Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ НОК-оос ICT экспог зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүйгээ мэдэгдэж байжээ МҮБХ-ны дэд тэргүүнээр О.Балжинням аваргыг сонгожээ ЭМЯ: 2893 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа "Их хүрээ цам" хурал номын үйл ажиллагаа эхэлж цам гарлаа “Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ Өнөөдөр Улаанбаатар хотод 4808 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө Автомашинд дайруулсан Хилийн цэргийн алба хаагчийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчран эмчилгээ хийж байна Ардын жүжигчин Н.Сувд: Жүжигчний мэргэжил сурч болдог сургаж болдоггүй Хүүхдийн сэтгэл зүйч Б.Алтанзаяа: Хүүхэд гэр бүлээсээ л хайр мэдрээгүй бол өөртөө итгэх итгэл маш бага байдаг Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ НОК-оос ICT экспог зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүйгээ мэдэгдэж байжээ МҮБХ-ны дэд тэргүүнээр О.Балжинням аваргыг сонгожээ ЭМЯ: 2893 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа "Их хүрээ цам" хурал номын үйл ажиллагаа эхэлж цам гарлаа “Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ Өнөөдөр Улаанбаатар хотод 4808 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө Автомашинд дайруулсан Хилийн цэргийн алба хаагчийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчран эмчилгээ хийж байна Ардын жүжигчин Н.Сувд: Жүжигчний мэргэжил сурч болдог сургаж болдоггүй Хүүхдийн сэтгэл зүйч Б.Алтанзаяа: Хүүхэд гэр бүлээсээ л хайр мэдрээгүй бол өөртөө итгэх итгэл маш бага байдаг
Эдийн засаг
2021.09.15 09:09

​Монголын төр алдаагаа засч, улсаа хөгжүүлэх сүүлчийн боломжийнхоо өмнө тулж ирлээ


Сарьсан багваахай хэмээх бяцхан амьтнаас үүдэлтэй халдвар цар тахал болон дэгдэж, тив дэлхийг бүрхсэнээр улс орнууд Дэлхийн II дайнаас хойших санхүү эдийн засгийн хамгийн том хямралтай нүүр тулж байна. Манай улсын хувьд 1992 оны зах зээлийн хүнд хэцүү үед эдийн засаг 9.3 хувиар агшиж байсан гэдэг. Тэгвэл цар тахлаас үүдэлтэйгээр өнгөрсөн онд эдийн засаг 5.3 хувь болж унасан нь сүүлийн 30 жилд тохиолдсон хамгийн хүнд сорилт байв. Үүнтэй уялдаатай маш цөөн, тодорхой жишээ дурдвал нийт хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч, олон зуун мянган өрх төрөөс үзүүлсэн хөнгөлөлт, хүүхдийн мөнгө, багахан халамжаар амь зуулгаа болгож байна. Цааш нь валютын нөөц дундарч, экспортын орлого тасалдаж, ихэнх бараа бүтээгдэхүүний ханш огцом өссөн гэх зэргээр таагүй дүн мэдээллийг хөврүүлж болно. Цар тахлын давалгаа хэзээ дуусах нь тодорхойгүй, хэчнээн хувилбар дэгдэх нь мэдэгдэхгүй байгаа энэ үед улс орнууд хүн амаа вакцинжуулалтад аль болох өргөн хүрээнд хамруулж, эдийн засгаа сэргээхэд гол анхаарлаа хандуулах болсон. Манай улсын хувьд ч ялгаагүй юм. Тэгвэл бид цар тахлаас ямар сургамж авав, цаашдын боломжийн талаар дэлгэрүүлж байна.

