Соёл урлаг
2021.04.16 07:04

“Моушин Монголиа” орчин үеийн бүжгийн наадам зохион байгуулагдана

Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан (МУЗ), Монголын балетын хөтөлбөртэй хамтран орчин үеийн бүжгийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, мэргэжлийн бүжигчдийн чадавхыг дээшлүүлэх, бүжгийн урлагийн салбарын олон улсын түншлэлийг өргөжүүлэх зорилготой 2 дахь удаагийн “Моушин Монголиа” Олон Улсын Орчин Үеийн Бүжгийн Наадмыг “Хотын хэмнэл” сэдвийн хүрээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 2-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Мөн https://www.facebook.com/motionmongolia фэйсбүүк хуудсаар дамжуулан цахимаар хүргэнэ.

Хотын хэмнэлийг юу тодорхойлдог вэ. Өнгөрсөн үеийн түүх, дурсгал, хөгжил цэцэглэлт, харилцаа холбоо, иргэний сэтгэл оюун тухайн үеийн хэмнэлийг бий болгох ба энэ нь нөхцөл байдлаас үүдэн тогтмол хувьсан өөрчлөгдөнө. Түчигнэн, шаагилдана, чихцэлдэнэ тэгээд гэнэт зогсоно. Яг л бүжиг мэт... Өнөөгийн хотынхоо хэмнэлийг бүжгээр илэрхийлэхийг зорино.

“Хотын хэмнэл” бүжгийн наадам нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

“Хотын хэмнэл” нээлтийн тоглолт

“Хотын хэмнэл” бүжиг, Монголын Балетын Хөтөлбөр, дэглээч МУСТА Ё.Дамчаабадгарын цахим найруулгаар хүрнэ.

“Хотын хэмнэл” олон улсын бүжгийн хөтөлбөр

МУЗ нь олон улсын мэргэжлийн бүжгийн байгууллага, хамтлаг, уран бүтээлчдийн дунд 2021 оны нэгдүгээр сард хотын хэмнэлийг илэрхийлсэн богино хэмжээний видео бичлэгийн уралдаан зарласан.

Олон улсын бүжгийн богино хэмжээний видео бүтээлийг “Моушин Монголиа” Олон Улсын Орчин Үеийн Бүжгийн Наадмын хуудсаар хүргэнэ. Тус хөтөлбөрийн шилдэг бүжгийн тоглолт нь “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ын эзэн болно.

Тусгай хөтөлбөр

Солонгосын “Libre Joven” хамтлаг болон Монголын уран бүтээлчдийн хамтарсан “A Meeting Hands” цахим тоглолтыг “Моушин Монголиа” Олон Улсын Орчин Үеийн Бүжгийн Наадмын албан ёсны https://www.facebook.com/motionmongolia фэйсбүүк хуудсаар наадмын үзэгчдэд цахимаар хүргэнэ.

“Хотын хэмнэл” Монгол бүжигчдийн уралдаант хэсэг

Тус уралдаан нь Монголын мэргэжлийн бүжгийн байгууллага, чуулга, хамтлагийн дунд 2021 оны 1-р сард зарлагдсан.

Богино хэмжээний видео бүтээлүүдийг “Моушин Монголиа” Олон Улсын Орчин Үеийн Бүжгийн Наадмын албан ёсны https://www.facebook.com/motionmongolia фэйсбүүк хуудсаар наадмын үзэгчдэд цахимаар хүргэнэ. Мөн эдгээр бүтээлүүдээс наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн ”Шилдэг бүжиг дэглээч”, “Шилдэг эрэгтэй гоцлол”, “Шилдэг эмэгтэй гоцлол”-ийг тус тус шалгаруулна.

Сургалт, мастер класс

Олон улсын хэмжээнд контемпорари бүжгийн чиглэлээр өөрийн нэрийн хөдөлгөөнүүдээ бүтээж олон улсын наадмуудад уригдан бүжгийн салбарт тэргүүлж буй шилдэг сургагч багш Жо Алегадо, Английн нэрт Акрам Хан контемпорари бүжгийн компанийн дэглээч багш Еэн Чин Лин, Германы Ричард Сийгалын бүжгийн компаниас жазз, мюзиклын багш нар Монголын бүжигчдэд өөрсдийн мэдлэгээсээ хуваалцана.

Бидний энэхүү наадам нь цахимаар явагдах тул гадаадын бүжигчдээс Монгол бүжиг сонирхох, мөн дотоодын орчин үеийн өөр төрлийн бүжигчдэд боломжийг нээх үүднээс бие биелгээ болон монгол үндэсний бүжигт орчин үеийн бүжгийн хэв маяг оруулсан сонирхолтой хоёр хичээлийг санал болгож байна. Эдгээрийг СУИС-ийн ахлах судлаач багш, дэглээч М.Мөнгөнцэцэг, уламжлалт өв соёлын “Түмэн эх” чуулгын” бүжигчин, бүжгийн багш Т.Содгэрэл нар мэргэжлийн бүжигчид болон сонирхогчдод мастер класс өгөх болно. Мөн, наадмын хүрээнд хотын залуучууддаа зориулж Hip Hop бүжгийн мастер классыг 116 Студийн дэглээч, бүжигчин Баттуул хүргэнэ.

Кино үзвэр

Бүжгийн сэдэвт Кино үзвэрийг Гёте-Институт болон АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулна.

Онцлох нийтлэлүүд