Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn
Цаг үе
2014.08.15 09:08

Мөнгөнморьтын тэнгэр аялгуу

Өнөөдөр түүний төрсөн өдөр. Тэр, дөрвөн уулын дундахь мөнгөн үеийн яруу найрагчдын дөрөөн чимээг түүчээлсэн аяны магнай тогоруухай байв. Монголын утга зохиолын мөнгөн үеийн сод төлөөлөгч, намуун уянгын гунигт дуучин Жамьянгийн Болд-Эрдэнэ тэнгэрт дэвшээгүй бол энэ өдөр дөчин есөн насны сүүдэр зэрэгцэх байв. Тэрээр 1965 оны наймдугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо нэгдүгээр төрөхөд армийн хурандаагийн хөвүүн болон мэндэлсэн байдаг. Хожим тэрээр хүүхэд насных нь диваажин болсон Төв аймгийн Мөнгөнморьт сумаар овоглож, Налайхын сургуулийг төгсөн, Дүрслэх урлагийн дунд сургуулийг чимэглэгч зураач мэргэжлээр дүүргэсэн аж. Тэрчлэн Ленинград хотын Театр урлагийн их сургуульд суралцан театрын зураач болсон байдаг. Болд-Эрдэнэ найрагчийн “Гоо марал” хэмээх өөрөө хавтасных нь зураг чимгийг хийсэн бяцхан цэнхэр ном Монголын яруу найрагт гайхамшигт нэгэн авьяастан мэндэлснийг зарлан тунхагласан юм. 

“Чинагш юм бүхэн улирч одно

 Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно

 Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно

 Чинагш юм бүхэн улирч одно

Нарыг зүглэсэн түм түмэн усны модон хорхой

Навчилж өөрчлөгдөхөд хүмүүс ой шугуй гэж нэрлэнэ

Намрын царманд зогсох марал бугын нүдэнд

Магадгүй ямархан гунигаар нулимс цийлэлзэнэ

Ирэх өдөр хоногууд өнгөрч одно

Ижий минь талын хаяа руу алсарч одно

Эцэг минь зоримогхон шийдээд хальж одно

Ирэх өдөр хоногууд өнгөрч одно

Ээжийн загсаасан өрөм шиг шаргал саран

Энгэр тойрмын хоромсогтой сум шиг хэдэн зэгсэнд хононо

Эргийн хайргаа зөөлөн зөөлөн илбэж

Эртний домгоо Хэрлэн мөрөн минь шивнэнэ

Чинагш юм бүхэн улирч одно

Цасан ширхгүүд одны гялгараас чимхэж одно

Чамайг гэсэн хайр минь цагийн эрхээр бүдгэрч одно

Чинагш юм бүхэн улирч одно” 

Тэр нимгэн цэнхэр түүвэр ерээд оны яруу найргийн хүрээнийхний ширээний ном байсан гэхэд хилсдэхгүй. 

“Зуны шөнийн зүүдээ томж, ганцхан шүлэг биччихээд

 Зуун жилийн цаана намайг хүлээх нэг л хүнд бэлэглэх сэн” гэх яруухан мөрөөдөл түүнийг хөглөж, буй бие сэтгэлээрээ тэр уй гуниг, уянга найргийн элч болж энэ орчлонд ирсэн мэт төсөөлөгдөнө. Монголын нэрт соён гэгээрүүлэгч Сүрэнхорын Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуульд элсэн орсны намрын нэг өдөр О.Дашбалбар багш “Шүлэг бичдэг оюутнууд Ханддорж вангийн өргөөнд лхагва гараг бүрт болдог “ГУНУ” яруу найргийн дугуйланд очиж болно шүү” хэмээсэн нь Хургаагийн Сүглэгмаа, Анандын Байгалмаа бидэнд диваажингийн хаалга нээгдсэн мэт санагдсан сан. Лхагва гаригт дугуйланд очвол ерээд оны зүс таних найрагч залуус ирсэн харагдана. Хар хөх дээл, гахай ширэн шар гуталтай жаахан халамцуу Болд-Эрдэнэ найрагч нүд рүү нь унжин орж ирэх үсээ зураач хүний уран хуруугаар самнан хойшлуулж суутал яруу найрагч Л.Өлзийтөгс орж ирэв. Боогий ах Өлзийг дуудан өвөр дээрээ суулган хацар дээр нь үнсэхэд киноноос л гагц ийм уянгын байдлыг харж байсан хөдөөгийн шүлэгчийн сэтгэлд бяцхан ичингүйрэл төрж байж билээ. Түүнийг анх харснаас хойш гурван жилийн дараа тэрээр М.Амархүү, Ц.Доржсэмбэ нартай манай сургуулиар ирж сургуулийн захирал, яруу найрагч С.Батмөнхийн өрөөгөөр үе үе морилно. Захиралд хэлж намайг хичээлээс дуудуулан, лонх дарсанд гүйлгэх ч үе гарна. Хөгжмийн зохиолч Сангидорж, Бямбабаяр, Мөнхбат нартай ч их ирнэ.