Сануулга ба боломж

Монголд коронавирусийн халдвар хяналтаас гарч, олон хүн өвдөөд зогсохгүй, хэдэн зуун хүн амь насаа алдаад байна. Энэ бол улс үндэстний өмнө тохиосон гарз юм. Хүний амь насыг юугаар ч үнэлж үл болох билээ. Гэхдээ цар тахал асар их хор уршиг тарьсан хэдий ч гэрэл гэгээтэй талыг нь харах гээд үзье. Өөрөөр хэлбэл, ядаж л энэ цар тахал нь манай улс эдийн засгийн аюулгүй байдлын дархлаа сул, нэг зах зээлээс хэт хамаарсан, импортыг шүтсэн улс болохыг ой тоонд ортол харууллаа. Том сургамж өглөө. Үүний нэг тод жишээ бол үнийн өсөлт юм. Барилгын үндсэн бүтээц хийцийн гол бүтээгдэхүүн болох арматураас эхлээд олон төрлийн бараа таваарын үнэ хилийн боомтын хүндрэлээс үүдэлтэйгээр 30-40 хувь өссөн нь үл хөдлөхийн үнийг нэмж орхив. Эдийн засагч, судлаач Г.Батзориг “Орон сууцны үнэ дунджаар 20-30 хувь өссөн байна. Дайран дээр давс нэмж 6 хувийн зээл, сонгууль хоёр давхацсан нь магадгүй үнийг улам өсөхөд нөлөөлсөн” хэмээсэн. Үүнээс гадна засварын газрууд нэг дугуйг 500 төгрөгөөр хийлдэг байсан бол 1000 болгосон, шатахууны үнэ ганц сарын дотор 600 төгрөгөөр нэмэгдсэнээр такси үйлчилгээ эрхлэгчид үнээ 50 хувь өсгөхөд нөлөөлсөн гэх зэргээр хөврөнө. Өөрөөр хэлбэл, цар тахлын хямралын үед иргэдийн орлого тасалдаж байхад дайны хажуугаар дажин гэгчээр бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өссөн нь хамгийн том хүндрэлтэй нүүр тулгав. Энэ дараалсан “цохилтууд” нь Монголын эдийн засаг ямар ч дархлаагүй, туйлын эмзэг байгааг илтгэж өгсөн юм. Бид оношоо мэдэхийн дээдээр мэдэж, мэдэрч авлаа. Энэ бол цар тахлаас өлгөж авах нэг сургамж байв.

Дараагийн нэг боломж бол уул уурхайн өсөлтийн цикл эхэлсэн явдал юм. Цар тахлын улмаас олон үйлдвэрлэл доголдож, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт тасалдаж, тээвэрлэлт саатах зэргээр хүндрэлүүд үүссэн нь хямралын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд уул уурхайн түүхий эдийн эрэлтийг нэмэгдүүлэх гол шалтгаан болов. Хятадын эдийн засаг л гэхэд энэ онд 8.1 хувийн өндөр өсөлт үзүүлэхээр байгаа нь хямралын дараах сэргэлт рүү улс орнууд хэрхэн цойлж байгааг харж болно. Үйлдвэрлэлийг дагаж тус улсад уул уурхайн түүхий эдийн эрэлт эрс өссөний дотор нүүрс чухал байр суурь эзэлж байна. Тус улс нүүрсний эрэлтээ хангахын тулд дараа ашиглан хэмээн үүцэлсэн Өвөрмонгол дахь орд газар руугаа орсон гээд бодохоор эрэлтийн үнэ цэнэ илэрхийлэгдэнэ. Уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар “Хятадад мөн эрчим хүчний нүүрсний үнэ ч өссөөр байна. Төмөр замтай байсан бол зарж чадахгүй агуулахын хог болсон нүүрсээ борлуулж мөнгө хийх байхгүй юу. Таван Толгойн бүс нутагт дор хаяж 5 сая тонн ийм нүүрс хэвтэж байна. 350 юаниар бодоход 250 сая ам.доллар болно” хэмээсэн. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийг хамарсан их хямралын дараа уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний өсөлтийн цикл тохиож байгаа нь манай улсыг хямралаас гаргах, улмаар хөгжил рүү чиглүүлэх хамгийн том гарц боллоо. Эдийн засагч Ч.Хашчулуун “Уул уурхайн супер цикл ямар хугацаанд үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Дэлхий дээр бий болж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний өнөөгийн супер цикл миний бодлоор орчин үед тохиолдож байсан гурав дахь супер цикл болж байна. Эхнийх нь 2000 оны эхээр байсан. Хоёр дахь нь 2010 оны эхээр эхэлсэн. Гурав дахь нь одоо гэж хэлж болно. Өмнөх туршлагуудаас харж байхад одоогийн цикл үндсэндээ 6-8 жил үргэлжлэх болов уу. 2026-2027 он хүртэл энэ нөхцөлийг ашиглаад эдийн засгаа шинэ шатанд гаргах хэрэгтэй” хэмээсэн.

