Цаг үе
2014.08.11 10:08

“Монос” эмийн сангий н эмэнд хордсон 16 хүүхдийн биеийн байдал хүнд байна

- ЭМЧ НАР ЭЦЭГ, ЭХЧҮҮД СЭТГЭЛ САНААНЫ ХУВЬД БЭЛТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ ГЭВ-

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний  төвд эмэнд гүн хордсон байдалтайгаар ухаан алдсан  16 хүүхэд иржээ. Эмч нар эмэнд хордсон 16 хүүхдэд шаардлагатай бүх эмчилгээг нь хийж байна. Энэ талаар сурвалжлахаар Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд очлоо. Биднийг очих үед эмэнд хордсон хүүхдүүдийн аав, ээж болон ар гэрийнхэн тус эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн үүдэнд зогсож байлаа. Хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй Эрчимт эмчилгээний тасаг болон Сэхээн амьдруулах тасгийн эмч нар уулзаж байв. Эмч нар “Бид бүхий л шаардлагатай эмчилгээг хийж байна. Гэвч хүүхдүүдийн биеийн байдал хүнд байна. Бүгд маш хүнд байдалтайгаар хордлого авсан. Хоёр эм давхарлаж уусан хүүхдүүд бүр хүнд байна. Та нарын хүүхдүүдийн уусан эм маш өндөр тунтай. Насанд хүрсэн том хүмүүс тархины цусан хангамж сайжруулахын тулд  уудаг. Гэтэл эхээс төрөөд гурав хоноогүй, гурван сар болж байгаа хүүхдүүдийн хувьд гүн хордлого болсон. Шоконд орсон хүүхдүүд ч байна. Тархинд цус харвалт болчих гээд байгаа дөрвөн хүүхэд бий. Хэрэв тархинд цус харвачих юм бол мэдрэлийн өвчтэй болох, цаашлаад  амь насаа алдах ч аюул өндөр. 20 хувааж өгөх ёстой эмийг бүтнээр уулгачихсан байна лээ. Эцэг, эхчүүд сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй байгаарай” хэмээн хэлж байна.

Харин эмэнд хордсон хүүхдүүдийн ар гэрийнхэн бүгд л таньж мэддэг эмч, сувилагч руугаа утсаар ярьж байна лээ. Эмэнд хордоод байгаа 16 хүүхдэд хаанаас эм авч уулгаад ийм байдалтай болсон талаар эцэг, эхчүүдээс тодрууллаа.  Наймдугаар сарын 8-ны өдөр “Гурван Гал” эмнэлгийн урд талд байрлах  “Монос” эмийн сангаас  эмчийн тусгай жорын дагуу “Фенобарбитал” эмийг худалдан авч уулгасан гэнэ.

Дээрх эм нь бүтэлттэй төрснөөс болж бүх бие нь шарласан болон тархины цусан хангамж дутмаг, тархины даралттай хүүхдүүдэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар тусгай зөвшөөрөл бүхий жороор өгдөг эм гэнэ. Гурван жилийн өмнө 18 настай эмэгтэй дээрх эмийг олноор ууж  амиа хорлосон учир эмийн сангаар худалдаалахыг хоригложээ. Зөвхөн тус эмийн санд  л   “Фенобарбитал” гэх эмийг худалдаалдаг байна. Хэрэв дээрх эм  тунг хэтрүүлсэн тохиолдолд амьсгалын зам дарангуйлахын зэрэгцээ хүүхдийг унтаа байдалд оруулж, тархи удаан ажиллуулдаг ажээ. Сүүлийн үед агаарын бохирдлоос болж тархины даралттай хүүхэд олноор төрж байгаагаас болж дээрх эмний эрэлт ихэсч эмийн үйлдвэрт ихээр үйлдвэрлэх болсон байна.

 “ТОМ ХҮНИЙ ТУНГААР НАЙРУУЛСАН ЭМИЙГ ХҮҮХДИЙНХТЭЙ АНДУУРЧИХСАН БАЙНА ЛЭЭ

Ингээд хүүхдүүдийн ар гэрийнхний төлөөлөл Мандахсүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Танай хүүхдийн биеийн байдал ямар байна?

