Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ЗУРХАЙ: Шарагчин хонь өдөр DNN.mn ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 19 хэм, бороо орно DNN.mn ТОЙМ: "Долоогоос дээш хоног нутаглах бол баг, хорооны Засаг даргаас зөвшөөрөл авдаг болъё" хэмээн өгүүллээ DNN.mn “Mongolian diaspora tech summit” олон улсын чуулган боллоо DNN.mn Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа DNN.mn Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжив DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан DNN.mn Наадмын өдрүүдэд тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ авах салбаруудын ажиллах цагийн хуваарь DNN.mn Улсын баяр наадамд Тува, Халимаг, Буриад, Өвөр Монголын 25 бөх барилдах хүсэлтээ өгчээ DNN.mn ЗУРХАЙ: Шарагчин хонь өдөр DNN.mn ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 19 хэм, бороо орно DNN.mn ТОЙМ: "Долоогоос дээш хоног нутаглах бол баг, хорооны Засаг даргаас зөвшөөрөл авдаг болъё" хэмээн өгүүллээ DNN.mn “Mongolian diaspora tech summit” олон улсын чуулган боллоо DNN.mn Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа DNN.mn Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжив DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан DNN.mn Наадмын өдрүүдэд тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ авах салбаруудын ажиллах цагийн хуваарь DNN.mn Улсын баяр наадамд Тува, Халимаг, Буриад, Өвөр Монголын 25 бөх барилдах хүсэлтээ өгчээ DNN.mn
Соёл урлаг
2022.06.26 11:06

М.Энхцэцэг: Английн гүнгийн авхай Кэтрин Элизабет Миддлтон миний урласан даашинзыг өмсөхөд сэтгэл хөдөлж байлаа DNN.mn


Английн гүнгийн авхай Кэтрин Элизабет Миддлтон Хатан хаан II Элизабет хаан ширээнд заларсны 70 жилийн ойн ёслолын үйл ажиллагаанд оролцох үеэрээ монгол дизайнер М.Энхцэцэгийн урласан даашинзаар гоёсон нь онцлох үйл явдал байв. Бид дизайнер М.Энхцэцэгтэй ярилцлаа. Энэ цагийн Холливудын оддын хувцсыг урлаж буй тэрбээр “Stella Mc­Cartney” брэндийн оёдлын мастераар ажилладаг юм.


-Тантай холбогдох гэж нэлээн цаг зарлаа, завгүй байдаг бололтой. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Ярилцлагад урьсанд баярлалаа. Энд ковидын нөхцөл байдал намжихтай зэрэгцээд хуримын хувцасны захиалгад дарагдлаа. Ойрын хэдэн өдөр чөлөөт цаг бараг гарсангүй. Удахгүй эх орондоо очихоор төлөвлөсөн. Бичиг баримт хөөцөлдөхөөс өгсүүлээд цаг зав бага байлаа. Өнөөдөр өөртөө зориулж цаг гаргаад амарч байна. Энэ салбарт ажилладаг хүмүүсийн нэг өдөр ер нь их завгүй өнгөрдөг. Англи, Америк, Франц, Герман зэрэг орнуудад загварын шоу болдог. Үүнтэй холбоотойгоор жилд дөрвөн удаа шинэ загвар гаргадаг гэсэн үг л дээ. Загварын шоу дөхсөн өдрүүдэд үүр цайтал суух тохиолдол ч бий.

-Саяхан болсон ёслолын үйл ажиллагааны үеэр Английн гүнж Кэтрин Миддлтон монгол эмэгтэйн урласан даашинзаар гоёсон нь олны анхаарлыг татлаа. Гүнгийн авхайн хувцсыг оёход хэдий хугацаа зарцуулав?

