ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Шинжлэх ухаан, технологи


УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Бүлгийн хуралдаанаар 2020 оны улсын төсвийн тухай хуулийн төсвийг хэлэлцлээ. 2020 оны улсын төсөв өргөн барихдаа улсын төсвийн орлогыг 11.7 их наяд, зарлагыг 13.8 их наяд, төсвийн алдагдлыг 2 их наяд байхаар өргөн барьсан.

Энэ асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд хэд хэдэн ололттой тал байна гэж үзсэн. Нэгдүгээрт, МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангах чиглэлд чухал зүйлүүдийг тусгасан байна гэж жүзэж байгаа. Ялангуяа нийгмийн хамгааллын чиглэлийн амлалтууд энэ төсөв батлагдсанаар хэрэгжинэ гэж үзсэн. Хоёрдугаарт, 2018-2019 онд хийгдсэн хөрөнгө оруулалтуудыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцээд бүлгийн хурлаас ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

Бүлгийн даргын товч мэдээллийн дараа сэтгүүлчид Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуулт асуув.

-Уул уурхайн салбараас 3.2 их наяд орлого олно гэж төсөөлсөн нь өнгөрсөн оныхоос 24 орчим хувиар их байгаа. Энэ хэр боломжтой вэ. Мөн өмнөх Засгийн газрыг огцруулах гол шалтгаан болсон концессын гэрээ өнөөг хэр хэрэгжсээр байна. Энэ хэр ёс зүйтэй үйлдэв вэ?

-2020 оны төсвийг зохиоход бидэнд хэд хэдэн эрсдэл байна гэж үзсэн. Нэгдүгээрт, АНУ болон БНХАУ хооронд хийгдэж байгаа худалдааны дайн. Энэ нь эдийн засагт тодорхой бус байдал авчирч байгаа. Хоёрдугаарт, эрдэм баялаг, түүхий эдийн үнэн хэлбэлзэл. Гуравдугаарт, дэлхийн эдийн засгийн өсөлт саарах эрсдэл байна гэж үзэж байгаа.

Дотоодод ч мөн эрсдэл байна. Дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал манай экспортын гол бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж магадгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, өвөлжилт хүндэрч магадгүй. Гуравдугаарт, саарал жагсаалтыг тодорхой эрсдэлд тооцож байгаа.
Байгалийн баялагтай холбоотойгоор нүүрсний экспортыг 42 сая тонноор тооцсон. Зэсийн баяжмалыг 1.225 мянган тн-оор авсан. Төмрийн хүдэрийг өсөлттэй байна гэж үзээд 8.2 сая тн хүдэр байна гэж үзсэн. Харин алтны олборлолтыг хоёр орчим тонноор буурна гэж тооцоолсон.

У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг ч төгрөгийн концессын гэрээ байгуулаагүй. Анх энэ Засгийн газар байгуулагдахдаа 3.3 их наяд төгрөгийн гэрээг уламжилж авсан. Өмнөх Засгийн газруудын концессын гэрээг санхүүжүүлэх үүрэг нь Засгийн газарт байгаа. Дээр нь бүх гэрээг доллар, юаниар хийсэн нь бидэнд нэлээд дарамт авчирч байгаа.

-Өр буурлаа гэж мэдээлж байгаа ч 2016 онд 24 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 29.7 тэрбум ам.доллар болсон байна. Өр буурсан гэдгийг юунд үндэслэж хэлээд байна вэ?

-Улсын өр, Засгийн газрын өр гэдгийг салгаж ойлгох хэрэгтэй. Монгол Улсын өр өнөөдрийн байдлаар 29.7 тэрбум ам.доллар байгаа. Үүнээс 18.2 тэрбум ам.доллар нь ААН, компаниудын гадаадаас авсан өр. Үүний 50 орчим хувь нь Оюутолгойн өр. Энд Монголын 34, гадаадын 66 гэлтгүйгээр бүгд Монгол Улсын өр дээр бичигдэж байгаа.

Хувийн хэвшлийнхний өрийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг нь эдгээр ААН-үүдэд итгэх итгэл нэмэгдүүлж байна гэсэн үг. Улсын нийт өрийн 2.2 тэбум ам.доллар нь арилжааны банкуудын авсан зээл, Монголбанканд 2 тэрбум гаруй ам.долларын өр байгаа. Үлдсэн нь Засгийн газрын өр. Үүнээс 2.9 нь бондууд.

Засгийн газар 2019 оны наймдугаар сар хүртлэх хугацаанд нийтдээ 7.4 их наяд төгрөгийн өр төлсөн. Үндсэн өр болон хүү төлсөн.
Төсвийн алдагдал хоёр их наяд байгаа. Энэ нь тэнцвэржүүлсэн тэнцэл. Ордогоо тэнцвэржүүлсэн орлогоор авсан гэсэн үг. Нийт орлого биш. Энэ орлого дотор хоёр эх үүсвэр ороогүй байгаа. Нэгдүгээрт, үнэ тогтворжуулалтын сан. Хоёрдугаарт, ирээдүйн өв сан. Энэ хоёрын орлогыг нэмбэл нэг их наяд орчим төгрөг байгаа гэсэн үг.

-Ирэх жил иргэдийн цалин тэтгэврийг яг хэзээнээс, хэдэн хувиар нэмнэ гэж тооцож байгаа вэ. Мөн царцаагдсан барилга байгууламжийг дуусгана гэж байна. Үүнд хэдэн төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа вэ?

-Цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ. 30-40 хувиар нэмж байсан тохиолдол байгаа. Гэвч энэ нь эргээд үнэ хөөрөгддөг. Тиймээс инфляцийн түвшинтэй уялдуулж нэмж байгаа.

Царцаагдсан барилгын тухайд өртөг өсгөх санал экспэртийн дүгнэлтээр баталгаажсан уу гэдгийг харж байгаа. 23 төсөл дээр 23 тэрбум төгрөг тавигдсан. 2018 онд төсвийн тухай хуульд тусгагдсан боловч ажлаа хийж чадалгүй хураагдсан 38 төслийн 34.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг буцааж олгож байгаа.

-Саарал жагсаалтад орохгүйн тулд өнгөрсөн хугацаанд юу хийв?

-Саарал жагсаалтад Монгол Улс эрчимтэй хяналтад явж байсан. 2019 оны хоёрдугаар сараас эхлээд л ярьж байгаа. Юу гэхээр арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр дээр аудит хийх шаардлагатай байна гэж. Яагаад гэвэл арилжааны банкууд капиталаа нэмэгдүүлэхдээ Ил тодын хуулийн ашигласан. Ил тодын хууль тухайн үедээ хэрэгжээд дуусчихсан. Гэтэл сүүлд арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдлээ ил тодын хууль руу оруулж ирсэн. Үүнийг шалгаж, ямар арга хэмжээ авах вэ гэдгээ Монголбанк шийдэх хэрэгтэй. Энэ мөнгө нь хуулийн дагуу байна уу үгүй, яагаад ийм урт хугацаа шаардав гэдэг нь асуудал үүсгэнэ.

Дараагийн асуудал нь мөнгө угаахтай холбоотой шийдэгдсэн гэмт хэрэг юу байна вэ. Олон асуудал яригддаг хэр нь шийдэгдсэн гэх хэрэг бараг байхгүй. Монгол Улсын санхүү дээрээ хэр хяналт тавьдаг, ямар хариуцлага тооцдог вэ гэдэг нь тодорхой бус байгаад байгаа гол эрсдэл энэ юм.