ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Шинжлэх ухаан, технологи

Наадам ойртохоор наадмын тухай бодол, дурсамж сэртхийж, ирэх наадмыг хүлээн хүсэмжлэх баяр хөөрт автах сэтгэл авай. Аливаа баяр цэнгэлийг угтан хүлээх тэр өдөр хоногууд хамгийн их аз жаргалыг мэдрүүлдэг юм санж уу. Нүдэнд ил харагдах тугал, хургыг наашлуулах төдийхөн тусад орж байсан балчирхан үеийн тэр нэгэн наадам сэтгэлд тодхон үлджээ. Манайх Урд голынхоо Ногоон Бургасны өвөрт хөгшин ээжийнх болон Чоогоо ах, Нэргүй ах, Баатархүү ахынхтай айлсан зусдаг байлаа. Эдгээр хүмүүсийн үр хүүхдүүд нь нутаг усныхаа нэрийг дуурсгасан алдартай бөхчүүд билээ. Чоогоо хэмээх ус нутагтаа ажил хөдөлмөрөөрөө онцгойрсон буурал байв. Тэр буурлын хүү улсын заан Батзоригийг бөх сонирхогчид, ард түмэн андахгүй мэднэ. Түүний ах Баатархүү нутаг олондоо хүндтэй, насаараа жолоо мушигсан хүн юм. Баатархүү ахын бага хүү өдгөө улсын заан цолтой, ид барилдаж буй Пүрэвсайхан билээ. Наадмын урд орой манайх гэдэг айлын зургаан ам бүл бие биенээ олж харахааргүй тийм олон хүмүүс, уяан дээрээ ялаархан өнжих чөдрийн гурван морио олж танихааргүй нутгийн зон олны морьд манайд цуглардагсан. Аав хоттой сүргээсээ хоёр бог төхөөрч, ээж, эмээ хоёр маань хоёр түмпэн боорцог хайрч эдгээр хүмүүсийн хүнсийг бэлтгэнэ. Тэрсхэн өссөн хоёр эгч, охин дүү бид дөрөв жоохон ногоон майхнаа голын эрэг дээр барьж, “өрх тусгаарлана”. Энэ өдөр урд уул буюу Бумбат хайрханд нутаглах ээжийн талын хамаатан садан, ах дүү нар зарим нь морьтой, зарим нь мотоцикльтой сум руу орж ирдэгсэн. Ийн манайх гэдэг айл наадмын өдрүүдэд ёстой л хөл гишгэх зайгүй хүний хөлд дарагддаг байлаа. Манайхаар өдөржин холхисон тэр олон гийчид орой болоход морьдоо идээшлүүлэхээр тал, тал тийш таран одож, өвөө тэргүүтэй хэдэн хөгшчүүл болон уралдааны морь унах хэдэн жаалууд л үлдэнэ. Аав маань нутгийн өвөгчүүлтэй морь, бөх ярьсан шигээ шимийн архи шимсхийн сэтгэл нэн тааламжтай улаа бутран суудагсан. Наадмын өглөө намайг сэрэхэд урд орой хээр хонохоор явсан уяач нар аль хэдийн ирчихсэн зарим нь морьдынхоо сүүлийг шууж, зарим нь горхины хүйтэн усаар морио шавшиж, зарим нь ганзагалаагаа задлан гоёлын дээлээ өмсч буй харагдана. Нөгөө л олон морьдын үүрсээ тургиан, үхэр тугал мөөрөлдөх дууг сонссоор нойроо сэргээлээ. Ийн босох зуур эмээ маань түүртсэн ч янзгүй цай хоолоо хийж,нутгийн хүмүүстэй наана цааныг ярилцах агаад бас өнгө өнгийн торгон дээл өмссөн ганган эгч нар эмээд тусалж, аяга тавгийг нь ойртуулна. Аав ээж маань сумын албан хаагчид болохоор аль хэдийн наадмын талбай руу одсон байв. Мөдхөн чанга яригчаар “Хүндэт наадамчид аа, баяр наадмын ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Соёолон морьдоо бүртгүүлж гаргаарай” хэмээн дахин дахин хүнгэнүүлэн зарлах дуугаар нь аавыгаа танилаа.