-Хоёр долоо хоногийн хугацаа зарцуулсан. Өндөр зэрэглэлийн хүн учраас өөрийн биеэр уулзаж биеийн хэмжээг нь авах боломжгүй. Стилистээр нь дамжуулж харьцсан учир бага зэргийн бэрхшээл гарсан. Дэлхий нийтийн анхаарал татсан үйл ажиллагаанд зориулсан даашинз учраас төгс бүтээл шаардана. Хоёр удаа бүтэн оёж, дөрвөн удаагийн засвар хийсэн. Жаахан хэмжээ зөрөхөд л дахин оёх шаардлага гардаг. Биеийнх нь хэмжээг аваад урлаж байгаа ч бүсэлхийнээс нь ч юм уу бага хэмжээгээр танах зэрэг ажиллагаа орно. Өөрөө уулзаад биеийнх нь хэмжээг авсан бол тэгж их хугацаа орохгүй л дээ. Харуул хамгаалалт нь өндөр учраас тийм боломж байдаггүй юм билээ. Хэд хэдэн удаагийн жижиг засвар хийгээд л улаан, ягаан өнгийн даашинз бэлэн болсон. Дэлхий нийтийн анхаарал татсан үйл ажиллагааны гол дүр миний урласан даашинзыг өмсөхөд сэтгэл хөдөлж байлаа. Их зүйл бодогдсон шүү. Энд хэлний бэлтгэлд сурахаар ирээд зарим газруудад туршлагагүй гэх шалтгаанаар гологдож байсан үе минь нүдэнд харагдаж байлаа.

-Монгол эмэгтэйн урласан даашинзыг хараад олон ч хүний сэтгэл хөдөлсөн байх. Та Лондонд очоод хэдэн жил болж байна вэ. "Stella McCartney"-д ажилд орсон түүх сонин байна л даа.

-Би 1998 онд хэлний бэлтгэлд сурахаар Лондонд ирж байсан. Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж сургалтын төлбөрөө олно. Ингээд “University of Art London college of fashion"-д гурван жил загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Төгсөөд ажилд ороход ажлын туршлага хардаг юм билээ. Би сурахын хажуугаар цагийн ажил хийж байсан учраас туршлага хуримтлуулж амжаагүй юм. Хамт сурч байсан оюутнууд маань түрээсийн төлбөрт санаа зовохгүй, нутагтаа байгаа учир ажилд ороод яваад өгсөн. Миний хувьд ажлын туршлага байхгүй гэх үндэслэлээр хэд хэдэн газруудад гологдож байлаа. Тэгээд бүр багаас нь эхлэхээр шийдэж оёдолчноор ажилд орсон. Оёдолчноор ажиллаж байгаад зэрэглэл ахина гэж төлөвлөсөн юм. Энэ хугацаанд хэд хэдэн газарт агентаар ажилласан. Дэлхийн алдартай брэндийн ЗОЛБАЯР

стиль, технологиудыг мэдээд авчихсан. Цааш ахихад том туршлага болсон шүү.

-“Stella McCartney” брэнд таныг онцолж итгэл хүлээлгэсэн шалтгаан юу байв?

-Гараасаа төгс бүтээл гаргахыг зорьдог байлаа. Ямар ч ажлыг хүний нүд хуурсан байдлаар гүйцэтгэдэггүй. Том брэндийн зүгээс надад итгэл хүлээлгэсэн гол шалтгаан энэ байх. Монголчууд ийм хандлагатай байдаг. Онцлог нь гэж ойлгодог юм. Ийм ч учраас дэлхийн олон улс орнуудад монгол залуусын ур чадвар, оюуны бүтээл гайхагддаг болов уу.

-"Stella McCartney"-д орсноос хойш Холливудын оддын хувцас урлаж эхэлсэн үү?

