ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.05.16 08:05

Намын Төв хорооны нарийн бичгийн дарга асан Цэрэнпилийн Балхаажав: Ерэн оноос хойш би улс төрийн тухай бодохоо ч байсан, намайг хүмүүс тоохоо ч байсан


Ц.Балхаажав, В.Алзахгүй нар Монголын багш нарын долдугаар их хурлын үеэр. Төрийн ордон

1984-1990 оны хооронд Намын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан монгол төрийн зүтгэлтэн Цэрэнпилийн Балхаажав гуайн яриаг хүргэе. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн шинжлэх ухааны доктор, профессор эл эрхэм монгол тооллоор өдгөө 92 насны сүүдэр зэрэгцэж байгаа. Өмнө нь сонин хэвлэлд хүн судлал, философийн тухай гээд ихэвчлэн эрдмийн ажил, судалгааны бүтээлийнхээ талаар ярьсан байдаг. Харин энэ удаад нам төрд зүтгэсэн он жилүүдийнхээ тухай цухас цухасхан дурдсан. Балхаажав гуайтай түүхийн ухааны эрдэмтэн доктор Вандангийн Алзахгүйн албан өрөөнд гурвуулаа хөөрөлдсөн юм.


-Балхаажав гуай, та чинь Завхан нутгийн хүн. Ус нутаг, удам гарлынхаа тухай эхлээд ярихгүй юу?

-Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутаг Нарийн цахир хэмээх уулын зүүн биед орших Баруун туулайтын Үүдэндээ цохиот гэдэг өвөлжөөнд 1928 онд төрсөн. Өвөг эцэг минь Бат-Очир тайжийн хүү Түвдэнсүрэн гэж язгууртан, тамгын бичээчээр он удаан жил ажилласан өвгөн байсан. Надад хуучин бичгийн зүг чигийг анх заасан хүн. Бичих уншихыг энэ хүнээр заалгаад Сандуйжав мээрэн гэж тухайн үеийн зуны түр сургуулийн багшаар мөн бичиг үсэг заалгасан.

Өвөг эцэг минь мээрэн дээр аваачиж “Чи энэ хүүхдийг л бичиг үсэгтэй болгож үз” гэж хэлсэн байдаг. Түр сургууль байгуулахыг Сандуйжав мээрэнд Засгийн газраас даалгасан юм билээ. Сургуульд хориод хүүхэд хичээллэдэг байв. Тэр чинь гучин долоон оны үе. Япон улс манайх руу үе үе довтолдог байсан цаг. Тиймдээ ч болоод тэр үү, бидэнд Японыг буруутгасан утга агуулгатай ном уншуулдаг байсан. Д.Нацагдожийн зохиол хуучин бичгээр хэвлэгдсэн байсан. Бас нэг морины тухай тууж гарчихсан байлаа. Өвөг эцэгт маань том даавуун баринтагтай дээхнэ үеийн ганжуур данжуурын уламжлалтай модон дармал бичигтэй номнууд олон байсан. Би гэртээ байхдаа бараг бүгдийг нь уншсан. Ингээд гучин долоон оныхоо өвөл буюу түр сургуульд суралцсаныхаа өвөл одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дахь Цагаан оломын бага сургуульд очиж суралцсан. Гончиг гэж багш дээр очиж хоёрдугаар ангид орсон. Цагаан оломд Батмөнх гэж Шилүүстэй сумын өндөр хар хүү байлаа. Сандив гэж Дэлгэрт багш байсан, сүүлд Төв музейд ажиллаж байсан. Их бага Санжмятав гэж байсан. Бага Санжмятав нь сүүлдээ Намын төв хорооны боловсон хүчний хэлтэст ажиллаж байсан хүмүүс “буурал Санжмятав” гээд анддаггүй байв. Дамдинжав, Норов гэж Рафак төгссөн орос хэлтэй хоёр багш байв. Дамдинжав багш сүүлд Дотоодыг хамгаалах яамны орлогч сайд хүртэл байсан хүн. Мөн бас нэг хүнийг дурдах хэрэгтэй. Бид хоёр нэг ангид, нэг өрөөнд байсан, тэр маань саяхан соёлын гавьяат болсон зураач Даваасамбуу юм. Засгийн газарт олон зураг зурж өгсөн мундаг зураач хүн. Жаалхүү гэж хүний хүүхэд. Тагнуулын Баатарын төрсөн ах гэдэг шүү. Гончиг багш бүх хичээлийн конспектээ надаар хуулуулна. Миний бичгийн хэв энээ тэрээ чинь тэндээс сайхан болсон юм. Сургуульдаа сүрхий сурагч нь байлаа. Миний өөрөөр нь овоглодог нагац ах Цэрэнпил цээж тоонд сайн болгосон. Зургаа, долоо настайгаас минь цээжээр тоо бодуулж сургасан, би гэдэг хүн нэг саяын дотор толгой өвдөхгүй хариуг нь шууд хэлдэг байв. Нутагтаа амралтаар очиход багийн дарга зүгээр суулгахгүй, малын тоонд авч явна. Бүр багаасаа л би бичээч хийж, тоо бодож суманд ч багт ч зарагдаж явсан. Мөн улаа нэхнэ, өртөө хийнэ гээд барагдахгүй их юм үзэж туулж дээ. Цагаан оломд гурван жил суралцаж төгсөөд Завханы дунд сургуульд ирсэн. Дөчөөд оны үе. Говь-Алтай аймаг Завханаас дөнгөж салж тусдаа аймаг болж байсан цаг гээд бодохгүй юу