Доржсэмбэ бидэнд “Монголын яруу найрагт “Жимсний бөөр” Дамдиндорж бид хоёроос ондоо том яруу найрагч алга” гэж хирдээ томрон омойтох нь ч бий. Хүний шүлгийг маш анхааралтай сонсоно. Өөрөө голдуу 

“Уйт намрын ханшийг дагаж шувуу бидэн

Умар өрнө зүгт салан одовч

Удаах жилийн эсэргэн урийн цагаар

 Ус нутаг минь чамдаа эргэн эргэн ирнэ” гэсэн шүлгээ унших. Нүдээ онийлгосхийн, үсээ илбэн илбэн шүлгээ дуудахдаа нисэх гэж буй бүргэд мэт цээжээ урагш түхийлгэж, хундагатай дарсаа нямбайхан цомбогордуу барьж байгаад уншина. Шүлгээ тэр бүр тохиолдлын нэгэнд уншаад сүйд болоод байхгүй. Шүлэг уншиж байхад хүмүүс ярилцахад ёстой ясны дургүй нь хүрч буй янзтай ярвайсхийгээд чимээгүй дүнсийж орхино. Ийн дүнсийснийх нь дараа яруу найргийг үл ойшоогч ямар ч бөх зүрхтэн гарахгүй нь сайхан. Манайхыг ерэн долоон оны намар орон гэртэй болсноос хойш Боогий ах шөнө орой ч гэхгүй олонтаа ирж хонох болсон сон. Зуун айлын Барилгачдын 14-ийн хоёр тоот тэр бяцхан байшингийн хана хэрвээ үг хэлдэгсэн бол олон сайхан дурсамж өгүүлэх байсан биз. Яруу найрагч Доржсэмбэ нутгаас ирж “Ламын гэгээн” хэмээх архи, цэнхэр хадагтай Боогий ахад өргөн барьж шавь барилдан, гэргий маань бууз жигнэн, ээж маань айраг сөгнөн төгөлдөр сууцгааж байсан түүх бидэнд бий. Сэмбэ маань жаахан халамцчихаад хадаг барьсан багшдаа “Та бид адил зиндааны л найрагчид” хэмээгээд ээжид зэмлүүлж байсан хөг ч санаанд тодхон. Охин Саранзаяаг минь улаан нялзрай амьтан байхад Боогий ах “Хар усан гахай” гэж их өхөөрдөнө. “Хар усан гахай гэж та хүүхэд доромжлоод байна уу” гэхээр “Усан гахай чинь ёстой хөөрхөн амьтан байгаа юм. Чи заавал хараарай” гэж үнэн голоосоо хэлнэ. Хожим тэр усан гахайг нь зах дээр олж хараад “Аргагүй хөөрхөн амьтан юм” гэж хүлээн зөвшөөрсөн удаатай. Ган-Очирын, Сүглэгмаагийнхан манайхтай ойролцоо болохоор Тогоонтөмөрийн Содномнамжил, Боогий ах бид нийлж, гэргийгээс чөлөө аваад хөдөөний айл хэсэж байгаа юм шиг шөнө дөлөөр ч хамаагүй шүлэг зохиолоо уншин явцгаасан минь юутай сайхан дурсамж хөглөнө вэ.

Манайд амьдрах багын анд Бөлтүүшийг суулгаж байгаад харандаагаар зурах нь ч бий. Тохойгоо эргүүлэн шөрмөсийг нь харуулаад “Миний энэ гар чинь их учиртай. Хүн бүхэнд ийм шөрмөс байдаггүй юм” гэснээ “Ленинградын цас чинь яг ил захидлын зурагт байдаг шиг талстын ширхэгтэй байдаг юм ш дээ” гэхэд үнэхээр гайхамшигтай санагдаж, оюутан ахуй цагаа өнгөрөөсөн тэр хотод нь очиж цагаан шөнийг нь үзмээр хорхой хүрнэ. Заримдаа хэдэн номыг маань онгичиж Гонгорын “Халх товчоон”-ы хоёр дэвтрийг бариад суучихна. Тэр үед “Зөн” цувралаар гарсан Л.Өлзийтөгсийн “Тэргүүн бүлэг” шүлгийн номыг ирэх болгондоо л уншина. Гэргий Туяатайгаа ирэхдээ хоёр охинд минь баахан чихэр жимс базаачихсан, бас ч болоогүй  намайг дүү гэхгүй лонх дарс өврөөсөө гаргахаа мартахгүй. Ирэх бүртээ л Монголын урлаг, яруу найргийн шинэ сонин сайхныг тээж орж ирнэ. “Манай Ганхуяг Галдан бошигтын хөшөөний эх загварыг ёстой янзтай гаргасан байна” гэх юм уу “Маргааш “Севилийн үсчин” дуурьт Долгор эгч тоглох гэнэ. Хоёулаа очиж үзнээ хө” гэнэ. Тоглолт дуусахад хөшигний ар руу дагуулж очиж, урлагийнхантай танилцуулж, өөрөө бүгдтэй нь ах аа, эгч ээ болон уярам сайхан харьцана. 1998 оны цагаан сарын шинийн хоёронд Амархүү зураачтай нэлээд шөнө ирлээ. Бурхны өмнө, хоёр охинд маань мөнгө өгөөд л. Гэргий, бид хоёрт аяга, хоргой өгч ч байх шиг. Сургуулиа дөнгөж төгсөөд байсан болохоор ганзай дарс жаахан хомсхон. Ганц лонх юм гаргалаа. Сайхан халж ирээд “За хар, шар хоёр усан гахай, бурханд чинь тавьсан мөнгөө эргүүлээд зээлчихнээ хө” гээд гурвуул Зуун айлын дэлгүүр рүү алхаж явсныг хэрхэн мартах билээ.

