Спорт
2021.04.12 12:04

МҮОХ: Эмэгтэй бөхчүүд зорилгоо 80 хувьтай биелүүлэв

“Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын олимпийн эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн эрх олгох тэмцээн Казахстаны Алматы хотод үргэлжилж байна.

Өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан болсон бөгөөд үдээс өмнө 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяа, 57 кг-д Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Б.Хонгорзул нар олимпийн наадмын эрхээ халааслаад байлаа. Тэгвэл хэдхэн хоромын өмнө 76 кг-ын жинд “Афин-2004”, “Лондон-2012” олимпийн наадамд оролцож явсан, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, ирэх сард 39 нас хүрэх Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Бурмаа олимпийн наадмын тав дах эрхийг авчирлаа. Түүний жинд таван бөх тойргоор барилдаж Кыргызстаны Айпери Медет Кызыд оноогоор цэвэр ялагдсан ч манай бөх Энэтхэгийн Поожаг 3:1-ээр, БНСУ-ын Жон Сёо Йоныг 6:3-аар ялаад байв. Тэгвэл эрх авах үгүйгээ шийдэх шийдвэрлэх сүүлийн барилдаанд Узбекистаны Шахрибону Эльеваг туршлага заан цэвэр ялснаар найман жилийн давтамжтайгаар олимпийн эрхээ халаасаллаа.

Алматыгийн дэвжээнд өнөөдөр манай таван бүсгүй барилдснаас хоёр алт (Б.Болортуяа, Б.Хонгорзул), хоёр мөнгө (Ц.Намуунцэцэг, О.Бурмаа), нэг хүрэл (С.Цэрэнчимэд) медаль хүртсэн төдийгүй дөрөв нь олимпийн эрхээ авч, зорилгоо 80 хувьтай биелүүллээ. Эмэгтэйчүүдээс ганцхан 62 кг-ын жинд эрх дутуу үлдсэн бөгөөд тавдугаар сард Болгарт болох дэлхийн тэмцээнээс эрх авах хариуцлагатай даалгавар үлдлээ. Дэлхийн тэмцээнээс энэ жинд олимпийн хоёр бус гурван эрх олгож магадгүй. Хоёр жилийн өмнө "Нур-Султан 2019" дэлхийн аваргад БНАСАУ-ын Рим Жон-Сим тавдугаар байр орж эрхээ авсан билээ. Хойд Солонгосын тамирчид коронавирусийн цар тахлын улмаас Токиогийн олимпийн наадамд оролцохгүй гэж шийдсэн юм. Тиймээс 53, 62 кг-ын жинд нэг квот нэмэгдэх магадлалтай бөгөөд Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо одоогоор ямар шийдвэр гаргаснаа хараахан зарлаагүй байна.
Ази тивээс одоогоор олимпийн наадмын эмэгтэйчүүдийн төрөлд Япон, БНХАУ бүтэн багаараа, манай улс тав, Казахстан, Энэтхэг, Кыргызстан тус бүр гурван эрх аваад байна. Маргааш барилдах эрэгтэй бөхчүүдээ амжилт хүсье.
АЗИ ТИВЭЭС ОЛИМПИЙН ЭРХ АВСАН ЭМЭГТЭЙ БӨХЧҮҮД:
50 кг: Юи Сүсаки (Япон), Цогт-Очирын Намуунцэцэг (Монгол)
53 кг: Бат-Очирын Болортуяа (Монгол), Татьяна Аманжол (Казахстан)
57 кг: Болдсайханы Хонгорзул (Монгол), Аншу (Энэтхэг)
62 кг: Жиа Лон (БНХАУ), Сонам Малик (Энэтхэг)
68 кг: Зоу Фенг (БНХАУ), Меерим Жуманазарова (Кыргызстан)
76 кг: Айпери Медет Кызы (Кыргызстан), Очирбатын Бурмаа (Монгол)

Онцлох нийтлэлүүд