ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.01.03 08:01

М.Оюунчимэг: Японы хувийн хэвшлийнхэн Монголын инженер, техникийн чадварлаг мэргэжилтнүүдийг сонирхож байна

МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэгтэй гадаад худалдаа, экспорт, бизнесийн орчинд гарч буй өөрчлөлтийн талаар ярилцлаа.


-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг саяхан Японд айлчлах үеэр хоёр улсын эдийн засгийн түншлэлийн форум болсон. Форумаар яригдсан хамгийн гол сэдэв юу байв, ямар шийдэлд хүрэв?

- Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Японы төр, хувийн хэвшлийн ес дэх удаагийн зөвлөлдөх уулзалт, эдийн засгийн түншлэлийн форум Токио хотод боллоо. Энэ бизнес форумыг МҮХАҮТ Японы гадаад худалдааг дэмжих ЖЕТРО байгууллагатай хамтран зохион байгуулсан юм. 2016 онд байгуулсан Монгол-Японы чөлөөт худалдааны хэлэлцээр /EPA/, түүний хэрэгжилтийн явц, хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдэд учирч буй хүндрэл бэрхшээлийг төрийн зүгээс яаж шийдвэрлэх цаашид анхаарах асуудлыг голлон хэлэлцлээ. Форумд Монгол, Японы 300 гаруй бизнес эрхлэгч, албаны хүмүүс оролцсон. Миний бие энэ арга хэмжээнд Чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжсэн өнгөрсөн хоёр жилд гарсан үр дүн, цаашид анхаарах зүйлийн талаар хувийн хэвшлээ төлөөлж илтгэл тавилаа. Айлчлалын хүрээнд Японы ЖЕТРО байгууллагын дарга ноён Ишиге Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхсан. Японы хувийн хэвшлийнхэнд Монголын талаарх мэдээллийг вэб хуудсаараа дамжуулан хүргэж байгаагаа илэрхийлснийг онцолмоор байна. МҮХАҮТ-тай олон жилийн хамтын ажиллагаа өрнүүлж, үр дүн нь яаж гарсныг ч танилцуулсан. Мөн сүүлийн үед Японы хувийн хэвшлийнхэн Монголын инженер, техникийн чадварлаг мэргэжилтнүүдийг сонирхож байгаагаа бас илэрхийлсэн. Азийн худалдаа дэмжих байгууллагуудын форумыг ЖЕТРО тэргүүлдэг юм. Энэ форум ирэх оны есдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна. Ер нь өнгөрсөн хугацаанд манай танхимын гадаад харилцаа өндөр түвшинд хөгжсөн. МҮХАҮТ Олон улсын худалдааны төв (ITC) байгууллагаар үнэлгээ хийлгэж, Швейцарийн нэр хүндтэй баталгаажуулалтын байгууллагаар аудит хийлгэж чанарын удирдлагын ISO 9001-2015 стандартыг хэрэгжүүлэгч Монголын анхны төрийн бус байгууллага боллоо. Миний бие Олон улсын худалдааны танхимын нэгдсэн холбооны ерөнхий зөвлөлийн гишүүн, Ази Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд ерөнхийлөгч, Торгоны зам олон улсын худалдааны танхимын дэд ерөнхийлөгч зэрэг удирдах түвшинд сонгогдон ажиллаж байгаа.

-Арга хэмжээнд оролцоод ирсэн нэг хүн “Танхим эсгий таавчикаа л ярилаа” гэж бичсэн байсан. Хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийн үр дүн бодит байдал дээр хэрхэн гарч байгаа бол?

