоног ажиллагаагүй болгосон. Уг нь манайх гадаадад давхар сервертэй Монголдоо ганц сайт. Цааш ийм асуудал үүсч болзошгүй гэдгийг ухаарч сайн сургамж авсан.

-Уулчин Г.Өсөхбаяр хаа байсан дэлхийн зулай, хойд туйлаас өөрийнхөө эзлэлтийн тухай мэдээллийг News.mn-ээс анх уншсан тухайгаа саяхан сонинд ярьсан байсан. Олимпийн аварга Э.Бадар-Ууган ч бас алтан медалиа аваад хамгийн их баярлаж, сэтгэл хөдөлсөн үе нь NEWS-д гарсан өөрийнхөө тухай мэдээлэл, тэнд бичсэн уншигчдын сэтгэгдлийг унших мөч байсан гэж дурссан байна лээ. Энэ бүх түүхэн, олны анхаарлыг татсан мэдээллийг дамжуулахад танайхан яаж ажилладаг вэ?

-Үнэнийг хэлэхэд наана чинь миний оролцоо гэж үнэхээр байхгүй. Манай салбар салбараар дагнасан сэтгүүлч сурвалжлагчид хийдэг. Спортын чиглэлийнхэн нь бүх уралдаан тэмцээн, болж байгаа үйл явдлуудаа сайн мэддэг. Урлагийнхан нь урлагаа мэддэг. Хэдэн сайхан, хийж бүтээхийг эрмэлздэг залуучуудтай байхад л болно. Сэтгүүлч уран бүтээлчдэд нэг тийм оргилсон хүсэл, эрч хүч, ажлын төлөөх өрсөлдөөн байвал амжилт ирдэг. Би өөрөө тийм хамт олон дунд өсч өндийсөн болохоор энэ ямар чухал вэ гэдгийг мэднэ. Өнөөдрийн нэр цуутай, хамгийн авьяастай, хамгийн хөдөлмөрч, хамгийн мэдрэмжтэй сэтгүүлчидтэй нэгэн үе хамт ажиллаж байснаараа бахархдаг. Тэдний эрч хүчийг бахаддаг.

-Танайх сайтаас гадна 20 мянган хувь үнэгүй тараадаг сонинтой, бас нэвтрүүлэг, дүрст мэдээ, шторк хийдэг гэж та ярилаа. Орлого ямар вэ? Нуулгүй хэлэхэд, өнөөдөр ашигтай ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллага гэж байхгүй. Бүгд улстөрчдийн мөнгөөр гол зогоодог гэлцдэг шүү дээ?

-Эхний жилүүддээ хөрөнгө оруулагчдын дэмжлэг авч байсан. Үүнийгээ хэнээс ч нууж байгаагүй. Монгол Улсад мөрдөгддөг санхүү нягтлан бодох бүртгэлийн хууль дүрмийн дагуу тайлан тооцоогоо гаргаад явдаг компани. Манай хөрөнгө оруулагчид санхүүгийн сахилга сайн байх ёстойг сургасан. Ер нь тэднээс компанийн соёл, удирдах арга барил гээд олон зүйлийг сурсандаа үргэлж талархдаг. Хэвлэл мэдээллийнхнийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж бус, тайлан тооцоо ч гаргадаггүй, хүссэн зүйлээ бичээд ашиг олоод явдаг гэсэн ташаа ойлголт нийгэмд байдаг бололтой. Бид яг л бусад бизнестэй ижил хууль дүрэмд захирагдаж ажиллана шүү дээ. Өдөр тутмын сонин гаргаад захиалгаар ашиг байтугай зардлаа олно гэдэг тийм амар биш. Компаниудын сурталчилгаа л гол дэм болдог. Гэтэл өнөөдөр хэдэн хэвлэл байгаа билээ, хэдэн хэрэглэгчтэй зах зээл билээ гээд харахаар оршин тогтноход хэцүү л дээ. Бид цагаа олж цахим мэдээлэл рүү орсноороо хөрөнгө оруулагчдын татааснаас салж чадсан. Ойролцоогоор 2008 оноос санхүүгийн хувьд бүрэн бие даасан. Эдийн засгийн хөөсрөлтийн үе ч таарсан биз 2012 хүртэл гайгүй ашигтай ажилласан. Харин одоо хямралд бусдын адил нэрвэгдээд л явж байна. Ажилтнуудаа цомхотгох гэхээр гар хөдлөхгүй юм. Аль болох олон хүнтэй, нүсэр байж л мэдээллийн бизнесийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж болно. Нүсэр гэдэг нь салбар болгоныг хариуцсан сэтгүүлч сурвалжлагч байж чанартай мэдээлэл гарна гэсэн үг. Бид сонин гаргахын хажуугаар 15-16 салбар сайтыг өдөр бүр амьтай байлгах, гол мэдээлэл дээрээ бусдаас ямагт урд нь явах гээд том том зорилготой байдаг. Гэтэл хийж байгаа болгон маань ашигтай байж чаддаггүй. Нэг нь нөгөөгөө нөхсөн байдлаар л аж төрж байна одоохондоо. Юмны үнэ хоёр гурав нугараад өсчихсөн байхад би айгаад баннерынхаа үнийг өсгөж чаддаггүй. Компаниуд хямралын үед хамгийн түрүүнд маркетингийн зардлаа танадаг учир тэр. Гэхдээ ирээдүйгээ өөдрөгөөр харж байгаа. Арван жилийнхээ ойгоор уйгаржин монгол хувилбараа нээнэ. Дэлхий дээр тарж бутарсан таван сая монголчууддаа бэлэг болгож байгаа юм. Манай англи хэл дээрх сайтын хандлага улам бүр өсч байна. Цэгцтэй, мэргэжлийн төвшинд бэлтгэгдсэн мэдээ мэдээлэл бол ямагт үнэ цэнтэй л байх болно. 20 жилийн ойгоо хийхдээ хоёр дахин өргөжсөн байна гэдэгт итгэлтэй байна.