-Улиастайд ирээд сурахад ямар хүмүүс хичээл ном заах уу?

-Шар Рэнцэн гэж өндөр багш хүлээж авч хичээл заасан. Их сургуульд сүүлд багшилж байгаад нас барсан алдартай Дашцэдэн багш арван наймхан настай залуу Завханы дунд сургуульд анх крилл бичиг зааж байсан. Миний кирилл бичиг Дашцэдэн багшийн бичгийн хэлбэр юм. Биеийн тамирын Ламзав гэж багшаас их айна. Тэвхэлзсэн намхан бор багш. Биднийг жагсааж байгаад хөл гарын сургууль хийлгээд. Завханы дунд сургууль аймгийн төвөөс жаахан зайдуу. Ширэн ултай монгол гутлаараа мөсөн дээр гулгаж сургуульдаа очно. Голын эрэг дээр гутлаа тайлж хаячихаад бахиал ч юм уу арай хөнгөн юм өмсөөд хичээлдээ ордог байв. Хавар нь багш болж сумандаа очсон ч хоёр жилийн хугацаанд хөдөө мал малласан. Учир нь яг тэр үед ээжийн бие муудаж, дөчин гурван онд таалал болсон. Ээж минь Түвдэнсүрэнгийн Намнансүрэн гэж хүн байв. Дөчин таван онд би бичиг үсгийн багш болсон. Албан ажилд анх томилогдсон нь тэр. Бичиг үсгийн багш нэг жил хийгээд улаан булангийн эрхлэгч, дараа нь сумын бага сургуулийн захирал болсон. Ингээд дөчин найман онд Улаанбаатарт хотноо Намын дээд сургуульд ирсэн.

-Намын сургуульд ирээд хэн хэнтэй хамт суралцав, ямар хүмүүс багшилж байв гэдэг бас сонин байх болов уу?