Боломжийг хэрхэн атгах вэ

Цар тахал бидэнд маш том сануулга, сургамж өглөө. Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хурлын индэрт сууж, үйлдвэрлэгч болон хөрөнгө оруулагч нарын үгийг биечлэн тэмдэглэн авч, “Бид хөрөнгө оруулалтыг дэмжиж, эдийн засгаа хөгжүүлэхэд нэг цонхоор харж байна. Монголын төрд бүү эргэлз” хэмээн мэдэгдсэн нь цар тахлаас өгсөн сургамжийг ухаарсан мэт. Одоо л тэд хөрөнгө оруулалт ямар хэрэгтэйг, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн ач тусыг ойлгож, улс төрийн худал хийрхэлээс ангижирах нь уу гэсэн багахан итгэлийг төрүүлэв. Улмаар уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн циклийг үр дүнтэй ашиглаж, олсон орлогоо бэлэн мөнгө, халамж хэлбэрээр тараах бус стартегийн үйлдвэрлэл, төслүүдийг дэмжихэд зориулах нь гэсэн баясал төрж байна. Хэрэв “тархидуулчихгүй” бол шүү дээ.

Алдаагаа эргэн харцгаая

“Тархидуулчихгүй бол” хэмээх яг энэ үгнээс үүдэлтэйгээр дараагийн сэдэв хөндөгдөж байна. Улстөрч индэрт гараад амлалт өгөх нэг хэрэг. Бодит байдал дээр ямар хүндрэлүүд үүссэн, түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь өөр асуудал юм. Хамгийн эхний баримт бол уул уурхайн өсөлтийн циклийн үед уг боломжийг ашиглаж чадахгүй байгаа явдал билээ. Уг нь энэ онд 42 сая тонн нүүрс экспортлоно хэмээн төсөвт төлөвлөсөн. Гэвч энэ янзаар явбал оны эцэст 15 сая тонныг л гаргаж чадахаар байгааг сайд нь тайлбарлаад сууж байна. Хятадад өвлийн олимп болно, мөн намын их хуралтай. Тиймээс Хятад гаднаас нэг ч хүн авахгүй байгаа. Зайлшгүй шаардлагатай хүмүүсийг 44 хоног тусгаарлаж байж нэвтрүүлж байна. Мөн ковидтой холбоотой хяналтыг орон нутаг руу нь шилжүүлсэн. Энэ нь байдлаас үүдэж экспортод ноцтой хохирол учирч байгааг хэлсэн. Коксжих нүүрсний үнэ урд хөршид 55 хувиар өсөөд байна. Гэвч хилийн хорио цээрээс болоод тээвэрлэлт саатаж, боломжоо алдсаар ирлээ. Шалтгаан нь бид бус урд хөршөөс болоод байгаа мэт тайлбарыг дарга нар хийнэ. Гэтэл зэсийн экспорт яагаад тасалдахгүй байна вэ. Зэсийн ханш 41 хувиар өсөхөд уг боломжийг гадны менежменттэй “Оюу толгой” компани ухаалгаар ашиглаж чадлаа. Ашигласаар байна. Тэгэхээр гол асуудал нь урд хөршийн шийдвэр гэхээс илүү бид бэлтгэлээ хангаж чадаагүйд оршиж байгаа юм. Наад зах нь хэл ам болсон ичмээр ариутгалын хаалга байна. Цаашлаад төмөр замаа тавилгүй олон жил болсны хор уршигаас эхлээд асуудлууд хөврөнө. Тиймээс хөрөнгө оруулагч нарыг дуудаж, Монголын төрд бүү эргэлз хэмээн мэдэгдэхээсээ өмнө хилийн орц, гарцын асуудлаа шийдээд өгчихмөөр байгаа юм. Цар тахлын энэ цаг үед хоёр хөршийн засгийн газартай хилийн боомтын асуудал дээр ямар яриа хэлцэл хийж, үр дүнд хэрхэн хүрэв, цаашлаад хилийн боомтыг өргөтгөж хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын шинэ сүлжээг үүсгэх асуудал нь Монголд хөрөнгө оруулалт хийх эсэхийг шийдэх чухал нөхцөл болно.