Тэр цагаан сарын дараахан “Эх орон таймс” сонинд данстай би вээр өглөө бүр Боогий ахыг дагаж гаран, үдэш хоёул халамцуухан Насааг яаж аргадан аргалахаа тохирон ордог сон. Бид хоёрын хийдэг ажил юу байв гэвэл төрийн шагналт зохиолч Жа.Пүрэв гуайнд зочлон хууч хөөрч, улсын заан Бямбадорж найзаар нь дайлуулахдаа шавь Хатансайханаар нь архи зөөлгөж, төрийн шагналт бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатарынд очин жижиг Амараагаар нь концерт тоглуулах зэрэг тухайн үедээ аар саархан мэт боловч одоо бодоход гайхамшигтай цаг мөчүүдийг үдэж өнгөрөөжээ. Нэгэнтээ, Хүүхэд Залуучуудын театрын найруулагч И.Нямгаваагийн өрөөнөөс “Тамхи татлаа” хэмээн хөөгдсөн удаа ч бас буй. Түүнд үнэндээ Монголын урлаг соёлынхноос танихгүй, мэдэхгүй хүн гэж үгүй байв.                 

“Амьдрал би чамд хэтэрхий хайртай байснаас

Амсах ёстой жаргалаа цагаас эрт хүртлээ

Амар амгалан нөгөө ертөнц

Аяар аяархан дуудаад байх боллоо...

...Од одны дууг сонсох дуртай байсан

Олон сайхан охидод чинь би дурласан

Орог саарал үүлэнд ч би хайртай байсан

Орчлон чамд би дэндүү хайртай байсан шүү

Ширхэг өвсөөр чинь ишиг тэжээсэндээ жаргалтай

Шумуул ялаанаас чинь цусаа харамласан л нүгэлтэй

Эцэслэхэд дээр минь өвс ногоо ургана, гэвч

Эхлээд лууль шарилж, хожим нь цэцэг л ургана шүү

Амар амгалан нөгөө ертөнц

Аяар аяархан дуудаад байх боллоо

Хайрлаж дурлаж явсан бүгдээсээ

Хагацна гэхлээр нулимс бүрхээд байна”.

Есенин, Блокыг шүтэн биширч, Нацагдоржийнхоо богинохон тавиланд гуньж явсан түүнийг цэл залуухан гучин гуравхан насандаа тэнгэрт халина гэж үнэндээ хэн ч зүүдлээгүй. Төв талбайн хажуугийн цэцэрлэгт яруу найрагч Доржсэмбэтэй алхаж яваад яруу найрагч анд Б.Эрдэнэсолонготой тааралдсан сан. Солонгоо нэг л гунигтай, бид хоёрт ямар нэг зүйл хэлж чадахгүй дүлэгнэж байснаа “Боогий ах өнгөрчихөж” гэж палхийтэл хэлэхэд л модод навчсаа гүвж байгаа Монгол нутгийн хүйтэн намар хаяанд ирснийг мэдэрсэн сэн. Хэдхэн хоногийн өмнө эмнэлэгт эргэж очиход “Улстөрчдийн шаарз зурж эмчилгээнийхээ мөнгийг олж байна” гэж инээмсэглээд зургаа үзүүлж зогссон хүнийг тэнгэрт дэвшсэн гэхэд яагаад ч үнэмшиж чадахгүй байсан. Орой нь гэртээ ирэхэд яруу найрагч Ган-Очир анд минь орж ирэн яруу найрагчийн зургийн өмнө сөхөрч суугаад “Хайран найрагч ах минь” гэж асгаруулж байсныг ч мартаж үл чаднам. Оросын яруу найрагч Борис Пастернак “Яруу найрагчид минь ээ, үхлээ бүү зөгнөөч” гэсэнчлэн Болд-Эрдэнэ найрагч ч “Далан давхрын энгэрээс  Даллаж аав минь дуудаад байна...” гэсэн ёр совингийн шүлгээ тайзнаа уншиж байснаас хэдхэн оны дараа монгол шүлэгч тэнгэр зүг одов. “Цагаан уул цэцэг хээрийн сэмэрч одно” гэсэн шүлгийнх нь мөрийг сийлсэн даруухан чулуун хөшөө л Далан давхарт үлдсэн дээ. Мөнгөнморьтын тэнгэр аялгууг мөнх ардынхаа сэтгэлд сийлсэн яруу найрагчийн нэрийг цагийн салхи хэзээ ч арчиж үл чаднам зээ.

Л.БАТЦЭНГЭЛ


Онцлох нийтлэлүүд