-Хассүрэнгийн Лхамдорж гэж миний найз байж байгаад өнгөрсөн, тэр бид хоёр цуг ирсэн. Лениний ботиудыг орчуулсан, Маркс, Энгельс гээд бүгдийг нь орчуулсан мундаг сэхээтэн. Пүрэвжав гэж Монцамэ-гийн даргаар ажиллаж байсан тэр мөн суралцаж байсан. Лувсансамбуу надаас хоёр жилийн өмнө ирсэн байсан. Хамт төгссөн хүмүүсээс одоо амьд мэнд хүн бараг л байхгүй болоод байна. Намын сургуульд суралцсанаар би номонд дуртай болсон. Мөн орос хэлийг надад сургасан. Доржсүрэн гэж түүхийн багш намайг орсон жил “Хүний үүсэл гарал” гэсэн жижигхэн номыг “Чи үүнийг орос хэл дээр орчуул, хавар гэхэд надад өгөөрэй” гээд намар өгдөг юм. Би чинь оросоор ганц ч үг мэдэхгүй. Үнэнээ хэлтэл, “чи үг бүрийг словарьд, чиний толгойд энэ номын утга санаа, үг бүхэн үлдэнэ” гэв. Би үг бүрийг нэг бүрчлэн толиос харж хажууд нь монголоор бичлээ. Тэгээд тэрхүү үгнүүдээ өгүүлбэр болгон найруулах гэхээр миний үгнүүд орос хэл дээр утга санаа нь дүйж найрч өгдөггүй. Овоо найрлагатай өгүүлбэр боллоо гэтэл үг нь таардаггүй. Хожим бодоход инээдтэй санагддаг. Тийм л зовлон эдэлж байж орос хэлний зүг чигийг олж авсан юм. Доржсүрэн багшийн буян. Хүн судлалын сэдэв маань ч тэндээс үүдэлтэй. Их буянтай багш гэдэг үгүй ээ мөн хэрэгтэй дээ. Намын дээд сургуулийн Сүхбаатарын нэрэмжит цалинт онц сурлагатан байлаа. Ямар сайндаа гурван жил миний зургийг самбартаа хадах билээ. Тэр зургаа би сүүлд нь дурсгал болгоод авчихсан.

-Та бол тухайн цагтаа дэлхийн шинжлэх ухааны гол төв болж байсан Москвагийн их сургуулийг төгссөн хүн. Тэртээ 60 жилийн өмнө буюу тавин есөн онд Монголоос таван оюутан философийн ангид суралцахаар явсны нэг нь та?

-Москвагийн их сургууль дэлхийн шинжлэх ухааны гол төв гэдэг үнэн л дээ. Ёстой уншиж барахын эцэсгүй баялаг номын сантай. Миний бие чадах ядахаараа л уншсан. Таван хүн томилж философийн ангид явуулсны дунд чинь Содномгомбо, философийн нэртэй эрдэмтэн багш болсон Пүрэв, за тэгээд Цэрэн, Нансал бид хэд байв. Нансал бол намын дээд сургуульд философийн багш байсан хүн. Философийн шинжлэх ухаан гэдэг чинь ерөөсөө л ертөнцийг үзэх түгээмэл үзэл шүү дээ. Аливаа юмны голыг нь олж үзэх үзэлд сургахыг хэлж байгаа юм. Тоо, физик, хими гээд байгалийн шинжлэх ухаанаар хэрхэн суурь хийж үзэгдэл юмсыг тайлбарлах вэ гэдгийг сургана. Мэдээж байгалийн ухаануудыг заана. Би хими, биологийн чиглэлийг голлож авсан. Байгалийн шинжлэх ухаан философитой нийлэхээрээ юу болох уу гэдэг суурь ойлголтын гаргалгааг хэлж өгдөг. Үндсэндээ философи, байгалийн ухаан хоёрыг нийлүүлж нэгтгэж өгдөг ийм л сургуульд сурсан. Миний багш Молодцов Василий Сергеевич гэж философийн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн байлаа. Философийн факультет нь Москвагийн төвд байсан. Молодцов багш манай факультетийн захирал, намайг бие дааж хариуцаж байсан хүн. Тэр багшийг би хэзээ ч мартах эрх байхгүй. Буруу юм хийвэл багшийнхаа нэрийг гаргах учир одоог хүртэл шүтэж дээдэлж явдаг. Тэнд таван жил сурч ирээд нийгмийн ухааны академидаа тасгийн эрхлэгчээр ажилд орсон. 1967 он хүртэл гурван жил тасаг хариуцаад дахиад аспирантурт явсан. Докторын зэрэг хамгаалахаар бас л Москва явж байгаа. Би чинь аль тэртээ жаран долоон онд тухайн үеийн дэд эрдэмтний зэргийг философиор хамгаалаад түүнээсээ гучин жилийн дараа буюу 1997 онд “Хорьдугаар зуун ба хүн судлал” сэдвээр шинжлэх ухааны докторын зэргээ хамгаалсан. Ажил төрөлд дайчлагдаж гүйсээр байгаад гучин жил болсон байдаг. Энэ хугацаанд бараг л үндсэн сэдвээ мартах нь холгүй болсон.