Манай сумын наадмын талбайн зүлэг ногоо худалч хүнд дотроос нь хүүхэд олдохооргүй өндөр өвстэйн дээр хэдэн таримал улиас нь сумын наадамд ирсэн бүх хүмүүсийг ч сүүдэртээ багтаахаар өтгөн шигүү ургасан байдаг сан. Стадионы хойморын саравчин дээр давхарлан барьсан жижигхэн асар бий. Энэхүү асарт хөгжим техник хэрэгсэл, түүнийг ажиллуулах Улаан булангийн эрхлэгч Нямсайхан ах нутгийн хэсэг ах нартай ганц хоёр зуу татсан шигээ наадмын ерөнхий хөтөлбөрийг танилцуулж, хөтлөгчийн ажил хийдэгсэн. Эхнэр нь Баясаа хэмээх манай сумын урдаа барих уран сайханчдын нэг. Баясаа эгч наадам, шинэ жил гэх мэт ямар нэгэн тэмдэглэлт баяруудад бүгдэд нь оролцож, хөгжим дарж, өөрөө дуулж, хөтлөх зэрэг урлаг соёлын бүхий л ажлыг гардан хийдэгсэн. Одоо ч гэсэн тэр янзаараа байна лээ. Манай сумын гэж яриад байгаа нь хүчит бөхөөрөө аймагтаа төдийгүй улсдаа алдартай, хөөмийн эх нутаг гэдгээрээ дэлхийд ч зартай Ховд аймгийн Чандмань сум шүү дээ. Хэдийгээр бөхийн өлгий ч гэсэн 128 бөх барилдуулна гэдэг хоёр мянгаадхан хүн амтай сумын хувьд хэцүүл дээ. Тиймээс таван наснаас дээш эрэгтэй хүүхэд бүрийг аманд гаргах гээд л хөглөнө. Зарим нь дуртай нь аргаггүй хэд хэдэн удаа ч гарчихна.

Сундуй адиа хэмээх залуудаа сайн барилдаж явсан өндөр хөх хүн намайг аманд гаргахаар чирсээр бөхийн талбайд гаргахад, манай хамаатны сумын заан Энхсайхан ах инээд алдан тэвэрч үнсчихээд дэвээд явчихав. Тэр үед би “Барилдана гээд гарч ирж байхад тэвэрч үнсчихээд явчихдаа яахав дээ” гэж дотроо цухалдаж билээ. Өөрийгөө ямархан эр гэж бодож явсан юм болдоо хөөрхий. Шарандаа Сундуй адиагийн нүдэнд зориуд өртөж, гурван удаа нэгийн давааны аманд гарч, сумын цолтой бөхчүүдэд гурвантаа үнсүүлж билээ. Тэд нарын хэн нь ч надтай барилдаагүйд сэтгэл гонсгор үлдэж байсан маань өдгөө ч сэтгэлээс минь салдаггүй, сайхан дурсамжуудын нэг юм. Ийн барилдчихаад ааваас гуйж авсан мянган төгрөгөө гартаа тас атгаж, үеийн багачуултайгаа нийлэн талбайн ойр орчимд зарагдах гоё сайхан бүхнийг сонирхон тэнэнэ. Сумын төвийн дэлгүүрийн ах, эгч нар том ачааны машины тэвшин дээрээ ундаа ус, чихэр печень, усан буу, хөөсөн чихэр, хайрсан хуушуур зарна. Манай сумын наадам бусад наадмуудын адил хоёр хоног үргэжилнэ. Сумын наадмын хоёр хоног моторт унаа морьдын хөлөөр морины бариа, наадмын талбай хоёрын хооронд цагаан жим татуулан, түргэн морьдын хөөрүү омгоор залуус дайрчих шахан хөлхөлдөнө.

Наадмын эхний өдөр гурван насны морь уралдаж, хүчит бөхийн нэгийн даваа эхэлж, наадамчин олон, нутгийн улсууд нэгэнтэйгээ “Амар байна уу, сайхан наадаж байна уу, танайх хаагуур нутаглаж байна” гэх зэргээр мэндэлж, хууч хөөрнө. Ийн манай сумынхан наадмын эхний өдөр морио уралдуулж, хүчит бөхийн гурвын давааг эхлүүлээд өндөрлөдөгсөн.Харин наадмын хоёр дахь өдөр л жинхэнэ наадам болно доо. Учир нь манай сумынхан зургаан насны морь уралдуулдаг ч их насны морийг л гол болгоно. Наадамд хэний морь түрүүлэв гэхэд их насанд тэдний морь түрүүллээ гээд бусад насныхыг бараг л ярихгүй жишээтэй. Түүнээс гадна жороо морьдын уралдаанаа жигтэйхэн шимтэн үзнэ. Тэгээд энэ жил хэний хүү цол авах, хэний хүү наадмын түрүү хүртэх, хэний морь айрагдах бол гээд хүсэн хүлээсэн бүхэн нь наадмын сүүлийн өдөр л шийдэгдэнэ. Ер нь манай сумынхан жоохон талцамтгайлдаа. Тэр нь юу гэхээр сумын төвөөс урагш нутагладгийгаа урд талынхан, хойш нутагладгийгаа хойд талынхан гээд л тал талынхаа морь бөхийг уухайлан дэмжинэ. Гэхдээ энэ нь өрсөлдөөн л болохоос ямар нэгэн гэм хорын шинжгүй. Тэр жилийн наадамд урд талаас Алтангэрэл буюу зон олондоо Адимбаа хэмээн авгайлуулсан сумын зааны хүү Амараа ах, хойд талаас Төрөө зааны хүү Отгоо ах нар үзүүр түрүүнд үлдэж, оройн нарыг Жаргалант хайрханы цагаан тэргүүн дээр сааттал уухай, цуурай болж билээ. Энэ хоёр залуу хоёулаа аймгийн цолтой идэрхэн хүчтэнгүүд агаад хоёр аав нь хоёулаа нэгэн үед барилдаж бас л наадамчдыг талцуулж шуугиулж явсан сумын заанууд юм.

