Нийгэм
2021.01.24 09:01

МУИС-ийн багш, оюутнууд өөртөө үйлчлэх хэвлэх төхөөрөмж бүтээжээ


МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш Д.Номин-Эрдэнээс энэ талаар тодруулав. МУИС-ийн номын сангийн нэг давхарт тэдний бүтээсэн cloud print киоск машин байрлаж буй.


-Та бүхнийг cloud print системийг Монголдоо нэвтрүүлж байгаа гэж сонслоо. Энэ үйлчилгээний талаар манай уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-Хүмүүс материал хэвлүүлэх газар хайгаад явдаг. Одоо тэгэх шаардлагагүй. Бид энэ үйлдлийг киоск машинаар шийдсэн юм. 24 цагийн турш манай киоск машин нээлттэй байна. Та хэвлэх файлаа Cloudprint.mn вэб сайтад байршуулах үед таны бүртгэлтэй цахим хаягт QR код ирэх бөгөөд тухайн кодыг cloudprint киоск төхөөрөмж дээр ирж уншуулан хэвлэж авах боломжтой. Мөн зөөврийн төхөөрөмж flash холбон файлаа хэвлэх боломжтой юм. Хэвлэх үйлчилгээг автоматжуулсан гэсэн үг.

-Хэвлэх киоск хэр түгээмэл байгаа вэ?

-Ийм киоск машинууд бусад оронд түгээмэл байдаг. Гэхдээ их үнэтэй. Нэг ширхэг киоск ТҮЦ машин 10-20 сая төгрөг байдаг. Бид Монголдоо киоск машиныхаа дизайныг гаргаж, төмрөө нугалуулаад, гагнуураа хийлгээд, электроникийн тоног төхөөрөмжүүд, программ хангамжаа бүгдийг нь өөрсдөө хийсэн юм. Ажлын хөлс орохгүйгээр киоск машин маань 5 сая төгрөгт боссон. Гаднаас заавал үнэтэй киоск машин авах шаардлагагүй өөрсдөө хийж нэвтрүүлж байгаа гэсэн үг. Манай багт МУИС-ийн электроникийн инженер, бизнес, хуулийн баклавр, магистрын ангийн оюутнууд ажилласан.

-Cloud print киоск машинуудаа хаана хаана байрлуулсан бэ?

-МУИС-ийн номын сангийн нэг давхарт болон Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд хоёр киоск машин хэрэглээнд нэвтэрсэн.


-Эхний хэрэглэгчид яаж хүлээж авав?

-Одоогоор МУИС-ийн сургуулиудад байрлуулсан учраас оюутнууд голдуу үйлчлүүлж байгаа. Оюутнуудад өглөө эрт хичээл орохоос өмнө эсвэл оройн цагаар материал хэвлүүлэх шаардлага гардаг. Ажлын бус цагаар хэвлэлийн компаниуд хаачихдаг. Одоо бол ковидоос болоод ихэнх үйлчилгээ хаалттай байгаа. Энэ ТҮЦ машиныг ашиглаад өөртөө үйлчилнэ. Хүссэн файлаа хэвлэх боломжтой болохоор оюутнууд сайхан хүлээж авч байгаа.

-Ямар үнэтэй хэвлэж байна?

-Манай төхөөрөмж өнгөт болон хараар бусад хэвлэх үйлчилгээнээс хямд хэвлэж байгаа. Төхөөрөмж дээрээ SocialPay нэвтрүүлсэн. Карт бас уншна.

-“Ниргэ системс” гээд компани байгуулсан гэсэн үү?

-Тийм. Бид МУИС-ийн старт-ап хөтөлбөрт хамрагдаж, “Ниргэ системс” гарааны компани байгуулсан. Хэвлэлийн үйлчилгээг бүх хүнд хүртээлтэй, хялбар аргаар хүргэх, цахим хэлбэрт шилжүүлэх зорилготойгоор cloud print төслийг хэрэгжүүлж байгаа юм. Аянга цахилгаан ниргэх шиг Монголд cloud print анхдагч үйлчилгээ гэнэт гарч байгаа шүү гэсэн утгатай. Монголын хамгийн анхны “Cloud” системд суурилсан өөртөө үйлчлэх хэвлэх төхөөрөмжийг “Ниргэ системс”-ийн залуучууд хийж бүтээж байна.

-Та бүхэн бас 3D print үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэсэн үү. Тоног төхөөрөмж, хуванцар эд анги хэвлэх боломжтой болно гэхээр содон сонсогдож байна л даа?

-Манай оюутнууд, программ хөгжүүлэгчид цаашдаа ийм систем нэвтрүүлэхээр ажиллаж л байгаа. Яваандаа бас үйлчилгээгээ өргөжүүлээд ТҮЦ машин дээр очоод, цээж зургаа авахуулаад, хэвлээд авах боломжтой болох юм.

Б.ЭГШИГЛЭН

Онцлох нийтлэлүүд