Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn
Онцлох нийтлэл
2014.06.18 12:06

Нас барсан хүнийг шүүсэн шүүх ухаангүй, дээр нь хүнлэг биш харагдах юм

Монголын шүүх анх удаа нас барсан хүнийг шүүж, гэм буруутай гэж үзлээ. Монголчууд “Талийгаачийн нэрийг дурсаж ясыг нь өндөлзүүлэхгүй” гэдэг дээ. Тэгтэл Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч Б.Батболор хуралдааны эхэнд шүүгдэгчдийн биеийн байцаалтыг уншихдаа “Шүүгдэгч Д.Амарсайхан... онд төрсөн. Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан. ... хаягт эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг” гэж торохгүй уншив. Ядаж “байсан” гэдэг өнгөрсөн цагийн үг хэрэглэсэнгүй. Дараа нь улсын яллагч “Д.Амарсайхан нь Х.Анхбаярын 494 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцыг авч онц их хэмжээний хээл хахууль авсан гэм буруутай тул яллаж байна” гээд ялын тогтоол унших юм. Өмгөөлөгчдийн нэг нь арга ядахдаа “Эхлээд талийгаач Д.Амарсайхан агсны хэргийг тусгаарлах юм уу, хэрэгсэхгүй болгоод өгөөч. Дараа нь бусад шүүгдэгчдийн хэргийг хэлэлцье. Нас барсан хүнийг шүүж болдоггүй биз дээ” гэж учирласан ч шүүгчид чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн. Хоёр өдрийн турш үргэлжилсэн хуралдаан дээр ерөөсөө л “Д.Амарсайхан авлига авсан буруутай тул...” гэдэг асуудлыг хэлэлцлээ. “Өдрийн сонин” шүүх шударга байснаас ухаалаг байсан нь дээр гээд байгаагийн учир энэ. Өнөөдөр шүүх ийм л ухаангүй байна. Байтлаа талийгаачийн зургийг шүүгдэгчийн ширээн дээр тавьчихаад гэм бурууг нь хэлэлцэх шахав. Байсхийгээд л “Д.Амарсайхан нь...” гээд цоллоод байх ар гэрийнхэнд нь хүнд байгаа нь хуралдааны үеэр ажиглагдсан. Өндөр настай аав нь нулимс дуслуулан сууна билээ. Монголын шүүх ухаалаг байсан бол шүүх хуралдаанаас өмнө Д.Амарсайхан агсанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломж байсан. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан бол эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй гээд тодорхой заачихсан байгаа. Хэрвээ нас барсан хүнийг цагаатгахаар хандсан бол энэ заалт үйлчлэхгүй гээд тодорхой заасан. Ар гэрийнхэн нь талийгаачийг цагаатгах хүсэлт гаргасан бол л хэргийг шүүхээр хэлэлцэх боломж байсан.  Гэтэл ухаалаг биш шүүх нас барсан хүнийг шүүж, талийгаачийн өмнөөс өмгөөлөгч нь ярьж байгааг сонслоо. 

Шүүх ийм ухаангүй, дээр нь хүнлэг биш харагдах юм. Д.Амарсайхан агсанд холбогдох хавтаст хэрэгт түүнийг яллагдагчаар татсан тогтоол алга. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар сэжигтнийг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэний дараа шүүхэд шилжүүлдэг. Шүүх гэм бурууг хэлэлцдэг. Гэтэл сэжигтнийг шүүхэд шилжүүлснээ улсын яллагч нь “Техникийн алдаа. Д.Амарсайханыг яллагдагчаар байцаасан” гэв. Талийгаач өндийгөөд “Тийм ээ, намайг яллагдагчаар байцаасан нь үнэн” гэхгүй нь харамсалтай хэрэг. 