-Таны төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил боловсролын тухай яриад байвал уртаас урт дараалал болно. Тэгэхээр одоо яриагаа Төв хороонд ажилласан он жилүүд рүү хандуулбал яасан юм бэ. Төв хороонд ажиллаач гэсэн үүрэг чиглэлийг хэн анх өгсөн бол?

-Төв хороонд үзэл суртал эрхэлсэн Дэжидийн Чимэддорж гэж дарга байсан. Тэр хүн нэг өдөр дуудаад “Лхамсүрэн гуай хойшоо эрдмийн зэрэг хамгаалахаар явна. Чи үзэл суртлын хэлтсийн эрхлэгч” болно гэж далан хоёр онд хэлсэн. Ингэж тушаал буулгаад Улс төрийн товчоонд орж батлуулсан. Тэгээд долоон жил үзэл суртлын хэлтсийн дарга хийлээ. Түүний дараа нь С.Жалан-Аажав дарга дуудаад “Чи үзэл суртлын хэлстийн даргыг ажлыг Адъяад өгнө. Чи өөрөө намын байгууллагын хэлтсийн эрхлэгч болно” гэдэг юм. Намын байгууллагын хэлтэст очоод гурван жил болж байтал Гомбожав дарга дуудлаа. “Чи намын байгууллагын хэлтсээс гадаад харилцааны хэлтэст очно” гэдэг юм. Ингэж би Төв хороонд гурван хэлтэс дамжсан хүн. Гадаад харилцааны хэлтэст гурван жил болсон. Гадаад яамыг, мөн гадна дотны харилцаа, элчин сайд гээд Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой бүх асуудлыг хариуцна. Чадал чансаа хүрэхгүй зүйл байсан. Намын Төв хорооны нарийн бичгийн даргын хариуцлагатай албанд зүтгэхийг надад Батмөнх дарга хэлсэн. Наян дөрвөн оноос ерэн оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд төрийн өндөр албанд зүтгэсэн. Ерэн оны гуравдугаар сарын онцгой их хурлаар огцорч хөөгдөөд дээлээ үүрээд, номоо тэврээд гэртээ харьсан ийм л түүхтэй. Төв хорооны нарийн бичгийн дарга байхад Цахилгаан, Жанцанноров, Баасансүрэн, Түмэндэлгэр, Даваадаш, Пүрэвдаш, Дашдаваа, Бордух, Дондов гээд хорь гучаад залуустай ажиллаж байсан. Үзэл суртлын хэлтэс, шинжлэх ухаан боловсролын хэлтэс, намын байгууллагын хэлтэс, гадаад харилцааны энэ дөрөв чинь үнэн хэрэг дээрээ миний харьяалал байсан. Түмэндэлгэр мэдлэгтэй намуухан, эвлэг хүнтэй ажиллахад сайн алт шиг хар хүү байлаа. Одоо энэ Баасансүрэн байна, соёлын хэлтэст байсан, мундаг залуу.

-Цэдэнбал даргатай ойр байсан хүний нэг та яах аргагүй мөн. Ер нь Бал дарга таныг өөр дээрээ авсан гэх яриа байдаг?