-Энэ ажилдаа ороод найман жил болжээ. Энэхүү брэндийн үүсгэн байгуулагч Stella бол “Битлз” хамтлагийн Пол Маккартнийн охин нь. Өөрөө алдартай дуучин учраас компанийнхаа маркетинг, сурталчилгаа зэргийг хийчихдэг юм. Холливудын жүжигчидтэй ойрхон байдаг учраас тэд манайхаар тогтмол үйлчлүүлнэ. Оскарын кино наадам дөхсөн өдрүүдэд амсхийх завгүй ажилладаг. Энд нэг зүйлийг онцлоход, бид багаараа ажилладаг юм шүү.

-Хувцас урлахад багийн ажиллагаа чухал байх…

-Тийм, хамгийн чухал нь багийн ажиллагаа. Дөрвөн хүн нэг бүтээл дээр ажиллалаа гэхэд нэг толгойтой юм шиг ажиллахыг шаарддаг. Зарим үед олон цагаар ажиллана. Тиймээс янз бүрийн араншин гаргаад байж болохгүй. Тэвчээртэй байх хэрэгтэй. Бүх зүйлээрээ л нэгдмэл байж үр дүнд хүрнэ. Энэ зуунд даавууны технологи өндөр хөгжиж, олон төрлийн даавуу гарч улам их авьяас шаардаж байна. Жишээ нь, даавуутай яаж харьцах, даавуугаа мэдрэх, загвар, даавуу хоёр хоорондоо зохицох гэх мэт олон асуудал гардаг. Үргэлж шинийг сэтгэж байхыг л шаардаж байна.

-Ковидын үед та юу хийв. Өөрийн нэрийн брэндээ гаргасан гэсэн үү?

-Ковидын үед гэрээсээ ажилласан. Ачаалал ч багатай байлаа. Чөлөө завыг ашиглаад "Enka Coulture" гэх нэрийн брэндээ гаргаж амжлаа. Энэ миний багын мөрөөдөл л дөө. Ямартаа ч эхний алхмаа хийсэн. Одоогоор бүтээгдэхүүнээ онлайнаар худалдаалдаг.

-Таны брэндийн загварын онцлог юу вэ. Монгол эмэгтэйчүүд хэр их сонирхож байх юм?

-Баяр ёслолд өмсөх гоёмсог даашинз, энгийн үед өмсөх чөлөөт, оффист өмсөх зориулалттай хувцас хийдэг. Мөн гоёлын даашинзыг захиалгаар урлаж байгаа. Цаашид монгол үндэснийхээ хатгамлыг европ стиль рүү оруулах, Монголдоо өөрийн жижиг үйлдвэрээ нээх төлөвлөгөөтэй байна. Англиас Монгол руу нийлүүлэхэд арай үнэтэй тусах юм. Хүүхдүүд минь ч том болсон учраас тогтмол Монгол руу очиж байхаар төлөвлөсөн. “DIOR”, “Channel” зэрэг дэлхийд алдартай брэндүүдийн технологийг мэднэ. Энэ бүхнийг монгол залуустайгаа хамтарч ажиллаад туршлагаа хуваалцъя гэж боддог. Ерөнхийдөө чанартай хувцсыг боломжийн үнээр монгол эмэгтэйчүүддээ нийлүүлэхийг л зорьж байна. Удахгүй нутагтаа очно доо.

-Сүүлд нь тодруулахад дэлхийн загварын чиг хандлага хаашаа явж байна вэ?

-Эдийн засгийн хямралтай холбоотойгоор худалдан авах чадвар тааруу болж байна. Үүнийг дагаад хувцасны чанарт ч асуудал бий болж байгаа юм. Нэг, хоёр угаагаад л чанар нь алдагдана. Үүнийг зогсоохын тулд байгальд ээлтэй, эко даавуугаар удаан эдэлгээтэй хувцас бүтээхэд чиглэж байгаа юм. Хямд, чанаргүй хувцасны хаягдал байгаль орчныг асар их бохирдуулж байна л даа. Дэлхийн загварын чиг хандлага үүний эсрэг л чиглэж байна.

Онцлох нийтлэлүүд