Хоёрдугаар асуудал бол хөрөнгө оруулалтын тааламжтай орчинг бүрдүүлж, бодлогын төлөвлөлтийг гаргах явдал юм. Үүнд нэгэн судалгааг онцлоё. Азийн хөгжлийн банкны өрсөлдөх чадварын судалгаагаар манай улс нэг үзүүлэлтээр хэт доогуур үнэлэгдэж ирсэн байдаг. Энэ бол гэрээ хэлцлийг хангуулах байдал юм. Өөрөөр хэлбэл, монголчууд гэрээгээ биелүүлдэггүй гэх ойлголтыг энд хэлж байна. Энэ нь жижгээс том хүртлээ байна. Банкнаас зээл аваад алга болчихоно. Банк нь шүүхэд хандахад шийдвэрлэх хугацаа дунджаар 4.2 жил болно. Энэ нь хэт сунжирсан хугацаа юм.

Уул уурхайн томоохон төслүүд дээр гэрээтэй холбоотой маргаан, үл ойлголцол байнга гарна. Энэ долоо хоногт л гэхэд Монголд хөрөнгө оруулалт хийгээд 19 сая ам.доллараа алдчихлаа хэмээн Английн нэгэн иргэн дэлхийн томоохон хэвлэлүүдэд мэдээлж, Монголыг шившиглэв. Тиймээс Монголд хөрөнгө оруулалт хийхэд эрсдэлгүй гэх мессэжийг өгөхийн тулд гэрээ хэлцлийг хангуулдаг байдал туйлаас чухал байна. За бол ёогүй гэдэг дээ. Ийм л зүйлийг хөрөнгө оруулагчид хүлээж байна. Түүнчлэн, элдэв зөвшөөрөл хамгийн их бэрхшээл учруулдаг. Мэдээж зөвшөөрөл нэмэгдэх тусам түүний ард авлигал үүрлэдэг. Тухайлбал, монгол хүн Монголдоо ресторан байгуулахад 18 зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Тэгэхээр гадны хүн Монголд хөрөнгө оруулахад үүнээс ч олон зөвшөөрлийг хөөцөлдөнө гэхээр төрийн албаны хүнд суртлыг давж дийлэхгүйд хүрдэг. Үүнээс гадна уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж ярьчихаад нөгөө талд хайгуулын зөвшөөрлөө олгохгүй базаад суучихдаг ойлгомжгүй байдал сүүлийн хэдэн жил үргэлжиллээ. Энэ нь даажирсаар стратегийн ач холбогдол бүхий том төслүүдэд ч хор уршиг тарих болсон. Тодруулбал, нефть боловсруулах үйлдвэрийг 2017 оноос эхлүүлж, 2023 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж байж сая өөрийн өртгөө нөхөж, ашигтай ажиллах боломж бүрдэнэ. Гэтэл өнгөрсөн онд олборлосон газрын тосны хэмжээ 850 мянган тонн. Алсаа харсан зөв бодлого хэрэгжүүлж, уул уурхайн хөгжлийн залгамж чанарыг хангах хайгуулийн ажлыг тасалдалгүй явуулаагүйгээс болж стратегийн ач холбогдол бүхий төсөл түүхий эдгүй болж гацах эрсдэл үүсч байна. Бас нэг онцлох зүйл нь уул уурхайн салбар дахь бодлогын төлөвлөлт үгүйлэгдсээр байгаа явдал юм. 10-аад жилийн өмнө “Технологийн эрин зуунд газрын ховор элемент шиг хэрэгтэй зүйл байхгүй. Энэ салбарын эрхзүйн орчинг бүрдүүлж, төрөөс бодлогоор дэмжинэ” хэмээн салбарын сайд нь “Metals Mongolia” чуулга уулзалт дээр мэдэгдэж байв. Одоо энэ салбарт хөгжил байхгүй. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулж, зэс болон ган хайлах үйлдвэрийг цогцлооно, метан хийгээ ашиглана гэх зэргээр тунхагласан. Цаасан дээр л баахан ажил явсанаас биш газар дээр ганц ч тоосго өрөгдсөнгүй. Мөн уран олборлоно, олборлохгүй хэмээн хэсэг шуугисан. Энэ мэтээр өнөөдөр хэлсэн төрийн өндөр албан тушаалтны үг ирээдүйд биелэлээ олох нь эргэлзээтэй, яг яах гээд байгаа нь ойлгомжгүй байдал хөрөнгө оруулагчдын толгойг эргүүлж дууссан. Уг нь эхний тэдэн жил нүүрсний экспортыг тэгж дэмжинэ, улмаар үүнд суурилж боловсруулах үйлдвэр байгуулна. Цаашлаад байгаль орчныг бохирдуулахгүй байх өндөр шаардлагатай уялдаж, нүүрнээс татгалзаж, байгалийн хий болон уран боловсруулалт руу шилжинэ гэх зэргээр тойм зураглал, төлөвлөлт баймаар мэт. Харин манайд байхгүй. Тиймээс бодит судалгаанд тулгуурлан уг зураглалаа гаргаж, ямар ч нам байсан тогтвортой хэрэгжүүлэх итгэлийг Монголын төр бүрдүүлэх нь хөрөнгө оруулагчдын хүсэн хүлээж буй гол зүйлийн нэг юм. Энэ мэтээр хөрөнгө оруулалт тойрсон маш олон асуудлыг хөврүүлж болохоор байна.

Эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгохын тулд уул уурхайн бус салбараа ч дэмжих хэрэгтэй

Монголын төр уул уурхайн өсөлтийн циклийн үед хилийн боомтын асуудлыг шийдвэрлэж, уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг дэмжихэд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатайгаас гадна уул уурхайн бус экспортыг дэмжих шаардлага бий. Өөрсдөө ч хурал болгон дээр хэлдэг. Бэлчээрийн малын эко мах, ноос ноолуур, арьс түүхий эд дэлхийд өндөр үнэлэгдэнэ. Бид боловсруулж гаргаж чадвал нөхөн сэргээгдэх асар их нөөцөөр валютын орлого бүрдүүлж чадна л гэнэ. Гэвч хэрэгжилт дээр таг. Жишээ нь Японы талаас 9300, Монголын талаас 5700 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас чөлөөлсөн байдаг. Үүнийг Японы тал 95 хувийн гүйцэтгэлтэй ашигласаар ирсэн. Харин манайх уг боломжийнхоо таван хувийг ч ашиглаж чаддаггүй. Саяхан Монголбанк, МҮХАҮТ хамтарсан уул уурхайн бус экспортыг дэмжих цахим хурал болсон юм. Уг хуралд төв банкнаас санхүүжилтийн ямар механизм хэрэгжүүлж буйгаа тайлбарласан. Гэвч нөгөө талд санхүүжүүлэгч банк болон экспортын чиг баримжаатай аж ахуй нэгжүүд, холбоодын төлөөлөл санхүүжилтээс гадна бодлого үгүйлэгдэж байгааг илүүтэй онцгойлон дурдсан. Тухайлбал, Монгол Улсын худалдааны салбарт Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид маш богино хугацаанд өндөр байр суурийг эзлээд байна. И март худалдааны төв, CU, GS25 сүлжээ дэлгүүрүүд гэх зэргээр нэрлэж болно. CU л гэхэд долоо хоногт манай улсад нэг сүлжээ дэлгүүрээ байгуулж, салбар нь 200 руу дөхөж байна. Тус улсын хөрөнгө оруулагчид Монголын зах зээлийг ийм богино хугацаанд хэрхэн эзлэж чадав гэвэл ерөөсөө л төрийн бодлого, өндөр зохион байгуулалт, нягт дэмжлэгтэй нь холбоотой. Тодруулбал, Гадаадад сууж байгаа солонгос иргэдийнхээ нийгэмлэгийг Өмнөд Солонгосын засгийн газар нь бүрэн санхүүжүүлдэг. Уг нийгэмлэг гадаадад байгаа солонгос иргэд дээрээ тулгуурлаж эдийн засагтай холбогдох судалгааны материал цуглуулж, засгийн газар руугаа мэдээлэх үүрэгтэй. Засгийн газар нь уг мэдээллийг боловсруулж тухайн улс руу ямар бүтээгдэхүүн экспортлох боломжтой тухай дүгнэлт гаргана. Энэ нь найман чиглэлд хуваагддаг. Улмаар экспорт хийх сонирхолтой дотоодын үйлдвэрлэгч нарыг шалгаруулж, эрхээ авч чадсан компаниудад нэн хөнгөлөлттэй санхүүжилтийг олгодог байна. Жишээ нь гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ сурталчилахад гарах зардлын 70 хувийг төр нь даадаг гэх зэргээр олон төрлийн хөнгөлөлт, санхүүжилтийн механизм, бодлогын уялдаагаар хангаж ажилладаг. Үүний үр дүнд тухайн зах зээлд Солонгосын экспортлогч компаниуд хүч түрэн орж ирж, байр сууриа эзэлж чаддаг. Манайд мөн л ийм зарчмаар орж ирж, худалдааны салбарт найман нэрийн дэлгүүрүүдийг хөлдөө чирж том зах зээлийг эзлээд байна. Харин энэ бодлогын уялдааг манай улсын уул уурхайн бус экспортыг дэмжих бодлоготой харьцуулбал бид хэтэрхий түүхий байгааг харж болно. Энэ талаар “Голомт” банкны Байгууллага хөгжлийн хэлтсийн захирал Б.