ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.10.21 02:10

​“Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд жагсаал хийлээ


"Монгол тэмүүлэл" сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд тус сургуулийг хууль ёсны байрнаас нь гаргах болсныг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгууллаа. Талбай дээр очиход хэсэг хүмүүс цуглаж цагаан дэвсгэр дээр хар, улаан өнгөөр бичсэн олон самбарыг байрлуулж байв. Тэдний дунд хэсэгт хоёр, гурван хүн зогсож жагсаалд оролцож буй хүмүүсийг бүртгэж үлээдэг шүгэл өгч байлаа. Уг жагсаалд нэгдэж буй хүмүүсийн дийлэнх нь “Монгол тэмүүлэл” сургуулийн эцэг эхийн төлөөлөл байсан бөгөөд БЗД-ийн 26 дугаар хорооны тргэд ч мөн хүрэлцэн ирсэн байсан юм.

"Монгол тэмүүлэл" сургуулийн хувьд 2017 онд байгуулагдсан ч өөрийн байргүйн улмаас 133-р сургуультай нэг байранд хичээллэх болсон. Уг сургуулийн байрны нэг, хоёр, гуравдугаар давхрын 15 ангид 133-р сургууль, гурав, дөрөвдүгээр давхрын 10 ангид "Монгол тэмүүлэл" сургуулийн 240 хүүхэд хичээллэдэг байна. Тиймээс 133-р сургуулийн ачааллыг бууруулахын тулд "Монгол тэмүүлэл" сургуулийг 2019 оны арваннэгдүгээр сарын 2-ны дотор Худалдаа үйлдвэрийн их сургуулийн нэгдүгээр байранд төсвийн мөнгөөр засвар хийн нүүлгэхээр болжээ. Энэ асуудлыг эсэргүүцэж эцэг эхийн төлөөлөл жагсаал хийж байгаа юм.


Ингээд жагсаал эхэлж бүгд төрийн ордон руу харж тойрч зогсоод дуу нэгтэйгээр “Бид нүүхгүй”, гэж орилж, дараагаар нь шүгэлээ нэгэн зэрэг хангинуулав. Жагсаалд Тэрээр удалгүй зам дагуу цуваа байрлал үүсгэж зогсоод чанга микрофан, шүгэл хангинуулж, замд явж байгаа машинтай иргэдийн анхаарлыг татаж жагсаал цугаланаа олон нийтэд хүргэх арга хэмжээг авч эхэлсэн юм. Харин би “Монгол тэмүүлэл” сургуулийн эцэг эхээс яриа авахаар ганц хоёр хүнийг зорьлоо.

Сургуулийн эцэг эхийн төлөөлөл: "133-р сургуулийн ачааллыг бууруулах боломж байхад яагаад заавал төсвөөс мөнгө зарлагадаж манай сургуулийг өөрийнх нь байрнаас хөөх гээд байгааг ойлгохгүй байна. Тус байр нь манай сургуульд зориулсан лабораторитой, 2017 онд "Монгол тэмүүлэл"-д эзэмшүүлсэн. Уг нь 133-р сургууль анх тус байранд өөрийн байр баригдтал байна гэж орсон. Өдийг хүртэл хамт хичээллэж болсон байтал сонгууль дөхсөн энэ үед ашиг сонирхлын үүднээс манай сургуулийг булааж авах гэж байна гэсэн хардлага төрж байна. Манай хүүхдүүд ч гэсэн коридорт хичээллэж, багш нар нь өрөөгүй байна. 133-р сургууль ихэнх ангийг нь авснаас болж манайх 6-р ангиасаа элсэлт авч чадахгүй байна" гэв.

Үүний зэрэгцээ “Хотын захирагч С.Амарсайхан болоод Засгийн газарт хандан шаардлага хүргүүлж тус асуудлыг шийдвэрлэж өгөхгүй бол суулт хийж цаашлаад өлсгөлөн зарлана” гэдгээ ч эцэг, эхчүүд мэдэгдлээ.


Зарим эцэг эхчүүд "133-р сургуулийн шинэ байр баригдтал нь хамт байх, эсвэл ЕБС-ийн ачааллыг бууруулах зорилготой хамран сургах тойргийг батлах журмын хавсралтад заасны дагуу 133-р сургуулийн зарим хүүхдийг 21, 33-р сургууль руу түр шилжүүлж болно" гэсэн саналыг ч дэвшүүлж байсан юм.


М.САЙНЗАЯА

Онцлох нийтлэлүүд