-Монгол, Японы чөлөөт худалдааны хэлэлцээр бол манай улсын гадаад худалдаа, экспортыг дэмжих маш чухал анхны том хэлэлцээр. Үүний хүрээнд тус улс руу гарч байгаа бүтээгдэхүүний нийт тарифын 96 хувийг чөлөөлөх буюу хөнгөлж байна. Танхимын хувьд хэлэлцээр байгуулагдсанаас хойш, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 16 салбарын 1050 гаруй гарал үүслийн гэрчилгээг Монголын 40 орчим аж ахуйн нэгжид олгосон. Салбараар авч үзвэл 30 гаруй хувийг ээрсэн ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүнд олгожээ. 10 орчим хувьд нь адууны хөлдөөсөн мах болон дайвар бүтээгдэхүүн багтаж байна. Монголоос Япон руу экспортолж буй бүтээгдэхүүний нэр төрлийг харахад хөдөө аж ахуйн гаралтай, экологийн цэвэр бүтээгдэхүүн эзэлж байна. Гэхдээ анхаарах, зохицуулах зүйл маш их бий. Тухайлбал манай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн эсгий эдлэл, арьс шир, хивс, хивсэнцэр, чацарганы жүүс зэрэг бараа бүтээгдэхүүний уялдуулсан код хэлэлцээрт нарийвчлан заагдаагүй, хөнгөлөлтийн нөхцөлөөр гарах бараа бүтээгдэхүүний кодтой уялдахгүй байгаа учир хөнгөлөлтөө эдэлж чадахгүй хоёр жил болчихлоо.Үүнийг нааштай шийдүүлэхийн тулд асуудлыг дахин дахин гаргаж тавиад байгаа юм. Ярихаас ч аргагүй. Ганц эсгий улавч биш эсгий, арьс шир, хөдөө аж ахуйн болон байгалийн гаралтай органик түүхий эд ашигласан хүнсний бүтээгдэхүүний экспорт нэмэгдэхэд маш чухал арга хэмжээ байгаа юм. Өнгөц харахад энэ нь жижиг асуудал боловч уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлье гэвэл ингэхээс аргагүй. Тодруулж хэлбэл ЖДҮ-ээ дэмжиж, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг бүтээж, бараа бүтээгдэхүүнээ хэлэлцээрүүдэд хамааруулж Япон улс төдийгүй Европын холбооноос олгогдож буй хөнгөлөлттэй нөхцөлүүдийг бүрэн ашиглах ёстой. Ингэхийн тулд байгуулсан хэлэлцээрүүдэд хамааруулахын төлөө явахаас аргагүй.

-Японы талаас экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрлийн тухайд юу хэлэх вэ. Өнгөц анзаарахад автомашинаас өөр дорвитой бүтээгдэхүүн харагдахгүй юм...?

-Японоос орж ирж буй импортын төрөлд дэвшил харагдахгүй байгаа нь үнэн л дээ. Таны хэлсэнчлэн автомашины сэлбэг, тоног төхөөрөмж, хуучин шинэ машинаар л хязгаарлагдаж байна. Японоос бэлэн бараа бүтээгдэхүүнээс гадна технологи, хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл босгох нь бидний зорилго. Японтой хийж буй уулзалтуудын үеэр байгаа боломжоо өргөн дэлгэр танилцуулах хэрэгтэй. Монголын зах зээл жижиг биш, хоёр талд том гүрэн байна, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хөрш орнуудын том зах зээл рүү гарна. Европын холбооноос олгосон GSP+ хэлэлцээрийн хүрээнд 7200 гаруй бүтээгдэхүүнд тарифын тааламжтай нөхцөл үйлчилж байна гэдгээ өргөн сурталчлах ёстой. Хамгийн гол нь Монгол байгалийн гаралтай органик түүхий эдтэй, залуу чадварлаг хүний нөөц, ажиллах хүчтэй улс гэдгээ л сайн ойлгуулах хэрэгтэй. Ингэхдээ япон хүний сэтгэлгээний онцлог, аливааг маш удаан судалж шинжилдэг нухацтай байдал, мэдээллийг зөвхөн эх хэл дээрээ авах гэсэн хүсэл сонирхлыг бодолцох ёстой л доо. Тэдний зүгээс Токиод ажилладаг Монголын худалдааны төлөөлөгчийн газарт ганцхан хүн байдаг нь хүртээмжтэй бус, Монголын улс төрийн нөхцөл байдал тогтворгүй нь урт хугацааны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад хүндрэл учруулдаг гэх мэт бэрхшээлийг ярьж байсан. Цаашид МҮХАҮТ, ЖЕТРО байгууллага ЖДҮ-ийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, тулгарч буй саад бэрхшээлийг арилгах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллана.