Нямдэлгэр “Төрийн бодлого сул, зарим зүйл нь тодорхойгүй, уялдаа холбоо тааруу байдлаас болж экспортлогч аж ахуй нэгжүүдэд итгэж зээл гаргахад төвөгтэй байдаг. Үүнд онцолж хэлэх ёстой нэг зүйл бол үйлдвэрлэгчдийг үнэ цэнийн сүлжээнд нэгтгэж, кластер хэлбэрээр хөгжүүлэх явдал туйлаас чухал. Жишээ нь нэг ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр компани тус бүр 5 сая төгрөгийн зээл хүсээд ороод ирдэг. Гэвч эдгээр салангид компаниуд нь хүний нөөц, чадамж, техник технологийн боломж гэх зэрэг олон асуудал дээр сул байдаг. Нөгөөтэйгүүр, БНХАУ болон ОХУ, түүгээр дамжиж булангийн орнуудад бүтээгдэхүүнээ экспортлох гарц гаргалгааг төрөөс нээж өгөөгүй учир тухайн компанид санхүүжилт олгох эсэх эргэлзээг бий болгодог. Харин төрөөс экспортын тээвэрлэлтийн гарцыг нээж өгөөд хоёр компани нь нэгдээд ороод ирвэл 10 бус 20 сая төгрөгийн зээл ч өгөх боломжтой байдаг. Төрийн бодлогын уялдаа тун чухал” хэмээн ярьсан. Өөрөөр хэлбэл, төр уул уурхайн бус экспортыг дэмжинэ гэж яриад байдаг боловч ойрын хугацаанд яг ямар бүтээгдэхүүний экспортыг онцолж дэмжих, энэ чиглэлийн компаниудыг харилцан хамаарал бүхий кластерын системд хэрхэн оруулах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ ямар гарцаар олон улсын зах зээлд хүргэх, улмаар тухайн зах зээлд хэрхэн таниулж худалдан авалтыг дэмжих нарийвчилсан бодлого, уялдаа байхгүй байгаа юм. Бас нэг жишээ. Монголын махны холбооны менежер И.Баттогтох ковидын улмаас зургадугаар сарын 10-наас хойш БНХАУ руу махны экспорт бүрэн зогссон тухай хэлсэн. Хэзээ зөвшөөрөх нь тодорхойгүй. Уг нь БНХАУ-аас бараа бүтээгдэхүүний эрүүл ахуйн аюулгүй байдалд ямар шаардлага тавьж байгаа тухайгаа бүх л улс оронд хүргүүлсэн байна. Манай улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ч иржээ. Үүнд дурдагдсан шалгууруудыг махны компаниуд хангасан хэмээн Махны холбооны удирдлагууд үзэж байгаа аж. Гагцхүү мэргэжлийн хяналтын газраас баталгаажуулж, Хятадын талд танилцуулж, яриа хэлцэл хийж, экспортын гарцыг нээхэд хүчин чармайлт гаргах ёстой гэсэн хүлээлттэй байгаа аж. Гэтэл ямар ч хэлцэл хийдэггүй. Хятадын тал хэзээ нээхийг хүлээгээд л суугаад байдаг. Тэгтэл төрийн ордонд Ерөнхий сайд нь махны экспортыг төр бодлогоор дэмжинэ хэмээн яриад сууж байгаа юм. Ийм уялдаагүй, хэн ямар үүрэг хүлээж, юуг хариуцах нь ойлгомжгүй байдлыг цэгцлэх хэрэгтэй хэмээсэн.