-Дандаа ажил ярилаа хоёулаа. Та энэ салбарын хамгийн амжилттай эмэгтэй менежэрүүдийн нэг. Уншигчдад сонирхуулах үүднээс өөрийнхөө тухай жаахан дэлгэрүүлбэл? Аав тань бас сэтгүүлч.

-Миний аав А.Баярмагнай Монголын анхны мэргэжлийн сэтгүүлчдийн нэг.Улаан-Од сонины Ерөнхий эрхлэгч байсан, мундаг сэтгүүлчдийн олон үеийг төрүүлсэн хүн гэж ааваараа бахархдаг. Ээж аав минь тухайн үеийн жирийн л нэг гэр бүл, гэхдээ жинхэнэ утгаараа сэхээтнүүд юмаа гэж боддог. Утга зохиол, урлаг соёлд ойр өсгөсөн нь миний энэ ажил хийхэд дөхөм болсон байх. Хойно сурч төгссөний дараа ирээд Ардын эрхийн "Шавь" сургалтыг төгсөөд тухайн үеийн төрийн төв хэвлэлд ажилд орсон. Одоо домог болсон бүх эрхлэгч нарын редакцид ажилласан. 1996 онд Ц.Балдорж эрхлэгчийг ажлаас нь чөлөөлсөн УИХ-ын хуралдааны сурвалжлагыг хянах, тулгах ажилд шөнөжин дайчлагдаж дараа нь эрхлэгч биднийг өрөөндөө оруулаад шампанск задалж байсныг санаж байна. Бал эрхлэгч " Энд ажиллах сүүлийн минь өдөр хамт байсанд талархлаа" гэсэн утгатай үг хэлсэн шиг санагддаг юм. Ж. Мягмарсүрэн эрхлэгч намайг жирийн сурвалжлагчаас парламентын сэтгүүлч, тоймч, албаны дарга хүртэл дэвшүүлж, хийж бүтээх урам хайрласан. Б.Ганболд эрхлэгч намайг ямарч цаг үед ойлгож дэмжиж ирсэн. Сурвалжлагч байхаас одоог хүртэл хамгийн ойр дарга минь юм даа. 2004 онд "Ардын эрх" сонин гаргах санал тавьсан хөрөнгө оруулагчиддаа бас талархаж явдаг. Намайг сонгож итгэл хүлээлгэсэн нь миний хувь заяанд том эргэлт болсон. Тэд хэзээ ч редакцийн дотоод ажилд оролцож бидний мэргэжил, итгэл үнэмшилд бүдүүлгээр халдаж байгаагүй. Том компанийн соёлоос зөндөө их зүйл сурч мэдсэн. Ер нь товчхоноор хэлэхэд би маш азтай хүн. Намайг насан турш минь дандаа сайн сайхан хүмүүс хүрээлж байсан. Бас хэрэгтээ үедээ хэрэгтээ газарт байсан ч байж магадгүй. 2012 оноос бие даагаад салбартаа оршин тогтнох гээд л үзэж байна даа.