Тэр жил их насны моринд хойд талын Дайдаагийн хар гэдэг ахимагдуухан морь түрүүлсэн болохоор Амараа ахыг түрүүлээсэй гэж би дотроо догдлон байлаа. “Наад барьцыг нь халаад тавиулаач..., тэр сул хөлийг харахгүй байна уу..., ” хэмээх Адимбаагийн бачимдан хашгирахтай зэрэгцэн Амараа ах Отгоо ахыг тасхийтэл хавирах нь хоёр адуу ноцолдож байна уу гэлтэй тоос манан татуулан давахуйд хүүгийнхээ дээлийн захыг тасартал мушгиж суусан Адимбаа заан сая л сэтгэл нь амрав бололтой гарынхаа араар духныхаа хөлсийг арчингаа хөөрөг даалингаа тэмтрэв.Төд удалгүй наадамчин олон Адимбааг тойрон баяр хүргэж, хөөрөглөнө. Ийн сумын наадмын үйл ажиллагаа сүүл мушгиж, үзүүрлэсэн, түрүүлсэн, шөвгөрсөн бөхчүүдийн бай шагнал, айрагдсан зургаан насны морьдод нутгийн удирдлагууд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж, наадамчин олон тарцгаана. Харин үдэш сумын төвийн Улаан булан буюу соёлын төвд наадмын хаалтын үйл ажиллаагааны цэнгүүн болдог байв. Наадам дууссаны дараа Баатархүү ахын хөх 69-тэй гэр лүүгээ явлаа. Намайг очиход аав, ээж хоёр гоё хувцсаа өмсөөд гарах гэж байв. Би “Та хоёр хаачих гэж байгаа юм, би цуг явъя” гэхэд аав “Миний хүү явж яах юм. Одоо гэртээ байж бай. Аав, ээж хоёр нь шоунд явлаа” гэв. Тэр шоу гэдэг үгийг би ойлгоогүй ч ямар нэгэн гоё кино ч юм уу, циркийн тоглолт үзэх юм байна гэж бодоод учиргүй дагалаа. Нус, нулимсандаа холилдсон тэрчгэр шар хүүгээ өрөвдөж, аав ээж хоёр маань миний хүсэлтийг ёсоор болголоо. Ингээд сумын төвд байх соёлын төв рүү орлоо. Аав маань тайзны ард касио хөгжим дарж, ээж маань ардын дуу дуулахтай зэрэгцэн нутгийн хүмүүс заалан дотор тоос манаруулан бүжиглэсээр л байв. Би ч нөгөө шоу нь хэзээ болох юм бол гэж бодсоор аавынхаа хажууд томоотой хүлээн суусаар л байлаа.

Сүүлдээ нойр хүрч, юу хийх учраач олсонгүй. “Ааваа нойр хүрээд байна, харих болоогүй юм уу” хэмээн гуйлаа. Уйлж, дуулан аав, ээжийгээ дагаж үзэх гээд байсан шоу хэмээгч нь цэнгээнт бүжиг л байж л дээ хөөрхий. Энэхүү бүжиг дуусч, сумын наадам албан ёсоор өндөрлөсөн билээ. Хот руу орж ирэхээс хоёр жилийн өмнөх нутгийнхаа наадамд анх зодоглохдоо унаачгүй, даваачгүй хэрнээ гурван удаа нэгийн даваанд гарч, нутгийн ах нартаа үнсүүлсэн, наадмын дараа аав, ээжийгээ дагаж, шөнөжингөө ах, эгч нарын утгагүй бүжгийг харж, урам хугарсан тэр жилийн наадам миний сэтгэлээс ер салдаггүй юм.