Наадмаар эмнэлгийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

Нийслэлийн эрүүл мэндийн газраас наадмын үеэр Эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарийг гаргажээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагаас 16-ны өдрийн 09 цаг хүртэлх хугацаанд хариуцлагатай жижүүр нь 320981 дугаарын утсанд 24 цагаар ажиллаж 1,2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авна.
2014 оны 07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд 10-16 цагийн хооронд өрхийн эрүүл мэндийн төвүүд бүгд ажиллана.
Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор, мэс засал, шүдний кабинетууд ажиллаж, иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
Баяр наадмын өдрүүдэд 10-16 цагийн хооронд Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв ажиллаж, нэн яаралтай амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.
Сурын болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн автомашин, эмчийн хамт ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэлүүд хариуцаж ажиллана.
“Хүй долоон худаг”-т хурдан морь унаач хүүхдүүдэд Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг Яаралтай түргэн тусламжийн төв буюу иргэдийн хэлж заншсанаар 103 хариуцахаар болсон байна.
Баярын өдрүүдэд хүүхдийн түргэн тусламж 24 цагаар, Дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдийн хүлээн авах тасаг 24 цагаар иргэдийг хүлээн авч шаардлагатай тусламжийг үзүүлнэ гэнэ.