2021.06.08 10:06

МҮОХ: Н.Түвшинбаярын санаачилгаар хэрэгжүүлж буй ажлуудыг үргэлжлүүлнэ

Нийтлэлч: Өдрийн сонин


Монголын Үндэсний Олимпын Хорооноос Н.Түвшинбаярын санаачилгаар хэрэгжүүлж буй ажлуудыг үргэлжлүүлэн өрнүүлнэ гэж мэдэгдлээ.

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргээс түдгэлзүүлсэн Н.Түвшинбаяр зургадугаар сарын 05-ны өдөр МҮОХ-ны тамгыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарт албан ёсоор хүлээлгэн өгчээ.

Тамга хүлээлгэн өгөх үеэр "МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын санаачилгаар хэрэгжүүлж буй олимп, тивийн наадмуудад Монголын баг тамирчдаа амжилттай оролцуулах бэлтгэл ажлыг хангах, спорт холбоод, аймаг дүүргийн олимпын зөвлөлийн үйл ажиллагааг түлхүү дэмжих, МҮОХ-ны төв байранд иж бүрэн засвар хийх, олимпын музей, номын санг шинэчлэн байгуулах болон спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх "Олимпизмын шинэ эрин" төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг үргэлжлүүлэн өрнүүлэхээр санал солилцов" гэж МҮОХ-ноос мэдээллээ.

“Токио-2020” олимпын наадамд Монголын баг тамирчдаа зохион байгуулж оролцуулах, олимпизмын үзэл санааг сурталчлан таниулах, байгууллагын сайн засаглалыг хэрэгжүүлэх зэрэг МҮОХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэж Монголын Үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.