-Таныг нийгмийн идэвхтэй хүн юм уу гэж бодсон. Эмэгтэйчүүдийг дэмжих клуб байгуулсан гэж сонсоод?

-Цаг нь ирэхээр нийгмийнхээ төлөө юм хийе гэж боддог юм байна. Хэвлэлийнхэн бол ер нь бөөн шүүмжлэгчид шүү дээ. Энэ ч болохгүй тэр ч буруу гээд. Дандаа ийм мэдээлэл дунд байхаар өөрөө ч мэдэлгүй эвдэрдэг. Миний хувьд бусдын л адил Улаанбаатарын утаа, хог, түгжрээнд багтарчих гээд улстөрчдийг харааж зүхсэн л хүн болсон. Бидний асуудлын нэлээд хэсэг нь улс төрөөс хамаарч байгааг хэн ч хэлнэ. Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа нь манай нийгмийг улам өвчлүүлж байна гэж боддог болохоороо улс төрд олон олон эмэгтэй ороосой гэж хүсдэг. Эмэгтэй хүний ажил хэрэгч, үнэнч зан чанар улстөрд үнэхээр дутаад байгаа юмаа. Би арван жил эмэгтэйчүүд давамгайлсан баг удирдахдаа энэ зан чанарын баталгааг олж харсан. Тэгээд улстөрд орох эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор хэдэн найз нартайгаа " Даймонд пресс" клуб байгуулсан. Би санаачлагч болохоос удирдлага биш. Ерөнхиийлөгч нь Монголын мэдээ сонины Ерөнхий эрхлэгч С.Гантогоо. 2012 оны сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчдийг үнэгүй сурталчлах уриалга гаргаж, өөрсдөө мэдээ материал бичиж, сонингуудад байнгын булан ажиллуулан чадлаараа л хөдөлсөн. Хэвлэл мэдээллийн ихэнх удирдлага эмэгтэйчүүд учир маш сайн дэмжиж, 100 мянган ширхэг сэтгүүл хэвлүүлж тойргуудад нь хүргүүлсэн. Бидний чадах зүйл энэ л байсан. Дараа нь Ерөнхийлөгчийн ивээл дор "Хүүхэд бүрийг хамгаалъя" форум хийж Дамбадаржаагийн нэг сургуулийг автобустай болгосон. Хийсэн ажил бүхнийг дэмжиж байсан эмэгтэйчүүд, үндэсний бизнесийнхэндээ талархдаг. Хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүдийн оролцоо чиглэлээр цаашид олон ажил хийнээ.

-Танайхан гоё урилга ирүүлсэн байна. Ойгоо нүсэр тэмдэглэх нь ээ дээ?

-Арван жил гэдэг богинохон хэрнээ хүний амьдралд бол их цаг хугацаа. Энэ арван жилийг нэг баг болж үдсэн хамт олноороо баярлана. Бидний хамгийн гол дэмжигч байсан уншигчид хэрэглэгчдэдээ юу хийснээ тайлагнана. Шинэ уйгаржин сайтаа эхлүүлнэ. Жил бүр өргөмжилж байсан Оны хүмүүсээ урина. Монголын нийгмийн сор болсон эрхэмүүд бий. Мөн "Hit news" шагнал олгох ёслолын ажиллагаа болно. Өнгөрсөн арван жилийн хугацаанд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байсан улс төрчид, дуулиан шуугиан тарьсан одууд, эсвэл ард түмнээ баярлуулсан алдар цуутай хүмүүсийг статистикаар гаргах юм. Техникийн хувьд боломж байгаа болохоор ямар нэгэн санал асуулгаар биш автоматаар тоолоод л өнгөрсөн арван жилд хамгийн их уншигдсан нийтлэлч хэн байв, хамгийн эрэлт хэрэгцээтэй байсан улс төрч хэн бэ, хамгийн олон эерэг сэтгэгдэл авсан эрхэм хэн бэ, эдийн засагчдаас хэний үгийг хүмүүс хамгийн их уншив гэдгийг тодруулна. Маш сонирхолтой байх болно. Мөн хөтөлбөрийн гол хэсэг бол салбарынхаа ирээдүйг ярилцах "News форум" байх юм. Сонирхолтой илтгэлүүд тавигдана. "Дижитал медиа", Интернэт эрх чөлөөний талаар сонирхолтой илтгэл бий. Гаднаас зочин итгэлч урьсан байгаа. Гэх мэтээр л ойгоо тэмдэглэхээр төлөвлөж байна. Хэвлэл мэдээллийнхнээ урьж байна.

-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Онцлох нийтлэлүүд