-Бал даргын цэрэг нь юм чинь би ойр байлгүй яахав. Дуудсан цагт нь яваад орно, ажлаа танилцуулна. Гадаад харилцааны хэлтэс Бал даргын шууд харьяалалд байсан. Намын байгууллагын хэлтэс, үзэл суртлын хэлтэс өөр дарга нараар дамжина. Гадаад харилцааны хэлтэст очсоноос хойш байнга юмаа танилцуулна. Намайг Улс төрийн товчооны хуралд ороход Бал дарга “Би чамайг өөр дээрээ авлаа” гэж хэлээд шууд батлуулж байсан. Бал дарга тэгж намайг өөрөө дээрээ авсан нь үнэн юм. Гомбожав дарга “Чи надаар заалгалтгүй гадаад харилцааны юмандаа өөрөө суралц” гэж хэлж байсан. Гадаад харилцааны хэлтэст байхад нэг албан бичигт жижиг алдаа гаргаж Бал даргаас бүтэн цаг лекц сонсож байсан удаа бий. Ер нь Бал даргатай өдөр тутам гэх нь юу юм, гэхдээ их л ойр байсан. Заримдаа манай өрөөгөөр ороод ирнэ. Бал даргыг ороод ирэхэд би чинь босоод харайна биз дээ. Тэгэхэд “суу суу, ажлаа хий. Би зүгээр л юм сонирхож явна” гэдэг сэн. Их товчхон үүрэг өгдөг байсан. Үг яриа нэг их хэлээд тайлбарлаж удаад байхгүй. Хүнийг урдаар буруутгах, наануу цаануу болохгүй. “Энэ чинь ийм ийм учиртай, тэр улсуудыг чи сайн мэдэх үү, судалсан уу” гэнэ. Тэгээд өөрөө заримыг нь хэлж өгнө дөө.

-Та амьдралынх нь сүүлийн жилүүдэд хэр ойр байсан бол. Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-1988 онд хойно байхад нь очиж уулзсан. Даргын авгай Филатоватай утсаар яриад “Москвад ирснийх дарга та хоёртой уулзаж болох уу” гэхэд “Болно” гэж зөвшөөрсөн. Дөчин хэдэн минут уулзсан. Комиссар нь Чулуун байсан. Авгайтай эхлээд Улаанбаатарын амьдралын тухай жаахан ярилцсан. Авгай Улаанбаатарын амьдралыг юу гэж харж байна, та нар энэ хүнийг юу гэж боддог уу гэж Бал даргын асууж байсан. Ингээд цаанаа дарга орж ирсэн. Намайг хараад шууд таньсан. “Чи хаачиж яваа юм” гэж асууж билээ. Даргад тэр үед нэг дутагдалтай нь мартаж санах асуудал байсан. “Тэр хаана байгаа вэ” гэж зарим нэг хүний тухай дахин дахин асууна. Дарга бол хүмүүсийг овог нэртэй нь шууд хэлдэг, тийм онцгой ойтой хүн байсан юм. “Монголын байдал ямар байна” гэхээс өөр зүйл нэг их асуугаагүй. Тэгтэл авгай “Одоо болно, чи ядарчихлаа” гээд даргыг цаад өрөө рүү нь оруулсан. Тэр бол бид хоёрын хамгийн сүүлчийн уулзалт байсан.

-Наяад оны сүүлээс социализм нэг л болохгүй нь гэх зүйл танд мэдрэгдэж байв уу. Энэ тухай Алзахгүй доктор сонирхож байна л даа?