-Эмч нар тааруу байна гээд л байна. Хоёр хоног л унтлаа. Огт сэрэхгүй байна. Ухаан орохгүй байгаад нь санаа зовж байна. Наймдугаар сарын 8-нд  "Гурван Гал" эмнэлгийн урд талд байрлах  "Монос" эмийн сангаас   эмчийн бичиж өгсөн жорын дагуу “Фенобарбитал” эмийг худалдан авч хүүхдэдээ уулгасан. Манай хүүхэд тархины даралттай юм. “Фенобарбитал”  эм чихэрлэг болохоор хүүхэд ч уух их дуртай байдаг байсан. Сүүлийн хоёр сар дээрх эм тасарчихсан байсан. Өмнө нь хүүхдэдээ худалдан авч уулгадаг байхад “Монос” эмийн сангийнхан том хүний тунтай эмийг жижиглэж багасгаад хүүхэд уухад бэлэн болгож өгдөг байсан юм. Тэгсэн  “Фенобарбитал”  эмийг үйлдвэрлэдэг эмийн компани хүүхдийн тунгаар бэлтгэж худалдаалах болсон. Гэтэл хоёр сарын өмнөөс тасарчихсан.  Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ирсэн байна лээ. Эцэг, эхчүүд эмийн сангаас жорын дагуу авсан. Тэгсэн эмийн санч  хүн болгонд хайрцагтай эм худалдаалаад байсан юм билээ. 

-Эмийн санчаас эмний тунгийн талаар асуусан уу?

-Шууд уулгаж болох уу. Бүтнээр нь уулгах юм уу гэж асуухаар “Болно. Хүүхдийн тунтай эм, өнөө өглөө ирсэн” гэж хэлээд байсан. Гэртээ хариад өдөрт гурван удаа уулгасан чинь орой унтаад сэрэхгүй амьсгал нь тасалдаад бие нь хөхөрч эхэлсэн. Тэгээд түргэний машинаар энд ирсэн гэв.

  “20 ХУВААЖ ӨГӨХ ЭМИЙГ БҮТНЭЭР НЬ УУЛГАЧИХСАН

Эхээс төрөөд 20 гаруй хонож буй н.Энэрэлийн ээжээс цөөн асуултад хариулт авлаа.

-Танай хүүхэд эм уугаад л шоконд орсон гэсэн үү?

-Тэгсэн. Эм уулгаад арван минут ч бололгүй шууд бие нь сонин болоод эхэлсэн. Хэл нь хөхрөөд ухаан алдчихсан. Одоо биеийнх нь байдал тааруу байна. Эмнэлгээс бүх шаардлагатай эмчилгээг хийж байгаач эмний хор 90 цагийн дараа тайллагддаг гэсэн. Бид хүлээгээд л сууж байна. Амьд мэнд байгаасай гээд залбираад л байна. “Монос” эмийн сангийн менежер залуу бидэнд туслалцаа үзүүлж байгаа. Дээрх эм гурван янзаар хор нөлөө нь гардаг гэсэн. Хэрэв тархинд цус харвах юм бол мэдрэлд нөлөөлнө, хүндэрвэл элэг, бөөрөнд өөрчлөлт өгдөг юм билээ.

-20 хувааж өгөх ёстой эмийг өгчихсөн гэж байна лээ?

-Угаасаа том хүний тунгаар үйлдвэрлэсэн эмийг 20 хувааж дөнгөж төрсөн нярайд өгдөг. Гэтэл бүтнийг уучихсан байгаа.

 ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙДААС ТУСЛАМЖ ХҮСЭВ

Эмэнд хордсон хүүхдүүдийн ар гэрийнхэн Эрүүл мэндийн дэд сайд Э.Амарсанаад Эрүүл мэндийн яамнаас туслалцаа үзүүлэх талаар хүсэлт гаргажээ. Эмнэлгийн зүгээс шаардлагатай эмчилгээг хийж байгаа ч гэсэн бусад эмнэлгийн эмч нарыг ажлын хэсэг гарган ажиллуулах шаардлагатай байгаа гэнэ.

 “АНДУУРААД ӨГЧИХСӨН БАЙНА ЛЭЭ” ГЭЖЭЭ

 16 хүүхэд эмэнд хордсон хэргийг Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч нар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тухайн үед ээлжээр гарч байсан хоёр эмийн санчийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна. Эмийн санч нараас эхний байдлаар байцаалт авсан байна. Тэд “Хүүхдийн эм гэж бичсэн гялгар уутанд тусгайлан хийсэн байсан. Бид тэрийг нь анзааралгүй хүүхдийн тунтай эм гэж бодоод л хүмүүст худалдаалсан. Бид буруугүй. Албаар өгөөгүй” гэх утга бүхий тайлбарыг өгчээ.   

Э.ХҮРЭЛ

Онцлох нийтлэлүүд