-Японы тухайд ийм байж. Урд хөрштэй бизнес өргөжүүлэхэд өнгөрсөн жил танхимын зүгээс юу хийсэн бэ?

-БНХАУ бол манай худалдаа, эдийн засаг, бизнесийн гол түнш. Тэр утгаараа бид урд хөрш рүү онцгойлон анхаарч ажилладаг. Өнгөрсөн онд ч бас олон зүйл хийсэн. Улаанбаатарт болон урд хөршийн хот, мужуудад бизнес форум, үзэсгэлэн, бизнес төслүүдээ танилцуулах уулзалтуудыг харилцан зохион байгууллаа. Нэг үеэ бодоход Хятадтай хийх бизнес шинэ түвшинд гарч байна. Зөвхөн бараа бүтээгдэхүүн солилцохоос гадна удаан хугацааны тогтвортой бизнесийг бий болгох чиглэлд илүү анхаарч байна. Цоо шинэ зүйлийг гаргаж ирнэ гэхээсээ илүү бэлэн байгаа төслийг танилцуулах, хөрөнгө оруулалт татахад мэдээлэл өгөх чиглэлд өнгөрөгч онд түлхүү анхаарлаа. Мэдээж танилцуулга хийнгүүт шууд бизнес өрнөхгүй ч тодорхой хэмжээнд бизнесийн харилцаанд ахиц,суурь болдог.

-Ерөнхий сайд өнөө жилийн хавар бас урд хөршид айлчилсан. Айлчлалын үеэр болсон бизнес форумд танхим ямар үүрэгтэй байсан бэ?

-Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр МҮХАҮТ-аас Бээжин дэх ЭСЯ, БНХАУ-ын Худалдааг дэмжих хороотой хамтран Монгол-Хятадын бизнес форумыг маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан. Энэ үеэр зөвхөн хувийн хэвшлийн салбарт 4.6 тэрбум ам.доллартай тэнцэх 36 хэлцэлд гарын үсэг зурагдсан. Эхнээсээ ажил хэрэг болоод явж буй олон төсөл байна.

-Бүс нутгийн хэмжээнд ч бас төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа байх. Бизнесийг дэмжсэн, гадаад худалдааг хөнгөвчилсөн, эдийн засаг, экспортод илтэд нөлөөлөхүйц сайн жишиг туршлага, хамтын ажиллагаанаас сонирхмоор байна?

-Бүс нутгийн хэмжээнд Торгоны зам, Цайны зам, Талын зам, Эдийн засгийн коридор гэхчлэн маш олон арга хэмжээ, төсөл бий. Эдгээр төсөлд бизнес эрхлэгчдээ оролцуулах, үр шимээс нь хүртээх, хамтын ажиллагааг нэмэх чиглэлд голлон ажилладаг. Өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатарт Ази Номхон далайн орнуудын худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоо (CACCI)-ны нэгдсэн хуралдаан болж, тус байгууллагын ерөнхийлөгч Джамал Иннаишвили айлчилсан. Энэ үеэр 15 аймгийн эмэгтэй бизнес эрхлэгчийг оролцуулсан чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж уг байгууллагаас өндөр үнэлгээ авлаа. Саяхан тус холбооны 32 дугаар чуулган Туркийн Истанбул хотноо болж, аялал жуулчлал, ЖДҮ, АНДО-уудын Танхимуудаар дамжуулан бизнесийг дэмжих чиглэлээр салбар хурлууд зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд манай танхимын тэргүүлэгч гишүүд илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Миний бие тус холбооны дэд ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо. Товчхондоо энэ бүхэн бүс нутгийн хэмжээнд бизнесийг холбоход Монголын үүрэг оролцоо нэмэгдэж байгаагийн илрэл л дээ.