Дахин нэг жишээ. Өнгөрсөн жил Монгол Улс дэлхийн хушны самрын зах зээлийн 70 хувийг хангасан байна. Үүний үр дүнд 290 гаруй сая ам.долларын экспорт хийж чадсан аж. Гэхдээ энэ бол бүртгэлтэй бизнесийн дүн болохыг “Самрын кластер” ТББ-ын удирдлага Б.Сугарсүрэн хэлсэн. Энэ зах зээлийн нэг онцлог нь бэлтгэн нийлүүлэхэд хамгийн өндөр зардал гардаг аж. Харин үйлдвэрлэлийн зардал бага байдаг байна. Тиймээс санхүүжилт ихээхэн чухал юм байна. Харамсалтай нь Монголын банкны салбарт уг бизнесийн онцлогт тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн байдаггүй аж. Иймээс үйлдвэрлэгчид бүгд өөрийн хөрөнгө, худалдан авагч талын урьдчилгаанд тулгуурлаж уг санхүүжилтийг хагас хугас босгодог байна. Хамгийн гол нь тэд мөнгө олох гэж мунгинаж байх хооронд гадаадын мөнгөтэй ченжүүд орж ирээд нутгийн иргэдтэй гэрээ байгуулаад хамаг самрыг хамаад авчихдаг. Ингээд хил гаалиар бүртгэлгүй гаргаад аваад явчихдаг. Үүнээс үүдэж дэлхийн зах зээлд асар өндөр эрэлттэй хушны самар хэмээх түүхий эдийг түшиглэж үндэсний үйлдвэрлэгчид хөгжих боломж хязгаарлагдаж байгааг хэлсэн. Яг үүнтэй ижил жишээ нь ноос ноолуурын салбарт тохиосон. Тодруулбал, энэ жил төрөөс ноолуурын салбараа дэмжиж гурван хувийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон ч шийдвэр гарах гэж удсан. Ноолуур хураалтын ажил эхэлсэнээс хойш сарын дараа л эхний санхүүжилт орж ирсэн. Гэтэл үндэсний үйлдвэрлэгчид мөнгөө хүлээж байх хооронд гадаадын ченж нар орж ирээд бэлтгэж аваад гарчихсан байна. Ингээд үлдэгдэл ноолуур дээр нь үндэсний үйлдвэрлэгчид алалцаад өнгөрдөг аж. Нөгөөтэйгүүр, гурван хувийн хөнгөлөлттэй зээлийг ноолуурын 20 гаруй компанид бүгдэд нь нэг жилийн хугацаатай олгожээ. Гэтэл энэ зах зээлийн эргэлтийн хөрөнгийн цикл 24 сар байдаг. Өөрөөр хэлбэл, ноолуураа аваад боловсруулаад, бүтээгдэхүүн үйлдвэрлээд, борлуулаад, орлого орж ирэх хугацаа энэ юм. Энэ онцлогыг харгалзаж үзэхгүй байгаагаас болж үйлдвэрлэгчид хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртээгүй байж зээлээ төлөх шаардлагатай болж байгаа аж. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд бодлогын уялдааг хангах, салбар бүрийн онцлогийг харгалзах, гарц нээх зэргээр маш олон ажлыг төрөөс зохион байгуулах шаардлагатайг энэ бүхнээс харж болно. Дэмжинэ гэсэн зүгээр нэг тунхаглал ямар ч хэрэггүй юм.

Хамгийн том хүндрэл улстөрчдөд байна

Эцэст өгүүлэх нэг чухал зүйл бол төрийн гурван өндөрлөг гарч ирээд хөрөнгө оруулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, олон улсад бүтээгдэхүүнээ гаргахад нэг цонхоор харж дэмжиж байгаагаа илэрхийлэх нэг хэрэг. Тэд дээрээ суудлаа олж байгаа юм байна. Гэхдээ доороо гүйдлээ олох хэрэгтэйг онцгойлон анхаарах шаардлагатай юм. Үүнийг өгүүлэх үүднээс нэг тоо баримт дурдая. Монгол Улс нийт 198 мянган төрийн албан хаагчтай. Үүнийг төрийн данхар бүтэц хэмээн томъёолж болно. Зуун ямаанд жаран ухна гэсэн зүйр үг ч тохирно. Ямар сайндаа, Ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Аж ахуй нэгжүүдийг долоо хоногт 3200 байцаагч хянаж шалгаж, торгож байна. Үүнийг цар тахлын үед болиулаач. Үүнээс үүдэлтэй чанарын асуудал гарвал бид толгойгоороо хариуцъя” хэмээн төрийн өндөрлөгт учирлаад сууж байхав дээ.

