Улс төр
2015.06.23 09:06

НАМЗХ-ны суудал нэг тэрбум төгрөгийн үнэд хүрчээ

М.ЭНХБОЛД ХУРЛЫН ДУНДУУР Г.ТЭМҮҮЛЭНИЙ НЭРИЙГ ДЭВШҮҮЛЖЭЭ-

Баян, ядуугаараа талцаж, хуваагдсан МАН-ны залуучуудын холбооны (НАМЗХ) V Их хурал өнгөрсөн амралтын өдрүүдээр бужигнаантай болж өнгөрлөө. Тус хурлаар Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгосон юм. Харвардад сурахаар явсан тус холбооны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийн орыг залгамжлан үлдсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр түүнийг ирэхэд нь аль хэдийнэ суудлыг нь эзэгнэчихсэн байсан нь маргааны эхлэл болсон юм. Ингээд бие, биенийхээ эсрэг мэдэгдэл хийж, ширүүхэн тэмцэл эхэлсэн билээ. Харин энэ удаад УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хоосон үлдээгээгүй байна. Түүнийг Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах Бодлогын зөвлөлийн даргаар сонгожээ.

Уг нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, НАМЗХ-ны одоо мөрдөж байгаа дүрэмд заасны дагуу НАМЗХ-ны насны дээд хязгаарыг 18-35 нас байна гэсэн заалтыг хэвээр үлдээх чиглэлийг НАМЗХ-д өгсөн ч үүнийг хүлээж аваагүй байна. Ингээд 40 шүргэж яваа “мөнгөтэй” залуучууд НАМЗХ-г удирдахаар болж байна. Хурал эхлэхийн өмнө төлөөлөгчид НАМЗХ-ныхон насны хязгаарыг 39 болгох Н.Номтойбаярын саналыг дэмжээд, Ерөнхийлөгчөөрөө Л.Оюун-Эрдэнийг дэмжихээр тохиролцжээ. Гэтэл байдал өөрчлөгдөж хурлын дундуур М.Энхболд НАМЗХ-ны Ерөнхийлөгчид Г.Тэмүүлэнгийн нэрийг дэвшүүлсэн байна. Мэдээж тохирооноосоо буцсанд Л.Оюун-Эрдэнэ дургүйцэж, нэрээ татаж түүнийг дагасан хэдэн залуус бухимдаж хуралдааныг орхин гарсан байна. Тэд тусдаа шинэ холбоо байгуулахаа ч мэдэгдсэн байна. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй залуус гарсны дараагаар гишүүдийн ирц 50.6 хувьтайгаар НАМЗХ-ны Ерөнхийлөгчид Г.Тэмүүлэнг 100 хувь дэмжжээ.

Энэ удаагийн тулаанд “мөнгө” ялсныг харуулж байна. Учир нь уг холбооны суудал нэг тэрбумд хүрсэн гэх мэдээлэл ч бий. Энэ мөнгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг, Г.Тэмүүлэн нарын залуучууд гаргажээ. ТүүнчлэнТусгаар тогтнолын ордны хоёрдугаар давхарт байрлах УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүүгийн гэх ресторанд НАМЗХ-ны хэсэг залуус муудалцаж, нударга зөрүүлсэн гэх мэдээллийг ч эх сурвалж өгч байна. Хоорондоо муудалцаж эхлэх үед тэднийг хамгаалагч нар гаргасан юм байна. Хаваржингаа үргэлжилсэн МАН-ын залуусын “зодоон” Ерөнхийлөгчөө сонгосноор ч дуусахгүй бололтой. НАМЗХ-ноос гарсан залуучууд нь дахин шинэ холбоо байгуулж сонгуулийн өмнө бужигнуулж өгөх бололтой.

Онцлох нийтлэлүүд