-Гадаад харилцааг эдийн засагжуулна гэж ярьдаг. Энэ чиглэлд Танхимаас олон улсын байгууллагуудтай хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн мэдээлэл бий. Нааштай ахиц дэвшил, өөрчлөлт байна уу?

-Бид экспортыг нэмэгдүүлнэ гэж олон жил ярьж байгаа. Одоо яг тодорхой бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл рүү орох хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж эхэлсэн гэж ярьдаг. Сонсоход том, гоё санагддаг ч олборлосон бүтээгдэхүүнээ түүхийгээр нь гаргаж байна. Боловсруулаад нэмүү өртөг шингээгээд гаргавал илүү үнэ хүрнэ. Уул уурхайн бус бүтээгдэхүүн гээд үзэхээр голдуу мал аж ахуйн гаралтай түүхий эдээ л гаргаж байна. Урд хөрш рүү махны экспорт хийж байна гэж байгаа. Яг судлаад үзэхээр хятад худалдаачид орж ирээд бой хийгээд махыг шууд гаргаж байна. Энэ асуудалд ямар хяналт, зохицуулалт байгаа юм бэ? Зөв бодлогоор л журамлахгүй бол экспорт нэрийн цаана боловсруулалтгүй, нэмүү өртөг шингээгүй бүтээгдэхүүнүүд гадагш гарсаар, ахиц дэвшил гарахгүй, ажлын байр ч нэмэгдэхгүй байна. Олон жил энэ асуудлыг судалсны эцэст Дэлхийн банкны санхүүжилтээр Экспортыг дэмжих төсөл, Олон улсын худалдааны төвтэй /ITC/ хамтран худалдаа хөрөнгө оруулалтын замын зураглал, Европын холбооны санхүүжилтээр Худалдааг дэмжих төсөл (TRAM),МҮХАҮТ, Германы ХАҮТ-уудын холбоо болон SEQUA байгууллагатай хамтарч төслүүд хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл бол яг үйлдвэрлэл рүү, үйлдвэрлэгч рүү чиглэгдсэн, урт хугацаанд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлоход суурь болсон төслүүд юм.

-TRAM болон SEQUA -гийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй, энгийнээр тайлбарлаач. Хэр хугацаанд хэрэгжиж, хэзээнээс үр дүн нь гарах вэ?

-TRAM төсөл бол уул уурхайн бус, экспортын чиг хандлагатай бүтээгдэхүүнийг сонгож, түүнийгээ боловсруулахаас экспортлох хүртэлх үе шат бүрийг хөгжүүлж нэмүү өртгийн сүлжээг бий болгох зорилгоор Танхим дээр хэрэгжиж байна. 2021 он хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. TRAM төслийн хүрээнд уул уурхайн бус таван салбарын бүтээгдэхүүнийг сонгож авсан. Органик гоо сайхан, ноос ноолуур сүлжмэл, гэхдээ зөвхөн ямааны ноолуур биш бас сарлагийн хөөвөр, хонь, тэмээний ноос, чацаргана, арьс ширэн бүтээгдэхүүн гэхчлэн экспортод гарах боломжтой бүтээгдэхүүнүүд багтаж байгаа. Ер нь аливаа бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд гаргах гарц нь маш тодорхой. Кластераар аж ахуй хөгжүүлж, хоршиж ажиллах л чухал. Гарааны бизнес эрхэлж буй эмэгтэйчүүд байгалийн гаралтай, малын гаралтай түүхий эдийг ашиглаж гоо сайхан, эрүүл ахуйн бүтээгдэхүүн хийж байна. Эдгээрийг нэгтгэж Монголын гоо сайхны органик бүтээгдэхүүн гэдгээр брэндинг хийхээр эхний кластер байгууллаа. SEQUA-гийн төслийн зорилго нь бас ойролцоо. Гэхдээ орон нутаг руу хандсан, байгаа нөөц бололцоон дээр тулгуурлан кластерын загвар байгуулах зорилготой. Эхний ээлжинд хонины ноосны болон чацарганы нэмүү өртөгийн сүлжээг бий болгох кластерын сүлжээг Архангай, Увс аймгийн хоёр багт байгуулсан. Цаашид энэ загварыг аль ч сум баг аваад хэрэгжүүлэх боломжтойгоор үе шат бүрээр нь зохион байгуулсан. Төсөл дахиад гурван жилээр сунгагдсан, тэгэхээр орон нутагт ийм загвар төвүүд олширно гэсэн үг. Танхим 20 гаруй жил Германы ХАҮТ-тай хамтран ажиллаж байна. Анх Танхимыг бэхжүүлэх чиглэлээр эхэлж байсан бол одоо шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэн гаргах, нэмүү өртгийн сүлжээ байгуулах чиглэлд ажиллаж байна. Гурван жилийн үр дүнг Дэлхийн худалдааг дэмжих байгууллага үнэлж, “Тогтвортой хөгжлийг амжилттай хэрэгжүүлэгч Танхим” шагнал хүртээсэн.