Монголын шүүх ухаалаг байсан бол хүн бүр шударга шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зүйл заалтыг мөрдөх байлаа. Д.Амарсайхан агсныг шоронд хорих, батлан даалтад гаргахгүй байх шийдвэрийг Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх гаргасан. Үр дүнд нь тэрээр шоронд амиа алдсан. Гэтэл яг тэр шүүх хэргийг нь хэлэлцэж ашиг сонирхлын зөрчилтэйгээ харууллаа. “Хэрвээ Д.Амарсайхан агсан гэм буруугүй нь тогтоогдвол, түүнийг шоронд хорих шийдвэр гаргасан шүүгчид буруудна. Улмаар эрүүгийн хариуцлага ч хүлээж мэднэ. Тиймээс өөрсдөө хариуцлага хүлээхгүйн тулд Д.Амарсайхан агсныг гэм буруутайд тооцож, ял оноох нь. Шүүхийн ерөнхий зөвлөл, хүний эрхийн төлөөх байгууллагууд үүнд анхаараач” гэж “Өдрийн сонин” бичиж байсан. Ийм ашиг сонирхлын зөрчил байхад шударга шүүх ярихын ч хэрэггүй. Яг энэ ёсоор ашиг сонирхлын зөрчилтэй Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх Д.Амарсайхан агсан, Х.Анхбаяр, Н.Отгонболд, Ц.Чандмань нарыг шүүсэн. Өмгөөлөгчид нь ч хуралдааны турш  “Та нарыг шударга шүүнэ гэдэгт эргэлзэж байна” гэж тоть шиг давтсан. Ашиг сонирхлын зөрчилтэй шүүх Д.Амарсайхан агсныг орон сууц хээл хахуульд авсан гэж шийдвэрлэсэн ч нас барсан тул хэргийг нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргалаа. Харин Х.Анхбаярыг түүнд авлига өгсөн гэж гурван жил хорих ял оноолоо. Харин авлигын гэх байрны эзэн Ц.Чандмань, тэдний дунд зуучилсан гэх Н.Отгонболд нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгсэн атлаа Ц.Чандманийн нэр дээр байдаг, түүний өмч болох орон сууцыг улсын өмч болгох шийдвэр гаргалаа. Гэм буруугүй нь тогтоогдсон хүний өмчийг хурааж авах шийдвэр гаргасан нь хачирхалтай. Ц.Чандманийг буруугүй гэж үзэж байгаа нь түүний нэр дээр байдаг орон сууц авлигынх биш, харин өөрийнх нь өмч мөн гэдэгтэй агаар нэг. Жил шахам шалгагдаад гэм буруугүй гэдгээ шүүхээр тогтоолгосон Ц.Чандмань одоо 494 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөө хаанаас олж авах вэ. Үнэхээр түүний өмч болох орон сууц авлигынх юм бол авсан, өгсөн, зуучилсан бүгд шийтгэл хүлээх хуультай. Гэтэл нэг талыг гэм буруугүйд тооцож байгаа нь ерөөсөө л авлигын хэрэг биш гэдгийг илтгэж байгааг хуульчид ярьж байна. Ёстой л “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг, ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчид уснаас хуурай гарахын тулд өөр нэг хүнд ял тулгаж, амьдралаар нь тоглоод байх шиг. 

Шүүхийн шинэчлэл яриад олон жил боллоо. Гэвч шинэтгэл хийгдэж байгаа нь мэдэгдэхгүй байна. Энэ талаар өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Ч.Хүрэлбаатар гишүүн “Эрх зүйн шинэчлэл хийнэ л гээд байдаг. Гэм буруутай нь тогтоогдоогүй хүн шоронд үхэж байна. Үхсэн хүнийг шүүж байна. Энэ чинь тэгээд шинэчлэл юм уу. 1937 онд хүн хэлмэгдүүлээд буудаж алдчихаад ял өгч байсан тохиолдол олон байдаг юм гэнэ лээ. Тэр жишиг рүү орж байгаа юм уу” гэж хэлсэн. Түүний хэлсэн үгийг үнэн гэдгийг олон хүн хэлж байна. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Онцлох нийтлэлүүд