Хамгийн гол нь эдгээр төрийн албан хаагчдын халаа сэлгээ 20 жилийн өмнө таван хувиас хэтэрдэггүй байсан бол одоо уг үзүүлэлт 14 хувьд хүрч нэмэгдсэн байна. Жил болгон 30 орчим мянган төрийн албан хаагчийг халж сольж байдаг гэсэн үг. Үүгээр юу илэрхийлэгдэж байна гэвэл, төрийн залгамж чанар муу, нэг нам ялахад дарга нар нь өөрийн хүнээ төрийн хариуцлагатай алба руу шахдаг, мэргэжлийн бус хүн чихдэг байдлыг харуулна. Товчхондоо, нутаг нуга, фракц, энэ, тэрний хүн гэж хуваагдан хуйвалдаж, төсвийн мөнгө, төрийн албаар бүлэглэн тоглож байгаа юм. “Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайханы төрийн гурван өндөрлөгт хандаж хэлсэн үгэн дээр энэ шүүмжлэл цухалзана. Тэрбээр “Бидний цөөхөн монголчуудад намаар талцах, намынхаа дотор бүлэг фракц болон хуваагдах, мэргэжлийн салбар яамдын амбиц гарган хүнд суртлын механизмаар боомилох зэрэг аливаа талцал нь хөгжлийн эсрэг том чөдөр тушаа болдог” гэсэн юм. Бүлэг, фракц үүсгэж, өөрийн хүнээ төрийн хариуцлагатай албанд шахаж, төрийн хүнд суртлыг бий болгох замаар бизнес эрхлэгч, иргэдийг дарамталж, тэднийг сааж хөлждөг байдлыг цэгцлэхгүйгээр Монгол Улс хямралаас гарч чадахгүй. Төрд үүрэг хүлээсэн дарга нарт итгэх арга алга. Нэг жишээ дурдая. Цар тахлын энэ цаг үед олон жил дуншсаар ирсэн Замын–Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн ач холбогдлыг төр орой руугаа ортол ойлгож байна. Тиймээс Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэхээр болсон. Ингээд өмнөх хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэгтгэх хяналт шалгалт хийхэд баахан хулгай зэлгий илрэх нь тэр. Өнгөрсөн хугацаанд чөлөөт бүсийн дэд бүтцэд 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм билээ. Үүн дотор 58.8 сая ам.долларын өртгөөр 2015 онд ашиглалтад оруулсан дулааны станц том байр суурь эзлэнэ. Гэтэл уг станцаас л гэхэд хэдэн зуун сая төгрөгөөр яригдах техник, тоног төхөөрөмжийг ажил хариуцаж байсан төрийн албан тушаалтнууд “гулгуулж” орхисон байна. Нэмээд дулааны станцыг ажиллуулахад чухал үүрэгтэй лицензтэй 12 ширхэг флаш алга болжээ. Түүнчлэн гаальд бүртгэлтэйгээр 60-аад машин механизм буцах нөхцөлтэйгөөр орж ирсэн ч түүнээс хэд нь буцсан нь тодорхой бус. Үүнтэй холбогдуулж нэмж хоёр машин алдагдсан байх магадлалтай гэсэн дүгнэлт гарчээ. Тухайн үед хариуцаж байсан албан тушаалтнууд нь одоо ч төрийн өөр албанд томилогдоод ажил үүрэг гүйцэтгэж явна. Энэ бүхнээс харахад Монгол Улс цар тахлыг даван туулж хөгжиж, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэл эрхлэгч нарт ээлтэй, бизнесийн шударга талбарыг бүтээхийн тулд төрийн өндөрлөгүүд хаанаас ажлаа эхлэх нь ойлгомжтой харагдах биз ээ. Магадгүй Монголын төр алдаагаа засч, зөв бодлогоор улсаа хөгжүүлэх сүүлчийн боломжийнхоо өмнө ч тулж ирсэн байж мэдэх юм.

Г.БАТЗОРИГ

Онцлох нийтлэлүүд