Спорт
2014.08.05 04:08

Мото аяллын тамирчид Чингэс хааны талбайд ирнэ

Өнөөдөр 18 цагаас Чингэс хааны талбайд “Берлин-Улаанбаатар мото аялал 2014” арга хэмжээнд оролцогч тамирчид хүрэлцэн ирэх гэж байна. 

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны яамнаас зохион байгуулж буй энэхүү аялал нь “Хил хязгаар ба соёлыг давах хөдөлгөөнт байдал” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа юм. 

 Тамирчдыг хүлээн авах ёслолын ажиллагааг Берлин хотын Шенофельд дүүрэгтэй түншийн харилцаатай Баянгол дүүрэг зохион байгуулах юм байна.

Уг мото аялал Берлин хотын Шенофельд дүүргээс долдугаар сарын 19-ний өдөр эхэлсэн бөгөөд аялалд ХБНГУ-ын есөн иргэн, Люксембургийн вант улсын хоёр иргэн оролцож байгаа аж. Тамирчид нийт 8000 км замыг мотоциклоор туулан Польшын Мазур, Москва , Транс морины төмөр зам, Чельябинск, Омск, Новосибирск, Якут болон Байгаль нуураар дайран Монгол улсын нийслэл Улаанбаатар ирж байгаа нь энэ юм байна.

Т.Гэрэл


Онцлох нийтлэлүүд