-Социализмыг би насаараа буруутгаж чадахгүй. Тэр тухайгаа би хэлдэг. Коммунист үзэл суртал надад муу юм өгөөгүй, ер нь хэнд ч муу юм өгөөгүй дээ. Өөрчлөлт гэдэг наян таван оноос эхэлсэн юм. Горбачёв очоод шинэчлэлт өөрчлөлтийг хийе, социализмыг улам боловсронгуй болгоё, сайжруулъя гэснээс халъя гэдэг асуудал байгаагүй юм. Миний хувьд Намын төв хорооны нарийн бичгийн даргын хувьд социализмыг хэрхэн сайжруулах талаар хүмүүст үүрэг даалгавар өгч байсан. Өөрөө ч энэ тухай бодсоор байгаад ерэн онтой золгосон доо. Харин ерэн оноос хойш бол би улс төрийн тухай бодохоо ч байсан, намайг хүмүүс тоохоо ч байсан. Ерэн оны гуравдугаар сард болсон намын онц их хурал, Төв хорооны бүгд хурлын чуулган хоёуланд нь би үг хэлсэн. Тэгэхдээ “Огцорно гэдэг үг хэрэглэхгүй ээ” гэдгээ хэлсэн юм. “Би намаас огцрохгүй, намын ажлаас огцрохгүй. Би намд өөрөө элсэж даалгаврыг нь биелүүлж ирсэн. Намайг хөөгөөгүй цагт би холдохгүй” гэж хэлсэн. Огцорно гэдэг үгийг хэрэглэх хүн нь хэрэглэдэг юм байгаа биз, би лав хэрэглэхгүй гэж Бугын Дэжид гуай биднийг цуглуулахад хэлсэн.

-Намын Төв хорооныхныг хүмүүс шүүмжилдэг. Улс орныг удирдах нь байтугай төр гэдгийг ч мэдэхгүй хэдэн залуучуудад Монгол орныг тэр чигээр нь өгөөд та хэдийг зугтсан гэдэг. Үүнд та ямар тайлбар хэлэхсэн бол?

-Бид нарын бууж өгснийг буруу гэдэг юм аа. Миний бие огцорно гэдэг үгийг хэрэглэхгүй байсан болохоос залуучууд шинэ юм хийе гэхийг хүлээн зөвшөөрч байсан. Итгэж үлдээх нь зөв. Бид бол мөнхийн дарга нар биш шүү дээ. Халаатай, солиотой байх ёстой. Үнэхээр Монгол Улсаа хөгжүүлье, хөгжлийн шинэ шатанд гаргая гэж бодлогоо тодорхойлоод зорьж байгаа бол надад татгалзах зүйл алга гэсэн тийм л бодолтой байсан.

-Жамсрангийн Самбуу гуайтай хэр ойр байв?

-Самбуу гуай намайг танина, би бол сайн танина. “Амьдралын сургаал” ч бил үү хуучин бичгийн номоо кирилл болгож надаар хуулуулсан юм. “Энэ номыг чи кириллд оруулаатах. Чамд хугацаа тогтоохгүй ээ” гэж хэлээд өглөө. 50, 60-аад хуудас ном байсан. Самбуу гуай тэр үед АИХ-ын дарга байсан. Би өнөөхийг нь гурав хоногийн дотор бичээд өгчихлөө. “Чи сайн хийсэн биз” гэж асууж байсан. Яг л байгаагаар нь хийхийг бодсон гэдгээ хэллээ. Түүнээс хойш нэг жил тойрсны дараа АИХ-ын нарийн бичгийн дарга Готов гуай “Чамайг Самбуу дарга дуудаж байна” гэдэг юм. Дахиад л бас нэг ном өгөх нь дээ, яаж хийж өгнө дээ гэж бодоод орсон чинь 400 төгрөг өглөө. Дандаа тавьтын дэвсгэрт. “Чи миний номыг сайн хийсэн байна лээ” гэв. Даргаа би зүгээр л бичээд өгсөн шүү дээ гэтэл “чи ав ав” гэдэг юм. Тэгээд би одоо хүртэл нэг 50 төгрөгийг нь хадгалдаг юм. Нэг номын завсар хийчихсэн, хаана байгааг нь олохгүй байгаа. Том ногоон далбагар тавьтын дэвсгэрт. Хуучны мөнгө их том байсан. Далаад оноос мөнгө жижиг болсон. Ном сөхөх бүрийдээ Самбуу гуайн өнөө миний хадгалсан тавьтын дэвсгэрт байж байх вий гэж горьдож хардаг юм.

Үргэлжлэл бий

Онцлох нийтлэлүүд