-Экспортыг нэмэгдүүлж, худалдааг хөнгөвчлөхийн тулд төрийн байгууллагуудын хүнд суртал, авлигыг бууруулах ёстой гэж ярьдаг. Саяхан танхимаас Гүржид айлчилж, авлигыг бууруулсан туршлагаас судалсан гэж байсан. Ямар үр дүн гарсан бол?

-Төрийн үйлчилгээг ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүргэхэд хүнд суртал, авлигын асуудал үргэлж яригддаг. Гүржийн төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгосон ганц нууц нь бүх үйлчилгээг цахимжуулж, хүний оролцоог багасгасанд байна. Бүх төрлийн бичиг баримт, зөвшөөрөл, лиценз олгож буй, татвар ногдуулж хурааж байгаа үйл явц бүгд хэн нэгэн байцаагчаас юмуу даргаас хамаарахгүй, яг ном журмын дагуу, интернэтээр явж байна. Хүсч байгаа үйлчилгээндээ тохирсон төлбөрөө төлөөд бичиг баримтаа бүрдүүлээд өгөхөд л хангалттай. Түүнчлэн далд эдийн засгийг ил болгох үйл явцыг жижиг гэлтгүй салбар бүр дээр хийчихэж. Ганц жишээ дурдахад манайд байдаг шиг машиндаа азын дугаар авах сонирхол тэндэхийн иргэдэд ч байна. Түүнийг нь журамлаад, дугаар тус бүрээр үнэлгээ тогтоогоод, сонгосон төлбөрийнх нь дагуу олгох бүх үйл явц нь нээлттэй. Гол нь тэр мөнгө хэн нэгэн ажилтны юмуу, даргын халаас руу биш улсын төсөв рүү орно. Ажлын байр дагасан далд бизнес байхгүй, бүх зүйл ил тод, нээлттэй, цахимжсан гэсэн үг. Аль нэг албан тушаалтан, танил тал эрж хайх шаардлагагүйгээр ажлаа бүтээж, хүссэн үйлчилгээгээ богино хугацаанд авах нөхцөлийг бүрдүүлэхэд арван жил зарцуулсан юм билээ. Манайд ч бас ийм боломж бүрэн бий. Энэ гэхдээ цоо шинэ зүйл биш. “Төрийн нэг цэгийн үйлчилгээ” гэх мэтээр манайд хэдийнэ нэвтэрсэн ч яг процесс бүрээр засч сайжруулан цааш үргэлжлүүлэн хөгжүүлэх хэрэгтэй байна.. Бид энэ загварыг худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих зорилттой уялдуулж Гадаад худалдааны нэг цонхны үйлчилгээг нээх саналыг ГХЯ-д хүргүүлсэн байгаа.Саяхан бид Танхим дээрээ мэдээллийн нэг цонхны үйлчилгээний төвийг ХБНГУ-ын GIZ байгууллагын дэмжлэгтэйгээр нээж, шинэ оноос бизнес эрхлэгчдэдээ үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна.


Онцлох нийтлэлүүд